Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1936

 

 

 

 

 

 

 

 

 

С.Баасанжавын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05133 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Баасанжавын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Баасанжавын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтөгс

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би сургуулиа төгсөөд 1983 оноос хойш тасралтгүй 33 жил замын салбарт ажиллаж байгаа. Бид нар 2016 оны 05 сарын 30-ний өдөр ээлжээ аваад мөн оны 6 дугаар сарын 02-ны өдөр Шандаас буцах замд Б.Баттулгын танил тэргэнцэрт ажилладаг залуу орж ирсэн. Тэр үед зорчих тасалбартай байсан. Нөгөө залуу нь замын 4-р ангид ажилладаг хүн байсан бөгөөд Улаанбаатар хотод эмчийн үзлэгт орох гээд явж байсан. Базарпүрэв пиво аваад орж ирээд бид нарт хийж өгсөн. Харин би уугаагүй, тэр залуу өөрөө хэдэн аяга уусан байх. Тэгээд Шандаас хөдлөөд 30-40 минут болоод тэр залуугийн буух газар нь болж үлдсэн пивоо аваад буусан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 03-ний өдөр вокзал дээр өглөөний 7 цаг 25 минутын үед ирэхэд замын аюулгүй байдлын боловсон хүчин н.Долгормаа, инженер н.Наранчимэг нар орж ирээд ажлын байранд архидан согтуурсан гэсэн мэдээлэл ирсэн гэж хэлээд шалгалт хийсэн. Тэр үед шалгалт хийсэн хоёр хүн замын аюулгүй байдлын дарга руу утсаар ярьж архи уусан зүйл алга гэсэн мэдээллийг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа та нарыг эмчид үзүүлнэ гэж хэлээд дагуулж яваад эмчид үзүүлсэн. Эмч үзээд энэ хүмүүст архи уусан шинж тэмдэг алга гэж хэлсэн. Тэгээд хойшоо Дархан руу ажлаа хийгээд 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаад өглөө ирэхэд ажилчдын хурал хийнэ гэж хэлээд хуралд орсон. Тэр үед манай вагонд үйлчлэгч хийж байсан хүүхэн бид нарыг архи гэж хурал дээр ярихад бид нар их гайхсан. Үйлчлэгчийг тэгж хэлнэ гэж огт бодоогүй, өөрөө ч гэсэн сонин байдалд орсон. Би тухайн үед болсон зүйлээ л хэлсэн. Гэтэл байгууллагын зүгээс бид нарын хэлснийг авч хэлэлцээгүй. Тухайн үед үзлэг шалгалт хийсан байдал, эмчийн тодорхойлолт зэргийг огт авч хэлэлцээгүй шууд ажлаас халах тушаал гаргасан. Миний хувьд гомдолтой байна. Зөвхөн тэр үйлчлэгчийн ярьсан зүйлийг үндэслэл хууль зөрчсөн тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 4 760 000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү. Миний хувьд 33 жил ажиллахдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хэдэн жилийн дараа өндөр настны тэтгэвэртээ гарах гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол урьд эрхэлж байсан вагоны мастерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 4 760 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баасанжавыг ажлаас халсан тушаал 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг баримтлан ажлаас халсан гэдэг нь тодорхойгүй. Ноцтой зөрчил гаргасан гэж тайлбартаа дурдсан боловч хөдөлмөрийн гэрээн дээр тусгагдсан ноцтой зөрчил гэдэг нь тодорхойгүй, ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээн дээр тусгагдаагүй. Ажлаас халсан тушаал хөдөлмөрийн гэрээтэй зөрчилдөж байгаа учраас ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчлийн талаар тодорхой заасан. Улсын Дээд шүүхийн тайлбарт ноцтой зөрчил гэдгийг ноцтой гэдгийг харилцан тохиролцсон тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж нэрлэн заасан байна. Мөн байгууллагын дотоод шалгалтаар зөрчил илэрсэн бол гэж заасан боловч энэ байдал тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээг тушаалдаа баримтлаагүй, ажил хүлээлцэх хугацааг дурдаагүй, уг тушаал нь тодорхой хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хавтаст хэрэгт байгаа 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн даргын тушаал, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна. Шуурхай зөвлөгөөний протокол дээр ажлын байранд Долгормаа, Наранчимэг нар шалгалт хийхэд архи уусан гэсэн шинж тэмдэг, зөрчил илрээгүй, дутагдлыг тогтоосон зүйл байхгүй. Мөн тэнд байсан хүмүүс пиво уусан гэж ярьсан болохоос биш С.Баасанжав өөрийгөө пиво уусан гэж яриагүй. Тухайн үед хамт явж байсан хоёр гэрч С.Баасанжав архи, пиво уугаагүй гэдгийг нотлож байна. Тухайн хоёр ажилтанд зохих шаардлагаа С.Баасанжав тавьсан. Ингээд 30 минутын дараа н.Базарпүрэв буусан. Ажлаас халсан тушаал дээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан талаар огт заагаагүй. Тэр үед энэ хүмүүсийг буцаагаад ажилд авах талаар яригдсан байдаг. Ажлын байрны ямар үүргийг биелүүлээгүй талаар тодорхой заагаагүй, хөдөлмөрийн гэрээ болон тушаал дээр тусгаагүй. Тэр үед ажлаа хийж яваад зохих журмын дагуу хүлээлцсэн. Хэрэгт авагдсан ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, шуурхай зөвлөгөөний протокол, эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд С.Баасанжав гэдэг хүнийг ажлаас хууль зүйн үндэслэлгүй халсан гэдэг нь тодорхой байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад зөрчил гаргасан мэтээр өөр үндэслэлийг баримтлан хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй буруу тушаал гарсан гэж үзэж байна. Иймд С.Баасанжавыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 4 760 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зам тосолгооны тусгай зориулалтын вагонд ажиллаж байсан. Энэ вагонд гадны хүн суулаа гэсэн мэдээлэл ирсэн. Ингээд вагонд үзлэг хийхэд 2.5 литрийн пиво, 2 лааз пиво уусан тул уг зөрчлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ зам тосолгооны болон хэмжүүрийн вагонд хэн ч байсан орох эрхгүй, тусгай зориулалтын вагонууд, тэр үед зорчигчийн вагон хажууд нь явж байхад хоёр хүнийг замын тосолгооны тусгай зориулалтын вагонд оруулсан. Тухайн вагонд байгаа тоног төхөөрөмжүүд нь нарийн ажиллагаатай байдаг учраас тусгай зориулалтын вагонд гадны хүн оруулахгүй гэсэн дүрэм үйлчилдэг, хориотой. Тэр хүмүүсийг тасалбартай байсан гэж яриад байна. Тасалбартай байсан ч тэр хүн ажлын байрандаа л байх ёстой. Түүнээс зам хэмжүүрийн вагон, тосолгооны вагонд зорчин явах хориотой. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т согтууруулах ундаа хэрэглэсэн, нуун далдалсан, үл мэдээлсэн гэсэн нөхцлүүдэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулдаг. Эдгээр ажилчид төмөр замын сахилгын тусгай дүрмийн 5.13б заасан ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ажлаас халах хатуу дүрэм үйлчилдэг. Энэ дүрэм бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын соёл болчихсон, ийм сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажлаас халаагүй даргыг өөрийг нь ажлаас халдаг. Хурал дээр эдгээр ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хэн ч нь үгүйсгээгүй, хөндлөнгийн гэрчүүд архи уусан, согтууруулах ундаа хэрэглэхээ боль гэсэн шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг заавал согтолтын зэргээр тогтоохгүй. Ингээд тухайн хурал дээр хоёр ажилтныг ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, галт тэрэгний хөдөлгөөнтэй болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай дүрмийн 5 дугаар зүйлд архи уусан, архи уух нөхцөлийг бүрдүүлсэн, үл мэдээлсэн, архи уусан этгээдийг нуун далдалсан этгээдийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Мөн 6 дугаар зүйлд төмөр замын удирдах албан тушаалтан хууль бус ажиллагааг таслан зогсоож өөрийн эрх хэмжээний хүрээнд шуурхай арга хэмжээ авна, зохих шаардлагаа тавиагүй бол ажлаас хална. Мөн зорчигч үнэгүй тээвэрлэсэн. Тухайн зорчигчийн мэдээллийг бүрэн бичих ёстой. Тийм учраас тэр хоёр хүн ажил албан үүргийн дагуу тухайн вагонд орж ирэх ёстой болохоос зорчигчийн журмаар тэр вагонд сууж болохгүй. Тухайн хүмүүс пиво ууж байсан бол пиво архийг хураан авч протокол бичээд 8 дугаартай вагоноор цагдаад хүлээлгэн өгөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Гэтэл хэн хэн ямар зөрчил гаргасан талаар огт тэмдэглэл байхгүй. Хурлын протокол эргэлзээтэй худлаа бичсэн байна гэж үзсэн бол тэр даруй гомдлоо гаргаж шалгуулж болох байсан. Тэр талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байж төмөр замын ажилтан худлаа зүйл бичсэн мэтээр ярих ямар ч шаардлага байхгүй. Тусгай журам байхгүй гэж яриад байна. Уг журмыг хэрэгт хавсаргах ёстой гэдгийг огт ойлгохгүй байна. Архи уух орчныг бүрдүүлсэн, үл мэдээлсэн тохиолдолд төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмээр заавал ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна. Тухайн тушаалаар н.Даваа гэдэг хүн удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Тэр хүн Улаанбаатар хотод ажлаа хэвийн хийгээд л явж байсан. н.Баттулга гэрчийн мэдүүлэг өгөхдөө би пиво уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Төмөр замын ажилчид архи уусан бол хэзээ ч зарга гаргадаггүй. Хэрвээ тэтгэвэрт гарахад 3 жилийн хугацаа байсан юм гэж хамарсаж байгаа бол дахин Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт өргөдөл өгч ажилд орох боломж байгаа. Сахилгын зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Тиймээс ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Баасанжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Баасанжав давж заалдах гомдолдоо: “...“Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн боловч энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаардаггүй. Вагоноор гадны хүн тээвэрлэсэн гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдаагүй зөрчил байдаг. Харин хүн хөлсгүй тээвэрлэсэн гэх зөрчлийг С.Баасанжав гаргах бодит боломж ч байхгүй. С.Баасанжав нь тасалбар шалгадаг, билет бичдэг ажил, албан үүргийн заавар чиглэл байдаггүй. Ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн зөрчлийн хувьд С.Баасанжавын хөдөлмөрийн гэрээнд “ажлын байранд архи уусан” адилтган үзсэн бөгөөд С.Баасанжавыг УБТЗ-д мөрдөгддөг журмын дагуу эмчээр сорил тавиулахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэсэн дүгнэлт гардаг. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт “Вагонд үзлэг хийхэд 2.5 литр пиво, 2 лааз пиво уусан тул уг зөрчлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.” гэсэн байдаг. Замын 2-р ангийн шуурхай зөвлөгөөний протоколд төмөр замын ажилтан мэдээллийн дагуу шалгаад “Зам оношлогооны төв \ЗОТ\-ын инженер Наранчимэгээр ажлын байр, сав шүүгээнд үзлэг, нэгжлэг хийхэд ямар нэгэн архи пивоны сав согтууруулах ундааны зүйл алга байна гэсэн. Гаднаас ороход архи ундааны зүйл үнэртээгүй.” гэсэн. Мөн замын хоёрдугаар ангийн үйлдвэрийн эмч Н.Алимаа 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу архи уусан гэх өдрийн өглөө 9 цагт үзлэг хийж “одоогоор архи уусан гэх шинж үгүй байна.” гэсэн эмчийн дүгнэлтийг үйлдсэн. Ингээд намайг зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй тул тухайн өдрийн 11 цагийн Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлийн галт тэрэгт холбогдон явж ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвшөөрсөн байдаг. Үүгээр зогсохгүй намайг дээрх пивийг уугаагүй болохыг хамт байсан гэрчүүд нотлож байдаг. Бодит байдал дээр ийм их хэмжээний пиво уусан тохиолдолд эмчийн сорилоор гарах нь зүй хэрэг байсан. Хариуцагч намайг архи уугаагүй байхад архи уусан болгох гэж нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, миний хууль ёсны эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэс болсон нотлох баримтыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан боловч шүүхэд гаргасан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар байдаггүй.

...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн Замын хоёрдугаар ангийн даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 254 тоот тушаалд дурдагдсан ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зөрчил нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөний протокол, нэхэмжлэгчийн тухайн өдөр гаргасан тайлбар, вагоны үйлчлэгч Д.Байгальтуяагийн тайлбар зэргээр нотлогдож байна.” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”гэснийг мөн хангаагүй. Өөрөөр хэлбэл хурлын тэмдэглэлийг ажил олгогч гаргаж өгсөн миний хэлж яриагүй зүйлийг хэлж ярьсан болгож бичсэн энэ талаар тайлбар шүүхэд гаргасан, С.Баасанжавын тодорхойлолтонд “..ноцтой зөрчлөөсөө болж байгууллагаасаа сахилгын арга хэмжээ авагдсан энэ байдалдаа маш их гэмшиж байна” гэснээс хурлын дараа тодорхойлолтыг бичүүлсэн болох нь нотлогдож байдаг. Тухайн үед ажил олгогч надад дарамт шахалтыг үзүүлж халахаа болих, харж үзнэ гэх мэт саналыг тавьж архи уусан гэж бич гээд тодорхойлолтыг бичүүлсэн. Энэ тодорхойлолтыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус хурал болсны дараа өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр буюу шуурхай хурал болсны дараа бичүүлсэн.

Д.Байгальтуяагийн гаргасан тайлбарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаалдлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл Д.Байгальтуяагаас тодорхойлолт авахдаа хууль сануулаагүй, гэрч асуух эрхгүй этгээд буюу өөрийн удирдлагад ажилладаг ажилтан Д.Байгальтуяагаас ажил олгогч гаргуулан шүүхэд өгсөн байх тул дээрх нотлох баримт нь хэргийн бодит үнэн байдлыг эргэлзээгүй нотлохгүй юм.

...Ажил олгогч үнэхээр тийм дүрэм журам байдаг бол шүүхэд нотлох баримтын шаардлагыг хангуулан гаргаж өгөх байжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Баасанжавыг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн дэвтэрт бичилтийг хийлгэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Баасанжав нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг сахилгын давтан болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй” гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч С.Баасанжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Хоёрдугаар ангийн даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 254 дүгээр тушаалаас үзэхэд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, түүнчлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж 2 үндэслэл заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба ноцтой зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхаар заажээ.

 

Хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Замын Хоёр дугаар ангийн үйлдвэрийн эмчийн “...артерийн даралт нилээд өндөр байна. Даралт буулган тогтворжуулан эмчилгээг хийв. Одоогоор архи уусан гэх шинж тэмдэг үгүй байна” гэх тодорхойлолт, мөн гэрч А.Базарпүрэвийн шүүх хуралдаанд “...н.Баттулга ах, н.Тэрбиш ах бид гурав пиво уусан, С.Баажанжав ахад өгөхөд уухгүй, ажилтай гэж хэлсэн. С.Баасанжав ах пиво уугаагүй...” гэх, гэрч Б.Баттулгын “...С.Баасанжав ахын даралт нь ихсээд байсан учраас уугаагүй. Би бол уусан” гэх мэдүүлгүүд авагдсан байх боловч шуурхай зөвлөлгөөний протоколд С.Баасанжав нь “...Би ээлж ахалж ажилласан...Бригадын дарга н.Тэрбиш Улаанбаатар хүртэл зорчсон. Гадны зорчигч тээвэрлэсэн нь буруу дахиж ийм алдаа гаргахгүй...архи уугаагүй, пиво уусан нь үнэн”, вагоны үйлчлэгч Д.Байгальтуяагийн “...С.Баасанжав, Б.Баттулга нар 2 гадны хүний хамт ажлын өрөөнд ороод хаалгаа хаасан...Гэтэл энэ 4 ажлын өрөөнд пиво уугаад сууж байсан”, Б.Баттулгын “...Бид дөрвүүлээ 2.5 литрийн савалгаатай 2 сав пиво уусан” гэх тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзвэл анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 2.3-д заасан “хүн үнэ хөлсгүй тээврлэсэн, ажлын байранд архи уусан” “ноцтой зөрчил” гаргасан гэж ажил олгогч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Хоёрдугаар ангийн даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 254 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зөв гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /хх 6, 30-32, 44, 45/

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН