Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05884

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05884

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 2 дугаар гудамж 0 тоотод оршин суух З.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, гудамж 0 тоотод байрлах   А сургуульд холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон,  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Э, нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.   

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч З.Э миний бие тус байгууллагад 2010 онд лаборантаар ажилд ороод 2015 оноос номын санчаар ажиллах болсон. Ажиллаж хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2016.07.01-ны өдрийн огноотой ажлаас халсан тушаалыг 2016.07.04-ны өдөр өгсөн болно. Захирал он  гарсаар багш ажилтан нарын явган хов живээс үүдэлтэйгээр намайг дарамтлаад өрөө өргөдлөө бичиж өг гэж шахах болсон. Үүнийг бичиж бөгөөгүй болохоор эрүүл мэндийн шалтгааны улмаас гээд ажлаас халж  байгаа болов уу гэж миний бие үзэж байна. Миний бие өнөөдөр ямар нэгэн байдлаар өвдөж байгаагүй тул шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А дугаар дунд сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: “... Тус сургуульд номын санчаар түр тушаалтай ажиллаж байсан З.Э нь 2016 оны 06 дугаар сарын сарын 15-наас ээлжийн амралтаа амрахаар захирлын А/36 тоот тушаал гаргасан боловч өөрөө би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа гэсэн. Учрыг нь лавлахад: Миний эрүүл мэнд тааруу байна, би бас цаашид суралцах хүсэлттэй байгаа учир ажлаас чөлөөлөгдье гэсэн, бид хоёр ярьж байгаад 06 дугаар сарын 20-ны өдөр А/41 тоот тушаалаар номын сангийн ажил хүлээлцэх тушаал гаргаж, ээлжийн амралтыг 06 дугаар сарын 27-ноос болгон ажил хүлээлцэх хугацааг оруулж 2016 оны 06 сарын 27-наас эхлэн амрахаар болсон ба 2016 оны 06 дугаар сарын 23-аас тойрох хуудас зуруулан ямарч асуудалгүй амраад явсан. Миний бие 2016 оны 07 дугаар сарын 03-нд албан ажлаар БНСУ явах ажилтай байсан ба хэрэв би өөрөө номын санч З.Эг ажпаас чөлөөлөх байсан бол тухайн ажилтны ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа халагдах тушаал гаргах ба хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу сарын өмнө “мэдэгдэл” өгч ажпаас чөлөөлөх тушаал гаргах хуулийн үндэслэлтэй. Гэтэл шинээр ажилд орсон нарийн бичгийг дарамтлаж, амралтынхаа хугацааг дуусаагүй байхад ажлаас гарсан тушаалаа гаргуулж авсан байна. Иймээс би З.Этай холбогдох нэхэмжлэлийг хүчингүй гэж үзэж байна. Үүнд: 1-рт. Ажил олгогчоос ажпаас чөлөөлөх тушаал гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад ажпаас чөлөөлсөн тушаал 2016 оны 07 дугаар сарын 01-нд гаргасан байхад нэхэмжлэл гаргасан огноо 2016 оны 08 дугаар сарын 02-нд гаргасан байсан нь хуулийн хугацаа дууссан байна. 2-рт. Ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад өөрөө ажлаас гарах тушаалаа нэхэн байж гаргуулан авсан нь энэ хүний хувьд ажилгүй байсан хугацаа байгаагүй, 2016 оны 06 дугаар сарын 27-аас амарсан хүн ажлын 17 хоног амрахад 2016 оны 08 дугаар 31-нд ажилдаа орох эрх нь байгаа боловч болосвролын салбарын амралтын даатгалын дэвтрийн болж 08 дугаар сарын 20-ноор орох нөхцөлтэй байдаг. Иймээс нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлөлт бичигдэх эрх зүйн үндэс байхгүй байна. Иймээс дээрх хууль эрх зүйд үндэслэж энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй өгнө үү. Ажил олгогч миний зүгээс тухайн ажилтныг санаачлагаар халаагүй одоо ч гэсэн ажлын байр нь байсаар байна. Гэтэл сургууль эхлэх гээд шинээр татах ном сурах бичиг авах олон ажлууд байхад өөрөө санаачлагаараа гарна гээд хүсэлт гаргачихаад нэхэмжлэл гаргасан байгаа нь тухайн хүний ёс зүйн хувьд хүртэл гайхшрал төрүүлж байна. Иймээс дээрх З.Эгийн холбогдолтой нэхэмжлэлийг хууль эрх зүйн байдлаас нь авч үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, нотлох баримтыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч А дугаар дунд сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

           Хариуцагч А дугаар дунд сургууль нь хариуцагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Э нь А дугаар дунд сургуульд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралт авсан Н.Т-н оронд номын санчаар ажилласан болох нь тус сургуулийн захирлын 2015 оны Б/20 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбараар тогтоогджээ /хх-3-4, 36/.

 

А дугаар дунд сургуулийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/52 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсгийг баримтлан номын санч З.Эг биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ /хх-2/.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, ямар нэгэн байдлаар өвдөж байгаагүй гэж тайлбарлаж эрүүл мэндийн хуудас, эрүүл мэндийн дэвтрийг шүүхэд баримтаар гаргасан байна /хх-23, 33-34/.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан, ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад ажлаас халагдах тушаалаа өөрөө нэхэж гаргуулан авсан гэж маргаж, шүүхэд багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай А/36 дугаар тушаал, цагийн тооцоо, ажил хүлээлцэх тооллогын комисс томилох тухай А/41 дүгээр тушаал, тооцооны хуудас баримтыг гаргасан боловч тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар гаргах шаардлагыг хангаагүй тул шүүхээс үнэлээгүй болно /хх-13-18/.

 

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд тодорхойлсон ба ажил олгогчийн шийдвэр нь агуулга, үндэслэлийн хувьд эдгээр зүйлийн аль тохирох зохицуулалтад нийцсэн байх ёстой. Гэтэл ажил олгогчийн тушаалд хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсгийг дурдсаныг тохирох зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг мөн хуулийн 39 дүгээр зүйлд зохицуулсан ба ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгөхөөр хуульчилжээ. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ажилтан З.Э ажлаас халагдах өргөдлөө ажил олгогчид гаргасан гэх байдал тогтоогдоогүй.

 

Мөн хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийг “эрүүл мэнд тааруу, цаашид суралцах хүсэлттэй байгаа учир ажлаас чөлөөлөгдье гэсэн” гэж дурдаж, тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх болсон” гэж заасан байх боловч хариуцагч уг үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болох боловч эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрийг үндэслэнэ.

 

Ажил олгогчийг төлөөлөн захирал Б.Э 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/52 дугаар тушаалд гарын үсэг зурж, байгууллагын тэмдгээр баталгаажуулсан атлаа нэхэмжлэгчийг ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад ажлаас халагдах тушаалаа өөрөө нэхэж гаргуулан авсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй, мөн тушаалыг нэхэмжлэгч З.Эд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гардуулсан болох нь нарийн бичиг Ц.З-н тодорхойлолтоор тогтоогдож байх /хх-12/ тул 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч З.Эг А дугаар дунд сургуулийн номын санчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэж ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч  нь хариуцагчийн тайлбарт дурдсан 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор авснаа маргахгүй байх тул түүнд уг хугацаанаас эхлэн шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааны ажлын 21 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг цалингийн тодорхойлолт /хх-35/-ыг үндэслэн тооцож 409.815 төгрөг /419.582/21.5*21/-ийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй. 

 

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж хариуцагчид шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-22, 25, 31, 32/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Э-г А дугаар дунд сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч А дугаар дунд сургуулиас 409.815 /дөрвөн зуун есөн мянга найман зуун арван таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  нэхэмжлэгч З.Э-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч А дугаар дунд сургуульд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч А дугаар дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 12.944 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЗОЛЗАЯА