| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/00211/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/39 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, Д.Б
Шүүгдэгч: Н.Б, Б.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н Б, Совогт БШнарт холбогдох 1912003290199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А аймгийн Т сумын .. дугаар багийн Б гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б овогт Н Б /РД:АЙ87111611/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Цсуманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, А аймгийн Ц сумын Б багийн Угэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Совогт БШ/РД:АО97010814/
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ааймгийн Тсумын иргэн Ц.У өмчлөлийн 2 тооны монголын шүдлэн үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Б, Б.Шнар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Тсумын А гэх газарт бэлчээрлэж байсан иргэн С.Ж өмчийн 1 тооны хүрэн зээрд зүсмийн адууг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: Манай үхэрт айлын 2 тооны үхэр 7-8 хоног болсон. Тэгээд би тэр үхрийг мөнгөний хэрэг болоод гаргаж авчраад зарсан. Адууны хэргийн тухайд Шманайд адуу хөтөлж ирэхээр нь би өөрийнх нь адуу юм байх гэж бодоод ямар учиртай адуу болохыг нь асуугаагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шмэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр орой болсон байхад өөрийнхөө хээр алаг морьтой гэрээсээ гараад Б ахынд очихоор явж байтал замд 40 гаруй тооны зээрд голдуу адуу таарахаар нь надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас би нэг адууг нь аваад очсон. Би тэр адуугаа Б ахад хулгайн адуу гэж хэлээгүй. Би тухайн адууг өөрийнхөө гэрээс аваад ирлээ надад гаргалцаад өгөөч гэж хэлсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912003290199 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.У мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 07 цагийн үед гараад үхэр бэлчиж байсан газар болох Онгорхойн ам гэх газарт очсон. Би үхрээ шалгаад үзэхэд 2 чих нь адилхан догол имтэй, улаан алаг шүдлэн насны монголын эр үхэр, 2 чих нь догол имтэй, хар зүсмийн шүдлэн насны монголын эм үхэр хоёр нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө алга болсон байсан. Би ойр хавьд байдаг айлаас асууж сураад олоогүй. Тухайн 2 тооны үхэр бэлчээр дээрээсээ алга болсон. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. 1 үхрийг нь 800.000 төгрөгөөр, 2 үхэр нийлээд 1.600.000 төгрөгөөр үнэлж байна. 2 үхрийн хохирлыг төлбөл гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.У дахин мэдүүлсэн: ...Манай 2 тооны үхрийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед Б хулгайлан авч, алж нядалсан байсан. Надад 2 үхрийн хохирол гэж 1.600.000 төгрөг шилжүүлсэн боловч надаас уучлалт гуйгаагүй, одоог хүртэл ирж уулзаагүй байна. Манай хоёрын гэр нэг уулын наана, цаана ойрхон байдаг. Би үхрээ хулгайд алдаад эрж хайсны зардалд 100.000 төгрөг нэхэмжилнэ. Би мотоцикль, машинд бензин хийж хэд хоног хайсан бөгөөд баримтуудыг нь хаана байгааг нь тодорхой мэдэхгүй. Би гомдолтой байна. Б надаас уучлалт гуйхгүй байгаа, мөн мал эрж хайсан мөнгө өгөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ж мэдүүлсэн:... Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой адуугаа хээр бэлчээрлэж байхад нь бүртгээд маргааш өглөө нь Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Ар Улаан гэх газарт адуугаа бэлчээрлэж байхад нь дахин бүртгэж үзэхэд зээрд хүрэн зүсмийн нэг тооны гүү алга болсон байсан. Би тухайн адуугаа ойр хавиараа хэсэг хайсан боловч олоогүй бөгөөд 2019 оны 05 дугаар сард цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд манай адууг хулгайлсан хүмүүсийг тогтоосон байсан. Манай нутгийн Б, Шнар надаас уучлалт гуйгаад хохирол төлбөрийг төлсөн. Миний алдсан адуу нас нийлсэн, хүрэн зээрд зүсмийн нэг тооны гүү байсан бөгөөд зөв талын чих нь цуулбар имтэй, тамгагүй, хур дэлтэй адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бмэдүүлсэн: ...Манай үхэр 2 чих нь адилхан догол имтэй, улаан алаг шүдлэн насны монголын эр үхэр, 2 чих нь догол имтэй, хар зүсмийн шүдлэн насны монголын эм үхэр байсан. Манай 2 үхэр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бэлчээрт яваад маргааш нь буюу 05 дугаар сарын 21-ний өдөр алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Б.Ш гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед Б Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт байдаг манай хөдөө гэрт шар өнгийн мотоцикль унаж ирээд банкны мөнгө төлөх болчихоод хоёр үхэр махлах гэсэн юм, чи очоод гаргалцаад өгөөч гэж гуйсан. Би араас нь өөрийнхөө мотоциклиор Бийн хадам аав П гадаа очсон. Намайг Б дээр очиход 2 тооны үхэр өвөлжөөний байранд байсан. Би өөр хийлцэх хүн байхгүй юм уу гэж асуухад Б байхгүй гэж хэлсэн. Тухайн хоёр үхрийг махалж дуусаад 04 цаг болж байхад би гэртээ харьсан. 1 тооны улаан алаг үхэр, 1 тооны хар зүсмийн үхэр гээд нийт 2 үхэр байсан. Имийг нь би анзаараагүй. Банкны мөнгө болгох гэж байгаа гэж хэлсэн. Б хоёр үхрийн махаа цагаан өнгийн Портер маркийн машин дээрээ ачаад хадам аав Пхээ гэрийн гадаа очсон. Харин би гэртээ харихаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.П мэдүүлсэн: ...Өчигдөр буюу 05 дугаар сарын 25-нд Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Баян-Өндөрийн үзүүрт байдаг өвөлжөөний гэртээ байсан. Б өчигдөр 20 цагийн үед Цхамт Бийн өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Портер машинтай ирсэн. Манайд орж ирээд Б мотоциклио өгч бай, би энэ хавьд тарсан малаа эмхлээд ирье гэсэн бөгөөд тэдний мал Дагдан гэх айлын гадаа байсан юм шиг байна лээ. Ахындаа очоод ирье гэсэн. Манай ач хүү Мөнхбат 23 цагийн үед Б эргэж ирээд мотоцикль өгсөн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Цгийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Б 1987 онд Төвшрүүлэх суманд төрсөн, төлөв даруу зантай, гэр орноосоо их гараад байдаггүй залуу байгаа юм. Нутгийн хүмүүс манай нөхөр Бийг төлөв томоотой залуу гэдэг. Бид хоёр 2006 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. Улсаас авсан гавъяа шагналгүй. Манайх 200 гаруй тооны бог, бод нийлсэн малтай...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Н мэдүүлсэн: ...Миний хүү Б нь айлын 4 дэх хүүхэд бөгөөд дээрээ 2 эгч, 1 ахтай айлын бага хүүхэд юм. 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. Бага насаа аав, ээж, ах, эгчийн гар дээр хөдөө мал маллан өнгөрүүлсэн бөгөөд сумынхаа бага сургуульд 03 дугаар анги хүртэл сурсан боловч бичиг үсэг сайн мэддэггүй. Цэргийн алба хаагаагүй, Ц гэдэг хүүхэнтэй гэр болоод 3 хүүхэдтэй болсон бөгөөд том хүүхэд нь 15 настай, дундах хүүхэд нь 7 настай, бага хүүхэд нь 3 орчим настай. Б нь эхнэр хүүхдийн хамт мал маллан хөдөө амьдардаг бөгөөд зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөтэй, малд сайн явдаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Т мэдүүлсэн: ...Болд овогтой Шнь 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд 3 хүүхэдтэй айлын дундах хүүхэд болж төрсөн. Бага насаа хөдөө мал дээр аав, ээж ах, дүү нартайгаа хамт өссөн. Цэнхэр сумынхаа сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2013 онд сургуулиа төгссөн байх. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн авто инженерийн ангид 1 жил орчим суралцаж байгаад сургуулиас гарч мал маллах болсон. 2013 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Цэргийн алба хаагаагүй. Эхнэр хүүхэдгүй, аав, ээжтэй хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд буруу зөрүү зан байхгүй, хүүхдээрээ зантай, хулгай хэрэг хийж байгаагүй. Сая нутгийн Б гэдэг залууг дагаад хулгайн хэрэгт оролцсон байсан. Б л миний дүүг хулгайн хэрэгт уруу татсан байх гэж бодож байна. Шнь архи, тамхи хэрэглэдэггүй. Шг Б дагуулан яваад хулгай хийсэн байсан бөгөөд манай нутгийн Ж гэдэг хүний малыг хулгайлсан байсныг дараа нь сонсож мэдсэн. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Одоо ч өмнө өгсөн мэдүүлэгтэйгээ адилхан зүйл мэдүүлнэ. Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайрханы урд өвөр хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ганц гэрээрээ амьдарч байсан бөгөөд манай үхэрт танихгүй айлын 2 тооны үхэр буюу нэг нь улаан алаг, нөгөөх нь хар зүсмийн молголын шүдлэн насны үхрүүд нийлсэн үхэртэй хамт орж ирсэн. Уг үхрүүд манай үхрээс салахгүй, өглөө оройдоо үхэрт хамт гэрийн гадаа орж ирээд байсан. Надад мөнгөний хэрэг гарахаар нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хажуу айлын Шараваа гэдэг хүнийг гуйгаад өөрийнхөө үхрийг нядлах гэсэн юм гэж хэлээд шөнийн цагаар 2 тооны үхрээ алсан. Би үхрийн мах, арьс, толгой, ширийг өөрийн эзэмшлийн 09-97 АРХ улсын дугаартай Цагаан өнгийн супер Портер маркийн машинд ачиж яваад аймгийн төв рүү орох замдаа цагдаад баригдсан. Би мал махны гэрчилгээ гарал үүслийн бичиг огт аваагүй. Би банкнаас мөнгө зээлж авсан байсан бөгөөд зээлийн төлөх хугацаа болчихсон байсан болохоор хулгай хийсэн. Хоёр тооны үхэр адилхан цуулбар, догол имтэй, монголын ногооны шүдлэн үхрүүд байсан. Улаан алаг үхэр нь эр, хар зүстэй үхэр нь эм үхэр байсан. Тухайн үед уг үхрүүд туранхай байсан. Би хэний үхрийг хулгайлан авснаа эхэндээ мэдээгүй. Дараа нь манай нутгийн У гэдэг хүн 2 шүдлэн үхэр хайгаад байхаар нь мэдсэн. Би хохирогч Уыг гомдол саналгүй болгосон. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Манай үхэртэй хамт гэрийн гадна хотлоод ороод ирэхээр нь би явган туугаад үхрийг хашаандаа хашиж байгаад нэг нэгээр нь барьж аваад үхрүүдийг алж нядалсан. Би уг үхрүүдийг гэрийнхээ гадна талд нядалсан. Манай гэрт хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутагт байх өөрийн гэртээ ганцаараа байж байтал нутгийн дүү Шманай гэрт ирсэн. Шнадад мөнгөний хэрэг байна, адуу гаргах гэсэн юм хамт яваад өгөөч гэж гуйсан. Би хүрэн зээрд зүсмийн морио унаад, Шхээр алаг морио унаад гадаа харанхуй болсон байхад хулгай хийхээр явсан. Тэгээд Ар-Улаан гэх газарт бэлчээрлэж байсан 40 гаруй тооны адууг туугаад Баян-Өндөрийн булагийн эзэнгүй малын хашаанд хашаад зээрд зүсмийн нэг гүү барьж аваад адууг нь тууж гаргасан. Хулгайлсан адууг Шхөтлөөд би араас нь туугаад манай гэрийн гадна авчирсан бөгөөд Шбид хоёр тухайн гүүг алж янзлаад миний 09-97 АРХ улсын дугаартай цагаан өнгийн супер Портер маркийн машин дээр махыг нь ачаад шууд аймгийн төв рүү явсан. Замдаа адууны арьс, шир, толгой, гэдэс зэргийг хаясан. Аймгийн төвд ирээд Шайлд хоносон. Тэгээд маргааш өглөө нь 8 цагийн үед танихгүй мах авдаг ченжид 800.000 төгрөгөөр махаа зарсан. Уг мөнгөө Штай хувааж авсан. Би өөрийнхөө мөнгөөр түлээ, түлш, гурил, будаа аваад дуусгасан. Шхулгай хийх гэсэн юм, хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан. Шхудлаа ярьсан байна, би хулгай хийх санааг гаргаагүй. Тухайн шөнө хэний адуу гэдгийг таньж мэдээгүй. Дараа нь цагдаа нар Шбид хоёрыг хулгайлсан гэдгийг мэдчихээд ирж уулзахад нь Ж адууг хулгайлсан байснаа мэдсэн. Хоёр эрэгтэй хүнд уг махыг зарсан. Одоо харвал ченж нарыг танихгүй байх. Би ямар ч малын бичиг хийлгээгүй. Ченжид зарахдаа өөрийнхөө малыг зарж байна, малын бичгээ авч чадаагүй юм гэж хэлсэн. Би хулгай хийхдээ унаж явсан хүрэн зээрд зүсмийн морийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. Нас нийлсэн туранхай морь байсан. Одоо манай адуунд байгаа. Хохирогч С.Жг хохирол гомдолгүй болгосон. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө андуурч мэдүүлсэн байсан. Би энэ адууны махыг зарах үед малын бичиг аваагүй. Өөрийнхөө малыг зарахдаа “Тэрх” худалдааны төв дотроос нэг удаа мал эмнэлгийн бичиг авч байсантай андуурсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 100-104 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Ш мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өөрийн хээр алаг зүсмийн морийг унаад нутгийн ах Бийн гэрт очсон. Тухайн өдөр Б ах гэртээ ганцаараа байсан бөгөөд ахад нь мөнгөний хэрэг болоод байна, адуу хулгайлж авъя гэсэн. Тэгээд би хээр алаг морио унаад, Б ах хүрэн зээрд морио унаад шөнийн 23 цагийн үед Төвшрүүлэх сумын Улаан чулуу гэх газар руу яваад бэлчээрт байсан 40 гаруй тооны зээрд азаргатай адууг туугаад нэг эзэнгүй хашаанд хашаад нэг тооны гүү барьж аваад адууг нь туугаад гаргасан. Тэгээд хашиж барьж авсан бөгөөд гүүг нь Б ах намайг хөтлөөд яв гэхээр нь би хөтлөөд Б ахын гэрийн гадна авчирсан. Б ах миний хөтөлж явсан гүүний араас тууж ирсэн. Тэр шөнөө Б ахын гэрийн гадна нөгөө адуугаа алж янзлаад шөнө 04 цагийн үед аймгийн төв рүү махаа ачаад Б ах өөрийнхөө машинтай явсан. Би аймгийн төвд ирээд найзындаа очиж хоносон. Б ах машинтайгаа махаа аваад явсан. Тэгээд маргааш нь өдрийн 15 цагийн үед Б ах намайг утсаар дуудаад махны мөнгө 400.000 төгрөг гэж надад өгсөн. Би тэр мөнгөөр нь хувцас аваад ойр зуурын зүйлд зарцуулаад дуусгасан. Б ах хамт хулгай хийх үү гээд хулгайн хэрэгт намайг оролцуулсан. Би хээр алаг зүстэй нас нийлсэн морио унаж явсан. Хулгайн хэрэг үйлдэх үедээ унаж явсан морио 2019 оны хавар хулгайд алдчихсан. Хайгаад олохгүй байгаа. Миний морь нас нийлсэн биеэр жижиг морь байсан бөгөөд би зах зээлийн үнээр үнэлнэ. Б ах өөрийнхөө цагаан өнгийн Портер маркийн машинаар махыг нь аймгийн төв рүү зөөсөн. Улсын дугаарыг нь санахгүй байна. Хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна, Б ах л махаа зарсан. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч надад гомдол саналгүй болсон. Б ах бид хоёр нэг адуу хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 111-114 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06 хуу
“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 109 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 27 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 64-65 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 62-64 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 39 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 67-68 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 143 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 88 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 91 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39, 118, 130 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 115, 126 хуу/
Хохирол төлсөн баримт, эмнэлгийн магадлагаа /хх-ийн 169, 209 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн Н.Бийн амбулаториар эмчлүүлэгсдийн карт болон хувийн байдалтай холбоотой 9 хуудас баримт, шүүгдэгч Б.Ш хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө А аймгийн Т сумын иргэн Ц.У өмчлөлийн 2 тооны монголын шүдлэн үхэр хулгайлагдаж, 1.100.000 төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Т сумын А гэх газраас иргэн С.Ж өмчлөлийн 1 тооны хүрэн зээрд зүсмийн адуу хулгайлагдаж, 850.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б, Ш.Шнар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө А аймгийн Т сумын иргэн Ц.У өмчлөлийн 2 тооны монголын шүдлэн үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим 2 чих догол имтэй, улаан алаг шүдлэн насны монголын эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны эм үхэр зэрэг 2 тооны үхрээ А аймгийн Т сумын О гэх газраас хулгайд алдаж, дээрх 2 үхрийг Н.Б нь авч нядалснаа хүлээж хохиролд 1.600.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 08-10, 11-12/, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн орчим Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт гэртээ байхад нь Б мотоцикльтой очиж аваад банкны мөнгө төлөх болчихоод 2 үхэр махлах гэсэн юм, гаргалцаад өгөөч гэж гуйхаар нь хамт очиж өвөлжөөний байранд байсан 2 тооны үхрийг шөнийн 04 цаг хүртэл махалж дуусаад гэртээ харьсан талаар мэдүүлсэн гэрч Б.Ш мэдүүлэг /хх-ийн 15-17/, дээрх 2 үхэр нь нийт 1.100.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг нотолсон “Хас үнэлгээ” ХХК-ний 109 тоот дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Н.Б, Б.Шнар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн С.Ж 1 тооны зээрд зүсмийн адууг хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өглөө Т сумын .. дугаар багийн А гэх газарт бэлчээрлэж байсан адуугаа бүртгэж үзэхэд зээрд хүрэн зүсмийн 1 тооны гүү алга болсон байсныг Н.Б, Б.Шнар хулгайлсан байсныг Цагдаагийн байгууллага тогтоосон бөгөөд Н.Б, Б.Ш нар нь уучлалт гуйж хохирлыг төлсөн талаар мэдүүлсэн хохирогч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/, Б.Шг, Н.Б дагуулж С.Ж гэдэг хүний малыг хулгайлсан байсныг дараах нь сонсож мэдсэн гэж мэдүүлсэн гэрч Б.Т мэдүүлэг /хх-ийн 84-85/, шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутагт байх өөрийн гэртээ ганцаараа байж байтал нутгийн дүү Шманай гэрт ирсэн. Шнадад мөнгөний хэрэг байна, адуу гаргах гэсэн юм хамт яваад өгөөч гэж гуйсан. Би хүрэн зээрд зүсмийн морио унаад, Шхээр алаг морио унаад гадаа харанхуй болсон байхад хулгай хийхээр явсан. Тэгээд Ар-Улаан гэх газарт бэлчээрлэж байсан 40 гаруй тооны адууг туугаад Баян-Өндөрийн булагийн эзэнгүй малын хашаанд хашаад зээрд зүсмийн нэг гүү барьж аваад адууг нь тууж гаргасан. Хулгайлсан адууг Шхөтлөөд би араас нь туугаад манай гэрийн гадна авчирсан бөгөөд Шбид хоёр тухайн гүүг алж янзлаад миний 09-97 АРХ улсын дугаартай цагаан өнгийн супер Портер маркийн машин дээр махыг нь ачаад шууд аймгийн төв рүү явсан. Замдаа адууны арьс, шир, толгой, гэдэс зэргийг хаясан. Аймгийн төвд ирээд Шайлд хоносон. Тэгээд маргааш өглөө нь 8 цагийн үед танихгүй мах авдаг ченжид 800.000 төгрөгөөр махаа зарсан. Уг мөнгөө Штай хувааж авсан. Би өөрийнхөө мөнгөөр түлээ, түлш, гурил, будаа аваад дуусгасан. Шхулгай хийх гэсэн юм, хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан. Шхудлаа ярьсан байна, би хулгай хийх санааг гаргаагүй. Тухайн шөнө хэний адуу гэдгийг таньж мэдээгүй. Дараа нь цагдаа нар Шбид хоёрыг хулгайлсан гэдгийг мэдчихээд ирж уулзахад нь Ж адууг хулгайлсан байснаа мэдсэн. Хоёр эрэгтэй хүнд уг махыг зарсан. Одоо харвал ченж нарыг танихгүй байх. Би ямар ч малын бичиг хийлгээгүй. Ченжид зарахдаа өөрийнхөө малыг зарж байна, малын бичгээ авч чадаагүй юм гэж хэлсэн. Би хулгай хийхдээ унаж явсан хүрэн зээрд зүсмийн морийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. Нас нийлсэн туранхай морь байсан. Одоо манай адуунд байгаа. Хохирогч С.Жг хохирол гомдолгүй болгосон. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө андуурч мэдүүлсэн байсан. Би энэ адууны махыг зарах үед малын бичиг аваагүй. Өөрийнхөө малыг зарахдаа “Тэрх” худалдааны төв дотроос нэг удаа мал эмнэлгийн бичиг авч байсантай андуурсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 100-104/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Н.Бийнд очиход Н.Б ганцаараа байсан бөгөөд ахад нь мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь зөвшөөрч Б.Шхээр алаг морьтой, Н.Б хүрэн зээрд морьтой явж 23 цагийн орчим Төвшрүүлэх сумын Улаанчулуу гэх газарт бэлчээрт байсан 40 орчим адууг эзэнгүй хашаанд хашиж 1 гүүг барьж авч хөтөлж явсаар Н.Бийн гэрийн гадаа нядалж, Н.Б нь машиндаа гүүний махыг ачиж аймаг явсан, маргааш нь утсаар дуудаж махны мөнгө гээд 400.000 төгрөгийг өөрт нь өгсөн талаар мэдүүлсэн яллагдагч Б.Ш мэдүүлэг /хх-ийн 111-114/, хулгайд алдагдсан гүү нь 850.000 төгрөгийн үнэтэй болохыг нотолсон “Хас үнэлгээ” ХХК-ний 142 тоот дүгнэлт /хх-ийн 91/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг битүүмжилсэн Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 37, 38 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд /хх-ийн 62-63, 67-68/, тэмдэглэл /хх-ийн 64-65/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 69/, шүүгдэгч Н.Б нь хулгайн малын махыг ачиж явсан болохыг нотолсон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Н Б, Совогт БШнарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Дээрх хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байгаа тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.
Харин хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан гэрч С.П мэдүүлэгт хэдэн сарын хэдний өдөр авсан талаар сар, өдөр бичигдээгүй, 23 дугаар хуудсанд авагдсан П.Цгийн мэдүүлэгт мэдүүлэг авсан өдөр бичигдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б “2019 оны 05 дугаар сард манай үхэрт танихгүй 2 тооны үхэр ирж 7-8 хоносон. Би мөнгөний хэрэг болоод зарсан. Харин сүүлийн адууг хулгайлахад оролцоогүй. Шманайд адуу хөтөлж ирэхэд нь өөрийнх нь адуу юм байна гэж бодож байсан” гэж, шүүгдэгч Б.Шнь “2018 оны 12 дугаар сарын сүүлээр орой болсон байхад Н.Б ахынд очихоор явж байгаад замд 40 гаруй тооны адуу тааралдахаар нь 1 адууг нь барьж аваад очсон. Энэ хулгайн хэрэгт Н.Б оролцоогүй, би өөрийнхөө адууг аваад ирлээ гэж хэлж гаргасан” гэж тус тус мэдүүлж, шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч С.П“Шүүгдэгч Н.Б нь бичиг үсэг мэддэггүй. Гэтэл өмгөөлөгчгүй байцаалт авч, өөрийнх нь саналыг харгалзахгүй Б.Эөмгөөлөгчийг ав гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Мөн Н.Б нь хохирогч Ц.У 2 тооны алдуул үхрийг ашигласан, хохирогч С.Ж 1 тооны гүүг хулгайлахад оролцоогүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж ял оногдуулах, хохирогч С.Ж 1 тооны гүүг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн саналыг, шүүгдэгч Б.Ш өмгөөлөгч Д.Б “шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар алдуул мал завших болон бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийн объект нь бусдын өмчлөх эрх, субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэр, субъект нь Эрүүгийн хуульд заасан 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай, тухайн малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй иргэн байдгаараа ижил төстэй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт халдлагын зүйл нь алдуул мал, объектив тал нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа өөрийн хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөлд, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар захиран зарцуулсан үйлдэл байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан мал, объектив тал нь бусдын малыг нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж олгож, захиран зарцуулсан байдгаараа ялгаддаг.
Тсумын .. дугаар багийн О гэх газарт бэлчээрт байсан үхрээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өглөө тоолж үзэхэд дээрх 2 тооны үхэр алга болсон байсан, Н.Банрагчийнх болон хохирогч Ц.У хоёрынх 1 уулын наана, цаана ойрхон нутаглаж байсан талаар хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны үед тодорхой мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Б нь өөрийн үхэрт ирж нийлсэн байсан гэх 2 үхрийн талаар 4 хоногийн хугацаанд бусдад болон зохих байгууллагад мэдэгдээгүй, мөн үхрүүдийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны 23 цагаас 26-ны өдрийн 04 цаг хүртэл хугацаанд шөнийн цагаар эхнэр Цг хадам аавындаа үлдээж, Б.Шг мотоциклиор гэрээс нь очиж авч нууцаар алж, төхөөрч өөрийн машиндаа ачиж байгаа үйл явц зэргээр түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөлийн малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулсан шинжийг бүрэн хангаж байна.
Мөн яллагдагч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд яллагдагчаар мэдүүлэг өгсөн, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцсан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Эрдэнэцогттой оролцсон болох нь хавтаст хэргийн 21, 33-36, 100-104, 131 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг, баримт, түүний өөрийнх нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Прокурорын газарт ирүүлсэн хүсэлтэд “өмгөөлөгч Б.Эрдэнэцогттой яллагдагчаар мэдүүлэг өгсөн” гэж бичсэн байгаа /хх-ийн 146/ зэргээр нотлогдож байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “монгол хэл бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж өмгөөлөгчгүй байцаалт авсан болон яллагдагч Н.Б, Б.Шнарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б, Б.Шнар нь 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр Н.Бийг гэртээ ганцаараа байхад нь Б.Шөөрийн хээр алаг морьтойгоо очиж хулгай хийх талаар ярилцаж Н.Б нь өөрийн хүрэн зээрд морио, Б.Шнь хээр алаг морио тус тус унаж Баян-Өндөр булагт гэх газарт эзэнгүй хашаанд 40 гаруй адууг хашиж зээрд зүсмийн гүүг барьж авч шөнө нь Н.Бийн гадаа алж төхөөрөөд 09-97 АРХ улсын дугаартай Портер маркийн машинд махыг нь ачиж аймгийн төвд оруулж Н.Б нь өглөөний 08 цагийн орчим танихгүй ченжид 800.000 төгрөгөөр зарж, 400.000 төгрөгийг Шд өгч ашгаа хувааж авсан талаараа эх сурвалжаа зааж мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлгийг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн мэдүүлгийн эх сурвалж, нотлох баримт, мэдүүлгүүдийг давхар нотлох нотолгоо болсон унаж явсан хүрэн зээрд зүсмийн том сартай тамга, имгүй нас нийлсэн моринд үзлэг хийсэн хийж битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Б.Шнь гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан хээр алаг зүсмийн нас нийлсэн морь нь 2019 оны хавар үхчихсэн гэж хэлсэн тул битүүмжлээгүй талаар мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нь хавтаст хэргийн 62-69 дүгээр хуудсанд авагдсан төдийгүй хохирогч С.Ж гомдол, мэдээлэл өгсөн тэмдэглэл /хх-ийн 59/, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 72-74/, тухайлбал 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “Манай нутгийн Н.Б, Б.Шнар надаас уучлалт гуйгаад хохирол, төлбөрийг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн дээрх шүүгдэгч нарын мэдүүлгүүд давхар нотлогдож байгаа болон дээрх мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдохгүй байгаа зэрэг нь өмгөөлөгч С.П “шүүгдэгч нар шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүллээ. Н.Б нь мөрдөн байцаалтын явцад 1 удаа өмгөөлөгчтэй байцаалт өгсөн, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, өмгөөлөгчгүй байцаасан дараа нь өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулсан байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Ц.У 2 тооны алдуул үхрийг завшсан нь үнэн. Хэрэгт зөвхөн 2 шүүгдэгчийн мэдүүлгээр нотолж ирүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна” гэх саналыг няцааж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б, Б.Шнар нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэсэн заалт, хуулийн зорилтод нийцэхгүй байх тул шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй юм.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзаж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Банрагчид хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, шүүгдэгч Б.Шд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Ц.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад алдсан 2 үхрээ эрж хайхад зарцуулсан бензиний үнэ 100.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтыг ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын бүрдүүлбэрээ хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Бийн хүрэн зээрд зүсмийн морийг, шүүгдэгч Б.Ш хээр алаг зүсмийн морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хурааж улсын орлого болгох үндэслэлтэй бөгөөд Б.Ш хээр алаг зүсмийн морь нь үхсэн, битүүмжлэх боломжгүй болсон байх тул морины үнийг гаргуулан улсын төсөвт оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Бийн хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тогтоолыг, Б.Ш хээр алаг морийг битүүмжилсэн Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот тогтоолыг /морь нь үхсэн тул битүүмжлээгүй/ тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Б, Б.Шнар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б, Б.Шнарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б, Б.Шнар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н Б, Совогт БШнарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий хүрэн зээрд зүсмийн морийг, шүүгдэгч Б.Ш гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хээр алаг зүсмийн морины үнэ 800.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Н.Б, Б.Шнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б, Б.Шнарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.У 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Бид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Шд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ