| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0056/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/58 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт БЭод холбогдох 2012001080048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Э суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн,,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт БЭ /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт байрлах “Ж” буудлын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Ц толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад хохирогчтой маргалдаад ийм асуудал гаргасан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012001080048 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ц мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр усанд орчихоод харих гээд явж байтал ҮЦ утсаар яриад Жаргалан буудалд байна, хүрээд ир гэсэн. Би ганцаараа тэр буудалд очиход буудлын өрөөнд 2 залуу унтаж байсан. ҮЦ, Э нар архи уугаад сууж байсан. Би тэр хоёртой архи ууж эхэлсэн. Тэнд нийт 3 шил архи уусан. Өрөөнд унтаж байсан 2 залуу нь эхний архинаас ууж байгаад унтаад өгсөн. Үлдсэн архийг нь ҮЦ, Э бид 3 хувааж уусан. Тэгээд ҮЦ тасраад унтаад өгсөн. Э бид 2 суугаад архи уугаад сууж байтал гэнэт Э миний толгойн ар, дагзны хэсэгт 2 удаа цохисон. Тухайн үед архины шил хагарсан чинь буудлын эгч юу болоод байгаа юм гээд гаднаас орж ирээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирээд надтай хамт буудлын өрөөнд байсан хүмүүсийг сэрээгээд бүгдийг нь цагдаа руу авч яваад намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг ямар шалтгааны улмаас цохих болсныг мэдэхгүй байна. Бид хоёр архи ууж сууж байгаад л гэнэт хоосон архины шилээр миний толгойн ар, дагзны хэсэгт 2 удаа цохиход архины шил хагарсан. Тухайн үед ҮЦ, Э, А гэх 3 залуу хамт байсан. Яг үйл явдал болоход тэр 3 унтаж байсан. Сүүлд нь цагдаа нар ирээд тэр залуучуудыг сэрээгээд авч явсан. Миний биед учирсан гэмтлийг Э архины шилээр цохиж учруулсан бөгөөд би толгой, дагзны язарсан хэсэгтээ 3 оёдол тавиулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд учир зүйгээ олж сайн дураараа эвлэрсэн. Хохирол төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эын мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай үеэл А гэх хүний төрсөн өдөр болж байсан бөгөөд ҮЦ, А бид 3 уулзаад Жаргалан буудалд өрөө авч ороод нэг шил архи уугаад бид 3 хэсэг унтчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь манай өрөөнд Ц, Э нар ирчихсэн байхаар нь дахин нэг шил 0.75 литртэй архи хувааж ууж байгаад би дахиад унтсан. Тухайн үед цаг орой болсон байсан бөгөөд 20-21 цаг болж байсан байх. Хэсэг унтаж байтал манай өрөөнд цагдаа ирчихсэн намайг бос, энд зодоон болсон байна гээд намайг аваад гарсан. Би тэнд зодоон цохион болсон талаар огт мэдэхгүй. Буудлаас гарч ирээд цагдаа дээр ирэхэд Ц толгойноос цус гарч байсан. Сүүлд нь сонсоход Э Ц гэх залуугийн толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсан гэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би Э, Ц гэдэг хүмүүсийг сайн мэдэхгүй бөгөөд тэр өдөр л анх уулзсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ҮЦ мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Аийн төрсөн өдөр болоод Э бид 3 Жаргалан буудалд архи уусан. Тэгээд би банкин дээр зээл хөөцөлдөж байсан учраас архинаас нь нэг их уугаагүй гарч яваад ажлаа амжуулчихаад нэг танил найзтайгаа таарч нэг шил архи уусан. Над руу өмнө нь Ц утсаар яриад хаана байгаа юм гэж асуухад нь би Жаргалан буудалд байна гэж хэлсэн байсан. Би найзтайгаа нэг шил архи уучихаад эргээд Жаргалан буудалд очиход Э, Ц 2 ирчихсэн сууж байхаар нь би нэг шил архи авч ирсэн бөгөөд тэр архинаас бүгд уусан. Тэгээд хэсэг байж байгаад нойр хүрээд унтсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн бос гээд намайг сэрээхээр нь юу болсон талаар асуухад энд зодоон болсон байна гээд цагдаа дээр бид нарыг авчирсан. Юу болсон талаар асуухад А, Э бид гурвыг унтаж байхад Э, Ц нар маргалдаад Э Ц толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн байна гэж байсан. Тухайн үед Ц толгой нь хагарсан, цус гарсан байсан. Цагдаа дээр байхад манай эхнэр ирээд намайг аваад явсан. Өөр юу болсон талаар би мэдэхгүй. Буудлын өрөөнд зодоон болсон талаар бол мэдээгүй. Би архи уугаад нилээд муудсан байсан учраас согтоод унтсан байсан. Цагдаа нар ирээд л сэрсэн. Тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 17 цагийн үед гаднаас 5 залуу манай буудлын өрөөнд орсон бөгөөд манай өрөөнд архи уугаад сууцгаагаад байсан. Нэг ороход Э гэх залуу Ц гэх залуутай маргалдаад байхаар нь би ороод Э гэх залууд хандаж миний дүү явчих, би чамд такси дуудаад өгье гэж хэлсэн чинь зүгээрээ эгчээ би машин дуудсан байгаа, машин ирэхээр нь би явна гээд байсан. Тэр үед Э, Ц нар хамт суучихсан, бусад хүмүүс нь бүгд унтчихсан байсан. Би тэр хоёрт хандаж анхааруулж хэлчихээд угаалгын өрөө ороод байж байхад тас хийх чимээ гарахаар нь би буцаад гүйгээд ороход Э гэх залуу Ц гэх залуугийн толгой руу нь архины шилээр цохисон байсан. Ц толгойноос цус гарчихсан, өрөөнд архины шил хагарсан байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд өрөөнд байсан хүмүүсийг аваад явсан. Б.Эын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан архины шил хагарсан учраас цэвэрлээд хог дээр аваачиж хаясан учраас одоо байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эын мэдүүлсэн: ...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Аийн төрсөн өдөр гээд А, ҮЦ, Э бид нар Жаргалан буудалд өрөө аваад архи уугаад сууж байсан чинь гаднаас Ц орж ирсэн. Тэгээд Цтой хамт архи ууж эхэлсэн. Бид хоёрыг архи ууж байхад А, Э, ҮЦ нар тасраад унтчихсан. Тэр үед Ц бид хоёр юунаас болж маргалдсаныг би сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь би гартаа архины шил барьчихсан Ц толгой руу цохиж байсан. Тэгсэн чинь тэр буудлын эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирээд биднийг аваад цагдаагийн газар руу явсан. Тухайн үед би Цг юунаас болж зодох болсон талаар мэдэхгүй байна. Миний хувьд нилээн их архи уугаад бараг тасарсан байсан. Би Цтой хамт архи ууж сууж байгаад л архины шилээр түүний толгой руу нь цохисон байсан. Би Ц толгой руу архины шилээр 2 удаа цохисон. Тэр үед А, Э, ҮЦ нар байсан боловч тэд нар бүгд тасраад уначихсан, унтаж байсан. Сүүлд нь цагдаа нар ирээд тэр гурвыг сэрээгээд аваад явсан. Намайг Ц цохиж зодоогүй. Бид 2 тухайн үед хоёулаа нилээн их согтсон байсан. Т.Ц биед учирсан гэмтлийг би учруулсан. Тэр архины шил хаана байгаа талаар би мэдэхгүй. Одоо бол хаягдсан байх. Архины шил тэр буудалдаа үлдсэн бөгөөд “Соёрхол” нэртэй архины шил байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1.Т.Ц биед толгойн дагз хэсэгт язарсан шарх, зүүн гарын ядам хурууны өндгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг гарах цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дагзны язарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын ядам хурууны өндгөнд цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргууны 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 43 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт байрлах “Ж” буудлын өрөөнд иргэн Т.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт байрлах “Ж” буудлын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Ц толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ц мэдүүлсэн “Э бид 2 суугаад архи уугаад сууж байтал гэнэт Э миний толгойн ар, дагзны хэсэгт 2 удаа цохисон. Тухайн үед архины шил хагарсан чинь буудлын эгч юу болоод байгаа юм бэ гээд гаднаас орж ирээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирээд надтай хамт буудлын өрөөнд байсан хүмүүсийг сэрээгээд бүгдийг нь цагдаа руу авч яваад намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёр архи ууж сууж байгаад л гэнэт хоосон архины шилээр миний толгойн ар, дагзны хэсэгт 2 удаа цохиход архины шил хагарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эын мэдүүлсэн “Буудлаас гарч ирээд цагдаа дээр ирэхэд Ц толгойноос цус гарч байсан. Сүүлд нь сонсоход Э нь Ц гэх залуугийн толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ҮЦ мэдүүлсэн “Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн бос гээд намайг сэрээхээр нь юу болсон талаар асуухад энд зодоон болсон байна гээд цагдаа дээр бид нарыг авчирсан. Юу болсон талаар асуухад А, Э бид гурвыг унтаж байхад Э, Ц нар маргалдаад Э Ц толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн байна гэж байсан. Тухайн үед Ц толгой нь хагарсан, цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д мэдүүлсэн “Нэг ороход Э гэх залуу Ц гэх залуутай маргалдаад байхаар нь би ороод Э гэх залууд хандаж миний дүү явчих, би чамд такси дуудаад өгье гэж хэлсэн чинь зүгээрээ эгчээ би машин дуудсан байгаа, машин ирэхээр нь би явна гээд байсан. Би тэр хоёрт хандаж анхааруулж хэлчихээд угаалгын өрөө ороод байж байхад тас хийх чимээ гарахаар нь би буцаад гүйгээд ороход Э гэх залуу Ц гэх залуугийн толгой руу нь архины шилээр цохисон байсан. Ц толгойноос цус гарчихсан, өрөөнд архины шил хагарсан байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд өрөөнд байсан хүмүүсийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, Б.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “нэг мэдсэн чинь би гартаа архины шил барьчихсан Ц толгой руу цохиж байсан. Би Цтой хамт архи ууж сууж байгаад л архины шилээр түүний толгой руу нь цохисон байсан. Би Ц толгой руу архины шилээр 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/, “Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад хохирогчтой маргалдаад ийм асуудал гаргасан” гэх мэдүүлэг, хохирогч Т.Ц биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г овогт БЭыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ