Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1902

 

 

 

 

 

 

 

 

 

“Нарантуул трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05129 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Суурь” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 221 700 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нарантуул трейд” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Суурь” ХХК-тай бетон зуурмаг худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээг байгуулж, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан бүтээгдэхүүний үнэд 850 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Үүний дагуу “Суурь” ХХК нь гэрээний гүйцэтгэлийн ажил явуулж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө барилгын карказын бетон зуурмаг нийлүүлэхдээ стандартад нийцээгүй чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж, цутгасан карказыг нураах болон дахин барих ажил хийгдэж, нийт 320 379 030 төгрөгийн зардал манай компаниас гарсан бөгөөд энэ тухай 2 тал акт үйлдэж баталгаажуулсан. Талууд тооцооны үлдэгдлийг нягталж 221 700 030 төгрөгийг “Суурь” ХХК-иас манайд төлөхөөр тохирч харилцан баталгаажуулсан. “Суурь” ХХК-иас дээрх хохирлыг удаа дараа шаардсан боловч төлбөрийг барагдуулаагүй. Чанарын шаардлага хангаагүй талаар 2 талын тооцоо нийлсэн актаар 320 379 030 төгрөгийн хохирол гарсан ба үүнээс “Суурь” ХХК нь 295 401 030 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Үүнээс бид тодорхой төлбөрийг бараа материалаар тооцсон ба тооцооны үлдэгдлийн баталгаагаар дээрх төлбөрийг тооцоход “Суурь” ХХК нь бидэнд 221 700 030 төгрөгийг төлөхөөр гарсан. Иймд “Суурь” ХХК-иас чанаргүй бетон зуурмаг нийлүүлсний хохиролд нийт 221 700 030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Суурь” ХХК шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Нарантуул трейд” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13/08 дугаартай, “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-г байгуулан бетон зуурмагаа 2014 оны 06 дугаар сараас 10 дугаар сар дуустал нийлүүлсэн. 977 701 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс гадна нь худалдааны төвийн барилгын Б блокын 2 дугаар давхарын цутгалтын нураасан талбайд дахин М350 маркаар 138 м.куб буюу 24 978 000 төгрөгийн бетоныг төлбөр авалгүй нийлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргийг давуулан билүүлсэн. Бетон нийлүүлэлтийн явцад 2014 оны 08 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө захиалагч тал барилгын Б блокны 2 дугаар давхрын цутгалтын ажилд БМ-300 маркаар 671 м.куб бетон зуурмаг авсан. Гэтэл 4-5 хоногийн дараа захиалагчийн зүгээс гомдол ирсэн, үүний дагуу талбай дээр очиж үзэхэд дээрх Б блокны 2 дугаар давхарт хэсэг газар бэхжээгүй бетон үүрсэн, алаг цоог борлосон байдалтай байсан. Зургийн автор үүссэн асуудалтай хэсгийн талбайг түргэн нурааж асуудлыг яаралтай шийдэхээр болсон. Дээрх асуудлаас болж "Нарантуул трейд" ХХК нь 295 401 030 төгрөгийн хохиролын акт тогтоож төлбөр тавьсан. Түхайн үед юунаас болж барилгын талбайд дээрх бетон бэхжээгүй болон үүрч унасан шалтгааныг тогтоолгүй, манай компанийг энэ асуудлыг яаралтай шийдэж өг гэсэн. Захиалагчийн талаас хятад ажилчид явахаас өмнө хурдан нурааж, нураасан хэсэгтээ дахин бетон зуурмаг аваад үргэлжлүүлэн дээд давхаруудынхаа бетон зуурмагаа авч өвөл болохоос өмнө цутгалтын ажлаа дуусгаж халаалтаа авах хэрэгтэй гээд шамдуулсан. Бид ч их цаараглаагүй захиалагчийн хэлсний дагуу цааш нь ажлыг саадгүй дуусгасан. Манай зүгээс хөндлөнгийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавихад захиалагч талаас зөвшөөрөөгүй ба нэн тэргүүнд барилгын ажлыг саадгүй явуулах ёстой, мөн гадны хэл амнаас болгоомжлох, цаашид ч улсын комисс хүлээн авахад хүндрэл учирна гээд хүлээж аваагүй бөгөөд нууцалсан. Гэтэл "Нарантуул трейд" ХХК нь танай нийлүүлсэн бетон зуурмаг чанаргүй байсан гээд акт тогтоож хүчээр шахуу тулган шаардаж хохирлын акт болон тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Манай компани нь тухайн үед хохиролын актын төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй, хохирлын хэмжээг харилцан торхиролцож хоёр талдаа хүндрэлгүйгээр бүтээгдэхүүн авах замаар шийдэх байх гэж бодсон. “Нарантуул трейд” ХХК нь өөрсдөө ирсэн бетоноо шалгаж хүлээн авах үүрэгтэй, мөн цутгалтыг шөнөөр авсан, талбай дээр ямар нэгэн алдаа дутагдал гаргасан, нийлүүлж байсан зуурмагт механик хольц үүсгэсэн, гадны нөлөө орсон байх зэрэг асуудлууд байх магадлалтай тул тодруулах хэрэгтэй. Манай тал өөрийн үйлдвэрээс гарсан бетонд байнга шинжилгээ хийдэг ба энэ өдрийн манай лабораторийн шинжилгээ болон хөндлөнгийн лабораторт өгсөн үр дүнгүүд стандартын шаардлага хангаж байгаа. Дээрх актын төлбөрт манай талаас Б блокны 2 давхарт нөхөж өгсөн бетон зуурмаг 138 м.куб буюу 24 978 000 төгрөг, энэ тооцоог тооцоо нийлсэн актанд оруулаагүй, төлбөр ч төлөөгүй авсан. 2 талын тооцоо нийлсэн актаар 221 700 030 төгрөг “Суурь” ХХК нь “Нарантуул трейд” ХХК-д өгөх өглөгтэй гарсан. Захиалагчийн зүгээс маш их дарамт шахалт хийж байсан ба хэл амаар дайрч доромжлох, сүрдүүлэх үйлдлүүд удаа дараа гаргасан боловч бид ажлыг дуустал ажилласан. Тооцооны үлдэгдлийн баталгааг санхүү баталгаажуулсан нь төлөөлөх эрхгүй этгээд баталгаажуулсан гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Суурь” ХХК-иас 221 700 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 266 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 266 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хууль зүйн үүднээс үзвэл, зөвхөн нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг төлөх ёстой гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүхээс талуудын хооронд тооцоо нийлсэн гэх баримтад зөвхөн бетон зуурмагийн төдийгүй гэрээнд үл хамаарах бусад зардлуудыг хольж хутган хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр хэт өсгөсөн нөхцөл байдлыг хянан шалгасан нь хууль зүйн хангалттай үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Тус компанийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс бетон зуурмагийн үнэ болох 60 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх боломжтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 160 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК нь хариуцагч “Суурь” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний хохирол 221 700 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ”-г байгуулж худалдагч “Суурь” ХХК нь БМ250 маркийн 4 000 м.куб, БМ300 маркийн 2 000 м.куб бетон зуурмагийг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч “Нарантуул” ХХК нь үнийг хугацаанд нь төлөх үүргийг харилцан хүлээсэн, худалдан авагч нь гэрээний дагуу бетон зуурмагийн үнийг бүрэн төлсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх 4-7/

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нэхэмжлэгчид шилжүүлсэн бетон зуурмагаас 138 м.куб нь доголдолтой байсан талаар маргаагүй бөгөөд уг доголдлыг арилган, хохирлыг барагдуулж ажиллах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь зохигчдын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн “Чанарын шаардлага хангаагүй ирсэн зуурмаг, түүнтэй холбоотой карказыг нураах болон дахин барих зардлын задаргаа, акт”, Тооцооны үлдэгдлийн баталгаа, “Суурь” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 11, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/503 тоот албан бичиг зэргээр давхар нотлогджээ. /хх 8-12/

Хариуцагч нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцаагаагүй, шүүх хуралдааныг удаа дараалан хойшлуулж байсан байдлыг харгалзан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангасан эсэхэд шинжээч томилуулан ажиллуулах” тухай хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэн хангахгүй орхисныг буруутгах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг өөрөө гарган өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүхийн зүгээс хариуцагчид 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасны дагуу эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан, хэргийн оролцогчийн хүсэлтээр 12 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан талаарх баримт хэрэгт байна.

Мөн хариуцагч “Суурь” ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө удаа дараалан сольж, шүүх хуралдааныг өөрийн хүсэлтээр удаа дараалан хойшлуулж байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх боловч хариуцагчаас Н.Номин-Эрдэнэд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл /хх 141/ нь хүчин төгөлдөр байгаа, уг итгэмжлэлээс татгалзаагүй тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболдын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Суурь” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН