| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0087/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 167
2020 02 18 2020/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
гэрч Ш.Ганхуяг,
хохирогч С.Хос-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баттөмөр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар, Б.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909012401136 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-нд Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, ойн инженер ажилтай, “High level investment” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт “Монре Импекс” ХХК-ийн байрны 302 тоотод “High level investment” ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаа амжилттай хэрэгжүүлсэн хөрөнгө оруулбал үнийн дүнгийн 5 хувийн ашгийг сар бүр авна гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Хос-Эрдэнээс 93.000.000 авч бусдад ноцтой буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би 2008 оноос Олон улсын хөрөнгийн зах зээлийг судлан энэ чиглэлээр туршлага хуримтлуулан хувиараа өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ази, Европ, хойд Америкийн хөрөнгийн биржүүд дээр өндөр хөгжсөн энэхүү бизнесийн эрэлт хэрэгцээ Монгол Улсад шаардлагатай байгаа. Тиймээс хууль эрх зүйн орчныг нь судлаад тодорхой хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн. Тэгээд 2018 оны 6 дугаар сард “Хай Лэвэл Инвэстмент” ХХК-г үүсгэн байгуулсан. Манай компани зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа хөрөнгө оруулж байгаа хувьцаа эзэмшигч болон цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллах хүмүүсийнхээ эрсдэлийг хамгаалах зорилгоор Монголын даатгалын компаниудад үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулаад санал тавьсан. Гурван байгууллагаас санал ирснээс “Ард даатгал” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 25 тэрбумын үнэлгээ гаргуулж, 17.800.000 төгрөгөөр даатгал хийлгэсэн. Ингээд 2018 оны 12 сараас эхлэн маркетингийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллахад мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажилд орсон Наранбаатар надад С.Хос-эрдэнэ гэх залуу уулзахаар ирсэн гэж хэлсэн. Тухайн үед би гадуур ажилтай явж байсан. Цаг товлоод С.Хос-Эрдэнэтэй уулзахад энэ чиглэлээр урьд нь ажиллаж байсан. Мөнгө төгрөгийн бололцоотой, эрсдэлийг мэднэ гээд харилцан тохиролцож, манай үйл ажиллагаатай танилцаад ажлын туршлагын талаарх бичиг баримтаа үзүүлээд эргэж холбогдъё гэж хэлээд явсан. Маргааш нь ирээд хамтран ажиллах гэрээ байгуулж, 93.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 4 сарын хугацаатайгаар оруулахаар болсон. Сард 2 удаа өгч, авахаар тохиролцсон. Эрсдэлийг ямар байдлаар хэрхэн хуваарилах талаар судалж гэрээндээ тусгасан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед Санхүүгийн зохицуулах хорооноос яриад манай байгууллагыг ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татаж байгаа талаар тайлбар авахаар цаг тохирч дуудсан. Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын дарга Долгорсүрэн гэх хүнтэй уулзаж, компанийнхаа талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Манай компани нь Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Ази, Европ, хойд Америкийн хөрөнгийн биржүүд дээр дэлхийд нэр хүндтэй Брокерын компаниудад дансаа нээлгэчихсэн. Хувийн дансаа 10-аад жил ашиглаж байгаа. Албан ёсоор ХЭЧ сан буюу хөрөнгө оруулалтын сангаас арай өөр чиглэлээр хөгжчихсөн сангийн үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа танилцуулсан. Тухайн үед санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн болон хяналтын хэлтсийн дарга Монгол Улсын хууль, эрх зүйн орчны хүрээнд дотоодын хувьцаат компаниуд болон Засгийн газрын фонд, төв банкны үнэт цаас гэх мэт хөрөнгө оруулалт татаж ажиллахын тулд 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг дагаж мөрдөж, сангийн зөвшөөрөл авах ёстой гэдгийг тайлбарлаж байсан. Миний хувьд үйл ажиллагаа явуулж байгаа Хэч сангийн чиглэлээр Монгол Улсад эрх зүйн түвшний бололцоо байгаа юу гэж асуухад тодорхой тайлбар хэлээгүй. 2013 оноос хойш тухайн хуулийн хүрээнд нэг ч хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Хуулийн зүйл заалт нь тодорхой бус ойлгомжгүй байсан учраас тухайн үед гаргаж буй мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа зогсоогоод хууль эрх зүйн боломжуудыг судалж байгаад дахин үйл ажиллагаа явуулъя гэдгээ тайлбарласан. Мэдэгдлийн хүрээнд яриад тохиролцсон болохыг хяналтын хэлтсийн дарга хэлсэн. Тухайн өдрөөс хойш гурван өдрийн дараа Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайтан дээр хяналтын хүрээнд тодорхой зөвшөөрөл аваагүй компаниудын нэрсийг зарласан байсан. Үүний дотор манай компанийн нэр орсон. Ингээд компанийн бүх үйл ажиллагаа зогсонги байдал орсон. Мэдэгдэл гарснаас хоёр хоногийн дараа С.Хос-Эрдэнэ ирж уулзсан. С.Хос-Эрдэнэ нь мэдэгдэл гарсантай холбоотойгоор тодорхой тайлбаруудыг хэлэхэд нь миний хувьд компанийн үйл ажиллагаа буюу олон улсад хэч сангийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх зүйн түвшний мэдээлэл Монгол Улсын хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд байдаггүй. Бид бүхэн энэ чиглэлээр судалж үзээд аль болох боломжтой гарцаар ажиллахыг эрмэлзэж байгаагаа тайлбарлаад явуулсан. Маргааш нь эхнэртэйгээ нилээн бухимдсан байдалтай ирсэн. Бид бүхэн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа.Мэдэгдлийг буцаагаад хууль ёсны боломжтой байдлаар үйл ажиллагаа явуулах талаараа тайлбарлаж, буруу ташаа ойлголтоос болоод манай компанид ийм мэдэгдэл ирсэн гэх байр сууриа илэрхийлсэн. Эхний нэг сар нөхцөл байдал хүнд байсан учраас өөрөө үйл ажиллагаагаа удирдаж явуулсан. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ажилладаг учраас сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтад орсон. Тодорхой төлөвлөгөө гаргаад явж байсан маань бүтэлгүйтсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой хөрөнгө санхүү гаргаж маркетингийн үйл ажиллагаа болон ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан байсан учраас мэдэгдлийн хүрээнд нилээдгүй хохирол амсаж, үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ талаараа тухайн хоёр хүндээ тайлбарлаж хэлээд тодорхой үйл ажиллагааныхаа орлогоос мөнгийг нь гаргаж өгье гэдгээ хэлэхэд С.Хос-Эрдэнийн эхнэр Долгормаа нилээн бухимдуу явсан. Ингээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн…” гэв.
түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Хос-Эрдэнэ нь танай үйл ажиллагааг нэлээн судалсан гэсэн бөгөөд тэгээд хөрөнгө оруулахаар болоод уулзсаны дараа буюу маргааш өдөр нь ирээд хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний нөхцөлтэй нэг бүрчлэн танилцсан, тэгээд манай байгууллагын Голомт банкин дахь төгрөгийн дансанд 93.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 179-180/,
Хохирогч Х.Хос-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн “...би 2018 оны 11 дүгээр сард фейсбүүкээр "HIGH LEVEL INVESTMENT" гэсэн хаягаас манай байгууллагатай хамтран ажилладаг хөрөнгө оруулагч та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байна. "HIGH LEVEL INVESTMENT" ХХК нь смарт брокерс даатгалын зуучлах байгууллагатай хамтарч албан ёсны мэргэжлийн даатгалын гэрээг үзэглэлээ. Таны хөрөнгө 100 хувь эрсдэлгүй боллоо гэсэн утгатай постыг нийтэлсэн байсан юм. Улмаар би энэ зарыг харж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах Монре даатгалын 3 давхрын 301 тоотод захирал Б.Б 86106163, 75157575 гүйцэтгэх захирал Н.Наранбаатар 86116163 нартай уулзахад манай компани нь олон улсын хөрөнгийн зах зээл 10 жилийн туршлагатай учир итгэл даасан хамтын ажиллагааг хөрөнгө оруулагч нарт санал болгож ажиллая, хэрэв та хөрөнгө оруулах юм бол нийт үнийн дүнгийн 5 хувийн ногдол ашгийг cap бүр авна гэж тайлбарласан. Ингээд би 93 сая төгрөгийг 4 сарын хугацаатай гэрээ байгуулан дээрх компанийн Голомт банкан дахь 1415120704 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн. Гэтэл эхний 1 cap 4,650,000 төгрөг буюу 5 хувийн ногдол ашиг орж ирсэн ба дараагийн сарынх орж ирэхгүй болохоор нь асуухад удахгүй орж ирнэ, түр хүлээ гэсэн хариуг өгсөн. Үүнээс хойш удаа дараа Булгантамир, Наранбаатар нартай уулзахад мөнгө орж ирээгүй байна гэх шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрээд байна...” гэх мэдүүлэг /хх-11/,
Гэрч Д.Наранбаатарын “...Би 2018 оны 9 дүгээр сараас эхлэн энэ “Хай лэвэл инвэстмент" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Намайг албан ёсоор тушаалаар томилсон зүйл байхгүй. ...Манай компани гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үл хөдлөх, зуучлах гэсэн чиглэлээр үйл ажиллагааг 2018 оны 9 дүгээр сараас эхлэн явуулж байгаа юм. ...2019 оны 01 сард байх /өдрийн санахгүй байна/ намайг ажил дээрээ байж байхад нэг хүн утсаар яриад манай компани дээр ирсэн юм. Тэгээд тэр хүн ирээд танай компани үйл ажиллагаатай танилцаад 2 cap гаран болж байна танай компанитай хөрөнгө оруулалт хийх гэсэн юм гэж хэлэхээр нь би ерөнхий захирлыг дуудсан юм. Тэгээд тэр хүнтэй манай компани гэрээ хийж 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн юм. Хөрөнгө оруулалтын мөнгийг компанийнхаа дансаар авсан юм. ...Ер нь бол гадаад худалдаа гэдэг чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. Одоо харин Монгол улсын хувьцаат компаниудын хувьцаан дээр ажиллахын тулд санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваа гэсэн мэдэгдэл өгсөн. Манай компани Санхүүгийн зохицуулах хорооноос менежментийн тусгай зөвшөөрөл аваагүй байсан юм”... гэх мэдүүлэг /хх-16/,
Гэрч Ш.Ганхуягийн “...Энэ "HIGH LEVEL INVESTMENT" ХХК нь олон нийтийн фэйсбүүк хаягаараа хүмүүсээс мөнгө татах зар сурталчилгааг хийж байсан. Тэгээд хүмүүсийн мэдээллээр энэ компанийг хууль бусаар мөнгө татаж мөнгийг өсгөж өгнө гэсэн байна гэсэн мэдээллээр манай байгууллага энэ компанийг судалж холбогдох лавлагааг улсын бүртгэлийн газраас авахад нэг хувь нийлүүлэгчтэй, 20.000.000 төгрөгийн дүрмийн сантай, тэгээд 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байсан. Тэгээд энэ талаар холбогдуулан Б.Бтай холбогдож дуудаж
уулзсан юм. Тэгээд Булгантамираас "та ямар зорилгоор мөнгө татах гэж байгаа юм, тусгай зөвшөөрөл авсан юм, хийж байгаа бизнесийн талаар асуухад Булгантамир хариулахдаа "Олон улсын хөрөнгийн зах дээр ажиллаж сан байгуулж хүмүүсийн мөнгийг өсгөж өгнө гэж тайлбар хэлсэн. Тэгэхээр бид нар ямар нэгэн даатгал байгаа, ажлын туршлага, эрсдэлээ яаж тооцож байгаа талаар асуухад Булгантамир нь "Ард даатгал" ХК-тай гэрээ байгуулсан өөр тодорхой тайлбар өгөөгүй юм. Тэгээд бид нар одоогоор мөнгө татаагүй гэж хэлж байсан. ...тухайн үед Булгантамир нь бусдаас хөрөнгө мөнгө татаагүй, мөн иргэдээс гомдол мэдээлэл ирээгүй байсан юм. Манай Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт дээрээ ...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олон нийтэд сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргасан юм”... гэх мэдүүлэг /хх-18/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-149/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-64/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-61-63, 65-66, 154-160/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-204-205/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт “Монре Импекс” ХХК-ийн байрны 302 тоотод ““High level investment” ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаа амжилттай хэрэгжүүлсэн хөрөнгө оруулбал үнийн дүнгийн 5 хувийн ашгийг сар бүр авна” гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Хос-Эрдэнээс 93.000.000 авч бусдад ноцтой буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Хос-Эрдэнэ, гэрч Д.Наранбаатар, Ш.Ганхуяг нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Бын хохирогч С.Хос-Эрдэнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдлийн улмаас хохирогч С.Хос-Эрдэнэд 93.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тэрээр хохирогчид учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР