Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2016/05914

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2016/05914

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 0 тоотод оршин суух Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, сэлбийн 23-0 тоотод оршин суух П.С-д холбогдох

 

20.700.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, хариуцагч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргарсан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... П.С нь миний нөхөр Дтой дээд сургуульд хамт сурч байсан бөгөөд бид мэргэжил нэгтэй оюутан цагийн найзууд. Манай гэрийн утсаар 2009 оны 7-р сарын 02 өдөр манай нөхөртэй С утсаар ярьсан юм. Нөхөр маань надад чи бид хоёроос өөр цаадахад чинь дуслах хүн байхгүй шүү дээ, хоёулаа туслах ямар боломж байна туслахгүй бол цаадах чинь бие муу байх шиг байна Хэнтий аймгийн мөрдөнд...” гэсэн. Би Хэнтий аймагт очиж бусдад төлөх өрийг нь төлж мөрдөнгөөс гаргаж авсан. Бусдад төлсөн мөнгө болох 18.600.000 төгрөгийг удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд миний бие 2013.09.13 өдөр УБ хотод хөөцөлдөж байж Сосоржавтай уулзаад төлбөр барагдуулах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан бөгөөд уг төлбөрөөс 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 13.600.000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд иргэн П.Саас 13.600.000 төгрөг, гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүгээс 0.5 хувийн алданги тооцож 6.800.000 төгрөг, 2013.10-р сараас хойш УБ хот руу удаа 3 удаа явсан зардал 300.000 төгрөг нийт 20.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч П.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Эгийн  нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг  гаргаж байна. Уг нэхэмжлэлээс дараах төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна.  Үүнд: Хот руу 3 удаа явсан зардал, хүүгийн төлбөр зэргийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Гэрээнд хот руу явах зардлыг төлнө гэж тохироогүй. Э надад Хэнтий аймгийн халдвартын тасгийн хуучин байрыг засварлаж үнэлж хүний өрөнд өгсөн. Төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгээгүйг ойлгож байгаа байх гэж бодож байна. Би эрүүл мэндийн хувьд эрс доройтож одоо групп-д байгаа хавдрын улмаас  миний 2015 онд 2 удаа хүнд мэс засалд орж одоо хоол унд идэж чадахгүй удаан ярьж чадахгүй ажиллаж чадахгүй гэр зуурт амьдарч байдаг. Биеийн байдал улам хүндэрсэн 2016 оны 4-р сараас хавдар дахин идэвхжиж томорсон. Олон удаа эмнэлэгт хэвтэж эмнэлэг гэр хоёрын хооронд байна.  Иймд үндсэн мөнгөнөөс бусад нэхэмжлэлийг төлөх боломжгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч П.Ст холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөр 13.600.000 төгрөг, алданги 6.800.000 төгрөг, төлбөр нэхэмжилж Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу 3 удаа явсан зардал 300.000 төгрөг, нийт 20.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.С нь үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө, алданги, зардлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2009 оны 7 дугаар сард хариуцагчийн гуйлтаар бусдад төлөх өр 18.600.000 төгрөгийг төлснийг хариуцагч маргаагүй ба тэдний хооронд зээлийн гэрээ харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй. Мөн нэхэмжлэгч өр төлбөр төлснийг нотолно гэж тайлбарлаж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3/849 дүгээр албан бичгийг шүүхэд гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй /хх-21/.

 

Дээрх зээлийг төлөх талаар зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5.600.000 төгрөгийг тус тус төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-5/.

 

Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчийн хэн аль нь маргаагүй. Мөн хариуцагч зээлийн төлбөрөөс 5.000.000 төгрөгийг төлж, 13.600.000 төгрөгийг төлөөгүй нь маргаангүй байна.

 

Харин нэхэмжлэлд алданги 6.800.000 төгрөг, мөн замын зардал 300.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Төлбөр барагдуулах гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийх, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч П.Саас алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232.4-д зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй ба нэхэмжлэгч уг хязгаарлалтад нийцүүлэн 6.800.000 төгрөг /13.600.000*50%/ нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 2 жил 9 сар 25 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх ба нэг хоногт тооцогдох алданги 68.000 төгрөгөөр тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхээр байна.

 

Нэхэмжлэгч шаардах эрхээ нотлож, хариуцагчийг эрэн сурвалжилж байсан талаарх Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 143-3/115, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 143-3/187 дугаар  албан бичгүүд, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 894 дүгээр шийдвэр, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21189 дүгээр захирамж, Тахарын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр албан бичгийг шүүхэд гаргасан байна /хх-8, 20-26/.

 

Нэхэмжлэлд 2014 оны 1, 3, 11 дүгээр сард Шунхлай ШТС-аас 301.000 төгрөг /50.000+191.000+60.000/-ийн шатахуун худалдан авсан баримтуудыг хавсаргасан байх боловч эдгээр нь нэхэмжлэгч Э.Эг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явсныг нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч П.Саас үндсэн төлбөр 13.600.000 төгрөг, алданги 6.800.000 төгрөг, нийт 20.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Саас 20.400.000 /хорин сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Саас 259.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эрдэнтуяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 261.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА