Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/67

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: Д

Шүүгдэгч: Ю.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ю Хд холбогдох 1912005670312 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Э суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын,,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Ю Х /РД:../  

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ю.Х нь 2019 оны 08 дугаар сарын сүүл үеэр А аймгийн Э сумын .. дугаар багийн Б гэх газарт хохирогч Дг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Х мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сард “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гаас 16 хүнийг хот руу сургалтанд явуулсан. Сургалтнаасаа ирээд бид нар огурцы, помидор тарьж эхэлсэн. Бид хоёр үрсэлгээгээ 4 сард хот руу захиж  авчруулаад ногоогоо тарьж эхэлсэн. Нарийн ногоо учраас 7, 8 дугаар сард ургаж эхэлсэн. Дтай хоорондоо хамтарч ажиллахаар болоод помидор, Д огурцы тарихаар харилцан тохиролцсон. Миний помидор өвчин тусаад ургаагүй. Хүнс, хөдөө аж ахуйн дарга болон Архангай аймгийн Засаг дарга нар нэгэнт помидор чинь ургахгүй юм чинь огурцы руугаа ор гэж хэлсэн. Хамтран ажиллаж байсан Дмөрөн, Алтанжигүүр бид 3 огурцы руу дарга нарын зөвшөөрлөөр орсон. Дарга нарын зүгээс Дг эдгээр хүмүүстэй хамтарч ажилла, ирж уулз гэхэд нь хотод явж байна гэсэн хариу өгсөн байсан. Тухайн үед Архангай аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга нар бүгд ирээд бөөнд нь уулзуулъя гэсэн боловч Д ирээгүй. Бусад нь бүгд байсан. 08 дугаар сарын 15-ны өдөр би огурцы руу ороод дээжийг нь авъя гэсэн чинь Д надад өгөхгүй гээд хэл амаар доромжилсон. Би эхлээд ногоонд хүрсэн бөгөөд тэгээд бид хоёулаа барьцалдаж аваад ганц хоёр цохилцсон. Би Дд өс хонзон санаж явдаггүй байсан. Нэг гудамжинд амьдарч байсан болохоор сайн санаж явдаг. Дг намайг ийм эвгүй байдалд оруулна гэж бодож байгаагүй. Адилхан л миний хүзүү урагдчихсан, үс даахирчихсан, гинж тасраад хаягдсан байсан. Арай ч шүүх, цагдаагийн байгууллагад хандана гэж бодоогүй. Яагаад намайг ийм байдалд оруулж байгааг мэдэхгүй байна. Би өөрөөс нь уулчлалт гуйсан гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д мэдүүлэхдээ: Надад хөнгөн гэмтэл учруулсан гэдэгт гомдолгүй. Харин зуны гурван сарын турш ажилласан хүч хөдөлмөрөөрөө хохирч байгаадаа гомдолтой байна. Өргөст хэмхний дээж авах гэж орж ирээд маргалдаад намайг зодсон. Намайг ажлаа хийгээд байж байхад орж ирээд өргөст хэмхний дээж авна гээд тарьсан өргөст хэмхнүүдийг хугалж шидсэн. Өөрийнх нь тарьсан помидор ерөөсөө ургаагүй. Нарийн ногоо өдөр болгон арчилгаа шаарддаг. Би зуны гурван сар өдөр болгон очиж арчилж байсан. Ю.Х нь нэг өдөр ирээд миний тарьж ургуулсан өргөст хэмхийг авна гээд орилоод өргөст хэмхийг хугалж шийдээд өгөхгүй гэсэн чинь намайг зодчихоод гараад явчихсан. Өмнө нь нөхрийгөө хутгалж байсан гэж сонсож байсан. Тэгээд айгаад намайг зодсон гэдэгт нь тухайн үедээ гомдол гаргаагүй. Сар хөдөө явчихаад ирсэн чинь миний тарьж ургуулсан өргөст хэмхнүүдийг зах, ресторануудаар борлуулаад ашиг олоод авчихсан байсан. Үүнд нь гомдолтой байна гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912005670312 дугаартай эрүүгийн хэргээс:  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Дгийн мэдүүлсэн:...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагт байх нарийн ногооны хүлэмжинд өөрийн ногоогоо үрсэлгээ тарьж ургуулж байхад Х гэх эмэгтэй ирээд хэрүүл маргаан хийж, миний хүлэмжинд ирээд чамаас би огурцы авах ёстой гээд хэрүүл маргаан хийж байгаад намайг заамдаад миний толгой, тархи руу гараараа цохисон. Тэнд байсан хүмүүс гараад явсан. Энэ жил Эрдэнэбулган сумын жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн төслөөр манай хүргэн ахын нэр дээр Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагт нарийн ногооны хүлэмж, нарийн ногоо тариалахаар зөвшөөрөл авч үрсэлгээ хийж ногоогоо Х гэх хүнтэй ойролцоо тарьсан. Х гэх эмэгтэйн тарьсан ногоо ургаагүй. Харин миний тарьсан ногоо ургасан бөгөөд Х гэх эмэгтэй манай хүлэмжинд ирээд хэрүүл маргаан хийж намайг цохиж, зодох болсон. Бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа байхгүй.  Ямар нэгэн өр авлага байхгүй. Миний толгойтой үснээс зулгааж хоолой боож миний толгой руу 3 удаа цохиж, миний хоолойг боож хөнгөн гэмтэл учруулсан. Миний биед энэ гэмтлийг Х гэх эмэгтэй учруулсан. Миний толгой руу гараараа 3 удаа цохисон. Мөн толгойтой үснээс гараараа зулгааж миний өмсөж явсан хувцасны захаар миний хоолойг нэг удаа боосон. Өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн үед Х бид хоёр байсан манай эрэгтэй дүү Б.Б найз О голоос ус зөөгөөд тарьсан ногоо усалж байсан учраас намайг зодож байхад харсан үгүйг би мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байна. Биеийн эрүүл мэндэд учирсан хохирол мөнгөө авмаар байна. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ. Би эмийн сангаас зөндөө эм тариа авсан бөгөөд тэр баримтаа гаргаж өгнө. Яг одоо хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.А мэдүүлсэн:...Х надад хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагт байх бид нарын дундын нарийн ногоо тарьсан хүлэмжинд очоод нарийн ногооны зарим ургаагүй асуудлаас болоод хоорондоо маргалдаж хэрүүл, маргаан хийж, бие биеэ цохиж, үснээс зулгаасан гэж утсаар хэлсэн. Тэр хоёр ургасан ургацаа хурааж авахдаа хэл ам гарч асуудал үүсэх болсон. Тэр хоёрын дунд ямар нэг өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна. Энэ жил нэг доороо хамтарч ногоо тарьж үзэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн:...Д миний төрсөн эгч байгаа юм. Миний эгч хүлэмжинд усалгаа хийгээд, зэрлэг зулгаагаад өгөөч гэхээр нь очиж хамжиж хийдэг байсан. 2019 оны 08 дугаар сарын эхээр хүлэмжинд усалгаа хийж байхад Х нөхрийн хамт ирээд огурцы авна гэж хэлэхэд Д эгч өгөхгүй, би өөрийн хөдөлмөрөөрөө хийсэн юмыг юу гэж та нарт өгдөг юм гэсэн чинь үүдний ойролцоо урд талын эхний хоёр гурван эгнээний огурцыг хугалаад газарт шидчихсэн. Тэгээд би авна, авах ёстой гээд хэрэлдээд, хэл амаар доромжлоод байсан. Эгч огурцы хугалаад байх юм болиоч гэхэд нь Х үснээс нь зулгаагаад үсэдчихсэн чинь эгч бөхийчихсөн байхаар нь би больцгоо гэхэд больсон. Х огурцыг нь авах гээд ирсэн бөгөөд эгч би өөрөө тарьж ургуулсан юм чинь юу гэж өгдөг юм гэж хэлэхэд Х дайрч давшлаад орилж хашгичаад элдвээр хэлж байснаа эгчийн үснээс зулгаагаад, доош нь дарчихсан байсан. Дараа нь эгчийг харахад үс нь сэгсийчихсэн, хүзүүнээс боосон юм уу, маажсан гэмээр хумасны сорвинууд гарчихсан байсан. Мөн толгой руу нь хэд, хэдэн удаа цохьчихлоо гэж хэлж байсан. Эгч та нар оролцоод хэрэггүй шүү гэж хэлж байсан болохоор би юм хэлээгүй. Д эгч толгой өвдөөд байна гэж байсан. Бас хүзүү нь улаан эрээн болчихсон, подволкны зах нь урагдчихсан байсан. Эгч Хг зодож, цохисон асуудал байхгүй. Би яг харж байсан. Би найз Отгоогийн хамт очсон байсан. Уг нь Х нөхөртэйгөө ирсэн байсан бөгөөд хэрүүл маргаан хийж, зодож байхад Хгийн нөхөр гараад явчихсан байсан. Эгч үрсэлгээнээс нь эхлээд л тарьж, ургуулаад байсан. Би дунд үеээс нь эхэлж эгчид тусалж байхад Х нь хажуугийн хүлэмжинд помидор тарьж байгаа гээд байж байсан. Манайх усалгаагаа голоос зөөдөг байсан. Х нь ганц ч орж ирж тусалдаггүй байсан байж помидор нь үхэнгүүт манай хүлэмжинд ирж огурцы авна, 2 мөрийг нь би авна гээд эгчтэй хэрүүл хийгээд байсан. Би сүүлд 8 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед очиж усалгаа хийж байхад Х нөхөртэйгөө, бас нэг хүүхэн гурвуулаа ирээд шууд хүлэмж рүү ороод өргөст хэмхнээс нэг, нэг уутаар түүгээд байхаар нь би боль, эгч дээжнээсээ ч аваагүй байгаа, та нар яаж байгаа юм бэ гэхэд гурвуулаа яадаг юм гэж хэлээд авсан. Нөгөө хүүхэн нь улаан өнгийн том даавуун тороор дүүрэнг авч, Х нөхөртэйгөө нэг, нэг шар өнгийн гялгар тороор дүүрэн түүгээд аваад явсан. Би энэ талаар эгчид хэлэхэд эгч чи битгий оролцоорой, наадуул чинь бүр дээрэлхэж байна гэж байсан. Сүүлдээ бүр эгчийг хөдөө явсан хойгуур түлхүүрийг нь аваад бүх огурцыг нь авчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын дахин мэдүүлсэн: ...Тухайн үед би найз Оын хамт өөрийн эгч Дгийн ногооны хүлэмжинд ногоог нь усалж өгөх гээд очсон байхад Ю.Х ирээд манай эгчтэй хэрүүл маргаан хийж Х нь би чиний ургуулсан ногоо огурцыг чинь авна, минийх ургаагүй, чинийх ургасан байна гээд хэрүүл маргаан хийж байгаад хоорондоо барьцалдаж аваад Х манай эгчийн үснээс зулгаагаад үсэдчихсэн бөхийчихсэн байхаар нь би одоо боль гээд салгасан. Би тэр үед нилээн зайтай ногоо услаад байж байсан. Манай эгч тэр хоёрын хажууд манай найз О байсан. Би тухайн асуудал гарахад би нилээн зайтай байсан бөгөөд нэг харсан чинь Х манай эгч Дг барьж аваад үснээс нь зулгаагаад үсэдчихсэн байхаар нь би боль гээд салгасан. Манай эгчийн үс нь сэгсийгээд хүзүү хэсэг нь улайж маажуулсан байсан. Тухайн үед манай эгч Д, манай найз О бид гурав байсан. Гаднаас манай хүлэмжинд Х нь нөхөр Мхамт ирсэн байсан. Өөр хүн байгаагүй. Тэр хоёр дундаа тарьсан нарийн ногооноос болж хэрүүл маргаан хийж, зодоон хийх болсон байх. Ургасан ургацаа хурааж авахдаа хэл ам гарч асуудал үүсэх болсон. Манай эгчтэй энэ жил хамт ногоо тарьсан Ю.Х гэдэг эмэгтэй манай эгчийг цохиж, зодож биед учирсан гэмтлийг учруулсан. Тухайн үед би хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг харахад манай эгчийг Ю.Х үсдэж дараад хүзүү хэсэгт нь самардаж урсан байсан. Манай эгч надад хэлэхдээ миний тархи, толгой руу 3 удаа гараараа цохиод авлаа гээд байж байсан. Х гэх эмэгтэйн нөхөр нь зодооны асуудалд оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.ДМмэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байх нарийн ногооны хүлэмжинд тарьсан ногоогоо үзэхээр эхнэрийн хамт очиход ногоо тарьсан Д тэнд ногоо услаад дүү нарын хамт байж байсан. Өнгөрсөн хавар манай эхнэр энэ хүнтэй хамт нэг хүлэмжинд нарийн ногоо тарьсан. Манай эхнэрийн тарьсан нарийн ногоо ургаагүй, өвчилсөн. Харин Дгийн тарьсан өргөст хэмх нарийн ногоо ургаж ургасан ногоогоо хувааж авъя гэсэн чинь манай эхнэрийн өөдөөс Д нь үсдэж өшиглөж аваад хариуд нь манай эхнэр тэр хоёр барьцалдаж аваад бие биеэ нэг нэг удаа цохиж аваад салцгаасан. Тэнд нэг их сүртэй зүйл болоогүй. Тухайн үед манай эхнэр Ю.Х, Д, түүний дүү, найз нь гэх нэг залуу хамт байсан. Өөр хүн байгаагүй. Манай эхнэр нэг удаа үснээс нь зулгааж нэг удаа гараараа хацар руу нь алгадсан. Харин энэ хоёр хоорондоо харилцан зодоон хийсэн. Манай эхнэр тухайн үед нь шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Манай эхнэр Дг үснээс нь зулгааж нэг удаа хацар руу нь нэг удаа алгадсан. Харин манай эхнэрийг Д хувцсыг нь урж харилцан зодоон хийж бие биеэ цохиж, зодсон. Манай эхнэр тухайн үедээ шүүх эмчид үзүүлээгүй орхисон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Оын мэдүүлсэн:...2019 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байх нарийн ногооны хүлэмжинд Б гэдэг найзтайгаа хамт очиж ус зөөж ногоо усалж байхад Х гэх эмэгтэй нөхрийн хамт ирээд орилж чарлаад хоорондоо хэрүүл маргаан хийж Д эгчийг үснээс нь зулгааж, толгой руу нь гурван удаа цохиж авч байсан. Хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад салсан. Өөр нэг их сүртэй зүйл болоогүй. Ю.Х, нөхөр гэх залуу, Д, Б бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний харснаар үснээс нь нэг удаа зулгааж, толгой хэсэг рүү нь 3 удаа гараараа цохисон. Өөр цохиж зодоогүй. Тэнд байсан хүмүүс энэ хоёрыг саалгаад тал, тал тийшээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийнх 31-32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Оын дахин мэдүүлсэн: ...Миний найз Бөхөө хүлэмжинд очиж усалгаа хийгээд өгөөч гэхээр нь хамт очиж, 3-4 удаа голоос ус зөөж усалж, зэрлэг зулгааж өгсөн. 8  дугаар сарын эхээр би найз Бөхөөгийн хамт очоод огурцы усалж байхад Х гэдэг хүүхэн нөхрийн хамт орж ирээд огурцы авах талаар яриад  хэрүүл хийгээд Д эгчийг элдвээр хэлээд огурцыг нь авч чулуудаад байсан. Би дахин гол руу явах гээд үүд рүү явж байхад Х гэх хүүхэн нь Д эгчийг заамдаж аваад үснээс нь зулгаагаад, толгой руу нь гараараа 2-3 удаа цохиод байхаар нь би та хоёр болиоч гэхэд Х больчихсон. Тэгээд Д эгч зэрлэгээ зулгаах гээд мөр рүүгээ ороход араас нь ургаж байсан огурцынээс зулгааж аваад чулуудаад байснаа үглээд гараад явсан. Би гол руу ус руу явсан. Х гэх хүний нөхөр нь орж гараад явж байсан. Тухайн үед Д эгчийн хүзүү нь урд хэсгээрээ шалбарчихсан, үс нь сэгсийчихсэн байсан бөгөөд би харж байсан болохоор толгой руу нь 2-3 удаа цохиод авсан. Х бол зодуулаагүй. Энэ асуудлаас хойш би 8 дугаар сарын 10-д гаргаад нэг удаа очиж зэрлэг зулгаасан. Тэгээд би дахиж очоогүй. Тэр үед Х харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ю.Хын мэдүүлсэн: ...Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байх хамтарсан хүлэмжинд нарийн ногоо тарьсан бөгөөд тэр хүлэмжинд тарьсан ногооноос болоод Дтай хэрүүл маргаан хийж байгаад би Дгийн нүүр, хацар хэсэг рүү хоёр удаа өөрийн баруун гараараа алгадсан. Өөр цохиж, зодоогүй. Бид хоёр хамтарч тарьсан нарийн ногооноос болж хэрүүл маргаан гарсан. Миний тарьсан помидор өвчлөөд ургаагүй. Харин Дгийн тарьсан огурцы ургасан бөгөөд би огурцы авахаар болсон. Анх бид хоёр тарихдаа хоёр, хоёр мөрөөр нь хувааж авна гэж тохирсон байсан бөгөөд ургаж дууссаны дараа намайг талбайд оруулаагүй. Үүнээс болоод л хэрүүл маргаан хийх болсон. Би Дгийн биеийн нүүр, толго, хацар хэсэг рүү 3 удаа баруун гараараа алгадсан. Өөр гар хүрч цохиж, зодоогүй. Энэ асуудлаас болж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл үүссэн. Өөр гэмтэл, бэртэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 417 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Дгийн биед тархи доргилт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Өмнө нь гэмтэл учирч байсан эсэхийг тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36 хуу/  

 

Б.Дцэцэгийн Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 02-03 хуу/

Иргэний мэдээлэл /хх-ийн 47-48 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 55 хуу/

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 179 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 08 дугаар сарын сүүл үеэр А аймгийн Э сумын .. дугаар багийн Б гэх газарт хохирогч Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ю.Х нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 08 дугаар сарын сүүл үеэр Ааймгийн Э сумын .. дугаар багийн Б гэх газарт хохирогч Дг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Дгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагт байх нарийн ногооны хүлэмжинд өөрийн ногоогоо үрсэлгээ тарьж ургуулж байхад Х гэх эмэгтэй ирээд хэрүүл маргаан хийж, миний хүлэмжинд ирээд чамаас би огурцы авах ёстой гээд хэрүүл маргаан хийж байгаад намайг заамдаад миний толгой, тархи руу гараараа цохисон. Харин миний тарьсан ногоо ургасан бөгөөд Х гэх эмэгтэй манай хүлэмжинд ирээд хэрүүл маргаан хийж намайг цохиж, зодох болсон. Миний биед энэ гэмтлийг Х гэх эмэгтэй учруулсан. Миний толгой руу гараараа 3 удаа цохисон. Мөн толгойтой үснээс гараараа зулгааж миний өмсөж явсан хувцасны захаар миний хоолойг нэг удаа боосон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.А мэдүүлсэн “Х надад хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагт байх бид нарын дундын нарийн ногоо тарьсан хүлэмжинд очоод нарийн ногооны зарим ургаагүй асуудлаас болоод хоорондоо маргалдаж хэрүүл, маргаан хийж, бие биеэ цохиж, үснээс нь зулгаасан гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын эхээр хүлэмжинд усалгаа хийж байхад Х нөхрийн хамт ирээд огурцы авна гэж хэлэхэд Д эгч өгөхгүй, би өөрийн хөдөлмөрөөрөө хийсэн юмыг юу гэж та нарт өгдөг юм гэсэн чинь үүдний ойролцоо урд талын эхний хоёр гурван эгнээний огурцыг хугалаад газарт шидчихсэн. Тэгээд би авна, авах ёстой гээд хэрэлдээд, хэл амаар доромжлоод байсан. Эгч огурцы хугалаад байх юм, болиоч гэхэд нь Х үснээс нь зулгаагаад үсдчихсэн чинь эгч бөхийчихсөн байхаар нь би больцгоо гэхэд больсон. Х огурцыг нь авах гээд ирсэн бөгөөд эгч би өөрөө тарьж ургуулсан юм чинь юу гэж өгдөг юм гэж хэлэхэд Х дайрч давшлаад орилж хашгичаад элдвээр хэлж байснаа эгчийн үснээс зулгаагаад, доош нь дарчихсан байсан. Дараа нь эгчийг харахад үс нь сэгсийчихсэн, хүзүүнээс боосон юм уу, маажсан гэмээр хумасны соривнууд гарчихсан байсан. Мөн толгой руу нь хэд, хэдэн удаа цохьчихлоо гэж хэлж байсан”, “манай эгчтэй энэ жил хамт ногоо тарьсан Ю.Х гэдэг эмэгтэй манай эгчийг цохиж, зодож биед учирсан гэмтлийг учруулсан. Манай эгч надад хэлэхдээ миний тархи, толгой руу 3 удаа гараараа цохиод авлаа гээд байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 26-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.ДМмэдүүлсэн “Манай эхнэр нэг удаа үснээс нь зулгааж нэг удаа гараараа хацар руу нь алгадсан. Манай эхнэр Дг үснээс зулгааж нэг удаа хацар руу нь алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Оын мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байх нарийн ногооны хүлэмжинд Б гэдэг найзтайгаа хамт очиж ус зөөж ногоо усалж байхад Х гэх эмэгтэй нөхрийн хамт ирээд орилж чарлаад хоорондоо хэрүүл маргаан хийж Д эгчийг үснээс зулгааж, толгой руу нь гурван удаа цохиж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийнх 31-32, 33-34/, Ю.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байх хамтарсан хүлэмжинд нарийн ногоо тарьсан бөгөөд тэр хүлэмжинд тарьсан ногооноос болоод Дтай хэрүүл маргаан хийж байгаад би Дгийн нүүр, хацар хэсэг рүү хоёр удаа өөрийн баруун гараараа алгадсан. Би Дгийн биеийн нүүр, толгой, хацар хэсэг рүү 3 удаа баруун гараараа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, хохирогч Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 417 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С овогт Ю Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ю.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ю.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Хохирогч Д болон түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар нь “цагдаагийн байгууллагад Ю.Х нь Дгийн өөрийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан нарийн ногоог дур мэдэн авч зарж борлуулж, дээрэмдсэн үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан. Гэтэл өргөдөл гомдол гаргаагүй зодсон гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, Дгийн дээрх гомдлыг шалгахгүй орхигдуулсанд гомдолтой байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж Ю.Хын булаалт, дээрмийн үйлдлийг шалгуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгааг шүүх хангах боломжгүй гэж үзэв.

 

Учир нь: Дгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Баянбулагийн нутаг дэвсгэрт байх ногооны хүлэмжинд тарьж, ургуулж байсан өргөст хэмхийг Ю.Х гэх эмэгтэй бүгдийг нь авсан гэх гомдолд зөрчлийн хэрэг нээж шалгах явцад Д нь бусдад зодуулж гэмтэл авсан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Хыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул хохирогч Дгийн Ю.Хд дээрэмдүүлсэн гэх гомдолд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй болно. 

 

Шүүгдэгч Ю.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ю Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Хыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

4.  Шүүгдэгч Ю.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ю.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ю.Хд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ