| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0281/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/30 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Р.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иовогт Р Эт холбогдох 1812004620288 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Х аймгийн Р суманд төрсөн, 75 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Иовогт Р Э /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Р.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Эсумын .. дугаар багийн Цын .. тоотод өөрийн хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий иргэн Г.Г бие махбодид халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Э мэдүүлэхдээ: Би энэ Г.Г гэдэг хүнтэй 5 жил хамтран амьдарсан. Энэ хэргийн материалд үнэн зүйл юу ч байхгүй. Тухайн үед ямар ч гэрч байгаагүй. Энэ хүн юу уншаад байгааг би ойлгохгүй байна. Би сүүлийн үед маш их ядраад сонсгол муутай байгаа учраас улсын яллагчийн уншиж байгаа зарим зүйлийг сонсохгүй байна. Мөрдөн байцаагч болон хяналтын прокурор энэ хэрэгт ялгаагүй нэг талыг барьж хандаж байна. Энэ хэрэг хохирогчгүй 7 сар явсан. Хэн нь хохирогч гэдэг нь тодорхойгүй байна. Тухайн үед би эд нарыг хохирогчоо дуудаад ир гэсэн чинь шүүхийн шатанд дуудна гээд дуудаагүй. Г.Г бид хоёр 5 жил хамт амьдарсан. Бид хоёр нэг гэрт хамт сууж байгаад маргалдсанаас болоод би яасан. Би зүгээр хүний эрх чөлөөнд халдаагүй. Намайг хүний эрх чөлөөнд халдсан гэж яллаж байна. Би хэрэг хийсэн ялтан биш, яргачин биш, яллагдагч биш. Би Г.Г гэх хүнийг эх хүнийх нь хувьд өрөвдсөн. Тэр хүн манайхаас 3 удаа хулгай хийсэн асуудлаас болж би тэр хүнтэй маргалдсан. Би хуулийн байгууллагад 30 жил ажиллахдаа ийм зүйл үзээгүй. Би энэ хүнтэй үхэн үхтэлээ аяга цайгаа хуваагаад уучихъя гэж бодож байсан ч энэ хүн худалч, хуурамч, луйварчин хүн байгаа юм. Мөрдөгч Р.Эгэх хүн надаас ганц ч удаа мэдүүлэг аваагүй. Харин гудамжинд нэг удаа таараад та хүн зодсоноо хүлээнэ биз дээ гэж хэлсэн. Мөн мөрдөгч н.Эгэх хүн Г.Г гэх хүнийг 8000 төгрөг тушаалгаад, хүчээр шинжилгээ өгүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байсан. Би дараа нь Г.Гтай тааралдаад чи гомдол гаргасан юм уу гэсэн чинь үгүй гэж байсан. Энэ хүнээр хүчээр гомдол гаргуулж байна. Мөрдөгч, прокурор, давж заалдах шатны шүүх нь хүний хувь заяаг огт хараагүй, нэг талыг барьж байна. Би хуулийн байгууллагад 30 жил ажиллаад эцэс нь ингэж доромжлуулж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812004620288 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Г мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Э гэх хамтран амьдрагчийнхаа хамтаар аймгийн төвөөс гэртээ харьсан. Тухайн үед Э архи уусан халамцуухан байсан бөгөөд гэрт очоод Э унтаад өгсөн юм. Би хоол хийгээд байж байтал Э хоол чинь болоогүй юм уу, ямар удаан болдог хоол вэ гэж уурлаад миний араас жижиг модон сандал шидэхэд уг модон сандал миний баруун мөр рүү хальт оносон. Тэгээд тэр босч ирээд намайг барьж аваад гараараа нүд, нүүр, толгой, шүд, ам руу нилээд олон удаа цохиж зодсон. Тухайн үед Э архи уусан согтуу байсан. Тэгээд ууж байсан архинаас нь жаахан архи үлдсэн байсныг нь би хэтэрхий их архи уучихлаа гээд үлдсэн архийг нь уулгаагүй бөгөөд тэрнээс болж уурлаж бас хоол удаан хийлээ гэх шалтгаанаар намайг цохиж, зодсон. Э тухайн үед нилээн их согтсон байсан. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байгаа бөгөөд хоёулахнаа хамт амьдардаг. Гэр бүлийн хувийн таарамжгүй гэх харьцаа ол байхгүй. Урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Р.Э учруулсан. Тэр үед Эоос өөр хүн байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э сүүлийн үед харьцаа муутай болсон, өөрийнхөөрөө дураараа зантай, хүнтэй нийцвэргүй зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Г дахин мэдүүлсэн: ...Би Р.Этой хамтран амьдраад 5 жил болж байна. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй бөгөөд сүүлийн хэдэн жил цайгаа хувааж уугаад хамт амьдарч байгаа юм. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уул хорооллын 10-17 тоотод орших Эын өөрийнх нь эзэмшлийн байшинд тухай хэрэг болсон. Р.Э над руу модон сандал авч шидээд тэр сандал нь намайг бараг цохиогүй хальт мөр рүү цохьсон. Дараа нь гараа атгаж байгаад миний баруун талын нүд, уруул, ам, чихний доод хэсэг, гуяны хэсэгт 5-6 удаа цохиж, зодсон. Жижиг модон сандал над руу шидсэн. Тэр сандлыг гаргаад хаячихсан бөгөөд хогийн машин аваад явсан байх. 2018 оны 09 дүгээр сарын 04-нээс хэд хоногийн өмнө буюу 4-5 хоногийн өмнөхөн Р.Э нь намайг бас гэртэй хэд хэдэн удаа гараа цохиж авч байсан. Тэр үед л уг гэмтлүүдийг учруулсан байх гэж бодож байна. Эыг архи уухаар нь тааруулж уулгах гэхээр надад уурлаад байдаг бөгөөд цохиж, зодож байсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Э намайг зодсон нь үнэн. Эын 2 гар их хүчтэй, хатуу бөгөөд гараараа цохих үед нь би хамгаалж чаддаггүй юм. Р.Э нь архи уусан согтуу үедээ ер нь гар хүрчих гээд байдаг. Гэхдээ гэмтэл учруулж их хэмжээтэй цохиж, зодсон асуудал нь 2018 оны 09 дүгээр сард 2 удаа болсон. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Миний биеийн байдал хэвийн болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Цмэдүүлсэн: ...Миний ээж Гтай Э нь хамтран амьдардаг болохоор 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Би хөдөө амьдарч байгаад 2 жилийн өмнөөс аймгийн төвд амьдарч эхэлсэн бөгөөд тэрнээс хойш таньдаг болсон. Э ах нь миний ээжтэй 5 орчим жил хамт амьдарч байгаа. Тиймээс Этой төрөл садангийн холбоогүй. Э гуай миний ээжтэй хамт амьдраад нилээн хэдэн жил болж байгаа бөгөөд сүүлийн үед ээжийг зодлоо гэж дуулдах болсон. 2018 оны 09 дүгээр сард намайг гэртээ байж байтал ээж над руу утсаар яриад Э намайг зодоод байна, хүрээд ир гэхээр нь би Эын гэрт яваад очтол ээж Г хацар, ам, нүд нь хавдсан, амнаас нь цус гарсан, цээж нь хөхрөөд аймар зодуулсан гэмээр харагдаж байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад эмчид ээжийг үзүүлэх гэтэл Э тэр эмчийг гэртээ оруулаагүй явуулчихсан бөгөөд тэгээд цагдаад дуудлага өгч Эыг цагдаа нар авч явж байсан. Тэгээд би ээжтэй уулзтал Э хэдэн өдрийн өмнө намайг бас цохиж зодож байсан гэж хэлсэн. Миний бодлоор Э ах нь сонин зөрүүд, өөрийнхөөреө зантай хүн шиг санагддаг юм. Э ах байнга шахам архи уучихсан согтуу явж байдаг бөгөөд хүүхдүүд нь улаанбаатар хотоор байдаг юм байна лээ. Э ахыг хүүхдүүд нь огт тоодоггүй, анзаардаггүй юм шиг санагдсан. Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уулын 10-17 тоотод орших байшиндаа ганцаараа л амьдардаг юм байна лээ. Сүүлийн үед ээжтэй хамт амьдарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Э мэдүүлсэн: ...Би Р.Э гэх хүнийг өмнө нь таньдаггүй байсан бөгөөд эхнэртэй агсан тавьсан гэх дуудлагаар эрүүлжүүлэх байранд авчирч байсан. Тэр үед Э гэх хүнийг анх харж байсан, дараа нь тэр хүнийг өмгөөлөгч ажилтай гэж сонсож байсан. 2018 оны 09 дүгээр сард санагдаж байна, өдрийг нь санахгүй байна, намайг эргүүлтэй байхад эхнэртээ агсан тавьсан дуудлага Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 10 дугаар гудамжинд ирсэн. Дуудлагаар очтол эхнэр нь гэх эмэгтэйн нүүр, ам нь хавдсан зодуулсан гэмээр байдалтай уйлаад байж байсан. Э гэх хүн согтуу байсан бөгөөд цагдаагийн газар руу таныг авч явна, эрүүлжүүлнэ гэсэн чинь эсэргүүцээд байхаар нь хүч хэрэглэн машинд суулгаж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч байсан. Би тийм л зүйл санаж байна. Өөр зүйл санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Умэдүүлсэн: ...Би Р.Э гэх хүнийг аймгийн төвд өмгөөлөгчийн ажил хийдэг гэдгээр нь танина бас эхнэртээ агсан тавьсан гэх дуудлагаар гэрт нь очиж эрүүлжүүлж байсан. 2018 оны 09 дүгээр сард санагдаж байна, би өдрийг нь тодорхой санахгүй байна, би цагдаа, Э хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 10-17 тоот хаягт эхнэртээ Э гэх хүн агсан тавиад байна гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очтол эхнэр нь гэх нилээн махтай, тарган эмэгтэй хүн гэртээ байсан бөгөөд биеийн байдал нь зодуулсан гэмээр нь нүд, эрүү орчимд нь хавдсан, уруул хэсгээс нь цус гарсан харагдаж байсан. Тухайн гэрт Э болон эхнэр нь гэх эмэгтэй мөн зодуулсан эмэгтэйн охин нь гээд нэг эмэгтэй хүн, нийт 3 хүн байсан. Тэгээд Э гэх хүнийг эрүүлжүүлэх байранд авчраад эрүүлжүүлж байсан. Эрүүлжүүлэх явцад Э гэх хүн нь хэл амаар доромжилсон байдалтай харьцаж, шаардлагыг эсэргүүцээд, та нар намайг чадахгүй гээд байсан болохоор Эыг албадан эрүүлжүүлэх байранд оруулсан. Э нь ярихдаа эхнэрээ ална, намайг барьж өглөө гэх мэт зүйл хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.А мэдүүлсэн: ...Р.Э ахтай олон жил хөршийн холбоотой амьдарч байгаа. Э ахын гэр манай гэртэй намайг бага байхаас эхлээд л одоог хүртэл хөрш байгаа. Төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Э ах нь эхнэр, 3 хүүхдийн хамт манай гэрийн доод талын доод хашаанд амьдардаг байсан. Эхнэр нь нас бараад нилээн удаж байгаа. Э ах залуу байхдаа Архангай аймгийн шүүхэд ажилладаг байсан бөгөөд дараа нь аймгийн Тамгын газарт хууль зүйн хэлтсийн даргын ажлыг эрхэлж байсан. Сүүлдээ өмгөөлөгч болсон байсан. Одоогоор эрхэлсэн ажилгүй гэртэй байж байдаг хүн байгаа юм. Сүүлийн 2 жил орчим Г гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Э ах нь залуу байхдаа ажил төрөлтэй, сайхан амьдралтай хүн байсан боловч эхнэр нь нас бараад тэрнээс хойш архи уугаад байдаг болчихсон. Э ахын хүүхдүүд нь бүгд Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд цагаан сарын дараа юм уу, зуны улиралд хүүхдүүд нь аав дээрээ ирчихсэн харагдаж л байдаг юм. Би өөр зүйл мэдэхгүй. Би хэзээ гэдгийг нь санахгүй байна, 2018 оны 09 дүгээр сард л байх, Г эгч манай дэлгүүрт орж ирээд надтай хууч хөөрсөн бөгөөд тэр үед Г эгчийн нүүр хэсэгт хөхөрчихсөн байсан харагдсан. Би Г эгчээс нүүр чинь яасан юм бэ гэж асуутал Э цохисон гэж л хэлсэн. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Р.Эын мэдүүлсэн: ...Би мэдүүлэг өгөхгүй. Прокурорын тогтоол дээр гарын үсэг зурахгүй. Би Гг зодоогүй. Харин 5 жил тэжээн тэтгэж хамт амьдарсан. Би өөр мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 414 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Г биед гэмтэл учирчээ. 2. Г.Г биед, тархи доргилт, баруун нүдний дээд зовхины гадна тал, доод зовхинд, дээд, доод уруулд, доод эрүүний баруун талд, зүүн хөхний дээд хэсэгт, баруун гарын бугалганы араар хөхөлбөр, баруун гарын шууны гадна дунд хэсэгт, зүүн гарын бугалганы ар дунд хэсэгт, урд дээд хэсэгт хүрэн ягаан цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун хөмсөгний дээд талд болон баруун хацар ясны гадна талд өнгөц зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, баруун нүдний дээд зовхины гадна тал, доод зовхинд, дээд, доод уруулд, доод эрүүний баруун талд, зүүн хөхний дээд хэсэгт, баруун гарын бугалганы араар зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Баруун гарын шууны гадна дунд хэсэгт, зүүн гарын бугалганы ар дунд хэсэгт, урд дээд хэсэгт цус хуралт зөөлөн эдэд няцралт гэмтэл нь 3-4 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Шинэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Тархи доргилт, баруун нүдний дээд зовхины гадна тал, доод зовхинд, дээд, доод уруулд, доод эрүүний баруун талд, зүүн хөхний дээд хэсэгт, баруун гарын бугалганы араар зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун хөмсөгний дээд талд болон баруун хацар ясны гадна талд өнгөц зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байхтул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ааймгийн Э сумын .. дугаар багийн Цын .. тоотод Г.Г нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Р.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Цын .. тоотод өөрийн хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий иргэн Г.Г бие махбодид халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Г мэдүүлсэн “Би хоол хийгээд байж байтал Э хоол чинь болоогүй юм уу, ямар удаан болдог хоол вэ гэж уурлаад миний араас жижиг модон сандал шидэхэд уг модон сандал миний баруун мөр рүү хальт оносон. Тэгээд тэр босч ирээд намайг барьж аваад гараараа нүд, нүүр, толгой, шүд, ам руу нилээд олон удаа цохиж зодсон. Тухайн үед Э архи уусан согтуу байсан. Тэгээд ууж байсан архинаас нь жаахан архи үлдсэн байсныг нь би хэтэрхий их архи уучихлаа гээд үлдсэн архийг нь уулгаагүй бөгөөд тэрнээс болж уурлаж бас хоол удаан хийлээ гэх шалтгаанаар намайг цохиж, зодсон”, “Р.Э над руу модон сандал авч шидээд тэр сандал нь намайг бараг цохиогүй хальт мөр рүү цохьсон. Дараа нь гараа атгаж байгаад миний баруун талын нүд, уруул, ам, чихний доод хэсэг, гуяны хэсэгт 5-6 удаа цохиж, зодсон. Жижиг модон сандал над руу шидсэн. 2018 оны 09 дүгээр сарын 04-нээс хэд хоногийн өмнө буюу 4-5 хоногийн өмнөхөн Р.Э нь намайг бас гэртэй хэд хэдэн удаа гараа цохиж авч байсан. Тэр үед л уг гэмтлүүдийг учруулсан байх гэж бодож байна. Эыг архи уухаар нь тааруулж уулгах гэхээр надад уурлаад байдаг бөгөөд цохиж, зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 11-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Цмэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сард намайг гэртээ байж байтал ээж над руу утсаар яриад Э намайг зодоод байна, хүрээд ир гэхээр нь би Эын гэрт яваад очтол ээж Г хацар, ам, нүд нь хавдсан, амнаас нь цус гарсан, цээж нь хөхрөөд аймар зодуулсан гэмээр харагдаж байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад эмчид ээжийг үзүүлэх гэтэл Э тэр эмчийг гэртээ оруулаагүй явуулчихсан бөгөөд тэгээд цагдаад дуудлага өгч Эыг цагдаа нар авч явж байсан. Тэгээд би ээжтэй уулзтал Э хэдэн өдрийн өмнө намайг бас цохиж зодож байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Э мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сард санагдаж байна, өдрийг нь санахгүй байна, намайг эргүүлтэй байхад эхнэртээ агсан тавьсан дуудлага Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 10 дугаар гудамжинд ирсэн. Дуудлагаар очтол эхнэр нь гэх эмэгтэйн нүүр, ам нь хавдсан зодуулсан гэмээр байдалтай уйлаад байж байсан. Э гэх хүн согтуу байсан бөгөөд цагдаагийн газар руу таныг авч явна, эрүүлжүүлнэ гэсэн чинь эсэргүүцээд байхаар нь хүч хэрэглэн машинд суулгаж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Умэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сард санагдаж байна, би өдрийг нь тодорхой санахгүй байна, би цагдаа, Э хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 10-17 тоот хаягт эхнэртээ Э гэх хүн агсан тавиад байна гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очтол эхнэр нь гэх нилээн махтай, тарган эмэгтэй хүн гэртээ байсан бөгөөд биеийн байдал нь зодуулсан гэмээр нь нүд, эрүү орчимд нь хавдсан, уруул хэсгээс нь цус гарсан харагдаж байсан. Тухайн гэрт Э болон эхнэр нь гэх эмэгтэй мөн зодуулсан эмэгтэйн охин нь гээд нэг эмэгтэй хүн, нийт 3 хүн байсан. Тэгээд Э гэх хүнийг эрүүлжүүлэх байранд авчраад эрүүлжүүлж байсан. Эрүүлжүүлэх явцад Э гэх хүн нь хэл амаар доромжилсон байдалтай харьцаж, шаардлагыг эсэргүүцээд, та нар намайг чадахгүй гээд байсан болохоор Эыг албадан эрүүлжүүлэх байранд оруулсан. Э нь ярихдаа эхнэрээ ална, намайг барьж өглөө гэх мэт зүйл хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.А мэдүүлсэн “Би хэзээ гэдгийг нь санахгүй байна, 2018 оны 09 дүгээр сард л байх, Г эгч манай дэлгүүрт орж ирээд надтай хууч хөөрсөн бөгөөд тэр үед Г эгчийн нүүр хэсэгт хөхөрчихсөн байсан харагдсан. Би Г эгчээс нүүр чинь яасан юм бэ гэж асуутал Э цохисон гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогч Г.Г биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 414 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Иовогт Р Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ба шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Р.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Г.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иовогт Р Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Р.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Р.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Г.Г нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ