Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

2020        03          16                                   2020/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч К.С  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн К.С д холбогдох эрүүгийн 1911029880139 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн К.С , 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, хүргэн ах, 3 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 32-484 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 381 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2, 112.2, 267.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 27 хоногийн өмнө буюу хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 90а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон ба 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч К.С  нь нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гар утсаараа яриулаач” гэж хуурч, зүс таних Л.Дамдинсүрэнгээс гар утсыг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч К.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дамдинсүрэнтэй цуг гудамжинд архи уусан. Утсыг нь авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Хохирогч Л.Дамдинсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бага зэрэг архи дарс хэрэглэчихсэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр сургуулийн буудлын орчимд явж байхад зүс таних залуу таараад гар утсаараа нэг яриулаач гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгөхөд аваад явчихсан юм. Тэгээд тэр хавиар харагдахгүй байсан бөгөөд хэд хоногийн дараа намайг эхнэрийн хамт машинтай явж байхад нөгөө залуу такси барих гээд зам дээр зогсож байхаар нь бид хоёр машиндаа суулгаад аваад явсан. Улмаар тухайн үед болсон зүйлийн талаар хэлж гар утсаа авах талаар хэлэхэд зарчихсан гэж хэлсэн. Манай эхнэр уурлаад цагдаад өгнө гэхэд би төлнө гээд бичиг баримтаа өгөөд машинаас буугаад гүйгээд яваад өгсөн. Цагдаа руу явна гээд машин хөдлөөд бага зэрэг хурдтай явах үед буугаад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Н.Сарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр байхаа манай нөхөр Л.Дамдинсүрэн гэртээ орой ирэхдээ бага зэрэг архи уучихсан гар утасгүй орж ирсэн юм. Тэгээд би гар утсаа яачихсан юм бэ гэсэн чинь Сургуулийн буудлын орчимд зүс таних залуу утсаар чинь яриад өгье гээд аваад явчихсан талаар хэлсэн. Тухайн үед зүс мэдэх болохоор тэр хавиар нөхөр маань хайсан байсан. Тэгсэн хэд хоногийн дараа би нөхрийнхөө хамт машинтай явж байхад Аз дэлгүүрийн орчим 3 эрэгтэй хүн гар өргөхөөр нь тэд нарыг аваад машиндаа суулгаад 7-н буудал хүргэхээр явсан тэгсэн чинь манай нөхөр эргэж хараад энэ байна миний утсыг авсан хүн гэхээр нь чи яахаараа хүний утсыг авдаг юм гэхэд тэр залуу аваагүй гээд байхаар нь би цагдаад аваачиж өгнө гэхэд за эгчээ тэр утсыг явуулын хүнд зарчихсан би маргааш гэхэд төлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг хэн гэдэг юм гэхэд өөрөө түрийвчнээсээ цахим үнэмлэхээр гаргаж ирээд надад өгсөн, тэгэхээр нь би 17-гийн цагдаа орно гээд явахад машинаас үсэрч буугаад гүйгээд явчихсан. Анх түүний машинд суулгаад 7-н буудал дээр ирээд машин дотор энэ талаар ярьж байхад хамт явсан хоёр эрэгтэй нь буугаад явсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх 19/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД2-19-718 дугаар үнэлгээний тайланд: “...Samsung J3 маркийн, 2017 оны 11 дүгээр сард хүнээс авсан, хуучин хэрэглэж байсан, арын таг алга болсон оронд нь хавтастай кейстэй гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 162.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 26-27/,

Шүүгдэгч К.С   нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед гэрийнхээ ойролцоо найзындаа орж архи ууж байгаад тэднийхээс 16 цагийн үед ганцаараа гарч явж байгаад ЧД-ийн 17-р хороо Сургуулийн буудлын хажуугаар харих гээд явж байхдаа 16 цагийн үед зүс таних Дамдинсүрэнтэй таарсан. Тэр үед Дамдинсүрэн архи уусан согтуу явж байсан. Тэгээд бид хоёр уулзаад хойд талд байх гудамжинд  Дамдинсүрэнд байсан 1 шил архийг хувааж ууж байгаад би Дамдинсүрэнгээс гар утсаа өгч байгаач утсаар чинь яриад өгье гэсэн. Тэгсэн надад өөрийн Самсунг жи-3 маркийн гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь аваад утсаар ярьж байгаа дүр үзүүлж байгаад Дамдинсүрэнд хэлэлгүй түүний зөвшөөрөлгүй аваад явчихсан юм. Би уг гар утсыг авч яваад 7 буудал ороод замд таарсан үл таних явуулын хүнд 5000 төгрөгөөр зараад тэр мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /хх 50-51/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тогтоол /хх 73/, шүүгдэгч К.С гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 72/, хохирогч Л.Дамдинсүрэнгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 71/, шүүгдэгч К.С д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 61-70/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Шүүгдэгч К.С  нь нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гар утсаараа яриулаач” гэж хуурч, зүс таних Л.Дамдинсүрэнгээс гар утсыг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хохирогч Л.Дамдинсүрэнгийн “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бага зэрэг архи дарс хэрэглэчихсэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр сургуулийн буудлын орчимд явж байхад зүс таних залуу таараад гар утсаараа нэг яриулаач гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгөхөд аваад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 15/, гэрч Н.Сарантуяагийн “...миний утсыг авсан хүн гэхээр нь чи яахаараа хүний утсыг авдаг юм гэхэд тэр залуу аваагүй гээд байхаар нь би цагдаад аваачиж өгнө гэхэд за эгчээ тэр утсыг явуулын хүнд зарчихсан би маргааш гэхэд төлнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 19/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД2-19-718 дугаар үнэлгээний тайлан /хх 26-27/, шүүгдэгч К.С гийн “...Би уг гар утсыг авч яваад 7 буудал ороод замд таарсан үл таних явуулын хүнд 5000 төгрөгөөр зараад тэр мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /хх 50-51/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Л.Дамдинсүрэн нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч К.С г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч К.С г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч К.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн К.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч К.С  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.С д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН