Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/21

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: С.Э

Шүүгдэгч: А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт А Гад холбогдох 1912007060364 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,,-ны өдөр У хотын Сдүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн ,,,, гол гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ч овогт А Г /РД:,/  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Ааймгийн Хсумын У багийн нутаг дэвсгэр Х гэх газар эхнэр С.Э маргалдан нүүрэн тус газар нь аяга шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд хохирогч С.Э мэдүүлэхдээ: Манай нөхөр намайг гэрийн бүсээ уя гэж хэлсэн. Би хийсэн хоолоо аягалж өгсөн чинь над руу аягатай хоолоо шидсэн. Миний хацар руу аягаа шидээд би хацар дээрээ оёдол тавиулсан гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007060364 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Эын мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд манай хажуу айлыг нүүлгэж дуусаад гэртээ орж ирээд саахалт айлынхаа хүмүүсийн хамт гүүндээ гарцгааж гүүгээ сааж дуусцгаасан. Тэгээд би гэртээ орж, манай нөхөр хажуу саахалт айлдаа орсон. Би гэртээ хоол ундаа хийж дуусаад аяга хоол идчихээд нөхрөө хажуу айлынхаа утсаар дуудахад за за би очлоо гээд гэртээ орж ирэхээр нь би аягатай хоолоо ид гэхэд аваад өгчих гэхээр нь би нөхөртөө хоолыг нь авч өгчихөөд орон дээр зурагт удирдлагаар солиод сууж байсан бөгөөд бид хоёр зурагтаар үзэж байгаа зүйл дээрээс болоод манай нөхөр гэнэт уурлаад идэж байсан аягатай хоолоо миний толгой руу шидээд хацар, амыг нь эсгэсэн. Тухайн үед бид хоёр тэгж их маргалдсан зүйл болоогүй. Харин манай нөхөр их л ууртай суугаад байсан бөгөөд түүнээсээ болоод л над руу аягатай хоолоо авч шидсэн байх. Бид хоёр нэг гэр бүл болоод 10 жил болж байна. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан бөгөөд шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Тухайн асуулт асууж байсан өдөр бие их өвдөж байсан учраас андуурч хэлсэн байх, тэрнээс биш манай нөхөр намайг урьд өмнө нь цохиж, зодож байгаагүй. Сая л анхны удаа намайг ингэж байна. Манай нөхөр хааяа л нэг архи уудаг бөгөөд уусан ч гэртээ ороод ямар нэгэн хэл үггүй унтаад амардаг. Гэр бүлийн хэрүүл маргааны улмаас сална гэж түүнд хэлж түүнийг айлгаж л байсан. Тэрнээс биш зодож цохиод дарамталсан асуудлаас болж салах гэсэн зүйл бол огт байхгүй. Гэр бүлийн жижиг маргаанаас л болж гэнэт манай нөхөр уурласан бөгөөд түүнээсээ болж над руу аягатай хоолоо шидсэн. Гэхдээ манай нөхөр яг ононо гэж бодож шидээгүй. Маргаан болсны дараа хэрүүл шингэсэн аяга гээд манай нөхөр тухайн аягыг гаргаж хаясан байсан. Одоо бол хаана байгааг нь мэдэхгүй байна. Би шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй учраас тухайн хэрэг маргааныг хурдан л шийдүүлэх хүсэлттэй байна. Бид хоёрын энэ маргаанаас болж 4 хүүхэд маань их хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Т мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манайх нүүдэл хийгээд би нялх хүүхдээ дулаахан гээд А.Г ахынд оруулаад үлдээсэн байсан ба нүүдэл хийж дуусаад хүүхдээ авах гээд А.Г ахынд хүүхдээ хөхүүлээд сууж байсан чинь С.Э эгч А.Г ахын байгаа айл руу залгаад орж ирж хоолоо ид гэж хэлж байсан. Тэгсэн чинь төд удалгүй А.Г ах гэртээ орж ирээд зурагтныхаа урд талд хоолоо идээд, харин С.Э эгч баруун талынхаа нааран дээр сууж байснаа С.Э эгч А.Г ахад хандаад чи айлд хоол идээд байх юм, гэртээ хоолоо идэхэд яадаг юм гэхэд А.Г ах айлд хоол идэж болдоггүй юм уу гэж хэлж л байсан. Түүний дараа зурагт үзэх суваг дээрээсээ болж С.Э, А.Г нар нь маргалдаад зурагтны удирдлагаа өгчих, өгөхгүй гэж амаараа маргалдаж байснаа А.Г ах нь идэж байсан аягатай хоолоо тэр чигт нь шидсэн чинь С.Э эгчийн толгой хэсэг рүү оносон бөгөөд С.Э эгчийн хацар хавиас их цус гарч эхэлсэн. Түүнээс хойш А.Г ах дахиж цохиж зодсон зүйл болоогүй. Түүнээс өмнө ч гэсэн гэр орондоо агсан тавьсан зүйл байхгүй, эрүүл байсан. Яагаад гэнэт тэгж уурлаад С.Э эгчийг цохисон талаар нь надад мэдэх зүйл байхгүй. А.Г нь С.Э руу идэж байсан хоолныхоо аягыг шидсэн. Г ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. А.Г ах нь архи ууж л байдаг. Гэхдээ гэр орондоо агсан тавьж байгаа талаар нь хараагүй. Мөн хүн амьтнаас ч тэглээ гэж сонсож байгаагүй. Тэгсэн чинь харин сая ийм зүйл анх удаа болсон. Г нь төлөв томоотой, тогтвор суурьшилтай, хүнд их тусархуу, хааяа нэг архи уудаг зан байдалтай. Том гэрээ эхнэр нь сумын төвд барьж өвөлждөг, харин бага гэрээрээ хэдэн малаа хараад хөдөө гэртээ ганцаараа амьдарч байгаа. Харин зундаа бол гэр бүлээрээ хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Тмэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байхад Тунгалагтамир над руу залгаад А.Г ахынд хурдан ороод ирээч гэхээр нь тэдний гэрт ороход С.Эын хацар орчмоос их цус гарч байгаа харагдсан. Тэгээд түүнд ороолт авч өгөөд цус гарч байгаа газар нь даруулаад би гэртээ буцаж гүйж ороод түргэн дуудсан. С.Э, А.Г нар нь хоорондоо харилцан хэрэлдээд байсан ба би яг юу ярьсан талаар нь мэдэхгүй. Мөн ямар шалтгааны улмаас маргалдсан талаар нь надад мэдэх зүйл алга байна. А.Гын гэрт ногоон цоохор өнгийн хоолны томдуу хэмжээтэй аяга хагарсан, ертөнцийн зүгээр баруун талын орны урд хэсэгт цус гарч гоожсон байдалтай байсан. Түүнээс өөр эвдэрч хэмхэрсэн зүйл болоогүй байсан. Миний ойлгосноор С.Эыг А.Г нь аягаар цохиж гэмтээсэн юм шиг байсан. Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар би мэдэхгүй бөгөөд харахад бол эрүүл байсан. Манайхан айл аймаг нутаглаад цөөнгүй жил болж байна. Тухайн хугацаанд А.Г нь эхнэр, хүүхдээ цохиж зодсон гэж сонсогдоогүй. Мөн манайхан харж байгаагүй. Гэтэл анх удаа сая эхнэрээ аягаар цохиж гэмтээсэн асуудал болж байна. Гыг ар гэртээ агсан тавьж байхыг нь би мэдэхгүй байна. Г нь төлөв томоотой, ажилч хичээнгүй, гайгүй залуу байгаа юм. Г одоо гэртээ ганцаараа мал хардаг, харин эхнэр нь сургуулийнхаа хүүхдүүдийн хамт сумын төвд өвөлждөг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Эын мэдүүлсэн: ...Г урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож байсан талаар огт сонсож байгаагүй. Би өөрөө ч хараагүй.Түүнээс гадна эхнэр нь эрүүл мэндийн талаар надад хандаж байснаас биш хэрүүл хийж маргалдсаны улмаас гэмтэж бэртээд ирж үзүүлж байгаагүй. Г жаахан хурцдуу, огцом ууртай гэж би боддог. Гэхдээ төлөв томоотой, хүнтэй эвтэй мөрөөрөө л явж байдаг хүн байгаа юм. Г нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь өвөлдөө 3 хүүхдийнхээ хамт сумын төвд өвөлждөг. Харин А.Г хөдөө малаа хараад ганцаараа өвөлждөг...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн: ...А.Г нь урьд өмнө нь С.Э болон өөрийнхөө гэр бүлийн гишүүд, бусад хүмүүсийг айлган дарамталж, зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар огт сонсож байгаагүй. Харин саяхан эхнэрээ зодсон гэнээ гэж нутгийн хүмүүс ярьж байсныг нь олж сонссон. Хэрвээ эхнэрээ байнга цохиж, зоддог байсан бол нутгийнхан ярих л байсан байх. Би Гтай багадаа нэг голд өсөж торнисон бөгөөд А.Г нь хүнтэй их эвтэй, мөрөөрөө, төлөв томоотой зантай л хүн байгаа юм. Г нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь өвөлдөө 3 хүүхдийнхээ хамт сумын төвд өвөлждөг, харин А.Г хөдөө малаа хараад ганцаараа өвөлждөг...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Гын мэдүүлсэн: ...Тогтоолыг уншиж танилцсан, тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу багийн Хүрэн толгой гэх газарт гэртээ байж байгаад өөрийн эхнэр болох С.Э гэр бүлийн жижиг маргаанаас болж хоорондоо маргалдсан. Тэр үед би гэртээ аягатай хоолоо идээд сууж байсан бөгөөд эхнэртээ хандаад зурагтны сувгаа сольчих гэсэн чинь эхнэр огт хөдлөлгүй уурлаад зурагтны сувгаа дээш доош нь солиод байхаар нь би эхнэртээ хандаад чи юундаа уурлаад байгаа юм гэсэн чинь надад хандаад чи гүүн зэлэн дээр айлын эхнэртэй нийлж намайг муулсан гээд уурлахаар нь би эхнэртээ хандаж ямар ч зүйл яриагүй гэж уурлаад хоол идэж байсан аягаа эхнэр рүүгээ шидсэн чинь эхнэрийн хацрыг оноод хагарсан. Тэгээд л цагдаа сэргийлэх болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Насаараа ханилах ханийхаа хацрыг нь ийм болгондоо харамсаж байна. Бид хоёр урьд өмнө нь гэр бүлийн асуудлаар маргалдах нь маргалдаж л байсан. Гэхдээ зодоон хийж, нэгнийгээ гэмтээж бэртээж, маргалдаж байгаагүй хүмүүс байгаа юм. Бид хоёр амаараа л хэрэлдэж мууцалддаг байсан. Тэрнээс биш зодоон, цохион хийгээд байдаггүй байсан. Эхнэр янз янзын зүйл яриад уур хүргэхээр нь би тэр уурандаа л аяга авч шидсэн бөгөөд уг нь оноё гэж бодоогүй юм. Харин тэгсэн чинь ийм зүйл боллоо. Би тухайн үед архи дарс уусан зүйл огт байгаагүй, эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 531 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Эын биед тархи доргилт, зүүн хацарт зүсэгдэж урагдсан шарх, духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбээнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 03-04 хуу/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 хуу/

Иргэн А.Г, С.Э нарын гэрлэлтийн баталгаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 хуу/

Иргэн А.Гын малын “А” дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 18-19 хуу/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед А аймгийн Х сумын У багийн нутаг дэвсгэр Х гэх газар С.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед А аймгийн Х сумын У багийн нутаг дэвсгэр Х гэх газар эхнэр С.Э маргалдан нүүрэн тус газар нь аяга шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Эын мэдүүлсэн “би нөхөртөө хоолыг нь авч өгчихөөд орон дээр зурагт удирдлагаар солиод сууж байсан бөгөөд бид хоёр зурагтаар үзэж байгаа зүйлээс болоод манай нөхөр гэнэт уурлад идэж байсан аягатай хоолоо миний толгой руу шидээд хацар, амыг нь эсгэсэн. Манай нөхөр их л ууртай суугаад байсан бөгөөд түүнээсээ болоод л над руу аягатай хоолоо авч шидсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Т мэдүүлсэн “Төд удалгүй А.Г ах гэртээ орж ирээд зурагтныхаа урд талд хоолоо идээд, харин С.Э эгч баруун талынхаа нааран дээр сууж байснаа С.Э эгч А.Г ахад хандаад чи айлд хоол идээд байх юм, гэртээ хоолоо идэхэд яадаг юм гэхэд А.Г ах айлд хоол идэж болдоггүй юм уу гэж хэлж байсан. Түүний дараа зурагт үзэх суваг дээрээсээ болж С.Э, А.Г нар нь маргалдаад зурагтны удирдлагаа өгчих, өгөхгүй гэж амаараа маргалдаж байснаа А.Г ах идэж байсан аягатай хоолоо тэр чигт нь шидсэн чинь С.Э эгчийн толгой хэсэг рүү оносон чинь С.Э эгчийн хацар хавиас их цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Тмэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байхад Тунгалагтамир над руу залгаад А.Г ахынд хурдан ороод ирээч гэхээр нь тэдний гэрт яваад ороход С.Эын хацар орчмоос их цус гарч байгаа харагдсан. Тэгээд түүнд ороолт авч өгөөд цус гарч байгаа газар нь даруулаад би гэртээ буцаж гүйж ороод түргэн дуудсан. А.Гын гэрт ногоон цоохор өнгийн хоолны томдуу хэмжээтэй аяга хагарсан, ертөнцийн зүгээр баруун талын орны урд хэсэгт цус гарч гойжсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн “Харин саяхан эхнэрээ зодсон гэнээ гэж нутгийн хүмүүс ярьж байсныг нь олж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, мөрдөн байцаалтын шатанд А.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолыг уншиж танилцсан, тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу багийн Хүрэн толгой гэх газарт гэртээ байж байгаад өөрийн эхнэр болох С.Э гэр бүлийн жижиг маргаанаас болж хоорондоо маргалдсан. Тэр үед би гэртээ аягатай хоолоо идээд сууж байсан бөгөөд эхнэртээ хандаад зурагтны сувгаа сольчих гэсэн чинь эхнэр огт хөдлөлгүй уурлаад зурагтны сувгаа дээш доош нь солиод байхаар нь би эхнэртээ хандаад чи юундаа уурлаад байгаа юм гэсэн чинь надад хандаад чи гүүн зэлэн дээр айлын эхнэртэй нийлж намайг муулсан гээд уурлахаар нь би эхнэртээ хандаж ямар ч зүйл яриагүй гэж уурлаад хоол идэж байсан аягаа эхнэр рүүгээ шидсэн чинь эхнэрийн хацрыг оноод хагарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, хохирогч С.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 531 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Ч овогт А Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч А.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт А Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ