Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

2020          02           18                                     2020/ШЦТ/163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхжин,

          улсын яллагч Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809044920980 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа "Наран туул" худалдааны төв дээр ачаа зөөх ажил эрхэлдэг, ам бүл-3, эх, хойд эцэг нарын хамт оршин суух,

          2018 оны 3 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3, 8.7-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Г /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Б.Г нь:

          2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Deutsche Schule /Дойче Шуле/ сургуулийн хашаанаас иргэн М.Амарболдын эзэмшлийн Twitter /Твитер/ маркийн унадаг дугуйны цоожийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 531.000 /таван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн хохирол,

          2019 оны 6 дугаар сарын 20-ын өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 10 дугаар байрны гаднаас иргэн Я.Данжинсүрэнгийн эзэмшлийн "Трейк" маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,

          2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хобби" сургуулийн хашаан дотроос иргэн Ц.Ивээлтийн эзэмшлийн Селло загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 576.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сан" бизнес төвийн гаднах унадаг дугуйн зогсоолоос Америкийн Нэгдсэн Улсын иргэн Кирк Артур Олсоны эзэмшлийн "Трек Марлин 5" загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

          2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Cirkle К /Сиркл Кэй/ дэлгүүрийн гаднаас иргэн М.Содбилэгийн эзэмшлийн Attila /Аттила/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 952.000 /есөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

          2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кредит банкны зогсоолоос иргэн Т.Осорын эзэмшлийн Диамонд Байк загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.160 төгрөгийн хохирол,

          2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр монгол хоолны газрын үүднээс иргэн Г.Дугаржавын эзэмшлийн Волф загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 366.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лоф" цахим тоглоомын газрын үүдэнд байрлуулсан иргэн Д.Сумъяабазарын эзэмшлийн Сафт брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 4.655.160 /дөрвөн сая зургаан зуун тавин таван мянга нэг зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн шөнө нь би гар утсаа барьцаалан писи тоглоомын газар хоносон бөгөөд өглөө нь гараад явж байсан юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байдаг сургуулийн гадна талаар явж байгаад хашаан дотор нь байсан Твиттер маркийн хар өнгийн унадаг дугуй байсан тэрийг аваад гарсан юм. Тухайн дугуйг би унаад сургуулийн хашаанаас гараад явсан. Тэгээд би дугуйг унаж явж байгаад Нарантуул зах дээр очоод замын нэг хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан юм. ...Сүхбаатар дүүрэгт байдаг Этүгэн их сургуулийн хажуу талд байдаг Хобби сургуулийн хашаан тодор сул байсан хар өнгийн унадаг дугуй байхаар нь хашаанаас нь түрж гараад унаад явсан. Тэр дугуйг 100 айлд нэг хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан. ...Би тэр мөнгөөр хувьдаа зарцуулаад дуусгасан. ...тухайн дугуйг хүчээр татаж түгжээг нь мултлаад дугуйг унаад явсан. Тэгээд би дугуйг 100 айл дээр аваачиж зарсан. ...Дугуй зарсан мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. ...2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн хойд чиглэлтэй явдаг автобусны буудлын урд талд байсан өндөр барилгын хажуу талын Сиркле дэлгүүрийн гадна талд байсан хар өнгийн унадаг дугуйг хулгайлан авсан. ...Нарантуул захын хажуу талын Өгөөмөр зах дээр явж байгаад нэг хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан юм. ...Наадмын өмнөхөн байсан юм, ямар ч байсан Кредит банк гэсэн нэртэй байгууллага байсан. Тэр байгууллагын дугуйн зогсоол дээр байсан ...бэхэлгээг нь рульнээс нь мултлаад аваад явсан. Уг дугуйг би унаж явж байгаад 32 тойргийн орчим явж байгаад нэг танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан. ...2019 оны 7 дугаар сарын дундуур байсан 100 айлын барилгын материалаас 3 дугаар сургууль руу явах замд байдаг гэх авто машины замын урд талд байдаг Өвөрмонгол рестораны хажуу талд труба дагуу тавьсан байсан хар улаан алагласан өнгийн унадаг дугуй байсан. Тэр дугуйг 1.500 төгрөгийн цоожоор цоожилсон байсан тэрийг нь би гараараа татаж салгаад тэгээд унаад явсан. Тэр дугуйг би ...60.000 төгрөгөөр зарчихсан юм. ... Би 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Lof нэртэй цахим тоглоомын газар тоглочхоод тооцоогоо хийгээд гарах замд уг тоглоомын газрын үүдэнд нь SAFT гэсэн бичигтэй хар өнгийн унадаг дугуй байхаар нь би нууцаар аваад унаад явсан. Вокзалын баруун талд байрлах 1000 машины зогсоол дээр ногоо зардаг Мөнхсайхан гэж ах дээр шууд очоод "Өөрийн цагаан дугуйг зараад энэ дугуйг авчихлаа, хөдөө гайгүй цалинтай ажил олсон, дугуйгаа зараад зардал хийгээд явах хэрэгтэй байна та 50 000 төгрөгөөр авах уу" гэхэд Мөнхсайхан ах авахгүй гэхээр нь та авчих надад зардал хэрэгтэй байна, бу уг дугуйг чинь хүргээд өгье гэхэд авахаар болоод 50.000 төгрөг өдөөг би унадаг дугуйг унаж яваад ээжийн гэрт нь аваачиж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-38-39, 48-49, 113-115, 154-155, 192-194, 226-227, 2хх-н 9-10, 60-62/,

 

Хохирогч М.Амарболдын “…2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 08:00 цагт хичээлдээ ирэхдээ өөрийнхөө эзэмшлийн TWITTER маркийн унадаг дугуйг "DEUTSCHE SGHULE''-ийн баруун талд хашаан дотор байрлах сандлын аравчаас хар өнгийн дугуйны түгжээгээр түгжээд хичээлдээ орсон. 11:40 цагт хичээл завсарлаад гарч ирээд дугуйгаа харахад миний дугуй байхгүй байсан. Яваад очиход сандал дээр цоожийг нь эвдээд үлдээчихсэн байсан…” гэсэн мэдүүлэг /1хх-22/,

 

Хохирогч Я.Данжинсүрэнгийн “…2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд би гэрийнхээ гадна буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 10 дугаар байрны гадна байрлах сааданд унадаг дугуйгаа цоожлоод, түлхүүрээр түгжээд үлдээсэн. Тэгээд би 36 дугаар байрны 3-р орцонд байрла подваль руу хүүхдийнхээ унадаг дугуйг авахаар орсон. Тэгээд 5-6 минутын дараа би саадан дээр ирэх үед миний унадаг дугуй байхгүй байсан. ...Хар, цагаан, улаан өнгийн Трейк загварын унадаг дугуй. Хар өнгөтэй, шимано тоноглолтой, ямар нэг гэмтэл, эвдрэл байхгүй, дундаж хэмжээтэй унадаг дугуй…” гэсэн мэдүүлэг /1хх-101/,

 

Хохирогч Ц.Ивээлтийн “…2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн орчимд би унадаг дугуйтайгаа ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хобби сургууль дээр ирсэн. Тэгээд би ажлынхаа дугуйны зогсоол хэсгийн хажуу талд байрлах төмөрөөс дугуйны гинжээр цоожлоод, түлхүүрээрээ түгжээд явсан. Тэгээд тэр өдөр 10 цагийн орчим би ажлынхаа газрын цонхоор харах үед ширүүн бороо орж байсан ба миний унадаг дугуй харагдахгүй байсан. Тэгээд би өрөөнөөсөө гараад дугуй байсан газарт очих үед миний унадаг дугуй байхгүй байсан ба миний унадаг дугуйны түгжээний тасарсан хэсэг газарт байсан. ...би ажлынхаа газрын хяналтын камерыг шалгах үед нэг залуу миний унадаг дугуйг аваад явж буй нь харагдаж байсан. ...Хар өнгөтэй, цагаан, улаан судалтай "Cello soliar" гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй Cello soliar загварын унадаг дугуй…” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

 

Хохирогч Кирк Артур Олсоны “…Би 2019 оны 6 дугаар сарын 28-нд Сан бизнес төв тодор байдаг ажлынхаа байрны гадна өөрийн унаж явсан дугуйг өдөр 12 цагийн үед унадаг дугуйн зогсоол дээр түгжээд үлдээсэн. Тэгээд тухайн өдөр Төрийн ордонд хуралтай байсан учраас хуралд суугаад 21 цаг 50 минутын үед хурал тараад шууд ажил дээрээ хүрээд иртэл миний дугуй дугуйн зогсоол дээр байхгүй байсан…” гэсэн мэдүүлэг /1хх-143/,

 

Хохирогч М.Содбилэгийн “…2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркле К сүлжээ дэлгүүрийн үүднээс өөрийн эзэмшлийн хар өнгийн Атила брендийн унадаг дугуйгаа алдсан…” гэсэн мэдүүлэг /1хх-54-55/,

 

Хохирогч Т.Осорын “…2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн орчимд би өөрийн унадаг дугуйтайгаа ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Кредит банк дээр ирсэн. Тэгээд би ажлынхаа гадна байх зогсоолын хажуу талын цонхны сараалжин төмрөөс нь дугуйны түгжээгээр түгжиж түлхүүрээр цоожилсон. Тэгээд би ажил руу гаа орсон. Ингээд 11 цагийн орчимд манай ажлын хүн надад дугуйгаа өгч бай, юманд явчхаад ирье гэж хэлэхээр нь би түлхүүрээ өгөөд явуулсан. Тэгээд манай ажлын залуу удалгүй ирээд надад байсан газар нь буцаагаад түгжээд тавилаа шүү гэж хэлсэн. ...би ажлаа хийж сууж байгаад 16 цагийн орчимд тамхи татахаар гараад хартал миний унадаг дугуй байхгүй байсан. ..цагаан өнгийн рамтай , ногоон өнгийн Diamond Back гэсэн бичиглэлтэй, нарийн дугуйтай, обуд нь 18 инч, засмал зам дээр унах зориулалттай унадаг дугуй…” гэсэн мэдүүлэг /1хх-177-178/,

 

Хохирогч Г.Дугаржавын “…2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд би унадаг дугуйтайгаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Өвөр Монгол ресторанд хоол идэхээр ирсэн. Тэгээд би унадаг дугуйгаа тус рестораны гадна талд байрлах барилгын төмөр шонгоос цоожоор түгжиж, түлхүүрээр цоожилсон. Тэгээд би тус ресторанд орж хоол идсэнийхээ дараа тамхи татахаар гадагшаа гараад хартал миний унадаг дугуй байж байсан. Тэгээд би буцаж дотор ороод гадуур хувцсаа аваад төлбөрөө хийгээд гараад хартал миний унадаг дугуй байхгүй байсан. ...Хар цэнхэр өнгөтэй, 27.5 инчийн обудтай, Шимано Атлас тоноглолтой, уулын зориулалттай Wolf загварын унадаг дугуй байсан…” гэсэн мэдүүлэг /1хх-213-214/,

 

Хохирогч Д.Сумъяабазарын “…Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед найз Тэргэлтэй утсаар ярьж бид хоёр Пийс моллын урд уулзахаар болж тохиролцсон. Тэгээд би гэрээс өөрийнхөө SAFT брендийн хар улаан өнгийн рамтай, толгой хэсэг нь хар, рульны бариулд дээшээ босгосон 2 чихтэй, 2 дугуйн дээрээ CSTGET гэсэн улбар шар өнгийн бичигтэй унадаг дугуйгаа унаж гараад 17 цаг 30 минутын үед Пийс молл худалдааны төвийн урд Тэргэл болон Бадар-Ууган нартай уулзаж улмаар бид гурав 17 цаг 50 минутын үед Пийс моллын хойно байрлах LOF нэртэй цахим тоглоомын газар орсон. Тухайн үед би унадаг дугуйгаа тоглоомын газрын үүдний коридорт цоожлоогүй тавьсан байсан. Тэгээд тоглоомоо дуусаад 19 цагийн үед гарахад миний унадаг дугуй тавьсан газарт байхгүй байсан. Би цахим тоглоомын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд дээгүүрээ хар өнгийн саравчтай малгайтай, малгайг хойшоо харуулж өмссөн, дотроо цэнхэр өнгийн юүдэнтэй цагаан өнгийн цамцтай, гадуураа хар өнгийн бомбор, доогуураа хар өнгийн өмд, хар өнгийн пүүз өмссөн 170 см орчим өндөртэй 16-18 насны эрэгтэй хүүхэд миний унадаг дугуйг түрж гарган унаад явсан бичлэг байсан…” гэсэн мэдүүлэг /2хх-53/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Мөнхсайханы “...Ганаа гэж залуу 2019 оны 8 дугаар сард над дээр нэг унадаг дугуй унаж ирээд "Ах дүү нь хөдөө ажил хийхээр явах гэж байна. Унадаг дугуй хэрэггүй болчихлоо, дугуйгаа зарж замын зардлаар өгчхөөд явмаар байна та авахгүй юм уу" гэхээр нь зардал чинь хэд юм гэхэд 50 000 төгрөг байхад болно гэхээр нь за тэгвэл манай ээжийн гэрт аваачаад тавьчих гэж хэлээд мөнгийг нь өгөөд явуулсан. ...Saft гэсэн бичигтэй улаан оруулгатай хар өнгийн унадаг дугуй байсан..” гэсэн мэдүүлэг /2хх-56/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-65/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-48/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-31, 61, 97, 186, 219, 2хх-ийн 3/, Хувийн байдлыг тогтоосон баримт /2хх-29-30, 76-77/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-91-94/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Г нь 8 удаагийн үйлдлээр

2018 оны 10 дугаар сарын 01-нд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Deutsche Schule /Дойче Шуле/ сургуулийн хашаанаас иргэн М.Амарболдын эзэмшлийн Twitter /Твитер/ маркийн унадаг дугуйны цоожийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 531.000 төгрөгийн,  

2019 оны 6 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 10 дугаар байрны гаднаас иргэн Я.Данжинсүрэнгийн эзэмшлийн "Трейк" маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350 000 төгрөгийн,

2019 оны 6 дугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хобби" сургуулийн хашаан дотроос иргэн Ц.Ивээлтийн эзэмшлийн Селло загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 576.000 төгрөгийн,

2019 оны 6 дугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сан" бизнес төвийн гаднах унадаг дугуйн зогсоолоос Америкийн Нэгдсэн Улсын иргэн Кирк Артур Олсоны эзэмшлийн "Трек Марлин 5" загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн,

2019 оны 6 дугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Cirkle К /Сиркл Кэй/ дэлгүүрийн гаднаас иргэн М.Содбилэгийн эзэмшлийн Attila /Аттила/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 952.000 төгрөгийн,

2019 оны 7 дугаар сарын 10-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кредит банкны зогсоолоос иргэн Т.Осорын эзэмшлийн Диамонд Байк загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.160 төгрөгийн,

2019 оны 7 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр монгол хоолны газрын үүднээс иргэн Г.Дугаржавын эзэмшлийн Волф загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 366.000 төгрөгийн,

2019 оны 8 дугаар сарын 06-нд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лоф" цахим тоглоомын газрын үүдэнд байрлуулсан иргэн Д.Сумъяабазарын эзэмшлийн Сафт брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 4.655.160 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Амарболд, М.Содбилэг, Я.Должинсүрэн, К.А.Олсон, Т.Осор, Г.Дугаржав, Ц.Ивээл, Д.Сумъяабазар, иргэний нэхэмжлэгч Б.Баттулга нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, шүүгдэгч Б.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Гын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Гыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Гын дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Амарболдод 531.000 төгрөгийн, хохирогч Д.Сумъяабазарт 700.000 төгрөг учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Амарболд, Д.Сумъяабазар нар нь эд зүйлээ хүлээн авсан бөгөөд тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Б.Баттулгад 40.000 төгрөгийн хохирол учирсан боловч тэрээр “нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөн илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг дээрх 2 хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин бусад нэр бүхий 6 хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч Б.Гоос гаргуулах нь зүйтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3.424.160 төгрөг гаргуулж хохирогч М.Содбилэгт 952.000 төгрөг, Я.Данжинсүрэнд 350.000 төгрөг, К.А.Олсонд 800.000 төгрөг, Т.Осорт 380.160, Г.Дугаржавт 366.000 төгрөг, Ц.Ивээлтэд 576.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Гын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Г нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3, 8.7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Б.Год хорих ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагджээ.

Гэтэл тэрээр тэнсэж, хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тогтоосон хугацаанд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын өсвөр насны шүүгдэгч Б.Год хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, өмнөх гэмт хэрэгт нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн 1711005390014 дугаартай хэрэг буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэрэгт 4 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүх түүний дээрх тогтоолоор тэнссэн, хязгаарлалт тогтоосон хэсгийг хүчингүй болгож ял оногдуулсан тул шүүгдэгч Б.Гын Эрүүгийн 1711005390014 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоног эдлэх ялд оруулан тооцов.  

 

Шүүх шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3, 8.7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Б.Год хорих ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Год энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Шүүгдэгч Б.Год оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оногдуулан тооцсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 3.424.160 /гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Содбилэгт 952.000 төгрөг, хохирогч Я.Данжинсүрэнд 350.000 төгрөг, хохирогч Кирк артурд Олсонд 800.000 төгрөг, хохирогч Г.Дугаржавт 366.000 төгрөг, хохирогч Ц.Ивээлтэд 576.000 төгрөг, Т.Осорт 380.160 төгрөгийг тус тус олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР