Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0218

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Б-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Цагдаагийн ахмад Д.Б-т сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/356 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “ ...Хариуцагчаас нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчилд нь нийцсэн эсэх, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн эсэх, зөрчлийн хэлбэр, хэмжээ, зөрчлийг шалгаж тогтоосон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь засаг, захиргаа, орон нутгийн онцлог /алслагдмал/, бичгийн хэргийн бараа, материал, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн тоо хязгаартай байдаг нөхцөл байдлаас шалтгаалсан байдаг ба түүнийг гаргасан зөрчлөөс шалтгаалан хэн нэгэн этгээдэд хохирол учраагүй байдаг.

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнөх хугацаанд гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах, гаргасан зөрчлийн тоо, хэмжээ /мөнгөн дүн/-г нэмэгдүүлж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад дээд шатны байгууллага, албан тушаалтан түүнийг хяналгүйгээр шийдвэр гаргасан байдаг.

Хэдийгээр нэхэмжлэгч өөрт хамаарал бүхий этгээдээс бичиг хэргийн болон принтерийн хор худалдан авсныг зөвтгөхгүй ч гэлээ түүний гаргасан зөрчлийн хэлбэр, хэмжээнд тохирсон шийтгэлийг ногдуулаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар дотоод хяналт, шалгалтаа хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийсэн бол нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд 8 удаагийн үйлдлээр 5 сая төгрөгийн хохирол учруулсан гэж танилцуулга үйлдэхгүй байх байлаа.

Дээр дурдсанаар зөрчлийг үнэн зөв шалгаж, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг баримталсан бол нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т заасан “ноцтой зөрчил”-д тооцогдохгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Баас “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/356 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

Дээрх маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/356 дугаар тушаалаар “Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.6-д заасныг зөрчсөн” гэж үзэн, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн дэд ахмад цолыг хураасан байна.

Нийтийн албан тушаалтан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тодорхой зохицуулсан, хэрэв уг хориглолтыг зөрчсөн тохиолдолд нийтийн албанаас халахаар хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д тусгасан,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3 дугаар зүйлийн 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгохгүй” гэж заасан, мөн цагдаагийн алба хаагч нь уг ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халахаар тусгайлан зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Уранчимэгийн “Алтайн бүрэн хайрхан” ХХК-иас 2019-2020 онд 8 удаа нийт 5 000 000 төгрөгийн бичиг хэргийн материал худалдаж авсан нь тогтоогдсон, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Харин хамаарал бүхий этгээдээс бичиг хэргийн материал худалдаж авсан үндэслэлээ “... байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүйд хүрсэн гэж нярав хэлсэн тул бид ярилцаж, С.У-ийн дэлгүүрээс авахаар болсон. Нярав судалж, төсвийн ерөнхийлөн захирагч болох эрх бүхий этгээдийн заавар тушаалаар 2 дугаар гарын үсэг зурсан, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тогтмол явуулсныхаа төлөө ажлаас халагдаж байгаад гомдолтой” хэмээн хөдөө орон нутгийн бичгийн хэргийн материалын хүртээмж муу байдагтай холбоотойгоор зайлшгүй шаардлагын улмаас худалдан авалт хийсэн гэж тайлбарлажээ.

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт бичиг хэргийн материал нийлүүлэхээр “Б ш г” ХХК, Б.Г нараас үнийн санал ирүүлж байснаас үзэхэд зайлшгүй шаардлагын улмаас “Алтайн бүрэн хайрхан” ХХК-иас принтерийн хор худалдаж авсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, төдийгүй нийтийн албан тушаалтан болох нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эхнэрийн компаниас бичиг хэргийн материал болох принтерийн хор худалдаж авахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсхүл үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгож, хуулиар тогтоосон хориглолт болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2019-2020 онд нийт 8 удаагийн гүйлгээгээр “А б х” ХХК-иас принтерийн хор худалдаж авснаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “нийтийн албанаас халах” үндэслэл бүрдсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “түүний зөрчлөөс шалтгаалан хэн нэгэн этгээдэд хохирол учраагүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байхад заавал ямар нэгэн бодитой хохирол учирсан байхыг шаардахгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн эсэх, зөрчлийн хэлбэр, хэмжээ зэргийг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь нэхэмжлэгчийн гаргасан 8 удаагийн үйлдлийг тус тусад нь бие даасан зөрчил гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг үйлдэл тус бүр дээр нь тооцох нь боломжгүйгээс гадна нэгэнт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон байх тул гаргасан зөрчилд ногдуулах сахилгын арга хэмжээ өөрчлөгдөхгүй.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэн, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН