Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 64

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                                    Д.Буянжаргал

                                      Оролцогчид:

Прокурор                           А.Золзаяа

             Хохирогч                               Э.Дэлгэрцэцэг /цахимаар/

             Иргэний хариуцагч                        Л.Бат-Эрдэнэ,

             Түүний  өмгөөлөгч            Ч.Мөнгөнцэцэг

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч   Х.Сэргэлэнбат        

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн  Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020200 дугаартай, 148/2016/00096/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян баг, 2 дугаар хэсгийн 06-06 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №38 тоот шийтгэх  тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин /РД:МБ:83010215/.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр Багийн нутаг дэвсгэр “Монгол зоог" цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мөнхтүвшин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-33 СЭҮ улсын дугаартай “Toyota Landcriuser 80” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх С.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 80 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс Э.Мөнхзулын биед хүнд, Э.Дэлгэрцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-д зааснаар С.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02  сарын хугацаагаар хасч, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Мөнхтүвшинд оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдан,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар шүүгдэгч С.Мөнхтүвшингөөс 10.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26-р хороо 3-682 тоотод оршин суух Энэбишийн Мөнхзулд, иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс 13.927.506 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 69-1001 тоотод оршин суух Энхтуяагийн Дэлгэрцэцэгт тус тус олгож,

-…Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхтүвшинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 80 тоот шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ надаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д иргэний 13.927.506 төгрөг гаргуулж хохирогч Э.Дэлгэрцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар …бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй заасан байхад хохирогч Э.Дэлгэрцэцэгийн 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс хойших бүх утас, шатахууны бүх, ахуйн хэрэглээ орон сууцны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, өмгөөлөгчийн мөнгө зэргийг төлүүлэхээр заасан нь шударга бус байна гэж үзэж байна. Жишээ нь: Хохирогч Э.Дэлгэрцэцэгийн нэхэмжилж буй нотлох баримтыг нэг бүрчлэн шүүж үзэхэд:

1.Утас: 2016 оны 09-р сарын 11-нээс 2017 оны 07-р сар хүртэл Э.Дэлгэрцэцэгийн барьж  байгаа утасны сар бүрийн төлбөр 332560 төгрөг,

2.Бензен: 2017 оны 01-р сараас хойших 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хүртэл өдөр бүрийн хэрэглээний бензений үнэ 482750 төгрөг /2017 оны 07 сарын 12-ны өдөр гэхэд 68000 төгрөгийн шатахуун /

3.Ахуйн хэрэглээ: 2016 оны 09-р сараас 2017 оны 01-р сар хүртэл салфетка, нүүр гарын саван, барааны саван, близна, бок, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл тампони, О-ын цаас 30 ширхэг,  орны даавуу, оо, сойз, резинин бээлий гэм мэт 367800 төгрөг,

4.Банкны орон сууцны зээл 2016 оны 09-р сараас хойших 6.029.874 төгрөг,

5.Хүүхдийн сургалтын төлбөр: Оюуны тулга сургуулийн төлбөр 2.500.000 төгрөг, Орчлон клубын усан бассейны дугуйланд явсны төлбөр 192.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн. Шүүх үүнийг үнэлэлт дүгнэлт өгөх байх гэж бодож байтал ямар ч үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хохирогч Э.Дэлгэрцэцэгийн бүх нэхэмжлэл нь Эмчилгээний зардалд 1.391.735 төгрөг, таяг тэргэнцэр авсан зардал 280.000 төгрөг, атахууны зардал 482.750 төгрөг, ахуйн зардал 367.800 төгрөг, утасны төлбөр 332.560 төгрөг, өмгөөлөлийн хөлс 647.000 төгрөг, байрны зээлийн төлбөр 6.029.874 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 2.692.000 төгрөг бүгд 12.223.719 төгрөг болж байхад шүүх надаас 13.927.506 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба илүү 1.703.787 төгрөгийг төлөхөөр харагдаж байгаа ба С.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтын хугацаанд Э.Дэлгэрцэцэгийн хохиролд төлсөн 800.000 төгрөгийг хасаж тооцоогүй, Мөн миний эзэмшлийн “Toyota Landcriuser 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс зохих төлбөрийг тооцон гаргуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр заасан нь огт ойлгомжгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй заалтууд байна. Иймд энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан буюу осол болж хохирогч нарт гэмтэл учирсан нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул намайг иргэний хариуцагчаас чөлөөлж, хохирогч Э.Дэлгэрцэцэгийн нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг С.Мөнхтүвшингээс гаргуулж шийдвэрлэж хэргийг дахин хянаж хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр гаргуулахаар гомдол гаргаж байна. Жолоочийн хариуцлагын даатгал дээр С.Мөнхтүвшин гэсэн байгаа учир жолоо шилжүүлсэн гэж үзэхгүй юм  гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргасан болно. Энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байхад хохирогч Э.Дэлгэрцэцэг нь эмчилгээний зардал, таяг тэргэнцэр авсан зардал, шатахууны зардал, ахуйн зардал, утасны төлбөр, өмгөөлөлийн хөлс,  байрны зээлийн төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр нийт 13 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Энэ нэхэмжлэлийг нэг бүрчлэн дүгнэж үзвэл утасны төлбөрт 332.560 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг шалгаж үзвэл 2016 оны 09-р сарын 11-нээс 2017 оны 07-р сар хүртэл сар бүрийн төлбөр нийт 332.560 төгрөг, шатахууны үнэ 2017 оны 01-р сараас хойших 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хүртэл өдөр бүрийн хэрэглээний бензиний үнэ 482.750 төгрөг гэх мэтээр өдөр бүрийн хэрэглээг нэхэмжилсэн гэж үзэж байна. Жишээ дурдвал наадмын үеэр 07 сарын 12-ны өдөр гэхэд 68000 төгрөгийн шатахуун авсан байх жишээтэй. Шүүхийн практикт мөрдөн байцаагчтайгаа утсаар ярих гэх мэт хэрэгтэй хамааралтай зардлыг нөхөн төлүүлдэг. Гэтэл энэ баримтыг шүүж үзэхэд хохирогч шүүх хуралд 2 удаа, байцаалтанд 1 удаа ирсэн баримт байдаг. Үүнтэй холбоотой шатахууныг тооцох хэрэгтэй байх, утасны зардал гэхэд шүүхийн ажилтантай ярьсан утасны зардал байх болов уу гэтэл өдөр бүрийн бүх зардлаа нэхэмжилсэн байсан. Мөн ахуйн хэрэглээний зардлаа нэхэмжилсэн. 2016 оны 09-р сараас 2017 оны 01-р сар хүртэл салфетка, нүүр гарын саван, барааны саван, близна, угаалгын нунтаг, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, ариун цэврийн цаас 30 ширхэг,  орны даавуу, оо, сойз, резинин бээлий гэх мэт 367.800 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны лизингийн төлбөр нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн үү гэхэд хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол ямар нэгэн татвар төлдөг баримт байхгүй, орон сууцны зээлийн баримт гэхэд 6 сая төгрөг нэхэмжилсэн. Хүүхдийн сургалтын төлбөр гэхэд Оюуны тулга сургуулийн төлбөр 2.500.000 төгрөг, Усан бассейны дугуйланд явсны төлбөр 192.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд нийт 13.927.506 төгрөг гаргуулахаар заасан байдаг. Гэтэл эдгээр хохирлын төлбөрийг нэг бүрчлэн нэмээд үзэхэд хохирол нь 12.223.719 төгрөг  болдог.  Шүүхээс 1.703.787 төгрөгийг нэмж эргэн төлүүлэхээр тооцож гаргасан байна.

Эдгээр хохирол нь машин эзэмшигчийн төлөх гэм хорын хохирол биш бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан зайлшгүй гарах хохирол ч биш  байгааг дурдах нь зүйтэй. Иргэний хуульд тодорхой зүйлчилж зааж өгсөн байтал хохирогчийн гэмт хэргийн улмаас хохирсноос хойш бүх жилийн хэрэгцээний зардлуудыг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд хохирлыг иргэний хариуцагч мөн гэж үзвэл арилгах ёстой. Э.Дэлгэрцэцэгийн эд хөрөнгийн хохирол буюу машинд учирсан  хохирлыг машин авч өгөөд хохирлыг барагдуулсан. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.391.735 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд судалж үзэхэд үнийн дүн зөрүүтэй байдаг. Хэргийн 113-114 дүгээр хуудсанд гаргаж өгсөн баримт нь хуулбар нотлох баримт байгаа бөгөөд уг нотлох баримт нь баталгаажуулаагүй тамга тэмдэггүй байна. Шүүх хуралдаанд хохирогч Э.Дэлгэрцэцэг “...1.600.000 төгрөг бэлнээр авсан, 300.000 төгрөгний үнэ бүхий 2 хонины мах авсан...” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс хохирогч Э.Дэлгэрцэцэгийн эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч С.Мөнхтүвшин замын хөдөлгөөнд оролцож байхдаа буюу эзэмшиж байсан СЭҮ 20-33 улсын дугаартай  Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл нь С.Мөнхтүвшиний эзэмшил бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалд түүний нэр бүртгэгдсэнээр нотлогдож байгаа бөгөөд зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд Л.Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байх тул  иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнийг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт Л.Бат-Эрдэнийн эзэмшлийн машиныг Мандал сумын Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн талаар заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйл нь Эд хөрөнгө битүүмжлэх заалт бөгөөд яллагдагч шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилхээр заасан байдаг. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь С.Мөнхтүвшингийн үйлдэл гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй бөгөөд хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө биш байтал уг машиныг хурааж гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоохд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар шүүгдэгч С.Мөнхтүвшингээс 10.600.000 төгрөг гаргуулж Э.Мөнхзулд олгосугай гэж шийдвэрлэжээ. С.Мөнхтүвшингийн хувьд Э.Мөнхзулын гаргасан бодит зардлыг бүрэн төлж барагдуулсан байхад ирээдүйд гарах зардал болох 9.600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүй үндэслэлгүй юм. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-г баримталсан л юм бол яахаараа С.Мөнхтүвшингээс гаргах шийдвэр гаргадаг юм бэ? Энэ нь хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. С.Мөнхтүвшин нь хохирогч нарт бүх хохирлыг нь төлж барагдуулсан. Иймээс С.Мөнхтүвшинг тэнсэн харгалзаж өгнө үү..” гэв.

 

Хохирогч Э.Дэлгэрцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцон гаргасан тайлбартаа:

Эмчилгээний төлбөр болон бусад олон зардлуудыг буруу гэж үзээд байх шиг байна. Би үүнийг тайлбарлаж хэлье. С.Мөнхтүвшин осол гарснаас хойш 2 удаа ирсэн. Ер нь бол биеийг минь асууж байгаагүй, эмнэлэг эмчилгээ хийлгэхэд минь цуг явж байгаагүй. Нэг дэх удаа ирэхдээ Э.Мөнхзул биед хоёрын дунд 500,000 төгрөг өгсөн. Зөвхөн надад биш, тэр мөнгөнөөс нь гэмтлийн эмнэлэг дээр зураг авахуулахад хэрэглэсэн. Э.Мөнхзул ч гэсэн шүүх хурал дээр хэлж байсан. Тийм болохоор надад 250.000 төгрөг л өгсөн. Хоёр дахь удаа “...би чамд өгсөн мөнгөнийхөө баримтыг авах гэсэн юм...” гэж ирсэн. …Сүүлийн 7 сард болсон шүүх хурал дээр нэхэж байж 800.000 төгрөг авсан. Нийт 1.050.000 төгрөгийг надад өгсөн. Өмгөөлөгч 7 сард 60.000 төгрөгний бензин хийж амралтанд явсан гэсэн зүйл ярьж байх шиг байна. …Би  2016 оны 09 сарын 11-нээс бүтэн жил шахуу хэвтэрт байсан. Хэвтэрт байх хугацаанд Зүүнхараа руу явах зардлыг манай дүү гаргаж байсан. …Ахуйн зардал гээд 367.800 төгрөг нэхэмжилсэн нь үнэн. Би бөгсөн биеэ хөдөлгөж чадахгүй арай гэж гараа хөдөлгөж байсан, хөл маань ч бараг мэдээгүй байсан. Хэвтэрт байгаа болохоор байнгын памперс хэрэглэдэг. …Утасны төлбөрийн хувьд би энэ дугаарыг бүтэн 5, 6 жил барьж байгаа. Би осолд орчихсон надад утасны төлбөр төлөх мөнгө байхгүй, энэ хүн намайг гэмтээчихсэн учир утсаа барихаа больё гэж хэлэх эрх, тэр талаар бодох ч сөхөө байгаагүй. Өөрийнхөө хөл гарыг яаж нэг хурдан хөдөлгөдөг болъё доо гэж бодож байснаас биш утасны зардлыг огтхон ч бодож байсангүй. Дараа төлбөрт болохоор автоматаар төлбөр нь гардаг. Хүнд ярих юм байлгүй л яахав хэвтэрт байгаа хүн утасныхаа дугаарыг солино, урьдчилсан төлбөрт болгоно гэж явах боломж байгаагүй. Би дөнгөж босч эхлээд таяг тэргэнцэр авсан. Байрны зээлийн хувьд би энэ зээлийг  2013 онд 110 гаруй сая төгрөгний байрыг 8 хувийн зээлээр авсан. Тэр үед би лангуу ажиллуулдаг байсан. Осолд орсноос хойш би ямар ч орлогогүй болсон, бүх зүйл маань зогсонги байдал орсон. Би сүүлдээ Чингэлтэй дүүргийн 15 хороо Жаргалантын 1001 тоот хашаа байшингаа зарсан. Юуны тулд гэвэл би 2013 оноос хойш энэ байрынхаа зээлийг төлчихөөд зүгээр алдчихмааргүй байсан. …Хүүхдийн төлбөрийн хувьд манай хүүхэд хувийн сургуульд сурч байсан нь үнэн. С.Мөнхтүвшингөөс зүгээр нэхээд байгаа зүйл биш, би өмнө нь төлбөрийг нь төлөөд сургаж байсан хүүгээ “ээж нь осолд орсон болохоор миний хүү сургуулиасаа гар” гэж хэлж чадахгүй. Сургалтын төлбөр нь цаанаасаа бодогдоод ирсэн. Миний гомдлыг бүтэн жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Эмчилгээний зардал 1 сая төгрөг гэж байгаа, энэнээс илүү гарсан. Би тэр болгоныг баримт болгож өгч чадахгүй байна. Зөвхөн баримт болгож өгсөн нь энэ. Би одоо ажил ч хийж чадахгүй байна. Надад эмнэлгийн баримтаас их зүйл алга, би мэдрэлийн өчнөөн өвчинтэй болчихсон, зургаа ч авахуулж чадахгүй байна. …13 сая төгрөг миний хохиролд хүрэлцэхгүй. Тэгэхэд үүнийг төлөхгүй гээд байгааг үнэхээр гайхаж байна. С.Мөнхтүвшинтэй шүүх хуралд л таардаг. Хэнд юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй миний буруу гээд нэг юм ярьдаг. Тэгсэн хэрнээ над руу бүтэн жил болоход нэг ч удаа холбогдож миний биеийг асууж, санаа тавьсан зүйл байхгүй. Би маш их гомдолтой байна. Хашаа байшин болон өчнөөн жил ажилласан ажил хөдөлмөрөө энэ хүнээс болж алдаж байна. Энэ хүнд маш их гомдолтой, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийн эзэмшигч ашиглагч нь зөвшөөрснөөр түүнийг иргэний хариуцагчаар татдаг. Өөрийн зөвшөөрлөөр С.Мөнхтүвшинд тээврийн хэрэгслээ өгсөн нь нотлогддог учир хохирлыг нөхөн төлөх нь үндэслэлтэй. Гэхдээ зарим нэгэн нэхэмжилж байгаа хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй учир хасч тооцох нь зүйтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр Багийн нутаг дэвсгэр “Монгол зоог" цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мөнхтүвшин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай “Toyota Landcriuser 80” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх С.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 80 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс Э.Мөнхзулын биед хүнд,  Э.Дэлгэрцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар С.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасч, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдпүүлэхээр... тус тус зааж  шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ, ялтан С.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан гомдлын дагуу С.Мөнхтүвшинд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр Багийн нутаг дэвсгэр “Монгол зоог" цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мөнхтүвшин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай “Toyota Landcriuser 80” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Мөнхзул /1-р хх-ийн 29-30-р ху, 2-р хх-ийн 66-78-р ху/, Э.Дэлгэрцэцэг /1-р хх-ийн 22-25-р ху, 2-р хх-ийн 66-78-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ /1-р хх-ийн 34-р ху/, гэрч Г.Гүндэгмаа /1-р хх-ийн 38-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12776 тоот дүгнэлт /1-р хх-ийн 41-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12777 тоот дүгнэлт /1-р хх-ийн 54-р ху/, Замын цагдаагийн албаны ахлах зохицуулагч Б.Сүхбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №63 тоот Шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 63-р ху/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээвэр осол, хэргийн  үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 04-06-р ху/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 07-08-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-12-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчид ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын зүгээс ...жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрх С.Мөнхтүвшинд үүссэн тул түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг Л.Бат-Эрдэнэ хариуцах боломжгүй... гэсэн гомдлын үндэслэл гаргаж, “Ард Даатгал” компанитай 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуулбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

 

Осол гаргах үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй боловч ашиглах боломж олгосон, эсхүл ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч бусдад өөрийн шууд үйлдлээр гэм хор учруулаагүй боловч хариуцлага хүлээх тухай зохицуулалтыг  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заажээ.

 

Гэтэл иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ нь өөрийн өмчлөлийн “20-33” СЭҮ улсын дугаартай “Toyota Landcriuser 80” загварын тээврийн хэрэгслийг С.Мөнхтүвшинд өөрөө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Л.Бат-Эрдэнэ /1-р хх-ийн 34-р ху/, С.Мөнхтүвшин /1-р хх-ийн 85-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / 1-р хх-ийн 36-р ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд түүнийг иргэний хариуцагчаар татаж, улмаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар С.Мөнхтүвшингийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Дэлгэрцэцэгт учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж уг хуулийн зорилтыг тодорхойлсон ба иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын шүүхэд ирүүлсэн жолоочийн албан журмын даатгалын гэрээгээр зөвхөн даатгалын тохиолдол үүссэн үед хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг зохицуулж байгаа бөгөөд тухайн нөхцөлд даатгуулагч нь  Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн

13.1.1-д ...жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэнэ...,

13.1.2-д ...даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, даатгалын баталгааг шалгуулах..., гэж заасан үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэн үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалыг хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна...” гэж зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг даатгуулагч зөвхөн өөрөө хариуцах нөхцөл үүссэн байна.

 

 Харин Монгол улсын иргэний эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсэх, дуусгавар болох,  эдгээр эрхээ эдлэх явцад бусад учруулсан гэм хорын хохирлыг хэн, ямар журмаар, хэрхэн барагдуулахыг Иргэний хуулиар нарийвчлан зохицуулсан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Дэлгэрцэцэгт учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”.

2.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно... гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг нарийвчлан тодорхойлжээ.

 

 С.Мөнхтүвшингийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Дэлгэрцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, гэмт хэргийн хор уршигт эмчилгээний зардалд 1.391.735 төгрөг, таяг тэргэнцэр авсан зардал 280.000 төгрөг, шатахууны зардал 482.750 төгрөг, ахуйн зардал 367.800 төгрөг, утасны төлбөр 332.560 төгрөг, өмгөөлөлийн хөлс 647.000 төгрөг, байрны зээлийн төлбөр 6.029.874 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 2.692.000 төгрөг бүгд 12.223.719 төгрөгийн зардал гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг тооцохдоо хохирогч С.Дэлгэрцэцэгийн анх нэхэмжилсэн 14.727.526 төгрөгийн нэхэмжлэлээс С.Мөнхтүвшингийн төлж барагдуулсан 800.000 төгрөгийг хасаж нийт 13.927.506 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс илүү тооцсон 1.703.787 төгрөгийн нэхэмжлэлийг хасаж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон 12.223.719 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх С.Мөнхтүвшин, хохирогч С.Мөнхзул нарын хооронд  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “...Э.Мөнхзулын зүүн түнхний хиймэл үений хагалгаанд орох, хиймэл үений протезийн төлбөр 9.600,000 төгрөгийг С.Мөнхтүвшин хариуцан төлөхөөр тохиролцсон...” гэсэн гэрээ /2-р хх-ийн 51-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн С.Мөнхтүвшингээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10.600.000 төгрөг гаргуулан хохирогч С.Мөнхзулд олгохоор зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэдийгээр С.Мөнхтүвшин нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, хохирогч С.Мөнхзултай хохирол нөхөн төлөх гэрээ байгуулж нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирогч С.Дэлгэрцэцэгт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул С.Мөнхтүвшинг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  боломжгүй зэрэг байдлуудын улмаас өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт  С.Мөнхтүвшингийн үйлдсэн гэмт хэргийг  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт  энэ талаар заалт хийлгүй орхигдуулсан байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын 1, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Түүнчлэн иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг /битүүмжлэгдсэн/ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор холбогдох байгууллагад шилжүүлсэн нь хууль зөрчөөгүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

1 дүгээр  заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Мөнхтүвшинд Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 болгон өөрчилж, С.Мөнхтүвшинг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.Мөнхзулын эрүүл мэндэд хүнд, Э.Дэлгэрцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай” гэж,

5 дугаар заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар шүүгдэгч С.Мөнхтүвшингөөс 10.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26-р хороо 3-682 тоотод оршин суух Энэбишийн Мөнхзулд, иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс 12.223.719 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 69-1001 тоотод оршин суух Энхтуяагийн Дэлгэрцэцэгт тус тус олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ