Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 65

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                                    Д.Буянжаргал

 Оролцогчид:

          Шүүгдэгчийн өмгөөлөгч    И.Атарбямба

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Тайж овогт Цэгмидийн Отгонтуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000087 дугаартай, 148/2017/0092/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, ном зүйч соёлын ажилтан мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 19 дүгээр байр 42 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн ажилтай, Боловсрол соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тайж овогт Цэгмидийн Отгонтуяа  /РД:МЭ74060168/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.Отгонтуяа нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт иргэн Ч.Өнөрбаярын гэрт түүнтэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Отгонтуяад холбогдох эрүүгийн хэргийг 08 дугаар сарын 08-ны өдрийн  99 дугаартай шийтгэх тогтоолоор:

-2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Тайж овогт Цэгмидийн Отгонтуяаг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн   1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Цэгмидийн Отгонтуяаг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонтуяаг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг төлөхийг үүрэг болгож,

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж,  

-Шүүгдэгч Ц.Отгонтуяа нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдан,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонтуяагаас 2.060.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 06 дугаар баг 02 дугаар хэсэг 13 дугаар байр 08 тоотод оршин суух Чимэд овогт Чаминчулууны Өнөрбаярт /МЭ70030129/ олгож, 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Хохирогч Ч.Өнөрбаяр нь цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Шүүгдэгч Ц.Отгонтуяад урьд авсан хувийн баталгаа гаргуулах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Отгонтуяа давж заалдах гомдолдоо: “...Хэргийг шийдвэрлэхдээ хэрэг бүртгэгч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй байтал хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Болсон үйл явдлыг гэрчилж, тухайн үед хамт байсан Лхагвадулам мэдүүлэхдээ: Ц.Отгонтуяатай танилцсан.  Ц.Отгонтуяа, Ч.Өнөрбаяр нартай ямар нэг холбоо байхгүй. Ц.Отгонтуяа бид 2 охиных нь хамт Ч.Өнөрбаярын урилгаар утсаар дуудсан унаанд нь сууж, гэрт нь очсон. Ч.Өнөрбаяр нь Ц.Отгонтуяагийнд орж ирэхдээ “урьд шөнөжингөө уугаад бие муу байна. Монгол архи толгойд гараад байна” гэж хэлж байсан. Ч.Өнөрбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд үг авахгүй эсэргүүцээд маш согтуу байсан. Өрөөн дотроо холхиод ширээн дээрх эд зүйлсийг унагаад байсан. Ч.Өнөрбаяр надтай юм яриад сууж байхад үс нь задгай, цээжин дээр нь цус тогтсон байсан. Ч.Өнөрбаярыг өндөр дуугаар надтай харьцаж зандрахад  Ц.Отгонтуяа охиноо тэврээд унтлагын өрөөнөөс зочны өрөөнд орж ирсэн. Намайг өмөөрч хүн битгий доромжлоод бай гэж шаардлага тавихад Ч.Өнөрбаяр дургүйцэж би эрх мэдэлтэй хүн, цагаан захтнуудаар хэн ч биш болгоно гэж ярьж байсан. Ч.Өнөрбаяр гэрийнхээ хойморт авдран дээр байсан айрагны хулаар Ц.Отгонтуяагийн толгой руу нь цохисон гэж байна. Тийм боломжгүй, цохихыг хараагүй. Би зочны өрөөнд сууж байсан ба тэр 2 зочны өрөөний үүд буюу коридорт ноцолдоод байсан гэж мэдүүлсэн байхад хөрөнгийн баталгаа, мобикомын утасны жагсаалт, тухайн үйл явдалтай холбоогүй, ач холбогдолгүй нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Намайг охиноо тэврээд гарах гэтэл куртикны юүдэнгээс зулгаан, араас охинтой минь савж унагаан дээрээс цохиж, нүдэж, өндийж босох гэтэл хазаж маажаад байсан тул өөрийгөө болон охиноо хамгаалж аргагүй байдалд харилцан түлхэлцэж, надад зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд учирсан байхад надад гэмтлийн зэрэг тогтоолгүй, ч.Өнөрбаярт гэмтлийн зэрэг тогтоосон нь хууль бус эрх тэгш үйлчлээгүй гэж үзэх үндэстэй байна. Шинжээчийн дүгнэлтэд миний талаар дүгнэлт гараагүй. Ч.Отгонтуяа гэдэг хүн дээр дүгнэлт гаргасан нь надад гэмтлийн зэрэг тогтоогоогүй өөр хүний дүгнэлтийг надад хамааруулж хэрэг шийдвэрлэсэнд гомдолтой байна. /2017 оны 03 сарын 29-ний өдрийн 104 тоот шинжээчийн дүгнэлт, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 116 тоот дүгнэлтүүд/ Энэ алдааг засаж залруулахын тулд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч мөн л Ч.Отгонтуяа гэх хүний дүгнэлтийг үндэслэн овгийг өөрчлөн, Ч.Отгонтуяагийн дүгнэлтийг хуулбарлан миний нэр дээр дүгнэлт гаргасан. Ийм эмх замбараагүй учир нь олдохгүй нэр зөрүүтэй 3 дүгнэлт байхад төрийн нэрийн өмнөөс яллаж байгаа прокурор болон шүүгч нэн түрүүнд анхаарч асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Миний биш дүгнэлтүүд материалд хавсаргасан болно. Ч.Өнөрбаяр бид 2 маргалдаж хэн хэн нь буруутай, харилцан зодооны шинжтэй байхад зөвхөн надад хариуцлага хүлээлгэж байгаа нь “шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн материалд Ц.Отгонтуяа нь Ч.Өнөрбаярыг зодсон, айрагны хулаар цохисон гэсэн тодорхой нотлох баримтаар батлагдаагүй байхад “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байтал намайг ялласанд маш гомдолтой байна. Овоо босгоогүй бол гэгчээр Ч.Өнөрбаяр удган Лхагдуламаар үр хүүхэд, хань ижилтэй болгох засал хийлгэе гэж хүсэлт гаргаж гэртээ авчраагүй бол ийм байдал үүсэхгүй байсан. Нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн 6-7 килограммын жинтэй айрагны хулыг бариад хүн цохих боломж амьдралд байсан эсэхийг саруул ухаанаар болгооно биз. Эрхэм шүүгч та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж хэргийг сайтар нягтлан дээрх байдлуудыг харгалзан үзэж надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцлага оногдуулахдаа хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагааг хянаж үзсэнгүй. Хүний тархи хагарсан гэж тогтоогдсон боловч бие биенийгээ харилцан түлхэлцэж, дайрч зодохын хэмжээнд хүртэл үг хэллэг хэлсэн ийм нөхцөл байдал байна. Үүнд хохирогчийн гэм буруутай ажиллагаа маш их байна.  Зодоон болох шалтгаан яг хэнээс нь эхэлсэн гэх хэцүү. Хохирогч, шүүгдэгчийн хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгаа нь тогтоогддоггүй. …  2.000.000 гаран төгрөг өгөөд эвлэрье гэхээр хохирогч дахиж мөнгө нэмнэ гээд хохирол  төлбөр төлж чадаагүй үндэслэлээр хариуцлага хүлээсэн тал бий. Тиймээс хохирогчийн буруутай үйл ажиллагааг тогтоож, аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хэргийн нөхцөл байдлаас харахад хүүхэд тэвэрсэн хүн бусдыг зодож цус нөжтэй нь хутгаад, эд хөрөнгийг нь эвдээд байх уу? …Хуучин хуулиар ямар хариуцлага хүлээлгэх боломжтой гэхээр баривчлах ял оногдуулах боломжтой. Уг ял нь шинэ хуулиар байхгүй болсон учраас ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Тийм учраас энэрэнгүй зарчмыг барьж ялаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

       

   Ц.Отгонтуяа нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт иргэн Ч.Өнөрбаярын гэрт түүнтэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  99 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Тайж овогт Цэгмидийн Отгонтуяаг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг төлөхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Отгонтуяагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Ц.Отгонтуяа нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт иргэн Ч.Өнөрбаярын гэрт түүнтэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Өнөрбаярын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 45-50, 222-238-р ху/, гэрч Д.Лхагвадулам    /хх-ийн 51-54-р ху/, С.Солонго /хх-ийн 58-р ху/, Н.Дашмаа /хх-ийн 59-р ху/, Б.Тунгалаг /хх-ийн 61-р ху/,  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /13-15-р ху/, Хэргийн газрын схем зураг /16, 19-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-18-р ху/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20, 22-23-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын       29-ний өдрийн 98 тоот дүгнэлт / хх-ийн 69-р ху/, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ¹126 тоот дүгнэлт /хх-ийн 95-р ху/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл        /хх-ийн 98-100-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдлын хуудас /хх-ийн 70-р ху/, Амбулаторид хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 72-р ху/, 2017 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 31 хүртэлх үйлчлүүлэгчийн бүртгэл /хх-ийн 74-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Хохирогч Ч.Өнөрбаярын үйлдлийн улмаас Ц.Отгонтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх гомдлыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгасан боловч Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ¹104 тоот дүгнэлт /хх-ийн77-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын       18-ны өдрийн ¹116 тоот дүгнэлт /хх-ийн 83-р ху/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 99-р ху/ болон дээр дурьдагдсан нотлох баримтуудаар уг гомдол няцаагдаж байх бөгөөд мөрдөн байцаалтанд түүний гаргасан хүсэлтүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул Ц.Отгонтуяагийн гаргасан гомдлын үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

         Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй…” гэж заасан тул өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан “…Ц.Отгонтуяагийн үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулах, улмаар 2015 оны Эрүүгийн хуулиас баривчлах ялыг хассан гэх үндэслэлээр түүнийг ялаас чөлөөлөх боломжтой…” гэсэн саналыг  хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт  Ц.Отгонтуяагийн үйлдсэн гэмт хэргийг  Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт  энэ талаар заалт хийлгүй орхигдуулсан байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтанд өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтанд өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтыг:

“Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонтуяад Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Отгонтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                               Д.БУЯНЖАРГАЛ