| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч Ч.С , түүний өмгөөлөгч Н.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С холбогдох эрүүгийн 1906 06302 2719 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ч.С .
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, X-Apartment хотхоны тоглоомын талбай дээрээс хохирогч Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн SAMSUNG GALAXY S8 PLUS маркийн rap утсыг "ахын дүү гар утсаараа нэг яриулаад өгөөч" гэж хэлж аваад хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан Ц.Бат-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргээс хохирогч Ц.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-6-7, 53/, гэрч Д.Ганцоожийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Н.Солонгын мэдүүлэг /хх-27-28/, гэрч Д.Заяагийн өгсөн мэдүүлэг /хх-62-33/, гэрч Э.Сарнайн өгсөн мэдүүлэг /хх-65-66/, хохирогч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-54-56/, эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11/, эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-16/, шүүгдэгч Ч.С ын ял шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, X-Apartment хотхоны тоглоомын талбай дээрээс хохирогч Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн SAMSUNG GALAXY S8 PLUS маркийн rap утсыг "ахын дүү гар утсаараа нэг яриулаад өгөөч" гэж хэлж аваад хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан Ц.Бат-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар сарын Х-Apartment байрны гадна тоглоомын талбай дээр найз охин болон Саранзаяаг хүлээж байхад үл таних 50-аас 55 насны орчим ах, хажуудаа 3 настай эмэгтэй хүүхэд хөтлөөд явж байсан. Хөгшин настай ах над дээр ирээд “ахын дүү гар утсаараа нэг яриулаач” гэхээр нь би утсаа өгөхөд тэр ах дугаар руугаа залгасан үгүйг нь мэдээгүй. Тэр ах “байна уу” гэж хэлээд жоохон охиноо хөтлөөд байшингийн шаттай дэлгүүр лүү ороод явсан. Би гадаа нь 1 минут хүлээж байгаад араас нь ороход ямар нэгэн хүн байхгүй. Цаашаагаа нэвт гардаг хаалгатай байсан. Би тэр дэлгүүрийн худалдагч эгчээс “камер шүүж үзье” гэхэд заавал цагдаатай хамт ирэхээр чинь камер шүүж өгнө, би тэр хүнийг чинь танихгүй гэж хэлсэн. Хар өнгийн, Samsung гэсэн цагаан өнгийн бичигтэй хар өнгийн зөөлөвчтэй, кейстэй, арын Finger хэсэгтээ бага зэргийн ташуу зураастай Samsung Galaxy S-8 Plus маркийн гар утас байсан. Танидаг дотны ахаасаа хямдруулаад шинээр нь 2019 оны 8 дугаар сард 630.000 төгрөгөөр авсан. Гадуур зарагдаж байгаа үнэ нь бас тэр хувьцаа байгаа байх. Би авсан үнээрээ үнэлнэ. 50-аас 55 насны хөгшин, халимаг үстэй, духан дээгүүрээ их хэмжээний үрчлээстэй, ширүүн царайтай, улаан өнгийн фудволктой, саарал өнгийн тамирын өмдтэй, гэрийнхээ шар өнгийн тавчиктай явж байсан. Хажууд нь явж байсан бага насны охин нь 3 настай байх бусад зүйлийн анзаарч чадаагүй. Би алдсан утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Хүний утсыг ганц залгая гээд хэлэхэд нь би хөгшин настай хүн болохоор нь хүндлээд гар утсаа өгөхөд утсыг минь аваад явсанд маш их гомдолтой байна.”/хх-6-7/ гэх мэдүүлэг,
“Би X-Apartment дэлгүүрийн 1 дүгээр давхарт байхлах Тэско дэлгүүрийн урд талд шатны доор зогсоод Ч.С гар утсаа өгсөн. Тэгээд тамхи татаад зогсож байхад тэр ах миний гар утсыг аваад байна уу, байна уу гээд ярих шиг болж байсан. Тэгээд дэлгүүр рүү гардаг шат руу өгссөн. Би тэр үед тамхи татаж байсан болохоор шат руу гаргаагүй. Ч.С ах одоохон гэж хэлсэн. Би тамхи татаж дуусгаад харахад Ч.С дэлгүүр рүү орчихсон байсан. Би араас нь тамхиа дуусгаад ороход дэлгүүр дотор байхгүй байсан. Дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс асуухад хүүхдээ дагуулсан хүнийг хараагүй гэж хэлсэн. Би цаашаа дэлгүүрийн байр руу ордог хаалгаар орц руу нь ороод Ч.С ыг хайхад надад олдоогүй. Би буцаад нөгөө дэлгүүр орж ирээд худалдагч эмэгтэйгээс “камер байна уу” гэж асуухад “урагшаа харсан камер байхгүй, дотор камер шүүж үзвэл цагдаатай ир” гэж хэлсэн. Би тэр дэлгүүрийн худалдагч эмэгтэйг харвал танина. Би хүмүүсээс асуухад “IME код байхгүй бол олдохгүй” гээд байхаар нь цадаад хандаагүй. Би 2019 оны 10 дугаар сарын 16-нд компьютерээр фэйсбүүк орчихоод буцаад гарсан чинь миний фэйсбүүк онлайнд идэвхтэй байна гээд харагдаад байсан. Тэгэхээр нь гайхаад компьютерээр ороод фэйсбүүкийн setting цэс рүү ороод үзэхэд Samsung S-8 гэсэн гар утаснаас орж байсан гэсэн мэдээлэл байсан. Тэгээд би цагдаад хандаж өргөдөл гаргаж өгсөн. Одоо тэр мэдээллүүд байхгүй бүгд устчихсан байгаа.” /хх-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганцоожийн өгсөн: “Тухайн өдрийн он сарыг санахгүй байна. Би 1 дэх, 2 дахь өдрүүдэд амардаг юм. Амралтын өдөр хүргэн ах Ч.С охин Солонгын гэрт буюу Буянзүрх дүүргийн X-Apartment хотхонд шкап хийгээд очиход байрны гадаа тоглоомын талбайд хүргэн ах Ч.С , 8 настай, 2 настай зээгийн хамт пиво уугаад сууж байсан. Би өөдөөс нь алхаад очиход миний өөдөөс пиво барьчихсан алхаж ирсэн. Хүргэн ах Ч.С хажуудаа үл таних 170 см дээш өндөртэй залуутай хамт явж байсан. Тэр залууг “танилц манай хуурай дүү” гээд байхаар нь би уурлаад 2 настай зээ Сумъяаг аваад буцаад яваад өгсөн. Хүргэн ах 8 настай зээ Оюунзаяаг дагуулаад миний ардаас ирээд байрны урд байсан миний машинд суугаад бид хэд Ч.С ахын охин Солонгын ой гарантай охиныг офицерын тойргын өдөр өнжүүлэхээс очиж аваад буцаад орцны үүдэнд машинаа тавиад бид хэд Солонгын гэр рүү бөөнөөрөө орсон. Ч.С ах гэрт ороод унтаад өгөх шиг болсон. Би гэрт нь шкапаа хийж эхэлсэн. Ч.С ахын биед гар утсаар дуу хөгжим сонсож байсныг анзаараагүй. Машинд суухад Оюунзаяад гар утас байгаагүй, анзаараагүй. Хүргэн ахыг архи уусан болохоор уур хүрээд тухайн үед нилээд ууртай байсан. Ч.С ахын биед гар утас байсныг анзаараагүй. Ч.С ахтай хамт 20 гаран насны 170 см өндөр туранхай биетэй залуу байсан. Тэр залуу нилээд согтуу байсан. Хүргэн ах тэр хоёр хуурай ах дүү болчихсон байсан. Би тэр залууг урьд өмнө нь харж байгаагүй. Намайг очиход тухайн үед хэн нь ч утсаар ярьж, утасны талаар дурсаагүй. Тэр залуу ард үлдсэн байсан. Хаашаа явсаныг мэдэхгүй байсан.”/хх-13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Солонгын өгсөн: “Ч.С 1973 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Бага насаа Дорнод аймагт өнгөрүүлсэн Дорнод аймгийн Төмөр замын нэгдүгээр арван жилд элсэн суралцаад төгссөн. Намайг төрөөд удаагүй байхад Улаанбаатар хотод шилжин ирээд Нарантуул зах дээр хувиараа гуталны наймаа хийдэг. 7-оос 8 жилийн өмнөөс хувиараа такси үйлчилгээнд хааяа нэг явдаг бөгөөд манай хүүхдүүдийг голдуу хараад гэрт өнждөг. Ээж, аав хоёр хамт амьдраад 30 орчим жил болж байгаа. Ээж, аав хоёр 10 жилдээ 1 ангид хамт сурч байсан. Манай аав Дорнод аймгийн Халх суманд цэргийн алба хаасан. Манай ээж төмөр замд протник ажил хийдэг. 27 дахь жилдээ хийж байгаа. Ээжийг ажилтай үед аав хааяа нэг уудаг. Зан араншин нь гоё, муухай зан араншин байхгүй. Архи дарс уучихаад гэртээ агсан согтуу тавьж байгаагүй. Аав гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. ”/хх-27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Заяагийн өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагаас хойш цагийг нь санахгүй байна. Согтуу залуу орж ирээд “би гар утсаа алдчихлаа камераа шүүгээд өгөөч, танай энэ байр руу орсон” гэхээр нь манайх гадагшаа харсан камер байхгүй. Шүүх боломжгүй гэсэн. Тэрний дараа бас эрүүл орж ирсэн гэсэн. Би байгаагүй. Дэлгүүрт орж ирээд хүүхэдтэй хөгшин миний гар утсыг аваад явчихлаа камер шүүлгэмээр байна гэж хэлсэн.” /хх-62-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сарнайн өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 25-ны үдээс хойш дундын нуруутай, бордуу царайтай залуу “гар утсаа алдчихлаа. Танай дэлгүүр урагшаа харсан камер байвал шүүж үзмээр байна” гэсэн. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад гар утсаа алдсан гээд байсан залуу орж ирээд би өчигдөр утсаа алдсан. Миний гар утсыг авсан хүн танай байрны хүн байсан. Гадаа хүүхдээ тоглуулж байсан өвгөн байсан гэж хэлсэн.” /хх-65-66/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-54-56/,
Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-16/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11/,
Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-16/,
Шүүгдэгч Ч.С ын ял шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.С нь хохирогч Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн SAMSUNG GALAXY S8 PLUS маркийн rap утсыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х-Apartment хотхоны тоглоомын талбай дээрээс хохирогч Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн SAMSUNG GALAXY S8 PLUS маркийн rap утсыг "ахын дүү гар утсаараа нэг яриулаад өгөөч" гэж хэлж аваад хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан Ц.Бат-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.С од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ч.С ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.С нь хохирогч Ц.Бат-Эрдэнэд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нь гомдолгүй, саналгүй болсон төгрөгийг нөхөн төлсөнийг шүүхэд илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Ч.С ын ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Мөн шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.С нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.С од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.С од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС