Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 895

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, Б.Б ы нэхэмжлэлтэй “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Батлан хамгаалах яамны нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Миний бие Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын А******* дугаар тушаалын дагуу Оросын Холбооны Улс руу ажлын шугамаар явсан. Буцаж ирэхэд буюу  2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр намайг Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 171 дүгээр тогтоолыг гардуулсан юм. 

Ажлаас чөлөөлөх тухай тогтоолын Тогтоох хэсэгт Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж чөлөөлнө.”, Засгийн газрын тухай хуулийн 18.8-д “Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 35.1 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэх заалтуудыг үндэслэж өөр ажилд шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. 

Миний бие өөрийн олж эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Батлан хамгаалах яамны салбарт цэргийн нэгж ангиас яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэлх ажлыг ямар нэгэн зөрчил, доголдолгүйгээр хийж ирсэн. Гэтэл улсын нэрийн өмнөөс Оросын Холбооны Улсад албан томилолтоор ажиллах хугацаанд дээрх үндэслэлээр халсан нь хууль бус гэж үзэж байна. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудлыг хуульчилсан бөгөөд ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэх, төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллах харилцааг томьёолсон. Гэтэл Монгол улсын Засгийн газрын  2016 оны 171 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолд өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбоотойгоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөхөөр тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, ийм нөхцөл байдал үүсээгүйг шалган шийдвэрлэнэ үү” 

Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа төрийн албанаас халагдсанаар дуусгавар болдог атал чөлөөлөх нэрийдлээр миний Монгол улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, хохироож байгаад гомдолтой. Миний бие энэ ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 25-д заасан “...ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 26-д заасан аливаа Сахилгын шийтгэл авч байгаагүй атал гадаад улс руу ажлын шугамаар явсан хойгуур ийнхү ажлаас халж байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргаж байна. 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 171 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” хууль бус тогтоолын дараа 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолыг гаргасан нь мөн хууль зөрчсөн гэж үзсэн, тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн”, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэж заасантай зөрчилдсөн, сул орон тоо гараагүй байхад түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь буруу юм. 

Одоогоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээс нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж  заасныг зөрчсөн, төрийн албаны зөвлөлд миний бие 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хандан өргөдөл гаргасныг мэдсэн, сул орон тоо үүссэн эсэхийг нягтлалгүйгээр сонгон шалгаруулалт зарласан нь үндэслэлгүй.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Батлан хамгаалах яамны нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 “Иргэн Б.Б аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын ИХ Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 11-т “Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-ийн “а”-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах  ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ”, мөн журмын 12-т “Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна.” гэж тус тус заасан байдаг.

Дээрх хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.М аас “Захиалга хүргүүлэх тухай” 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  ХЭГ/2028 тоот албан бичгийн хамт ажлын байрны тодорхойлолт болон “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг тус тус ирүүлсэн.

Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35 .1.4, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ын 8, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9-ийн “а”, 11, 12, “Захиалга хүргүүлэх тухай” Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/2028 тоот албан бичгийг тус тус үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн  даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг ажлын 21-ээс доошгүй өдрийн өмнө нээлттэй зарласан болно” гэв.

Хариуцагч  Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж тус тус заасныг баримтлан Б.Б ыг өөр ажилд шилжин ажиллах болсонтой нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ажлаас халсан нь хууль бус” тухай хэд хэдэн удаа дурджээ. Б.Б ыг Засгийн газрын 2016 оны 171 дүгээр тогтоолоор ажлаас халаагүй бөгөөд өөр албан тушаалд томилох болсонтой холбогдуулан гаргасан шийдвэр юм. 

Б.Б  нь цэргийн “хурандаа” цолтой цэргийн жинхэнэ алба хаагч бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” гэж заасны дагуу төрийн нарийн бичгийн даргын албан үүргээс чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн томилох нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

Засгийн газрын 2016 оны 171 дүгээр тогтоолд “өөр албан тушаалд шилжин ажиллах болсонтой холбогдуулан” гэдгийг түүнтэй урьдчилан тохиролцсон  гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Б.Б ыг батлан хамгаалах яамны харьяа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын албан тушаалд томилохоор холбогдох материалыг бүрдүүлэн хууль тогтоомжид заасны дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. 

Уг материалд Б.Б  нь өөрөө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гарган өгсөн байгаа зэрэг нь түүнийг өөр албан тушаалд шилжин ажиллахаа зөвшөөрч байгаагаар нотлогдох юм. 

Нэгэнт Б.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаар тогтоолоор Х.Б Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон болно.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу Засгийн газрын тогтоол холбогдох хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б ы Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх шийдвэрээ гаргалаа.Үүнд:

 Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”,

 Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 7.1.7-д “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал” гэж заасны дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн албаны төрийн захиргааны ангилалд хамаардаг бөгөөд тус албыг хааж буй иргэн нь төрийн жинхэнэ албан хаагч тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  Төрийн албаны тухай хуулиар хамгаалагддаг байна. 

Харин Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын Засгийн газрын шийдвэрээр томилж, чөлөөлдөг байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор өөр ажилд шилжин ажиллах болсон гэж үндэслэн Б.Б ыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ”зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Б.Б ыг Батлан хамгаалах яамны харъяа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хууль тогтоомжид заасны дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн” гэж мэтгэлцсэн.

Төрийн жинхэнэ албан хаагч болох Б.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно” гэх хуулийн заалт  дараах байдлаар зөрчигдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаар төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахдаа шилжин ажиллах төрийн байгууллага зөвшөөрсөн, зохих шийдвэр гарсан, хуулийн шаардлагын дагуу зохих нөхцөл нь бүрдсэн тохиолдолд захиргаанаас гарах шийдвэр юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргаа нэхэмжлэгч Б.Б тай түүнийг шилжүүлэн ажиллуулах талаар тохиролцоогүй, шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага байгаагүй болох нь дараах үйл баримтуудаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Б.Б  нь маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан томилолтоор ажиллаж байсан болох нь Батлан хамгаалахын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А******* дугаар тушаал, Б.Б ы D00001486 дугаар гадаад паспорт дээрх улсын хилээр орж, гарсан дардсаар нотлогдож байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт гарч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн,  Б.Б  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж эхэлсний дараа тэрбээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлаар томилогдохоор 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” гаргасан байх тул түүнтэй захиргаа Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоол гарахаас өмнө “тохиролцоогүй” гэж үзэх үндэслэлтэй.

Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар “шилжүүлэх”, “чөлөөлөх” шийдвэр нь захиргааны аливаа шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлт байх ёстой бөгөөд түүнтэй зайлшгүй тохиролцсон байх шаардлагтай юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар Б.Б  нь эрхэлж буй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй, тийм хүсэл зоригийг илэрхийлж байгаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б ыг шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага байсан эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үндэслэл бүхий нотлох баримт шүүхэд гаргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчим зөрчигдөж Б.Б  нь төрийн жинхэнэ албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж шүүх дүгнэлээ. 

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Б.Б  нь түүнийг ажлаас чөлөөлсөн захиргааны шийдвэртэй маргаж, энэхүү үндсэн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолын хууль, эрх зүйн үндэслэлийн хүрээнд маргаан шийдвэрлэгдэх ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр заасан  тул нэхэмжлэгчийн Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна. 

Гурав.  Шүүх нэхэмжлэгч Б.Б ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.    

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б ы нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ы Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ