Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1935

 

 

 

 

 

 

 

 

 

В.Майнцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06030 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.Майнцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мэргэн Девелопмент” ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 91 369 220 төгрөг, алданги 54 821 400 төгрөг, нийт 146 190 620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтанхүүгийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.Майнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Майнцэцэг нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 06 тоот Худалдааны талбайг худалдан авах захиалгын гэрээг “Мэргэн Девелопмент” ХХК-тай харилцан тохиролцон байгуулж, Эм Скуар /M-Square/ худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхрын 3А-44 тоотын 11.88 м.кв талбайг, 1 м.кв талбайг нь 5 000 ам.доллар буюу 59 400 ам.доллартай тэнцэх монгол төгрөгийн ханшаар төлөх, худалдагч тал нь гэрээнд заагдсан үйлчилгээний талбайг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх үүрэг хүлээн байгуулсан. Манай зүгээс гэрээний дагуу 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг буюу 7 180 ам.доллар, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 38 734 400 төгрөг буюу 22 520 ам.доллар, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 380 600 төгрөг буюу 220 ам.доллар, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 21 832 500 төгрөг буюу 12 300 ам.доллар, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20 421 720 төгрөг буюу 11 460 ам.доллар, нийт 91 369 220 төгрөг буюу 53 680 ам.долларыг төлсөн. Гэтэл худалдагч тал нь 2014 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх үйлчилгээний барилгыг одоог хүртэл ашиглалтанд оруулаагүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу төлсөн 91 369 220 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 7.3-т заасны дагуу 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох хоногийн 182 738 төгрөг буюу 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны 600 хоногийн 109 642 800 төгрөгийн алдангийн 50 хувь болох 54 821 400 төгрөгийн алданги, нийт 146 190 620 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн В.Майнцэцэг нь манай Эм Скуар /М-Square/ Худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт 3а-44 тоот 11.88 м.кв талбайг авахаар нийт талбайн үнийн 90 хувь болох 91 369 220 төгрөгийг графикийн дагуу төлсөн нь үнэн. Хэдийгээр гэрээнд тус үйлчилгээний төвийг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт байхгүйгээс барилгын ажил зогсонги байдалд орж хугацаандаа гүйцэтгэж чадаагүй. Манай компани өөрийн хүчин чадлыг дайчлан зогсолтгүйгээр ажилласаар одоо барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. В.Майнцэцэг нь манай компанийн борлуулалтын хамгийн анхны үнээр байрлал сайн, ашигтай талбайг авсан байгаагаа ахин бодож 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтанд ортол хүлээх боломж байхгүй юм болов уу. Хэрэв ийм боломж байхгүй бол гэрээнээс татгалзаж байгааг зөвшөөрч байгаа бөгөөд манай байгууллага нь гэрээндээ төгрөгт тэнцэх ам.доллараар төлбөрийг төлж болно гэж заасан болохоос ам.доллараар төлбөрийг авч байгаагүй. Мөн алдангид ийм их мөнгө өгөхийг зөвшөөрөхгүй байна. Харин гэрээний дагуу төлсөн мөнгийг тодорхой хугацаанд буцаан өгч болно. Яг өнөөдрийн байдлаар өгөх мөнгө байхгүй байна. Бусад захиалагч нар ойлгоод одоо мөнгө үнэ цэнэгүй байгааг зөвшөөрөөд гэрээний дагуу тохиролцсон талбайгаа ашиглалтанд орохоор нь авна гээд хүлээж байгаа” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Мэргэн Девелопмент” ХХК-иас 91 369 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Майнцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 821 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 888 903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэргэн Девелопмент ХХК-иас 614 796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Майнцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтанхүү давж заалдах гомдолдоо: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Мэргэн Девелопмент” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэлээ авахгүй байна олдохгүй байна гэх шалтгаанаар хэргийг шийдвэрлэх хугацааг удаашруулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл заасан хөрөнгө хамгаалуулах хүсэлтыг “гомдол гаргах эрхгүйгээр” захирамж гарган хэрэгсэхгүй болгон үйл ажиллагаа явуулж байгаа “Мэргэн Девелопмент” ХХК-ийг ойлгохгүй байна гэх шалтгаанаар эрэн сурвалжлах захирамж гарган шүүх хуралдааныг хойшлуулан байж гурван сар 23 хоног болгосны дараа 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06030 дугаартай шийдвэрийг гаргасан болно.

“Мэргэн Девелопмэнт” ХХК-ний бариулж байгаа “Мэргэн” худалдаа үйлчилгээний төв барилгаас гэрээнд заасан “худалдааны талбайг худалдан авах захиалгын гэрээг шүүгч “Иргэний хуулийн 343 дугаар зүйлд” хамруулан буруу тайлбарлан хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Гэтэл уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ биш бөгөөд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлд заасан “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бөгөөд тухайн худалдаа үйлчилгээний төвийн барилгаас гэрээнд заасан худалдааны 11.88 м.кв талбайг авахаар захиалсан гэрээ юм.

Иймд уг шийдвэрийг хянан үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 54 821 400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 102 төгрөгийн зөрүүг нөхөн гаргуулах 2013 оны 02 дугаар сараас хойш тухайн өдрийн ам доллараар тооцон бэлэн мөнгө төлөөд өдий хүртэл хохирч байгаа иргэн В.Майнцэцэгийн хохирлыг “талуудын гэрээнд зааж тохиролцсоны” дагуу хангаж шийдвэрлэнэ үү”

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч В.Майнцэцэг нь хариуцагч “Мэргэн Девелопмент” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 91 369 220 төгрөг, алданги 54 821 400 төгрөг, нийт 146 190 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алданги гаргуулах хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Худалдааны талбайг худалдан авах, захиалгын гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Намянжүгийн 53 дугаар гудамж, “Мэргэн” худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхрын 3А-44 тоотод байрлалтай 11.88 м.кв талбайг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтад шилжүүлэн өгөх, захиалагч нь гэрээнд заагдсан талбайн үнэ нийт 59 400 ам.долларыг монгол төгрөгийн ханшаар тооцон хуваарийн дагуу барилга ашиглалтад ороход төлж дуусгах үүргийг харилцан хүлээсэн, нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын хөлс нийт 93 369 220 төгрөг буюу 53 680 ам.долларыг бүрэн төлсөн, хариуцагч нь барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрээ, ХААН банкны орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 6-12, 36, 41, 43, 44/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээнээс татгалзан, гэрээний дагуу төлсөн мөнгийг алдангийн хамт гаргуулна” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлсөн 91 369 220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь гэрээний үүргийн хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул гэрээний үндсэн болон нэмэлт үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Майнцэцэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433 428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН