Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0214

 

       

Ө.Р-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ө.Р-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар дугаар шийдвэрээр: Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.6-д заасныг тус тус баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Онцгой байдлын ерөнхий газрын бичиг хэргийн бүртгэл болон өргөдөл, гомдлын бүртгэлд Ө.Р-ийн өргөдөлтэй холбоотой материал бүртгэгдээгүй байдаг. Хэрэв ирсэн тохиолдолд бүртгэлд бүртгэгдэж сунгасан эсхүл сунгаагүй талаар шийдвэр гарсан байх ёстой юм.

Цэргийн алба хаах нас хэтэрсэн тул чөлөөлөх болсныг Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/595 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж түүнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл алба хаах хугацааг сунгуулах талаар өргөдөл ирээгүй нь түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалаар 51 нас 22 хоногтой байхад нь цэргийн албанаас чөлөөлөх үндэслэл болсон.

Онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын эрх зүйн байдал нь Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагддаг.

Иймд Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно”, 11.7-д “Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан цэргийн сургуулийн багш, цэргийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн офицерын алба хаах хугацааг дахин сунгаж болно” гэж заасанд хамаарахгүй учир нэхэмжлэгч нь цэргийн мэргэжлийн биш бөгөөд самбо, жүдо бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй түүнийг сунган ажиллуулах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ...” гэсэн байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаал хүчингүй болоогүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Онцгой байдлын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14-д заасныг тус тус үндэслэн “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэсэн үндэслэлээр Аврагч биеийн тамир, техник спортын хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Р-ийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс цэргийн албанаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч, хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах, өмнө ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...цэргийн албанаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн тул ... Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу цэргийн албанд ажиллах хугацаагаа сунгуулах хүсэлтийг гаргасан. Хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй, сунгах эсэх талаар захиргааны акт гаргаагүй нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...Онцгой байдлын ерөнхий газрын бичиг хэргийн бүртгэл болон өргөдөл, гомдлын бүртгэлд Ө.Р-оос өргөдөл ирүүлсэн талаар бүртгэгдээгүй. Хэрэв ирсэн тохиолдолд бүртгэлд бүртгэгдэж сунгасан эсхүл сунгаагүй талаар шийдвэр гарсан байх ёстой” хэмээн тус тус тайлбарлан маргасан байна.

 

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж зааснаас үзэхэд алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн албан хаагч тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг үндэслэн алба хаах хугацааг сунгах эсэхийг уг захиргааны байгууллага шийдвэрлэхээр зохицуулжээ.

Тодруулбал, “алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц” түүнийг чөлөөлөх эрх үүсэх бөгөөд тухайн этгээд өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй, уг хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд гаргаснаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах эрхийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд олгосон байна.

Нэхэмжлэгч Ө.Р-оос “... Онцгой байдлын алба хаагч, аврагч, гал сөнөөгч нарын бие бялдрын ерөнхий хөгжлийг дэмжих зорилгоор хүчний дасгал болох гийрийн спортыг хөгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, уг ажиллаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй тул алба хаах хугацааг нэг удаа сунгуулах” талаарх хүсэлтээ Аврагч биеийн тамир техник-спортын хорооны даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/20 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь хэрэгт авагдсан хүсэлт, албан бичиг, Аврагч бие тамир техник-спортын хорооны явуулсан баримт бичгийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.

Цэргийн алба хаах хугацааг сунгуулж, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ нэхэмжлэгч гаргасан гэдэг нь дээрх байдлаар нотлогдож буй энэ тохиолдолд хариуцагчаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах”, 3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж тус тус заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, алба хаах хугацааг сунгах эсэх талаар хариу өгөх үүрэгтэй байна.

Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 3-д “бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэх”-ээр зохицуулсан, хэдийгээр хариуцагчаас “...бичиг хэргийн бүртгэл болон өргөдөл, гомдлын бүртгэлд нэхэмжлэгчийн өргөдөл бүртгэгдээгүй” гэх боловч бичгээр ирсэн өргөдлийг хэн, хэрхэн бүртгэх, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх нь тухайн захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал байх бөгөөд хариуцагч байгууллагын бичиг хэргийн болон өргөдөл, гомдлын бүртгэлд нэхэмжлэгчийн хүсэлт бүртгэгдээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага, туршлага зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, цаашид нэхэмжлэгчийг тухайн ажил, албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэх, эсхүл энгийнээр ажиллуулах боломжтой эсэхийг судалж, үндэслэл бүхий хариуг нэхэмжлэгчид өгөх нь дээрх хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь тухайн албанд анх томилогдохдоо цэргийн цолгүй /энгийн/-ээр томилогдож байсан, цэргийн цол авахдаа дунд офицерын насны дээд хязгаарт хүрсэн байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаал хүчингүй болоогүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Онцгой байдлын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргах үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан өргөдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэл болсон төдийгүй шүүхийн тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                        Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН