| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0046/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/50 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Д.Ц
Шүүгдэгч: М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Бд холбогдох 1912004910012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. ны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн ,,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Б овогт М Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Исумын Т багийн Тны ойролцоо өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Д.Цг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Д.Ц мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 08 дугаар сарын 18-ны өдөр сарлагийн баяр болоод бид хоёр тэр баяр дээр юм зарсан. Би хамт наймаа хийж байсан хүмүүстэйгээ архи уусан бөгөөд би архи уучихаад М эгчийнд ороод байж байсан чинь энэ орж ирээд паскаа өг гэхээр нь би паскаа өгөөд гаргасан. Тэгээд манай нөхрийг гарсны дараа 7-8 хүн 3 шил архи хувааж уусан. Тэгээд би согтож эхэлсэн бөгөөд энэ намайг гаръя гэхээр нь би гарсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Намайг зодоогүй, би өөрөө унаж ийм гэмтэл учирсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912004910012 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цгийн мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэгт болсон үйл явдал миний санаж байгаагаар бичигдсэн ч урьд өмнө нь М.Баттулгыг олон удаа цохиж зодож байсан гэж хэлсэн байна. Тухайн үед ухаан санаа орж гараад байсан болохоор яагаад тэгж хэлснээ мэдэхгүй байна. Бид хоёр өмнө нь маргалдаж байсан ч М.Б намайг цохиж, зодож байгаагүй. Эмнэлэгт хэвтэж байхад М.Б намайг эргэж ирээгүй. Би утас руу нь залгаад холбогдохгүй хэд хоносон болохоор би өөрийгөө яагаад ийм гэмтэл авчихсан юм бол гэж бодоод М.Баттулгыг цохиж, зодоод явчихлаа гэж бодсон. Би тухайн үед архи их уучихсан байсан болохоор ухаан санаа орж гараад байсан байж магадгүй. Би угаасаа архи уудаггүй бөгөөд уухаараа даахгүй амархан согтчихдог. М.Б намайг арай ч багалзуурдаагүй байх. Би 12 см орчим өндөр өсгийтэй хар өнгийн урт түрийтэй гутал, нимгэн хөх торгон дээлтэй байсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Шмэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Тайхар чулууны талд “Сарлагийн фестиваль” болж би тэнд эхнэр, дүү нарын хамт хуушуур, хорхог хийж зарсан. Манай хуушуурын гэрийн хажуу талд М.Б, Д.Ц нар машинтайгаа зайрмаг, ундаа зараад байж байсан. Өдөр манай гэрт намайг байхад хадмуудтайгаа архи уучихлаа ганц удаа уухад яахав дээ гээд халамцуу орж ирээд гарсан. Тэрнээс хойш би гадуур хуушуур зөөгөөд явж байгаад оройхон бороо орж би наймаа хийж байсан хүний асарт хорогдож байгаад бороо намдсан хойно гэртээ иртэл Д.Ц нүүрнээс нь цус гарчихсан сууж байхаар нь би юу болсон юм гэж асуугаад нэг эмэгтэй хүн зогсож байхаар нь чи хэн юм гэхэд би охин нь байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хэлэхгүй яасан юм гэхэд бүдэрч унасан гэж хэлсэн. Д.Ц өөрөө миний гар мэдээгүй болчихож, аймар өвдөөд байна гэж байсан. Би хүмүүст хуушуур өгч байх зуур Д.Цг аваад гарсан байсан. Тухайн үед М.Б согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.М мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Тайхар чулууны талд сарлагийн фестиваль болж тэнд би нөхөр, А нарын хамт хуушуур, хорхог хийж ажилласан. Тэр үед Д.Ц, М.Б хоёр манай хуушуурны гэрийн хажууд Истана маркийн машинтайгаа ус, ундаа, зайрмаг зарж байсан. Өдөр Д.Ц архи уусан бололтой халамцуу, манай хуушуурын гэрт орж ирснээ би архи уудаггүй болохоор их согтож байна гэж ярьж байсан. Ц тийм аймаар согтоогүй байсан. Д.Ц би нөхөртөө цүнхтэй мөнгөө өгнө, их согтсон байна гээд гэрээс гараад явсан. Удаагүй араас нь гартал Д.Ц Истана маркийн машиныхаа ард сууж байсан бөгөөд нөхөр нь хажуу талд сандал дээр сууж байгаа харагдахаар нь би Д.Цг согтсон нь гайгүй байгаа юм байна гэж бодсон. Удаагүй байж байтал гадаа их салхи салхилаад, ширүүн бороо орж эхэлсэн. Тэр үед гэрийн хана нидрээд Д.Цг М.Б машинд ороодох гээд хоорондоо зууралдаад байсан бөгөөд Д.Ц би машинд орохгүй, чи намайг машинд суулгаад зодно ш дээ гэж ярьж байгаа нь сонсогдож байсан. Ширүүн бороо ороод намдаж байхад гаднаас гэрт Д.Цг М.Б охин нь гэх эмэгтэй, Атай хамт дамжлаад оруулж ирэхэд нь Д.Цгийн нүүрнээс их цус гарчихсан байхаар нь би яасан юм бэ гэхэд М Б охин нь гэх эмэгтэй газар шургаад уначихлаа, унахдаа нүүрээ ийм болгосон. Би босгох гээд дийлдэггүй гэж хэлж байсан. А нүүрийг нь арчиж цэвэрлэсэн. Тэр үед Д.Ц би нөхөртөө буруу өгөхгүй миний гар угаасаа өвдөж байсан юм гэж хэлж байсан. А надад хэлэхдээ Пагам харсан бололтой нөхөр нь Д.Цг зодоод байна ш дээ гэж хэлсэн гэж байсан. Ц хамрынхаа хэсэгт шалбарсан бололтой цус урсаж байсан. Өөр гэмтэл, бэртэл анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...Би нөхрийн хамт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ихтамир сумын нутаг дэвсгэр Тайхар чулууны урд тал дээр болсон сарлагийн баяр дээр хорхог хийж зарсан. Хорхогоо гэртээ хийж авчраад Ш ахын хуушуурын гэрт зарсан. Тэгэхэд тэдний хуушуурын гэрийн хажуу талд Б, Ц гэх хүмүүс Истана машинтай худалдаа наймаа хийж байсан. 16 цагийн үед байх Д.Ц нь халамцуу гэрт орж ирээд хадмууд ирээд жаахан архи уучихлаа гэж М эгчтэй хуучилж байгаад удаагүй гараад явсан. Тэгэхэд Пагам гэх эмэгтэй хуушуур авахаар гэрт орж ирсэн. Пагам Ш ахад баярын юм гэж нэг шил архи авч өгсөн. Тэрийг нь задлаад уугаад сууж байхад Д.Ц гэх эмэгтэй гаднаас орж ирсэн бөгөөд архинаас 2 хундага уугаад сууж байхад гаднаас нөхөр нь болох Б гэх хүн орж ирээд Д.Цгаас наймаа хийж байсан пасктай мөнгөө аваад гарсан. Тэр архийг уугаад Д.Ц нилээд согтчихсон сууж байснаа гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа би гэрээс гарч сандал гаднаас оруулахад Д.Ц нь наймаа хийж байгаа Истана маркийн машиныхаа ард сууж байгаа харагдсан. Удаагүй их хүчтэй салхи шуурч бороо орж байхад Пагам гаднаас гэрт орж ирснээ Д.Ц гэх эмэгтэйг чинь нөхөр нь зодоод, машинаараа дайрч ална гээд машинаа хойш, урагш хөдөлгөөд байна гэж хэлэхээр нь би худлаа яриад бай, намайг түрүүн гарахад зүгээр байсан ш дээ гэж хэлсэн. Удаагүй Б гэрийн үүдээр шагайснаа энийг аваатахаач би явмаар байна гэхээр нь би гэрээс гартал наймаа хийж байсан Истана маркийн машиныхаа ард Д.Ц нь доошоо хараад хэвтэж байсан. Хажуу талд нь Б охин нь гэх танихгүй нэг эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйтэй дамжлаад Д.Цг гэрт оруулсан. Д.Цгийн духны голд язарчихсан байхаар нь би цусыг нь арчиж цэвэрлэж өгсөн. Д.Ц өөрөө их согтуу, олон жилийн дараа энэ хүнтэй суусан минь миний үйлийн үр байхдаа, ингэж зодуулах гэж дээ гээд уйлаад байсан. Мөн миний гар хөдлөхгүй байна гээд байсан бөгөөд би ханийгаа миний гарыг ийм болгосон гэж хэлэхгүй, угаасаа өмнө нь өвддөг байсан гэж хэлээд уйлаад байсан. Пагам гаднаас гэрт орж ирээд Д.Ц гэх эмэгтэйг нөхөр нь зодоод байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Б мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд хашаан дотор Д.Ц эгч зогсож байсан. Би Д.Ц эгчийг харахад духан дунд нь язарчихсан, хөхөрч хавдсан байсан бөгөөд архи уусан бололтой халамцуу байж байсан. Би юу болсон талаар асуухад М.Б ах чинь зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Д.Ц эгч манайд хонож байхаар нь шөнө нь бие өвдөөд байна, М.Б ахыгаа дуудаатах гэхээр нь би хажуу талын хашаанд байх Ганзоригийн гэрт М.Б ах хүүхдүүдтэйгээ хонож байсан. Би гэрт нь орж М.Б ахад таныг Д.Ц эгч дуудаад байна, бие нь өвдөөд байх шиг байна гэхэд би ямар цохисон биш, өөрөө газар унасан юм чинь надад хамаагүй гээд буруу хараад хэвтчихээд босохгүй байсан. Би маргааш нь аймгийн төвд семинартай байсан болохоор Д.Ц эгчийг аймгийн төвд айлд хүргэж өгсөн. Би семинараа тараад тэр айлд очиход цоожтой байхаар нь эмнэлэг дээр очиход Д.Ц эгч эмнэлгийн хүлээн авах дээр сууж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн. Ц эгчийн духных нь голд язарчихсан шархтай, ойр орчмоор нь хөхөрч хавдчихсан, нүд нь хөхөрч хавдчихсан байсан. Бас гар нь даагдахгүй болчихсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.П мэдүүлсэн: ...Би Б.Аптантуяа эгчид тэгж хэлсэн нь үнэн. Би тухайн үед гэр рүү орж явахад гэрийн хажуу талд Д.Ц гэх эмэгтэй Истана маркийн машины хажууд газар дээшээ хараад уначихсан, миний танихгүй хоёр хүн босгож байхад нь духнаас нь цус гарчихсан байсан. Хажууд нь байсан машин нь урагшаа ч нэг болоод хойшоо ч нэг болоод байхаар нь Д.Цг дайрчих вий гэж дотроо бодсон. Мөн Д.Ц гэх эмэгтэйг нөхөр нь зодоод духнаас нь цус гаргачихсан гэж ойлгоод гэрт ороод Б.А эгчид Д.Ц гэх эмэгтэйг чинь нөхөр нь зодоод, машинаараа дайрч алах гээд машинаа хойшоо, урагшаа хөдөлгөөд байна гэж хэлсэн. Би П.Ц гэх эмэгтэйг нөхөр нь зодож байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Б мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би Д.Цг цохиж, зодож биед нь гэмтэл учруулаагүй. Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ихтамир сумын нутаг Тайхарын талд болсон “Сарлагийн фестиваль”-аар Д.Цгийн хамт машинтайгаа очиж ус, ундаа, зайрмаг зарж худалдаа наймаа хийсэн. Тэр үед миний өөрийн охин, хүү хоёр эхнэр, нөхрөө дагуулаад ирчихсэн байсан. Д.Цгийн төрлийн хүн болох Д, хоёр ирээд бид нар нэг шил архи хувааж уусан. Д.Ц ер нь архи уудаггүй, уухаараа ганц хоёр татаад согтчихдог. Тэрнээс хойш би бэр болох гэж байгаа Нинжээг наймаан дээрээ суулгачихаад өөрөө лото тоглоом дээр оччихсон байхад Д.Ц согтчихсон, манай бэр Нинжээтэй гар нь гозолзоод юм ярьж байгаа харагдсан. Манай бэр Н босоод явчихаар нь би явж очоод бэрээсээ яасан юм гэхэд би унаган Ихтамир сумын хүн шүү гэж байна гэсэн. Д.Ц над дээр ирээд танай хүүхдүүд ирчихсэн сайхан байна уу чи, би чамаас нэг төгрөг ч идэж уугаагүй гэсэн утгатай юм яриад агсраад байсан. Тухайн үед 20 цаг орчим болж байсан байх. Тэр үед их шуурга тавиад ширүүн бороо орж эхэлсэн. Д.Ц гадаа согтчихсон суугаад байхаар нь би босгоод машинд суулгах гээд өргөж босготол надтай маргалдаад би хувцсаа авна гээд машинаас гаргаж шидээд байсан. Би машинд суулгах гээд зөндөө оролдсон боловч суулгаж дийлэхгүй өөрийг нь тавьчихсан чинь манай хажуу талд хуушуур хийж байсан Шаагаа /Ш/ ахын гэр рүү орох гэж яваад газар нүүрээрээ тулах юмгүй уначихаар нь манай охин Б.Урантуяа Шаагаа ахын гэр рүү өргөж оруулсан. Тэгээд би машинаа унаад явчихсан. Араас манай охин Д.Цг аваад ирсэн. Бид нар Ихтамир сумын төвд байх миний нас барсан эхнэрийн төрлийн хүн болох Ганзориг гэх залуугийнд ирсэн чинь Д.Ц би энд хонохгүй гээд орохгүй байсан бөгөөд хажуу талын хашаанд байх Д.Цгийн төрөл болох Б гэх хүний гэрт орж хоносон. Маргааш өглөө нь Д.Ц Бтай аймгийн төв орчихсон байсан. Тэрнээс хойш надтай холбогдоогүй байж байгаад хэд хоногийн дараа холбогдоход Д.Цгийн охин нь утсыг нь аваад таньд одоо юу хэрэг болов, миний ээжийг яагаад ийм аймар болгосон юм гэж асуухаар нь би газар нүүрээрээ унасан, би цохиж зодоогүй гэдгээ хэлсэн. Ийм л зүйл болсон юм. Би Д.Цг цохиж зодоогүй. Би дүгнэлтүүдийг уншиж танилцсан. Д.Цгийн биед байгаа хуучин гэмтлүүдийг бол ойлгосон. Шинээр учирсан гэх гэмтлүүдийг би учруулаагүй. Өөрөө газарт унаж авсан гэж би үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10244 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1.Д.Цгийн биед хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал, духанд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, 2 гарын зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд нуруунд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд амь насанд аюулгүй. 6. Хүзүүний цүлхийлт, хүзүүний ясны ургалт, хамрын ясны хуучин хугарал, элэгний эдийн уйланхай, бөөрний архаг үрэвсэл, нойр булчирхай архаг үрэвсэл зэрэг архаг хууч эмгэгүүдтэй байна. Эдгээр нь шинэ гэмтэлтэй холбоогүй...гэх дүгнэлт /хх-ийн 44 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1516 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Д.Цгийн биед хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун бугалганы цус хуралт, духанд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 гарын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Д.Цгийн биед хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/
Гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 хуу/
Шинжээч эмч Ө.С2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 70 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн И сумын Т багийн Тны ойролцоо Д.Ц нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн И сумын Т багийн Тны ойролцоо өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Д.Цг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ДЦгаас амаар гаргасан “Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар чулууны ойролцоо хамтран амьдрагч М.Бд зодуулж аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэх гомдол мэдээллийг тус өдрийн 15 цаг 25 минутад хүлээн авсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батболдын 586 тоот тэмдэглэл /хх-ийн 03/, хохирогч Д.Цгийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ”Миний өмнө нь өгсөн мэдүүлэгт болсон үйл явдал миний санаж байгаагаар зөв бичигдсэн байна, яагаад Баттулгыг урьд нь олон удаа цохиж, зодож байсан гэж мэдүүлснээ мэдэхгүй байгаа. Өмнө нь цохиж зодож байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч Л.М ”Гадаа их салхи шуурч, ширүүн бороо орж эхлэх үед гэрийн хана нидрээд Цг Б машинд ороодох гээд хоорондоо зууралдаад, Ц би машинд орохгүй, чи намайг машинд суулгаад зодно шүү дээ гэж ярьж байгаа сонсогдож байсан. Бороо намдаж байхад Цг гэрт 2 эмэгтэй дамнаж оруулж ирэхэд Цгийн хамрынх нь хэсэгт шалбарсан бололтой цус урсаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч С.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэрийн хажууд Ц дээшээ хараад хэвтчихсэн духных нь голоос цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Пагам гаднаас орж ирснээ Цг нөхөр нь зодоод машинаараа дайрч ална гээд машинаа хойшоо, урагшаа хөдөлгөөд байна гэсэн. Удалгүй би гэрээс гартал наймаа хийж байсан Истана маркийн машиныхаа ард Ц нь доошоо хараад хэвтэж байсан. Цг гэрт оруулж цусыг нь арчиж цэвэрлэж өгсөн, духны голд нь язарчихсан байсан. Би яагаад ийм болчихов гэхэд Ц нь олон жилийн дараа энэ хүнтэй суусан миний үйлийн үр байхдаа, ингэж зодуулах ч гэж дээ, миний гар хөдлөхгүй байна гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, гэрч Ё.Б мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд Ц эгчийн духан дунд нь язарчихсан, хөхөрч хавдсан байдалтай хашааны дотор зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Б ах чинь зодчихлоо гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10244 тоот Д.Цгийн биед хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал, духанд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, 2 гарын зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд нуруунд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. /Өөрийн ярьснаар 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нөхөр зодсон, хүзүү рүү дараад манас хийгээд л явчихсан/ гэх дүгнэлт /хх-ийн 44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1516 тоот нэмэлтээр гаргасан ”Д.Цгийн биед учирсан хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун бугалганы цус хуралт, духанд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 гарын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Д.Цгийн биед хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 50/, шинжээч эмч Ө.С2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Дүгнэлтэд Цгийн биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болохыг тогтоож өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан, хууль зөрчөөгүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би Цг зодоогүй” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц “Б намайг зодоогүй, өөрөө унаж ийм гэмтэл учирсан” гэж тус тус мэдүүлж байх боловч эдгээр мэдүүлгүүд нь хохирогч Д.Цгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “хамтран амьдрагч М.Бд зодуулж аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэх гомдол мэдээлэл, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шинжээч эмч Ө.Схохирогчийн биед үзлэг хийхэд “2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нөхөр зодсон, хүзүү рүү дараад манас хийгээд явчихсан” гэж ярьж байсан байдал, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10244, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1516 тоот дүгнэлтүүдээр Д.Цгийн биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд болохыг нотолсон, мөн шинжээч эмч Ө.Смэдүүлэг, тухайн үед хохирогч Д.Ц нь хамтран амьдрагч М.Бд зодуулчихлаа гэж гэрч Б.А, Ё.Б нарт ярьж байсан болохыг мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б овогт М Баттулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгах талаар санаачлага гаргаагүй зэрэг байдлуудыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Б бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баттулгыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Б бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ