Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1937

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлэтй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2016/00702 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Алтантуяад холбогдох

3 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ч.Алтантуяа, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Отгонцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ч.Алтантуяа нь миний 81 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож итгэлцлийн гэрээ хийсэн. Ч.Алтантуяа нь энэ өдрөө 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч байшингийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 01-ний дотор өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл Ч.Алтантуяа нь хугацаандаа үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байнга нэхүүлэх болсон. Ингээд 2012 оны 08 дугаар сарын 24-нд 1 500 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 15-нд 300 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 18-нд 200 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 04-нд дансаар 1 000 000 төгрөг, 2012 оны 05 сард 3 000 000 төгрөг, 2013 оны 04 сард 400 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380 000 төгрөг, нийт 6 780 000 төгрөг авсан. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 000 000 төгрөгийг гаргуулахаар хандсан. Гэвч тооцоогоо хийж үзэхээр одоо 3 220 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ч.Алтантуяагаас 3 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Алтантуяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Л.Отгонцэцэгээс 20 000 000 төгрөгөөр нэхэмжлэлд дурдсан хувийн сууцыг худалдаж авсан нь үнэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад үндэслэл баримтгүйгээр 4 000 000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие анх 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 10 000 000 төгрөгийг дараа нь өгөхөөр тохиролцсон. Тэр дагуу 2014 оны 08 дугаар сарыг хүртэл цувуулан дансаар болон бэлнээр хэсэгчлэн төлсөөр дуусгасан. Хариуцагчийн хувьд 2012 оны 08 дугаар сарын 24-нд 1 500 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 15-нд 300 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 18-нд 200 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 24-нд 1 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 29-нд 1 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 15-нд 900 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сард 400 000 төгрөг, 2012 оны хавар 3 500 000 төгрөг, нийт 9 180 000 төгрөгийг төлсөн баримтаас харахад дутуу юм шиг байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үлдэгдэл төлбөрийг Ч.Алтантуяа бүрэн төлсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Алтантуяагаас 2 720 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтантуяагаас 58 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Алтантуяа, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хариуцагч талын татгалзлаа нотлох үүднээс оролцуулсан гэрч Л.Болдбаатар, Л.Баянмөнх нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, энэ талаар шийдвэртээ огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн.

Хуулийн тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа тодруулбал Ч.Алтантуяагийн нөхөр Л.Болдбаатар, дүү Л.Баянмөнхийн хамт явж байхдаа Л.Отгонцэцэг 2013 оны 08 дугаар сард 1 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сард 900 000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлуулах үүднээс гэрчээр Л.Болдбаатар, Л.Баянмөнх нарыг шүүх хуралдаан дээр асуулгаж татгалзлаа нотлох ажиллагааг хийсэн байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа өөртөө нотлох үүрэгтэйг дурдаж, хэт нэг талыг барьж, эсрэг талын татгалзал, түүнийг нотлох баримтыг илтэд үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт, нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд хариуцагч Ч.Алтантуяа нь Л.Отгонцэцэгт төлөх төлбөрт 2013 оны 08 дугаар сард 1 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сард 900 000 төгрөгийг өөрийн нөхөр Л.Болдбаатар, Л.Баянмөнх нар мэдүүлгээрээ нотлосон, гэрч Л.Болдбаатарын мэдүүлэг нь гэрч Л.Баянмөнхийн мэдүүлгээр давхар нотлогддог.

...Түүнчлэн хариуцагч талын гаргасан дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэд заасан хугацааг хамрах хэмжээний нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргаж өгөөгүй нь \хүсэлтийг хангасан гэж шүүхээс хэлэх боловч захирамжаа гаргаагүй\ дансаар төлсөн зарим төлөлт тооцогдохгүй дутуу үлдсэн байх үндэслэлтэй бөгөөд хариуцагчид хохиролтойгоор шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хэлцлээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 740 тоот 000140390 дугаартай Ү-220200963 улсын бүртгэлийн дугаартай хувийн байшин, 0002888 дугаартай 400 м.кв газар, 0133963 дугаартай 640 м.кв газрыг нийтэд нь 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогддог.

Энэ өдрөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 740 тоот 0001400390 дугаартай Ү-220200963 улсын бүртгэлийн дугаартай хувийн байшин,  0002888 дугаартай 400 м.кв газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг бөгөөд Л.Отгонцэцэг нь гэрээнд заасан 640 м.кв газраа Ч.Алтантуяагийн өмчлөлд өнөөдрийг болтол бодитой шилжүүлэн өгөөгүй өөр бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон. Тодруулбал дээрх хэлцэлд заасан 3 үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь худалдагч тал төлбөрийг бүхэлд нь шаардах эрхгүй” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь хариуцагч Ч.Алтантуяад холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь зөв байна.

 

Талуудын хооронд 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 740 тоот 000140390 дугаартай, Ү-220200963 улсын бүртгэлийн дугаартай хувийн байшин, 0002888 дугаартай 400 м.кв газар, 0133963 дугаартай 640 м.кв газрыг нийтэд нь 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр харилцан тохиролцож бичгээр хэлцэл хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно. /хх 4/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэл болдог тул хэрэгт авагдсан гэрч Л.Болдбаатар, М.Гантөмөр нарын мэдүүлэг, 2013 оны 04 дүгээр сард 400 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 15-нд 300 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 19-нд 200 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 24-нд 500 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 04-нд 1 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380 000 төгрөг, мөн 2012 оны 05 дугаар сард 3 500 000 төгрөг, нийт 7 280 000 төгрөгийг хариуцагч Ч.Алтантуяа нь нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж үзэж, 10 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт 2 720 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. /хх 22-32, 58, 59/

 

Гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй 640 м.кв газрын үнэ болох 3 500 000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сард 3 500 000 төгрөг биш 3 000 000 төгрөгийг хариуцагчийн нөхрөөс хүлээж авсан гэж нэхэмжлэгч Л.Отгонцэцэг маргаж байгаа боловч гэрч М.Гантөмөр, Л.Болдбаатар нарын мэдүүлгээр 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээж авсан нь тогтоогдож байх тул энэ талаар хийэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 58, 59/

 

Харин гэрч Л.Баянмөнхийн “4 дүгээр станцын тэнд Л.Отгонцэцэгт 900 000 төгрөг, 1 000 000 төгрөгөөр 2 удаа төлж байсан” гэх мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бусад нотлох баримт, талуудын тайлбартай харьцуулан үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчид эдгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. /хх 62/ 

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлэтй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2016/00702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Алтантуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН