Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 979

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.С нарыг оролцуулан Б.М ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Б ын М 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Б.М ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 8 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч миний бие 2014 оны 10 дугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. 

2015  оны  02  дугаар  сарын  16-нд амаржсан. Хөдөлмөрийн хуулийн 104.1-д заасны дагуу 120 хоногийн амралтаа эдэлж дуусаад хүүхэд харах хүнгүйн улмаас өөрөө хүсэлт гаргаж Хүүхэд асрах чөлөө 2 жил гэж хүссэний дагуу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан. Тушаалд хугацаа заагаагүй.

2017 оны 05 дугаар сарын 28-нд хүүхэд асрах чөлөөгөө сунгахгүй гэж шийдээд Хөдөлмөрийн хуулийн 106.2-т заасны дагуу ажилдаа орохоор хүсэлт гаргаж, тушаалаа бариад дарга дээр ороход хүний нөөцтэй уулз гэсэн. Хүний нөөц хариуцсан ажилтан нь 05 дугаар сарын 30-нд хариу өгнө гэсэн. Гэвч удалгүй миний ажлын орон тоо байхгүй гэж амаар хариу өгөөд ажилд авах боломжгүй гэсэн. Тиймээс төрийн албаны зөвлөлд хандаж 2017 оны 05 дугаар сарын 15-нд гомдол гаргасан боловч хэд хэдэн баримт шаардаж авсан мөртлөө хариу өгөөгүй.

Миний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож, ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож байгууллагаас төлж байгаад 2016 оны 8 сараас зогсоосон байгаа. Энэ нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдоно. Зогсоосон асуудлын талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан. Энэ асуудлыг би ажилдаа орох гэж ирээд мэдсэн. Миний хөдөлмөрийн дэвтрийг хаана байгааг мэдэхгүй гээд санхүү нь гаргаж өгөхгүй байсан. Хүний нөөцөөс нь хайлгаж байгаад олж авсан. Тэгээд дээрх асуудлыг мэдээд яагаад нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг зогсоосон талаар асуухад чиний ажлын байр байхгүй болсон учраас зогсоосон гэж хэлсэн, ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэсэн. Тэр даруйдаа энэ талаар надад мэдэгдээгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн хуулийн 106.2-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж, хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа орох эрхтэй гэж үзэж байна. Гэтэл намайг ажилд буцаан авахгүй, орон тоо байхгүй гэж тайлбарлаад ямар нэгэн тушаал шийдвэр эрх зүйн акт гаргахгүй байгаа болно. Иймд миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байна.

Намайг ажиллаж байх үед Хөдөлмөрийн хэлтэс гэж байсан. Сүүлд Хөдөлмөрийн хэлтэс нь халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болсон байгаа.

Одоо   миний   ажилд   Л.Б   нь   ажиллаж   байгаа.   Чингэлтэй   дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бичгээр өргөдөл гаргаж, ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн боловч ажилд авах боломжгүй гээд бичгээр хариу өгөхгүй байгаа бөгөөд чиний оронд Л.Б гэж хүн ажиллаж байгаа гэж амаар хариу өгөөд надад Л.Быг ажилд томилсон тушаалын хуулбарыг өгсөн” гэжээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.М  нь хуучнаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17.4, 18.1 дэх хэсгийг үндэслэн туршилтын 6 сарын хугацаатай түр томилон орж, 2 сар 20 хоногийн дараа жирэмсний болон амаржсаны амралт авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, хуучнаар Хөдөлмөрийн яамны чиг үүрэгт хамаарч байсан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт Аж үйлдвэрийн яам руу шилжсэн байна. Аж үйлдвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны “Чиг үүрэг шилжүүлэх тухай” 65/А/40 дүгээр хамтарсан тушаалын дагуу Хөдөлмөрийн хэлтсийн Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний орон тоо Аж үйлдвэрийн яам руу шилжсэн байна. Энэ тухай Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар тушаал гарч тухайн үед уг албан тушаалд ажиллаж байсан мэргэжилтнүүдийг шилжүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нэгдэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болсон. Засгийн газрын “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 2016 оны 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсүүд нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болсон тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тоонд Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр, орон тоо батлагдан ирээгүй болно.

Мөн тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдын цалингийн зардлыг Аж үйлдвэрийн яаманд, техник, тоног төхөөрөмжийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М  нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “Нэхэмжлэгч миний бие хариуцагчийн урьд ажиллаж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, урьд ажиллаж байсан ажилд ажиллуулахаар Захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Эхний шаардлага болох хариуцагчийн урьд ажиллаж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, урьд ажиллаж байсан ажилд ажиллуулахаар захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахаас татгалзаж байна.

Учир нь би энэ ажилд цаашид ажиллахгүй. Харин өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаал хүчинтэй хэвээр байгаа тул уг тушаалыг яаж шийдвэрлэх талаар хариу өгч, ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхийг хариуцагчаас хүсэж байна.

Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгөх шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.М  нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны Б/63 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр туршилтын 6 сарын хугацаатай ажилд томилогдсон байна. Тухайн албан тушаал нь төрийн захиргааны ТЗ-4 ангиллын төрийн жинхэнэ албан хаагчийн болзол хангасан иргэн томилогдон ажиллах шалгууртай байдаг. Гэвч нэхэмжлэгч Б.М  нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэсэн шаардлагыг хангаагүй.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй.

Мөн ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан   ерөнхий   болон   33.5-д   заасан   тусгай   шаардлагыг   хангасан   иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй”, 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж тус тус заасан байдаг.

Тухайн албан хаагчийг томилохдоо Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд томилох болзлыг хангасан талаар албан ёсны дүгнэлтийг гаргуулан энэ тухай томилох шийдвэртээ дурддаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх....” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байна. 

Энэ нь Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн тухайн ажлын байрны шаардлагыг хангасан хэмээн нэр дэвшүүлж, уг албан тушаалд томилох тухай дүгнэлт байхгүй байгаагаар нотлогдож байна. Тиймээс энэхүү ажлын байрыг сул орон тоо хэмээн үзэж, оронд нь томилогдсон албан хаагч төрийн албаны тангараг өргөн ажлын байртайгаа цуг Аж үйлдвэрийн яам руу шилжсэн байна.

Тус хэлтсийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучнаар/ архивын баримт /ХН №18, Хөдөлмөрийн сайд, ЧД-ийн Засаг дарга, Хэлтсийн дарга нарын 2014 оны Үр дүнгийн гэрээ, биелэлт /ХХ-ийн 2014 оны төлөвлөгөө, биелэлт/-нд Б.М тэй байгуулсан Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлт зэрэг байхгүй байгаа болно. 

Жич: Тухайн онд ажиллаж байсан бусад мэргэжилтний баримт материалууд бүгд байгаа болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал дээр гаргаж  буй  тайлбарт  дурдаад  байгаа  Үр   дүнгийн  гэрээгэ  85 хувийн  биелэлттэй үнэлүүлсэн гэсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.6-д “Тайлант жилийн дундуур төрийн жинхэнэ албан хаагч өөр албан тушаалд шилжсэн, чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэнэ. Шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана" гэж заасны дагуу өмнөх албан хаагчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн тайлагнасан байна.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд анх “Хариуцагчийн урьд ажиллаж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, урьд ажиллаж байсан ажилд ажиллуулахаар Захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “2016 оны 8 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст даалгах” гэж тодорхойлсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар түр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, улмаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар “...Б.М т 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгосугай...” гэжээ. 

Б.М  хүүхэд асрах чөлөөг 2 жил гэж хүсэлтээ гаргасан гэх боловч Б/39 дугаар тушаалд ямар хугацаанд түүнд чөлөө олгосон нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож, ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож хариуцагчаас төлж байгаад 2016 оны 8 сараас зогсоосон нь хариуцагчийн тайлбар болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “...миний нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг зогсоосон талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, чиний ажлын байр байхгүй болсон учраас зогсоосон гэж хэлсэн, энэ асуудлыг би ажилдаа орох гэж ирээд мэдсэн, хүний нөөцөөс хайлгаж байгаад дэвтрээ олж авсан...” гэж харин хариуцагчийн зүгээс “... Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, хуучнаар Хөдөлмөрийн яамны чиг үүрэгт хамаарч байсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт Аж үйлдвэрийн яам руу шилжсэн, Аж үйлдвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны “Чиг үүрэг шилжүүлэх тухай” 65/А/40 дүгээр хамтарсан тушаалын дагуу Хөдөлмөрийн хэлтсийн Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний орон тоо Аж үйлдвэрийн яам руу шилжиж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар тухайн үед уг албан тушаалд ажиллаж байсан мэргэжилтнүүдийг шилжүүлсэн...” гэж тайлбарладаг. 

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нэгдсэнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болж, Засгийн газрын “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 2016 оны 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц, орон тоонд жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр, орон тоо батлагдаагүй байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шинэ бүтэц орон тоогоор Б.М ийн эрхэлж байсан орон тоо хасагдсан тул ажил олгогчоос төлж байсан түүний нийгмийн даатгалын шимтгэлийг зогсоосон байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч анх ажилд орохдоо Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй, туршилтын 6 сарын хугацаатай түр томилогдон ажиллаж байгаад 2 сар 20 хоногийн дараа жирэмсний болон амаржсаны амралт авсан, түүний эрхэлж байсан жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт  хариуцсан  мэргэжилтний  орон  тоо Аж үйлдвэрийн яаманд шилжсэн гэх 

зэрэг хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 5-д зааснаар “...хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж иргэн хүний эдлэх үндсэн эрхийг баталгаажуулсан. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.“Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно”, 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэсэн хуулийн зохицуулалттай. 

Түүнчлэн Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын хавсралтын 2.в “хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө” гэж заасан байна. 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг төрийн албаны тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул төрийн албаны нэмэлт баталгаагаар хангагдах үндэслэлгүй гэж маргах боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасан бөгөөд Б.М  төрийн албан хаагчийн шалгалт өгч, нөөцөд бүртгэлтэй байсан нь нотлогдож байхаас гадна Төрийн албаны тангараг өргөх ажиллагааг төрийн байгууллага зохион байгуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй юм. 

Хариуцагчийн зүгээс Б.М тэй холбоотойгоор хамгийн сүүлд гаргасан  Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар Б.М т 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгосон байх бөгөөд үүнээс хойш хариуцагч  ямар  нэгэн  захиргааны  акт  гаргаагүй, өөрөөр хэлбэл ажил 

олгогч, албан хаагчийн хоорондын хөдөлмөрийн харилцаа хэрхэн яаж шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байгаа нь энэхүү маргааныг үүсгэх үндэслэл болж, хууль ёсны хүүхэд асрах чөлөөтэй байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 8 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл 2017 оны 12 дугаар 22-ний өдрийг хүртэл хугацааны нэхэмжлэгч Б.М ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст даалгаж шийдвэрлэв. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 8 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл 2017 оны 12 дугаар 22-ний өдрийг хүртэл хугацааны Б.М ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН