Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2016/05771

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2016/05771

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо,  4 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух Д.С,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо,  4 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байр 1 тоотод оршин суух Б.Б,

 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байр 1 тоотод оршин суух М.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.612.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, Д.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.С, түүний хүү Б.Б нар нь өөрийн амьдарч байгаа байраа барьцаалж зээл авъя, ОХУ-аас эмчилгээний бүтээгдэхүүн авчирч үйлчилгээ явуулдаг тул 6.000.000 сая төгрөг шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьсан тул Д.С, Д.Ц бид 2014-06-05-ны өдөр М.С, Б.Б нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний зүйл заалт бүртэй уншин танилцаж 6.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 2014-06-05-ны өдрөөс 2015-06-05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сар бүр зээлийн хүүг төлөх, зээлийн 6 сая төгрөгийг гэрээний хугацаанд боломжоороо төлж, гэрээ дуусах үед зээлийн мөнгө болон хүүг бүрэн төлж барагдуулсан байх, зээл болон түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг гэрээний 10-рт дурдсаны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд БЗД-ийн 11-р хороо 2-р байр 14 тоот хаягт байрлах Ү-0 тоот улсын бүртгэлтэй, 0 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй Б.Б /нэг хүний өмчлөлийн/ 41,2 м/кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалан гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, 2014-06-06 ны өдөр зээлийн гэрээний дагуу Д.С, Д.Ц нараас 6.000.000 төгрөгийг М.С, Б.Б нарт бэлнээр хүлээлгэн өгч мөнгө хүлээлцсэн акт үйлдсэн. 2015-05-30-нд М.С, Б.Б нарын бичгээр гаргасан хүсэлтээр зээл болон барьцааны гэрээг 2015-06-05-ны өдрөөс 2016-06-05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гэрээний хугацаанд бүрэн төлж дуусгах, төлөгдөөгүй үлдсэн хүүний төлбөр 1.320.000 төгрөгийг 2015-08-05-ны дотор төлөх талаар тохиролцон гэрээг сунгасан. Зээлдэгч С, Б нар 2014-06-05-ны өдрөөс 2016-07-27-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 2.470.000 төгрөг төлсөн Үүнд: 2014-07-07 200.000 төгрөг, 2014-08-04 200.000 төгрөг, 2014-09-11 200.000 төгрөг, 2014-10-09 200.000 төгрөг, 2014-12-26 270.000 төгрөг, 2015-01-06 80.000 төгрөг, 2015-01-07 50.000 төгрөг, 2015-08-08 1.200.000 төгрөг, 2016-03-29 70.000 төгрөг, дүн 2.470.000 төгрөг. Зээлдэгч нартай олон удаа очиж уулзах, утсаар яриад зээл, хүү төлөхийг шаардахад төдийд төлнө гэж амлах, бичиг хийж өгөх зэргээр биднийг итгүүлдэг, одоо зугтах болсон тул шүүхэд хандаж байна. Иймд М.С, Б.Б нараас 2014-06-05-ны өдрөөс 2016-06-05 өдөр хүртлэх 24 сарын зээлийн хүүнд: 6.000.000  төгрөг х 3.5 хувийн хүү сарын хүү 210.000 төгрөг х 24 сард хүү 6.040.000 төлөхөөс 2.470.000 төгрөг төлсөн, төлөөгүй хүүний үлдэгдэл 2.570.000 төгрөг, төлөөгүй зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, 2016-06-05-ны өдрөөс 2016-07-27 хүртэлх алданги /2.570.000+6.000.000*0.5 хувиар/ тооцов. Нийт 10.755.000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн барьцааны хөрөнгө БЗД-ийн 11-р хороо 2-р байр 14 тоот хаягт байрлах Ү-0 тоот улсын бүртгэлтэй байрын эзэн Б.Б /нэг хүний өмч/ уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Д.С, Д.Ц бид нар зээлдэгч Б.Баасабямба, М.С нарт 2014.06.05-нд зээлийн гэрээ хийж 6.000.000 төгрөгний зээл өгсөн юм. Бид энэ нэхэмжлэлийг үүний урьд 2016.7.27-нд энэ шүүхэд хариуцагч нараас үндсэн зээл, түүний хүү, алданги 10.745.000 төгрөгийг нэхэмжилсэн юм. 2016-7-27-2016-8-24 хүртэл 20 хоногийн алдангид /20х42850/=857.000 төгрөгний алдангийг нэмж нэхэмжилж байна. зээлдэгч нараас нийт 10.755.000+857.000=11.612.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Б.Б, М.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мандаа овогтой С Б овогтой Б нар нь Д.С Ц нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Заасан хугацааны дотор /10 сар/ Д.С Ц нарын нэхэмжилсэн мөнгө болох /10.755.000/ төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүсгэсэн нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр барагдуулахыг зөвшөөрч байна” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь хариуцагч Б.Б, М.С нарт холбогдуулан зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2.570.000 төгрөг, алданги 3.042.000 төгрөг, нийт 11.612.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд алдангийн зарим хэсэг 42.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна.

 

Хариуцагч зээл, зээлийн хүүний төлбөрийг маргахгүй, алдангийг буруу тооцсон гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь хариуцагч Б.Б, М.С нарт 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-5/. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж хариуцагч Б.Баасанбямбын өмчлөлийн Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар байр 14 тоот хаягт байршилтай, 41.2 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хх-6/.

 

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэмэлт гэрээ байгуулж, зээлийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүний үлдэгдэл 1.320.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр тохиролцжээ /хх-8, 10/.

 

Зохигчид зээл 6.000.000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээлцсэн баримт үйлджээ /хх-9/.

 

Дээрх зээлийн гэрээ, нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн хүчин төгөлдөр ба талууд энэ талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэлд хариуцагчийг зээлийн хүүнд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд 9 удаагийн төлөлтөөр нийт 2.470.000 төгрөг төлж 2.470.000 төгрөг төлөөгүй гэж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282.3-т заасантай нийцжээ. Хариуцагч тал уг тооцоог мөн үгүйсгэж маргаагүй.

 

Түүнчлэн зээлийн гэрээнд тусгасан алдангийн нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасныг зөрчөөгүй.

 

Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг гүйцэтгээгүй зээл, хүүний нийлбэр дүнгээс тооцсоноо шүүх хуралдаанд тооцоолол, хугацааны хувьд өөрчилж, зээл 6.000.000 төгрөгийн 0.5% болох 30.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрөөр тооцож 100 хоногоор тооцож 3.000.000 төгрөг гэж тооцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг тодорхойлохдоо мөн хуулийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж заасныг баримтлах тул нэхэмжлэгчийн дээрх тооцоолол үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг өөрчлөх эрхтэй тул шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс алдангийн тооцоолол болон бодох хугацааг өөрчилснийг шүүхээс татгалзах үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч Б.Б, М.С нараас зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2.570.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 11.570.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгохоор шийдвэрлэв.

 

Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, М.С нараас 11.570.000 /арван нэгэн сая таван зуун далан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар алданги 42.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг батлаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар байр 14 тоот хаягт байршилтай, 41.2 м2 талбайтай 2 өрөө орон сууцаас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 7.882 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, мөн хариуцагч Б.Б, М.С нараас 200.070 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА