Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 902

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т , хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А , хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц , гэрч Г.Г нарыг оролцуулан Б.Э ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: Б ийн Э  

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Н ын У 

Гуравдагч этгээд: Э ийн А 

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны А/476 дугаар захирамжийн Н.У т холбогдох хэсгийг  хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын иргэн Б.Э  миний бие нь 2004 оноос хойш Налайх дүүрэг 5 дугаар хороо Г мөс .-.а тоотод амьдарсаар өдийг хүрсэн билээ. Тус хаяг дээрээ эхлээд нэг дүнзэн байшин, бүрэн сийлбэр бүхий 10 ханатай гэр барьсан бөгөөд 2006 онд А бясалгалын төвийг шинээр өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Мөн уг төвийн доорх газрыг ч эзэмшиж ашиглаж байсан билээ. Тухайн цаг хугацаанд уг газар нь бүртгэл хаягжилтад ороогүй байсан тул өмч хөрөнгөө, эзэмшиж байсан газраа улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй байсан. 2014 онд уг газар бүртгэл хаягжилтад орсон тул миний бие нутаг дэвсгэрийн харьяаллаар Налайх дүүргийн 5 дугаар хороонд албан ёсны оршин суугч болж албан ёсоор бүртгүүлсэн болно.

Энэ нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Гэтэл надтай 2006 оноос 2011 он хүртэл хамтран амьдарч байсан Н.У гэгч нь надад огт мэдэгдэлгүй бичиг баримт бүрдүүлэн Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт өгөн миний оршин суусаар ирсэн газрыг өөрийн эзэмшилд буюу эзэмших эрхийн 0005425.. дугаартай гэрчилгээг гаргуулан авсан байна.

Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл тухайн газрын алба нь Н.У ээс гаргасан хүсэлтийг судлан шийдвэрлэхдээ тухайн газар дээр нь ямар нэгэн барилга байшин байгаа эсэх, тухайн газрыг хэн нэгэн эзэмшиж ашиглаж байгаа эсэх, хэн нэгэн оршин сууж амьдарч байгаа эсэхийг огт шалгалгүйгээр газрын гэрчилгээг олгож тус хуулийн тус заалтыг зөрчсөн байна.

Миний бие тухайн газар эзэмших гэрчилгээг Н.У гаргуулан авсныг, дараа нь миний амьдарч байсан байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсныг огтоос мэдээгүй бөгөөд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.У ээс “өөрийн өмч, эзэмшиж буй газраас албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргаснаар мэдсэн юм.

Хэрэв газрын албанаас өөр хэн нэгэн уг газар дээр байгаа эсэх талаар шалгаж нягталсан /ядаж 5 дугаар хороон дээр очиж лавласан бол, тухайн газарт нь очиж үзсэн бол/ бол иргэн надад энэ талаар урьдчилан мэдэгдсэн бол миний бие өөрийн эзэмшиж буй газар, өмч хөрөнгөө алдахгүй байх байлаа.

Миний бие дээрх үндэслэл бүхий гомдлоо Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргахад 2016 оны 1 дүгээр сарын 13-ны 14 дугаартай албан бичгээр “хууль зөрчөөгүй" гэсэн утга бүхий хариуг ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Н.У нь газрын гэрчилгээг хууль бусаар гаргуулсны дараа Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст очин тухайн газар дээрх барилгыг өөрийн өмч гэж худал тайлбарлан баримт бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл гэрчилгээг гаргуулан авсан байна. Миний бие мөн л Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст энэ талаар гомдол гаргахад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 739 дугаартай албан бичгээр мөн хууль зөрчөөгүй гэсэн утга бүхий хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүртгэлийн хэлтсээс манайх буруугүй, газрын гэрчилгээ нь Н.У ийн нэр дээр байгаа тохиолдолд түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Н.У ийн нэр дээр бүртгэх ёстой гэж тайлбарласан. Энэ бүртгэл нь Монгол улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” заалтыг зөрчсөн байгаа юм.

Миний зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны байгууллагууд болох Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Нийслэлийн засаг дарга Э.Б-ү нарт гомдол гаргасан боловч гомдлыг минь барагдуулж өгсөнгүй.

Иймд Налайх дүүргийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны А/476 дугаартай иргэн Н.У т газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хууль бусад тооцож хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004... дүгээрт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б ийн Э  нь Налайх дүүргийн 5 дугаар хороо Г мөс .-.а гэдэг газарт 2004 оноос хойш амьдарч байгаа гэх боловч тухайн газар дээрээ газар эзэмших өргөдөл ирүүлж байгаагүй нь Өмч, газрын харилцааны албанаас ирсэн нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Тухайн газар дээр иргэн Н.У Өмч, газрын харилцааны албанд өргөдлөө 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өгснөөр хуулийн дагуу хүсэлтийг хянаж үзээд газар эзэмших эрх олгогдсон.

Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь тус хуулийн заалт нь аливаа этгээдэд хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх нь нээгдсэн боловч түүнд нь давхардуулж олгож болохгүй гэсэн агуулгатай, газрыг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр өөр хувь этгээдэд эрхийг нь шилжүүлж болохгүй, давхардал үүсэх учир уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн зохицуулалт Газрын тухай хуульд тусгагдсан байгаа юм.

Б.Э  нь өөрийн эзэмшлийн газар гэдгээ урьд өмнө төрийн байгууллагад бүртгүүлэх, хуулийн хүрээнд аливаа үйлдлийг хийсэн бол тус газрыг өөрийнх нь нэр дээр байршуулах боломжтой байсан. Гол нь өөрийн хамтран амьдрагч иргэн Н.У нь тус газар мөн л тухайн үед амьдарч байсан, түүндээ газар эзэмших хүсэлт илгээж хууль ёсны баталгаа хийлгэх хүсэлт өгсөн нь хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна.

Учир нь тухайн газарт хууль ёсны дагуу эзэмшил үүсгэх талаарх хүсэлтээ өгсөн хүн өөрийн эрхийг хууль ёсны баталгаажуулах боломж өндөр байх нь тодорхой. Тухайн газар дээр иргэн Б.Э  өөрөө хүсэлт өгөөгүй байсан учир энэ газрыг бусдын эзэмшил ашиглалтад байсан давхацсан гэж үзэх үндэслэл байхгүй. 2014 оны 12 дугаар сарын 12-ны А/476 дугаартай газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна.

  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байгаа нь Б.Э  өөрөө тухайн газрыг эзэмших эрхгүй байсан, газар эзэмших хүсэлтээ ирүүлээгүй хэрнээ захиргааны хэргийн шүүхэд хандсан нь хуульд харшилж байна гэж үзэж байна.

Өмч, газрын харилцааны албаны бүртгэл хийгдсэн байдал, кадастрын зураглал, өөрийн газрыг эзэмших өргөдөл, Н.У ийн амьдарч байсан талаарх мэдээлэл зэргээс улбаалан хуулийн дагуу процесс ажиллагаа хийгдсэн.

Иймд Б.Э т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Э ийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Тус дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтэс нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүрдүүлж ирсэн иргэнд бүртгэл хийх ажиллагааг хууль болон журамд заасны дагуу бүртгэх ажиллагааг хийж гүйцэтгэдэг билээ.

Иргэн Н.У нь манай хэлтэст хандан өөрийн эзэмшлийн газартаа барьсан байшингаа анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан юм.

Үүний дагуу тус хэлтэс нь иргэн Н.У ийн гаргасан мэдүүлэг, өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамж, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Г мөс ... тоот хаягт байрлах жимс, жимсгэнэ тариалах зориулалтын 10000 м.кв газрын 0005425.. дугаар бүхий Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас олгосон гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон хаяг, барилгын зураг, барилгын фото зураг болон Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн Н.У , иргэн Э.А  нарын өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн “Ү-22070043..” дугаарт бүртгэж газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг баталгаажуулах ажиллагааг хийж улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг гүйцэтгэсэн болно.

Иргэн Б.Э  нь Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул Улсын бүртгэл статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан иргэн Б.Э ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.У , Э.А  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо тухайн газарт амьдарч байсан төдийгүй түүн дээрх эд хөрөнгүүдийг өөрийн мэтээр тайлбарласан нь илт худал тайлбар юм.

Энэ бол зориуд маргаан үүсгэх, эргэлзээ бий болгох гэсэн зорилготой зохиомол тайлбар бөгөөд харин эсрэгээрээ тухайн газар болоод түүн дээрх бүхий л эд хөрөнгө нь зөвхөн иргэн Н.У миний өмч төдийгүй, тэдгээрийг би өөрийн бизнес, хөдөлмөрийн үр дүнд бий болгосон.

Харин Б.Э  нь надтай 2005 оноос хамт амьдрах болсноор тухайн газарт эзний хувиар очих болсон нь түүнд тэдгээр хөрөнгө, газрыг өөрийн гэж тайлбарлах сэдлийг өгсөн юм.

Мөн Б.Э  газрын албыг 5 дугаар хороон дээр очиж лавласан бол мэдэх байсан гэдэг тайлбар нь анхнаасаа миний эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор урьдчилан бэлтгэсэн хорооны тодорхойлолтоо ашиглах, нөгөө талаас иргэн Н.У миний хаяг Налайхад биш, Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй байсан байдлыг ашиглах зорилготой тайлбар юм.

Б.Э ийн бичсэнээр тэрээр урьдчилан бэлтгэж, төлөвлөгөөтэйгөөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд очиж бүртгэгдсэн байх нь түүнд газар эзэмших эрх, эд хөрөнгө өмчлөх эрх олгох үндэслэл болохгүй юм,

Налайх дүүргийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулан тайлбар гаргах нь: Б.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн” талаар тайлбарласан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж хуульчилсан.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 3.1.3-т “ “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн хуулийн 3.1.4-т “газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгохоор тус тус тодорхойлон хуульчилсан.

Улмаар Газрын тухай хуулийн 3.1.7-д “ “газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ гэсэн ойлголтыг мөн хуульчилсан.

Цаашлаад газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, мөн хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан.

Энэ бүх хуулийн зохицуулалтуудыг дурдаж байгаагийн шалтгаан нь газар эзэмших, ашиглах гэж юуг хэлдэг, юуг ойлгохыг, тэр эрх нь яаж үүсэх талаарх бүх процессыг хуульчлан зохицуулсан.

Тэгвэл Налайх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/476 дугаар захирамжийг гарган иргэн Н.У надад газар эзэмших эрх олгоход тухайн газар дээр ямар нэгэн иргэн, хуулийн этгээдийн, тэр дундаа дандаа худлаа ярьж, хууран мэхэлж явдаг, бусдын эд хөрөнгийг залилах, хууль бусаар өөрийн болгох аргад мэргэшсэн Б.Э т газар эзэмших эрх байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны А/476 тоот захирамжаар иргэн надад олгосон газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй байсан гэсэн үг.

Түүнчлэн иргэн Н.У миний хувьд 2014 оноос өмнө олон жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшиж байсан бөгөөд өмнө нь олон удаа газрын гэрчилгээгээ авахаар оролдож байсан боловч цэвэр усны сав газар гэдэг шалтгаанаар газрын гэрчилгээ өгөхгүй явсаар 2014 онд гэрчилгээ авсан юм.

Иймд Налайх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/476 тоот захирамжийг гаргахдаа хууль зөрчөөгүй тул иргэн Б.Э ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй холбогдуулан тайлбар гаргах нь: Б.Э  шүүхэд нэхэмжлэл гарган Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг хариуцагчаар татахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зохицуулалтыг зөрчсөн талаар тайлбарласан байна.

Ингэхдээ яагаад бүртгэл үнэн зөв биш болохыг, бүртгэл үнэн зөв биш болсон ямар нэгэн үндэслэлийг огт дурдаагүй байна.

Тэгвэл Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гялаан мөс /12603/ гудамж, 201 тоот хаягт байршилтай, Ү-22070043.. дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа иргэн Н.У миний өмч тул Б.Э т хэлэх үг байхгүй бөгөөд хууль харж байгаад хэрэглэж болмоор санагдсан зохицуулалтаа тавихаас өөр арга түүнд байхгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн зохицуулалтын дагуу өмчлөх эрх бүртгэгдсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой хуулийн ямар ч зохицуулалт зөрчигдөөгүй юм.

Тухайн хаягт байрлах бүхий л эд хөрөнгүүдийг иргэн Н.У би өөрийн охин болох Э  овогтой А д зориулан, түүний нэр дээр нэг ч гэсэн эд хөрөнгө үлдээх гэсэн зорилгоор барьж байгуулан, түүний нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэтэл Э.А  нь насанд хүрээгүй учраас заавал асран хамгаалагчийн хувьд миний нэр бичигдээд байгаа юм.

Гэтэл Б.Э  нь шуналдаа хөтлөгдөн, эд хөрөнгө олж авахын төлөө хэт улайрч өөрийн төрсөн охиныг ч үл хэрэгсэн түүний эд хөрөнгийг булаан авахаар санаархан хууль бус, ёс бус бүхий л зүйлийг сэтгэж, хийж яваад үнэхээр их гомдож байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хууль зөрчөөгүй, улсын бүртгэл үнэн зөв тул иргэн Б.Э ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэмэлт тайлбар, мэдээлэл: Иргэн Н  овогтой У би Б  овогтой Э тэй 2005 оноос танилцан, 2006 оны 1 сараас 2012 оны 8 сарын хооронд хамтран амьдарч байсан. Үүнийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн №1829/ч тоот шийдвэрээр тогтоосон.

Ийнхүү хамт амьдрахаас өмнө Б.Э  нь хоол, унааны мөнгөгүй нилээд ядруухан амьдарч байсан ба бусдын хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, улсын төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, мөрдөн байцаалтаас удаа дараа оргон зайлсан зэрэг Эрүүгийн хуулийн 4-5 зүйл ангиар УМБГазарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, Ганц худагт цагдан хоригдсон ийм хүн байсан.

Энэ хэрэгтээ ч тэрээр 2006 онд шүүхээр ял шийтгэгдэж, Өршөөлийн хуульд хамрагдсан, мөн тэнсэн харгалзах ял шийтгэгдэж байсан этгээд юм.

Би түүнийг шүүх, цагдаа, өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэхэд нь 57,500,000 төгрөгийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд тэр цагаас бид танилын холбоотой явж байгаад хамтран амьдарч улмаар бидний дундаас охин Э ийн А  төрсөн.

Миний хувьд 1992 оноос оёдлын үйлдвэр, уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн худалдаа, экспорт, импорт, үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа, зочид буудал, баар, ресторан, тээвэр зууч зэрэг олон салбарт 20 гаруй жил тасралтгүй бизнес эрхэлж, өөрийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ихээхэн хэмжээний эд хөрөнгө бий болгосон байсан.

Биднийг хамтран амьдарч байх хугацаанд охин Э ийн А  нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд миний хувьд 2006 оноос жирэмсэн, улмаар 2007 оноос хойш нярай, хөхүүл хүүхэдтэй байсан тул албан ёсоор гэр бүл болоогүй ч өөрийн нөхөр, хүүхдийнхээ эцэг тул миний хань хэмээн итгэн Б.Э т өөрийн бүхий л өд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган улмаар түүний нэр дээр хүртэл компани байгуулан өгч үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Б.Э  нь түүнийг ямар амьдралтай, хүнд хэцүү нөхцөлд байхад нь тулж дэмжиж, итгэж найдаж өдий зэргийн хэмжээнд хүргэсэн миний ачийг үл тоон атгаг шунал агуулж явсан байдаг. Ингээд ил, далд хэлбэрээр, элдэв арга мэх хэрэглэн миний эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, зарж борлуулан ашиг олох, улмаар тэгж олсон мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн, өөрт нууц хөрөнгө бий болгох зэргээр байнга ажиллаж байсан байдаг бөгөөд Б.Э  нь намайг багагүй хэмжээний хөрөнгөтэйг мэдэж байсан тул анхнаасаа бодлого зорилго, нарийн төлөвлөгөөтэйгөөр миний эд хөрөнгөд эзэн суух зорилгоор надтай ойртон дотносч, хамтран амьдарсан байсан.

Улмаар 2012 оноос түүний дээрх бүх хар санаа, зорилго, хийсэн үйлдлүүд ил болж ирсэн тул тэрээр надтай хамт амьдрахаас зугтаж явсан бөгөөд энэ хугацаанд бий болсон бүхий л эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор бидний хамт амьдарч байх хугацаанд хийгдсэн алдаа, дутагдалтай талуудыг ашиглан түүнд итгэн нэр дээр нь бүртгэгдсэн байсан эд хөрөнгүүдийг нэг мөсөн өөрийн болгох, эсхүл өөрийн нэр дээр байгаа байдлыг ашиглан өөрийн нэрээс түр хугацаагаар бултуулахаар бусдад хэлбэр төдий шилжүүлэх, эсхүл бусдад өндөр үнээр зарж борлуулан зүсийг хувиргах, хөрөнгөжих зэргээр хөдөлгөөнд оруулж эхэлсэн.

Учир нь 2012 оноос эд хөрөнгүүдийн маргаан үүсч, бид тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд эрүү, иргэн, захиргааны маш олон хэргүүд үүссэн тул Б.Э  нь тэдгээр хэргүүд шийдвэрлэгдэхээс өмнө түүний нэр дээр бүртгэгдсэн миний эд хөрөнгүүдийг үрэн таран хийх, өөрийн нэрээс түр холдуулах олон арга заль хэрэглэж эхэлсэн.

Миний хувьд ч гэсэн өрх толгойлсон, 2 хүүхдийн эх хүний хувьд өөрийн болоод үр хүүхдүүдийнхээ ирээдүй, амьдралын баталгааг хангах, өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон бүхнээ бусдын атгаг санаа, арга залинд алдахгүйн тулд 2012 оноос хойш өнөөдрийг болтол энэ олон жилийн хугацаанд цагдаа, шүүхийн байгууллагаар хангалттай явж байгаа бөгөөд маш их хэмжээний доромжлол, дарамт, гүтгэлгийг тээж яваа юм.

Өнөөдрийн байдлаар бидний хооронд Налайх, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэхчлэн тоймловол 10 гаран иргэний хэрэг үүсч, эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдээгүй байгаа юм” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  анх “Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны А/476 дугаартай иргэн Н.У т газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хууль бусад тооцож хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т  нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг “Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны А/476 дугаар захирамжийн Н.У т холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах” хэмээн тодруулсан.  

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид  тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд хийсэн нэмэлт тайлбар, хэргийн бодит нөхцөл байдал зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны А/476 дугаар захирамжийн Н.У т холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжаар Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Уу булан г мөс . гудамж, .а тоот хаягт байрлах 1******* нэгж талбарын дугаар бүхий 10.000 м.кв газрыг Н.У т эзэмшүүлсэн байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж зааснаар гуравдагч этгээд Н.У нь маргаан бүхий газрыг эзэмшихээр  2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтээ  гаргаж байсан нь Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр албан бичиг , 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 253 дугаар албан бичиг -ийн хавсралтаар ирсэн Н.У ийн эзэмшил газрын хувийн хэрэгт авагдсан өргөдлөөр нотлогдож байна. 

Харин нэхэмжлэгч Б.Э  нь Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Уу булан г мөс . гудамж, .а тоот хаягт 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжиж ирсэн болох нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2279 дүгээр тодорхойлолт , 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134 дүгээр тодорхойлолт  зэргээр тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд Н.У ийг хүсэлт гаргахаас өмнө болон хойно өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй нь Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 252 дугаар албан бичиг -ээр нотлогддог. Энэ талаар ч нэхэмжлэгчийн зүгээс  маргадаггүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...тухайн үед газар эзэмших хүсэлт гаргах зорилгоор хорооны Засаг даргаар цохолт хийлгэж байсан боловч дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргаж байгаагүй...” гэх тайлбарыг хийж Б.Э т байсан өргөдлийг шүүх хуралдааны үед нотлох баримтаар гаргаж өгснийг дурдах нь зүйтэй юм. 

Мөн маргаан бүхий газарт тухайн байшинг барьж байхад Б.Э , Н.У нар хамтын амьдралтай байсан, дундаас нь охин А  төрсөн нь  хэргийн оролцогчдын тайлбар болон гэрч Б.Б, Г.Т, Ш.Д нарын мэдүүлгээр тогтоогддог.   

Нэхэмжлэгчийн зүгээс “... Н.У төрөлх дүүрэгтээ газар авч амьдрах хүсэлтэй байгаа тул ... гэж гаргасан хүсэлтийн дагуу оршин суух зориулалтаар газар эзэмших эрхийг олгох байтал, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 10.000 м.кв газар олгосон нь ойлгомжгүй. Газрын тухай хуульд “хэрэв гэр бүлийн хэрэгцээнд зориулан, жимс жимсгэнэ тариалах, ургамал тарих зориулалтаар иргэнд 0,7 га газар эзэмшүүлж болно” гэж заасан. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.“29 дүгээр зүйлд заасан хэмжээтэй газраас илүү хэмжээтэй газар иргэнд эзэмшүүлэх бол тухайн шатны Засаг дарга нь дуудлага худалдаагаар эсхүл төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг зөрчиж Н.У т газар эзэмшүүлсэн ба Н.У газрын төлбөрийг төлөөгүй. Мөн уг маргаан бүхий газар нь цэвэр усны ундарга, нөөц бүхий тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг учир газар эзэмшүүлэх боломжгүй ...  байх тул уг захирамж нь хууль бус ...” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргадаг. 

Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамж , газар эзэмших эрхийн гэрчилгээ -гээр 10.000 м.кв газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байдаг.  

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. “... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэжээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас дүгнэхэд хэрэв 0,1 га-гаас илүү хэмжээтэй газрыг Н.У т жимс жимсгэнэ тарих зориулалтаар эзэмшүүлэхдээ хариуцагч дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэх байжээ. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. “ энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчиж гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан өргөдлийг” гэж заасан нь шүүх гагцхүү нэхэмжлэгч гаргагч этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулийн энэхүү зохицуулалт хангагдаж байвал захиргааны хууль бус ажиллагааг зогсоож, маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрхийг сэргээх ёстой. 

Хэдийгээр газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг гуравдагч этгээдэд  олгосон, дуудлага худалдаа, төсөл шалгаруулаагүй, тус газар нь ундны усны дээд эх үүсвэрийн хязгаарлалтын бүсэд орсон зэрэг нь гэрч Г.Г ын “... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмаар газрыг олгоогүй, дуудлага худалдааны үнийг төлөх ёстой байсан ч бид аваагүй...” гэх мэдүүлэг, Ус сувгийн удирдах газрын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 7/2310 дугаар албан бичиг  зэргээр тогтоогдож байна. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн ундны усны дээд эх үүсвэрийн хязгаарлалтын бүсийг тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 50 дугаар тогтоол нь цаг хугацааны хувьд Н.У т тус газрыг эзэмшүүлснээс хойш гарсан захиргааны акт байх тул энэ нь өмнөх эрх зүйн харилцааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмшигч нь жимс жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшиж буй газартаа байшин барих зэргээр  газраа эзэмшиж, ашиглахыг эрхийг шууд хязгаарлах боломжгүй. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэх нь хариуцагчийн эрх, үүрэгтэй холбоотой асуудал тул энэ нь газар эзэмшигчийг буруутгах үндэслэл болохгүй юм.   

Мөн шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үндсэн дээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.Э ийн зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхой бус байна гэж дүгнэв. 

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 50 дугаар тогтоолоор тухайн газрыг шинээр эзэмших эрх хязгаарлагдсан  байх тул Н.У т газар эзэмшүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Б.Э т маргаан бүхий газрыг  эзэмших эрх үүсэх боломжгүйгээс гадна Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн зохицуулалттай.  

Түүнчлэн тухайн захиргааны хэрэг нь хамтын амьдралтай байсан нэхэмжлэгч Б.Э , гуравдагч этгээд Н.У нарын хоорондын газрын маргаан бөгөөд тэдгээрийн дундаас охин Э.У төрсөн байх тул нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын Н.У т холбогдох хэсгийг  хүчингүй болгосноор хэн алинд нь ашиггүй байдал үүсэхээр, гуравдагч этгээдийн эрх зүйн  байдал нь  дордохоор байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...тухайн газарт бүртгэлтэй иргэн нь тухайн газрыг эзэмших эрхтэй...” гэж маргадаг. Гэтэл маргаан бүхий газарт нэхэмжлэгч Б.Э ээс гадна А.С, А.С, А.С, А.С, Ж.О, Б.А гэх иргэд бүртгэлтэй байгаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6/9760 дугаар албан бичиг -ээр тогтоогддог ба зөвхөн тухайн газарт бүртгэлтэй иргэн тэр газрыг эзэмших ёстой гэсэн дээрх тайлбар нь газар эзэмшүүлэхэд хууль дээдлэх, шударга ёсыг баримтлах зарчимд үл нийцэх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай. 

Налайх дүүргийн бүсчлэлийн нэгдсэн  кодоор “Г мөс” гэх газар нь 12603 кодтой бөгөөд Г мөс .-.а хаягийг хэдэн оноос  хэзээ олгосныг тодорхойлох боломжгүй нь тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 134 тоот албан бичиг  болон хорооны архивын бичиг баримтад хийсэн үзлэгээр тогтоогдож байхаас гадна Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 2/267 тоот албан бичгээр  тухайн хаягжилтыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  батлаагүй болох нь нотлогдож  байна.        

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний бүртгэлийн лавлагаагаар  нэхэмжлэгч Б.Э  нь 1988 оны 7 дугаар сарын 1-нээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм задгай гэх хаягт амьдарч байгаад 2010 оны 11 дүгээр сарын 2-ноос Чингэлтэй дүүргийн .-р хороо, Барилгачдын талбай хийморь ₮/.-.. хаягт амьдарч байсан нь тогтоогдож байхаас гадна Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүх хуралдааны 2006 оны 67 дугаар Шийтгэх тогтоолд  Б.Э ийн оршин суух хаягийг “...одоо Баянзүрх дүүргийн А т хороолол ..-р байранд оршин суух ...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Мөн маргаан бүхий газар, түүний дээр баригдсан 1 давхар мансардтай дүнзэн байшинд  шүүхээс хийсэн үзлэгээр тухайн газарт цахилгааны холболт хийгдээгүй, халаалт байхгүй учраас жилийн турш хүн байнга оршин суух боломжгүй нөхцөл байдалтай, хэн нэгэн амьдраагүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчийг одоо хаана амьдарч буй талаар шүүхээс тодруулахад зундаа эндээ ирж амьдардаг, одоо байр түрээсэлж байгаа, хаягийг хэлэх боломжгүй гэх тайлбарыг хийсэн.      

Газрын тухай хуулиар Монгол улсын иргэн байнгын оршин суугаа хаяг нь хаана бүртгэлтэйгээс үл хамааран хаана ч газар эзэмших хүсэлт гаргах эрх нь нээлттэй тул гуравдагч этгээд Н.У нь иргэн хүний хувьд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй ба хүсэлт гаргасан газарт бусдын эзэмшил үүсээгүй байсан болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдож байх тул Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжаар Н.У т газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч Б.Э ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

“Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22070043.. дугаартай гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс “... бүртгэлийн байгууллага тухайн газарт очиж үзэхдээ тухайн объектыг хэний эд хөрөнгөөр баригдсан, хэн амьдарч байгаа, хэний өмч хөрөнгө гэдгийг тодруулалгүйгээр бүртгэл хийсэн ...” гэж маргаж, үүнийгээ  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22070043.. дугаартай гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болгон тайлбарладаг. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5. “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 13.5.4. “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, 16 дугаар зүйлийн 16.1.”Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж заасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3-д .... эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтална. Үүнд: 4.3.4-д батлагдсан ажлын зураг, төсөлгүй байшин барилгын /хашаа байшин, зуслангийн сууц гэх мэт/ хэмжээг кадастрын зураглалаас тодорхойлох бөгөөд кадастрын зураглалд байшин, барилга тусгагдсан байх гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас дүгнэхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг үндэслэн бүртгэхээр зохицуулсан байх бөгөөд бүртгэлийн байгууллага  гуравдагч этгээдийн газар эзэмшүүлсэн захирамж, гэрээ, гэрчилгээ болон байшин, барилга тусгагдсан кадастрын зураглал зэрэгт үндэслэн бүртгэж, гэрчилгээ олгосон нь хуулийн дагуу хийгдсэн бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9. “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар мэдүүлэг гаргагч Н.У нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой асуудлаар улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар Н.У ийн өмчлөх эрх хуулийн дагуу баталгаажсан байна.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Б.Э  тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхээ баталгаажуулахаар  холбогдох улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт, мэдүүлэг гаргаж байгаагүй, газар эзэмшлийн захирамж, гэрчилгээ байхгүй учраас гаргах боломжгүй байсан гэх тайлбарыг шүүх хуралдааны мэтгэлцэх явцад  хийсэн. Түүнчлэн тухайн объектыг хэний эд хөрөнгөөр, хэрхэн баригдсан, хэний өмч болохыг тогтоох нь улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой хэрэг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш тул хэрэв энэ талаар талууд маргаантай бол ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны  А/476 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.У т эзэмшүүлсэн газар дээр  баригдсан байшин барилгыг бүртгэж, олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004... дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Б.Э ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Газрын  тухай  хуулийн  27  дугаар  зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э ийн “Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжийн Н.У т холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ДОЛГОРСҮРЭН