Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

2020        03          17                                   2020/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Г.М  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бэсүүд овгийн Г.М д холбогдох эрүүгийн 1911025520228 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүүд овгийн Г.М , 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1868 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд төвийн үүдэнд хохирогч Т.Энхболорт “1 сарын дотор БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Т.Энхболор нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Манай нөхөр Эрдэнэбат бид 2 хамтдаа Солонгос улс руу ажиллахаар явахаар ярилцаж байсан ба 2019 оны 05 дугаар сард манай хамаатны эгч Энхтунгалаг фейсбүүкээс Солонгос улс руу зуучилна, 94113948 дугаартай зарыг хараад бид хоёрт хэлсэн юм. Ингээд дансны дугаараар нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр залгаж үзэхэд нэг эмэгтэй хүн утсаа аваад Солонгос улс руу виз гаргаж өгнө, гэр бүлээрээ бол сайн байдаг шүү, нэг хүний 2 сая төгрөг урьдчилгаанд төлөөрэй, гадаад паспорт чинь асуудалгүй биз дээ гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр залгаж уулзахаар болоод Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд төвийн үүдэнд уулзсан. Тэр эмэгтэй шаргал өнгийн приус-20 загварын автомашин унаж ганцаараа ирсэн. Өөрийгөө Зулаа гэж танилцуулсан ба 1 сарын дотор виз гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 4 сая төгрөгийг тэр дороо өөрийн Хаан банкны 5037511337 тоот данснаас 5031175344 тоот данс руу 4 сая төгрөгийг шилжүүлээд 2 ширхэг гадаад паспортаа өгсөн. Тухайн үед интернэт банкаар мөнгөө шилжүүлэхэд Г.М  гэсэн данс эзэмшигчийн нэр гарч байсан. Мөнгө шилжсэний дараа Зулаа гэх эмэгтэй хэлэхдээ 1 сарын дараа виз гарна, би өөрөө та хоёр руу холбогдоно, битгий араас залгаад яаруулаад байгаарай тэгвэл виз чинь гарахгүй шүү гэж хэлж байсан. Тухайн үедээ фейсбүүкээр харьцаад явж байсан боловч 2019 оны 09 дүгээр сараас эхлэн мессежний хариуг өгөхгүй, мессежээ ч уншихгүй гар утас нь орох ярианы эрх нь хаагдаад таг чиг алга болсон. Ингээд 2019 оны 05 дугаар сараас хойш виз гаргуулж зуучлуулахаар залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч О.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Манай эхнэр Энхболор бид 2 Солонгос улс руу явахаар ярилцаж байсныг манай хамаатнууд мэдэж байсан. 2010 оны 5 дугаар сард манай хамаатны эгч Энхтунгалаг фейсбүүк дээрээс “Zulsaran” гэсэн нэртэй хаяг дээрээс Солонгос улс руу явуулна, виз гаргуулна гэсэн зар хараад манай эхнэр бид 2-т утасны дугаарыг нь олж өгсөн юм. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр 94113948 дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй хүн утсаа авч байсан ба урьдчилгаа 2 сая төгрөгөөр 1 сарын хугацаанд виз гаргуулж өгнө гэж байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд төвийн урд талд өөрийгөө Зулаа гэж танилцуулсан эмэгтэйтэй уулзахад сарын хугацаанд асуудалгүй виз гаргаж өгнө урьдчилгаа 1 хүний 2 сая төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд эхнэр бид 2 өөрсдийн гадаад паспорт болон 4 сая төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Д.Энхтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2019 оны хавар Бүгд Найрамдах Солонгос Улс руу явахаар мэдээлэл цуглуулж, хувиараа судалж байсан бөгөөд тухайн үед би фейсбүүкт Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргана гэсэн группт зарлал уншиж байгаад мэдээлэл авна гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан бөгөөд миний бичсэн сэтгэгдлийг харсан бололтой нэгэн эмэгтэй над руу чат бичиж эхэлсэн. Тухайн үед би түүнтэй чатаар их зүйл бичээгүй ба хамтдаа уулзаж ярилцахаар болсон. Ингээд бид 2 спортын төв ордны ойролцоо уулзсан. Тухайн үед тэр эмэгтэй өөрийгөө Зулсар гэж танилцуулж байсан, фейсбүүк нэр нь хүртэл Зулсаран гэсэн нэртэй байсан. Тухайн үед уг эмэгтэй нь 94113948 гэсэн дугаарыг ашиглаж байсан. Ингээд уулзах үед надад Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа бөгөөд нэрийг нь би одоогоор хэлмээргүй байна, визийг нэг сарын дотор найдвартай гарна гэж хэлж байсан бөгөөд тухайн үед надад мөнгө байгаагүй. Тэгээд дүү Энхболор, Эрдэнэбат нар тухайн үед мөн Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах хүсэлтэй байсан бөгөөд намайг уг хүнтэй уулзаж мэдээлэл авч байсныг мэдэж байсан. ...Ямартай ч дүү нар маань мөнгө өгөх үедээ тэрхүү эмэгтэйн нэрийг Мөнхзул гэдгийг нь мөнгөө шилжүүлж байхдаа мэдсэн байсан, би анхандаа Зулсар гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх 25/,

Шүүгдэгч Г.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Энхтунгалаг эгчид мэдээлэл өгсний дараагаар Энхтунгалаг нь надад “...чи өөрөө материалаа бүрдүүлээд сургалтын шугамаар явах гэж байгаа юм байна, тиймээс чиний хөөцөлдөж байгаа сургалтын шугамаар манай дүү нар явах боломжтой юу...” гэж асуусан бөгөөд би тухайн үед түүнд “...сургалтын шугамаар явах хүмүүст зөвхөн багш, арга зүйч, эрхлэгч мэргэжилтэй хүмүүс явах боломжтой сургалт юм байна...” гэж хэлсэн. Тэгэхэд Энхтунгалаг нь “...хэрвээ тийм мэргэжилтэй хүмүүс явах юм бол манай дүү нар явах боломжгүй юм байна, өөрөөр явах ямар нэгэн боломж бололцоо байгаа юу...” гэж асуусан бөгөөд тухайн үед би Энхтунгалагт “..намайг Бүгд Найрамдах Солонгос Улсад байх үед нэг хүн надад “...виз бүтээж өгнө, Монголд байдаг элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа юм” гэж хэлж байсан. Миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсад байхдаа уг хүнд итгээд 4 сая төгрөгийг урьдчилаад, ...Дараа нь дахиж Бүгд Найрамдах Солонгос Улс руу сургалтын шугамаар явах үедээ туслуулна” хэмээн дотроо бодоод өгчихсөн байсан бөгөөд уг хүнээс голдуу би БНСУ-руу явах асуудлын талаар мэдээллийг авдаг байсан юм. ...Үүнээс хойш удалгүй Энхтунгалаг эгчийн дүү Энхболор болон Эрдэнэбат нар надтай “...бид 2 Энхтунгалагийн дүү нар нь байна, гадаад паспорт, 1 хүний 2 сая төгрөгөө бэлдээд ирлээ...” гэж хэлээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянбүрдийн тойргийн ойролцоо уулзсан. Уулзаад би тэдгээр 2 хүүхдийн гадаад паспортыг аваад, 4 сая төгрөгийг нь өөрийн 5031175344 дугаарын данс руу шилжүүлэн авч байсан. Одоо санахад интернэт банкаар дамжуулан шилжүүлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

Гэрч О.Эрдэнэбат болон шүүгдэгч Г.М  нарын Хаан банкны дансны хуулга /хх 11, 54-57/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 42/, шүүгдэгч Г.М ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 43-46/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаар тогтоол /хх 69/, шүүгдэгч Г.М ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 64/, хохирогч Т.Энхболорын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 63/  зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд төвийн үүдэнд хохирогч Т.Энхболорт “1 сарын дотор БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Энхболорын “...Өөрийгөө Зулаа гэж танилцуулсан ба 1 сарын дотор виз гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 4 сая төгрөгийг тэр дороо өөрийн Хаан банкны 5037511337 тоот данснаас 5031175344 тоот данс руу 4 сая төгрөгийг шилжүүлээд 2 ширхэг гадаад паспортаа өгсөн...” гэх мэдүүлэг /хх 16-17/, гэрч О.Эрдэнэбатын “...Ингээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд төвийн урд талд өөрийгөө Зулаа гэж танилцуулсан эмэгтэйтэй уулзахад сарын хугацаанд асуудалгүй виз гаргаж өгнө урьдчилгаа 1 хүний 2 сая төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд эхнэр бид 2 өөрсдийн гадаад паспорт болон 4 сая төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 18/, гэрч Д.Энхтунгалагийн “...Ямартай ч дүү нар маань мөнгө өгөх үедээ тэрхүү эмэгтэйн нэрийг Мөнхзул гэдгийг нь мөнгөө шилжүүлж байхдаа мэдсэн байсан, би анхандаа Зулсар гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх 25/, шүүгдэгч Г.М ын “...2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянбүрдийн тойргийн ойролцоо уулзсан. Уулзаад би тэдгээр 2 хүүхдийн гадаад паспортыг аваад, 4 сая төгрөгийг нь өөрийн 5031175344 дугаарын данс руу шилжүүлэн авч байсан. Одоо санахад интернэт банкаар дамжуулан шилжүүлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч О.Эрдэнэбат болон шүүгдэгч Г.М  нарын Хаан банкны дансны хуулга /хх 11, 54-57/, зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Т.Энхболор нь “...Мөнхзулаас 4.000.000 төгрөгөө авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.М ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүүд овгийн Г.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН