| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/06076/и |
| Дугаар | 101/ШШ2016/05903 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2016/05903
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/05903 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, орбитын 0 тоотод оршин суух Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж таун 0 дугаар байр 0 тоотод оршин суух Ш.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, түүний төлөөлөгч Ц.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “… Б миний бие Ш.Бтэй 2015.11.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийг 3.5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар 2016.02.27-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 79 хоногийн алданги үндсэн зээлийн хамт 9.000.000 төгрөг түүний хүү болох 945.000 төгрөгийн хамт 13.500.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “… Ш.Б миний бие 2015 оноос Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Байгүуллагын соёл үйлчилгээ, маркетингийн албаны маркетинг хариуцсан ажилтан, зохион байгуулагчаар ажиллаж байна. Миний өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэгт байршилтай 2 өрөө байраа худалдан борлуулах хүсэлтэйгээр 2015 оны эхэн сараас 2015 оны 11 дүгээр cap хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, найз нөхөд, ажлын хамт олны хүрээнд мэдээлэл өгч яригдаж байсан. 2016 оны 10 дугаар сард ажилчдаас сонслоо таныг байр зарах гэж байгаа гэсээр манай ажлын техникийн албаны техникч ажилтай Ц.Б миний ажлын өрөөнд ирж надтай уулзсан эхний ээлжинд байрыг чинь үзье гээд Ц.Б болон түүний нөхөр болох залуугийн хамт очиж байраа үзүүлсэн. Хэд хоногийн дараа Ц.Б миний ажлын өрөөнд ирж бид 2-т танай байр маш их таалагдалаа худалдаж авмаар байна ипотекийн 8%-ийн зээлд хамрагдах хүсэлтэй гэхдээ урьдчилгаа 30% хүрэхгүй байна яах вэ Б эгчээ одоо бид 2-т бэлэн байгаа нь 9 сая төгрөг байна гэсний дагуу бид 2 ярилцаад эхний ээлжинд 15 сая төгрөг зээлүүлээд хүүнд нь сууж байгаад 1 жилийн дараа ипотекийн зээлийн урьдчилгаа болох 30%-ийг бүрдүүлэн худалдан авахаар тохиролцсон юм. 2-3 сарын дараа 16 сая болгон өгөх санал тавьсан тэгэхэд нь би нэгэнт та 2 худалдан авах л юм бол надад мөнгөний яаралтай хэрэг гараад байна 9 сая төгрөгөө түрүүлээд өгчөөд үлдсэн 6 сая төгрөгөө өгөхөд чинь би байраа суллаж оруулья санаа зоволтгүй боломжтой бол нөхөртэйгөө зөвлөлдөөд эргээд хариу хэлээрэй үүнээс өөрөөр эгч нь зохицуулж өгөх арга алга өөр боломжтой хувилбар ч байхгүй байна гэж ярилцаад эргээд уулзъя гээд гарсан. 2015 оны 11 сарын 27-нд өдөр Б нөхөр бид 2 ярилцаад эхний ээлжинд мөнгө өгөөд мөнгөнийхөө хүүнд сууж байгаад жилийн дараа худалдан авна одоо та мөнгөө авч бай бид 2 удахгүй гүйцээж өгөөд байрандаа орьё шинэ жилээс өмнө орчих юмсан гэж хэлээд цайны цагаар гарч мөнгө өгч авсан гэрээ хийхээр болсон. Гэрээ хийгдэх явцад Ц.Б та мөнгийг урьдчилаад авч байгаа болохоор зээлийн гэрээ хийе манай нөхөр найдвартай үүднээс энэ нь дээр гэсэн гээд зээлийн гэрээ хийсэн хүүг нь яаж хийх вэ гэж нотариатийн ажилтан асуусан гэтэл Ц.Б мөн л хүүтэйгээр хийсэн нь дээр байхаа гэсэн санал оруулсан миний хувьд татгалзах бодол огт төрөөгүй учир нь энэ хүмүүс л мөнгө нэмж өгөх болохоор гэсэн бодолтой байснаас анзаараггүй хандсанаа шүүхэд хандах үед ойлгож байна. Миний хувьд байрандаа ороогүй байхад нь урьдчилж мөнгийн авч байгаадаа сэтгэл зовнин зөв сэтгэгдэл үлдээхийн тулд чи өөрөө мэдээд гэрээгээ сонго эгч нь чамаас мөнгө авч байгаа болхоор чи л өөртөө тааруулаад хийчих гээд гэрээ хийсэн. Харин нотариатийн ажилтан мөнгөний зээлүүлсэний барьцаанд юу тавих вэ гэхэд нь би өөрийн нэр дээр байсан гражаа бичүүлсэн гэхдээ энэ гражыг үл хөдлөхөд бүртгүүлэхгүй зарах бодолтой байгаагаа тухайн үед Ц.Б хэлсэн. Үүнээс хойш cap гарны дараагаас би асуусан мөнгөө бүрдүүлсэн үү юу болцгоож байна гэхэд би таньтай тухтай уулзанаа ойрын үед ажил ихтэй байна гээд дахиад 1 cap гаран болсон тэгээд дахин таарахдаа уулзая гээд манай өрөөнд уулзацгаасан ингэхдээ байр авч чадахаа байлаа нөхөр угаасаа хүнд өвчтэй байсан одоо хагалгаанд удахгүй орно мөнгө хэрэгтэй болоод байна таньд өгсөн мөнгөө харин эргүүлж авмаар байна гэхэд нь би өөр асуудал байсан бол би та 2-т эргүүлж өгөхөд маш хэцүү гэхдээ өвчин зовлонтой хэцүү байгаа бол эгч нь болгох гээд оролдоё бэлэн өгөх мөнгө байхгүй та нараас авсан мөнгө чинь мэдээж байхгүй мөнгөний яаралтай хэрэгцээ түхайн үед гарсан болохоор түрүүлээд авсныг мэдэж байгаа биз дээ гэж хэлж хэлсэн. Боломжтой бүх л хүнээс асууж суръя гэхдээ нэг доор бүгдийг нь буцаан өгч чадахгүй байх эхний ээлжинд 5 саяыг ч болов түрүүлж өгье гэж хэлээд салсан үүнээс хойш миний хувьд төлөвлөсөн төлөвлөгөө, зохицуулсан асуудалууд эргэн урган гарч мөн байр зарах зараа зогсоож хэдэн cap болсон байсан энгээд ар араасаа асуудал үүсэж эхлэсэн, цаг хугацаа алдсан гэсэн хэдий ч ямар ч байсан маш хүнд өвчтэй гэж байхад нь мөнгийг нь өгчих хүслээр боломжтой бүх л хувилбарыг бодож байлаа. Энэ хугацаанд Бийн нөхөр гэх хүн удаа дараа элдэв дугаараас залган үг хэлээр доромжилж байсан. Нөхөрийхөн зүй бус авирласаныг нь хэлээд, чи нөхөрөө хүнд өвчтэй эмчилгээний мөнгө яаралтай гээд, нөхөр чинь наймаа хийнэ гээд зөрөлдөөд байна ярьсан зүйлүүд чинь гэхдээ би та 2-оос мөнгө авсан нь үнэн өгөх ёстой одоо шууд өгчих мөнгө байхгүй болхоор 1 cap хүлээвэл 5 сая төгрөг эхний ээлжинд өгье гээд яаж зохицуулж өгөх талаар, одоо ийм шалтгаанаар мөнгөгүй байгаа түхайгаа тайлбарлаж хэлж ярьсан. Гэтэл Ц.Б хэлэхдээ нөхөр одоо л өгөхгүй бол шүүхэд өг гэсэн гэх зүйлийг хэлсэн. Ц.Бт байр зарах гэж байгааг ч манай ажлын ажилтнууд болон манай гзйранд одоо амьдарч байгаа эхнэр нөхөр ч гэрчлэнэ. Иймд шүүхэд гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “... Таныг байр зарна гэж ажилчдаас сонслоо гэсээр манай ажлын техникийн албаны техникч ажилтай Ц.Б 2015 оны 10 дугаар сарын дундуур надтай уулзан, нөхрийн хамт очиж байрыг үзсэн. Тэрээр “ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувь хүрэхгүй байна, ипотекийн зээлийн урьдчилгааг бүрдүүлсний дараа байрыг чинь худалдан авая” гэсэн. Нэгэнт худалдан авах юм бол байгаа 9 сая төгрөгөө өгчих, 6 сая төгрөгийг өгөх үед чинь байраа суллая, 15 сая төгрөгний хүүнд нь тооцож, байранд маань амьдар” хэмээн хариу өгсөн ба тэр зөвшөөрсөн. Гэрээг 2015.11.27-нд байгуулах болоход тэрээр “орон сууцны төлбөрийн зарим хэсгийг урьдчилан өгч байгаа болохоор Зээлийн гэрээ байгуулая, уг гэрээг хүүтэйгээр хийе” гэсэн. Уг саналаас миний бие татгалзаагүй. Гэтэл удалгүй орон сууц худалдан авахаа больлоо, мөнгөө хүүтэй нь авмаар байна хэмээн шаардаж эхэлсэн. Тэрээр гэрээнд заасан мөнгөө надад өгөөгүй ба иргэн Дагвадоржоос 2015.11.27-нд 8.500.000 болон 500.000 төгрөг миний данс руу шилжиж орж ирсэн. Тэгэхээр Ц.Б нь орон сууц худалдан авах гэж байгаа сэтгэгдлийг надад төрүүлж, улмаар зээлийн гэрээ байгуулсан байх ба зээлдүүлээгүй мөнгөө, хүүгийн хамт шаардах нь хуульд нийцэхгүй юм. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2015.11.27-ны зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “... Ш.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Бгийн нэхэмжлэлд дурдсанчлан түүний байрыг худалдан авах урьдчилгаа болгож 9 сая төгрөг өгсөн болон 6 сая төгрөг нэмж өгөөд байрны үнийн дүнгийн 30 хувийг бүрдүүлж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагүй тул ийм агуулгатай зүйл бичсэн нь үндэсгүй ташаа байна. Орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болох яриа гарч байсан тэр үед би нөхөр Дагвадоржийн хамт тэдний байрыг очиж үзсэн боловч бидэнд 9 сая төгрөгнөөс илүү мөнгө байхгүй, 6 сая төгрөг олж өр зээл тавих бодолгүй байсан ба орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувь хэвээр болохоор байр сонирхох боломжгүйг мэдээд мөнгөө нөхрийн дансанд хадгалж байсан. Б нь надад мөнгө хэрэгтэй байгаа тул чи 9 сая төгрөгөө өгчих дээр нь 6 сая төгрөг олж өгөөд нийт 15 сая төгрөгний хүүндээ манай байранд амьдар гэх санал хэлэхэд нь манайх байр түрээслэх шаардлагагүй учраас би зөвшөөрөөгүй. Тэр ийм санал тавьж байсан болохоо нэхэмжлэлдээ дурдсанаар надаас мөнгө зээлж хүүнд нь өөрийн байранд суулгах санаатай байснаа нотолсон байна. Өөрөөр хэлбэл байрыг нь худалдаж авах урьдчилгаа болгон түүнд 9 сая төгрөг өгч байгаа бол ямар нэг хүү, хүүнд нь байранд суух тухай яригдахгүй төдийгүй зээлийн гэрээ биш орон сууц худалдах, худалдан авах гэрээ байсан нь тодорхой. Харин Б нь надад хандан мөнгө зээлдүүлээч гэж удаа дараа хүсэж байсан тул энэ талаар нөхөртөө хэлэхэд тэр хүүтэй, барьцаатай бол зээлүүлж болох л юм гэсэн. Би Бгээс зээлийн барьцаа байгаа эсэх, хэдэн хувийн хүүтэй зээлэх талаар асуухад өөрийн өмчлөлд бүртгэгдсэн машины зогсоолыг барьцаалах, 4 орчим хувийн хүүтэй зээлж авах тухай хэлэхээр нь нөхөр бид хоёр зөвлөлдөөд 9 сая төгрөгөө Бд зээлүүлэхээр болсон. Тэгээд 2015 оны 11 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, нөхөр Дагвадоржийн данснаас мөнгөө шилжүүлсэнийг Б хүлээн авсан болно. Иймд би зээлийн гэрээний дагуу мөнгөө Бгээс шаардах эрхтэй, зээлийн гэрээ сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээний дагуу 9 сая төгрөгийг зээлдэгч Б өөрөө хүлээн авсан тул түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ш.Б нь орон сууцны урьдчилгаанд 9.000.000 төгрөг авсан, мөнгө зээлээгүй гэж маргаж байна.
Хариуцагч Ш.Б нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээ шүүх хуралдаанд татан авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар ийнхүү нэхэмжлэлээ татан авах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ш.Бд 9.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлөх нөхцлөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-3/.
Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний дагуу мөнгө зээлдүүлсэн гэж, хариуцагч миний орон сууцыг худалдан авахаар урьдчилгаа төлсөн, мөнгө өгснийг баталгаажуулж зээлийн гэрээ хийсэн гэж тус тус тайлбарлаж байна.
Хариуцагч Ш.Бгийн дансанд зээлийн гэрээ байгуулсан өдөр 9.000.000 төгрөгийг Дагвадорж шилжүүлжээ /хх-33/.
Нэхэмжлэгч Ц.Бээс нөхөр Ц.Дагвадоржтой зөвшилцөж гэр бүлийн мөнгөн хөрөнгөө хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарласан нь шүүхэд нотлох баримтаар гаргасан гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны тодорхойлолт, нөхөр Ц.Дагвадорж болон дүү Ц.Дүүрэнбаяр нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна /хх-33, 47-49, 73-74/.
Иймд нэхэмжлэгч Ц.Бийг хариуцагч Ш.Бд 9.000.000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэх үндэстэй.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба миний орон сууцыг худалдан авахаар урьдчилгаа төлсөн, мөнгө өгснийг баталгаажуулж зээлийн гэрээ хийсэн гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй байна. Хариуцагчийн худалдах орон сууцыг нэхэмжлэгч Ц.Б нөхөр Ц.Дагвадоржийн хамт үзэж байсан болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр нотлогдож байгаа ч энэ байдлыг зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид 9.000.000 төгрөг шилжүүлсэн байх тул зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл төлөхийг шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний 1-д сарын 3.5 хувийн хүү төлөх, 3-д зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тоож алданги төлүүлэхээр тус тус заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээнд заасан хүү болон гэрээний хариуцлага алданги төлөхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэлд зээлийн хүү 945.000 төгрөг, 79 хоногийн алданги 3.555.000 төгрөг нэхэмжилсэн ба сарын хүү 315.000 /9.000.000*3.5%/ төгрөгийг 3 сараар тооцож 945.000 төгрөг, хоногийн алданги 45.000 /9.000.000*0.5%/ төгрөгийг 79 хоног /зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр/-оор тооцож 3.555.000 төгрөг тооцсон нь тус тус хууль болон гэрээнд нийцжээ.
Иймд хариуцагч Ш.Бгээс зээл 9.000.000 төгрөг, зээлийн хүү 945.000 төгрөг, алданги 3.555.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Бгээс 13.500.000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Ш.Б нэхэмжлэгч Ц.Бт холбогдуулан гаргасан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 6.510 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Бт, хариуцагчийн төлсөн 225.450 төгрөгийг хариуцагч Ш.Бд тус тус буцаан олгож, хариуцагч Ш.Бгээс 225.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА