| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/07706/и |
| Дугаар | 101/ШШ2016/05948 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2016/05948
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2016/05948 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух Ц.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух О.О-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.280.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргарсан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн О.От 15.600.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Энэ өдөр үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон О.Оийн өмчлөлийн БЗД, 3 хороо, 12 хороолол, 0 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг барьцаалан гэрээ байгуулсан. Улмаар бид харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээний хугацаа дууссан боловч мөнгөө өгөхгүй байсан учир 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин сунгалт хийж зээлийн хүүг сарын 2.5 хувь болгон бууруулж, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон. Гэвч О.О нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд О.Оээс зээлийн гэрээний үүрэгт 15.600.000 төгрөг дээр хоногийн 1% хувийн хүү 156.000 төгрөг, нийт хүү 3.432.000 төгрөг, алданги 2.496.000 төгрөг, нийт 21.528.000 төгрөгөөс төлсөн 12.000.000 төгрөгийг хасаад 9.528.000 төгрөг, үлдсэнийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойших хүү 238.200 төгрөг, алдангид өдрийн 47.640 төгрөг, нийт алдангид 4.764.000 төгрөг, нийт 14.530.200 төгрөгөөс 250.000 төгрөг төлснийг хасаад нийт 14.280.000 төгрөг гаргуулж, мөн барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв” гэв.
Хариуцагч О.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2015 оны 04 сарын 23-ны өдөр дүү О.Оийн байрны гэрчилгээг барьцаалан иргэн Маас 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр 15.600.000 төгрөгийг зээлж гэрээ хийсэн. Би өөрийн байрны гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагад тавьсан байснаа чөлөөлж Хаан банкинд тавин 2015 оны 05 сарын 15-ны өдөр 12.000.000 төгрөгийг төлөн, үндсэн зээл 3.600.000 төгрөг, хүү 1.716.000 төгрөг 12 хоногийн алданги 1.029.600 төгрөгийн үлдэгдэл, нийт 6.345.600 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Үүнээс 360.000 төгрөгийг цувуулан өгөөд одоо 5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би энэ хүнээс дүүгийнхээ байрны гэрчилгээг аваад үлдэгдэл мөнгийг гаргаж өгөх гэсэн боловч байсхийгээд нь нотариат орж гэрээг сунган хүү, алданги тооцсоор байгаа. Би өөрөө Хаан банкинд сар болгон 785.000 төгрөг төлдөг. Би үсчин хийдэг. Хүү маань хувиараа хаяг, реклам чимэглэлийн газар ажилладаг, нөхөр ажилгүй. Энэ хүнийг надад тусалъя гэсэн болохоор би банк бусад 4 хувийн хүүтэй гэрчилгээгээ чөлөөлж, Хаан банкинд 2.5 хувийн хүүтэй тавьж нэг хүүхдээ ч гэсэн оронтой болгох гэж зээлсэн. Гэтэл өөрөө бөөн өрөнд орж дээр нь дүүгээ орох оронгүй болгохдоо тулаад байна. Настай хүмүүс худлаа ярихгүй дүүгийнхээ гэрчилгээг элдэв янз болгочихгүй найдвартай гэж бодож байтал одоо одоход мөнгө хүүлэгчид болчоод байгаа юм шиг байна. Би энэ хүнийг боломжтой найдвартай л гэж бодож зээлсэн гэтэл элдэв янзын үгээр дарамталж сүрдүүлээд байх болсон” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч О.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.280.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 15.600.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хоногийн 1 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй /хх-4/.
Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж хариуцагч О.Оийн өмчлөлийн Ү-20 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 0 дугаар байр 0 тоот хаягт байршилтай, 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцжээ /хх-5/.
Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 15.600.000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн талаар мөн талуудын маргаангүй, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь шаардлагынхаа тооцооллыг тайлбарлахдаа зээл 15.600.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 3.432.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 2.496.000 төгрөг, нийт 21.528.000 төгрөгөөс төлсөн 12.000.000 төгрөгийг хасаад 9.528.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойших хүү 238.200 төгрөг, алданги 4.764.000 төгрөг, нийт 14.530.200 төгрөгөөс төлсөн 250.000 төгрөгийг хасаад нийт 14.280.000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12.000.000 төгрөг, мөн 2015 оны зун 160.000 төгрөг, 2016 оны хавар сайн хувьцааны мөнгөөс 200.000 төгрөг, нийт 12.360.000 төгрөг төлсөн, баримт байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргахгүй байна.
Зээлийн гэрээнд хүү, алдангийн нөхцөл тусгагдсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээнд заасан нөхцлөөр хүү, алданги төлөхийг шаардах эрхтэй.
Шүүх зээлийн гэрээний дагуу хүү, алдангийг дор дурдсанаар тооцох үндэстэй гэж дүгнэв.
Хариуцагч О.О зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөх боломжгүйгээс зохигчид 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгажээ /хх-6/. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон /хх-7/ ба нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь уг гэрээний дагуу 9.500.000 төгрөгийг шилжүүлээгүй, харин тухайн гэрээ байгуулах өдрийн байдлаарх үлдэгдэл 9.500.000 төгрөгийг төлөх хугацаа, хүүг тохиролцсон нэмэлт гэрээ гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд зээлийн гэрээний хугацааг нэг сараар сунгаж, хүүг сарын 2.5 хувиар тооцохоор тохиролцжээ.
Зээлийн хүүнд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 1.560.000 төгрөг /15.600.000*1%*10хоног/, мөн 05 дугаар сарын 03-15-ны өдрийн хугацаанд 1.872.000 төгрөг /15.600.000*1%*12хоног/, бүгд 3.432.000 төгрөг тооцогдох ба нэхэмжлэгчийн энэ тооцоолол үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэлд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нэг сарын хугацааны хүү 238.200 төгрөгийг хүү, алданги орсон дүн 9.528.000 төгрөгт тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцээгүй. Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12.000.000 төгрөг төлснөөр зээлийн үлдэгдэл 3.600.000 төгрөг /15.600.000-12.000.000/ болсон байх тул хүү 90.000 төгрөг /3.600.000*2.5%/ тооцогдоно.
Алдангийн хувьд, нэхэмжлэлд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 2.496.000 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойш 100 хоногийн хугацаанд 4.764.000 төгрөг, нийт 7.260.000 төгрөг нэхэмжилжээ.
Талууд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, өөрөөр хэлбэл хариуцагч зээл төлөх хугацааг хэтрүүлээгүй байхад нэхэмжлэгч уг хугацаанд алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байх тул үндэслэлгүй байна. Харин хариуцагч зээл төлөх хугацааг мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэтрүүлсэн буруутай байх тул уг хугацаанаас алданги тооцно. Нэхэмжлэлд нэг хоногийн алданги 47.640 төгрөг гэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн, хүү, алдангид алданги тооцсон байх тул зөвтгөж тооцоход 100 хоногийн алданги 1.800.000 төгрөг /3.600.000*0,5%*100хоног/ байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч зээл 3.600.000 төгрөг, зээлийн хүү 3.522.000 төгрөг, алданги 1.800.000 төгрөг, нийт 8.922.000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс төлсөн 360.000 төгрөгийг хасч 8.562.000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Оээс 8.562.000 /найман сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.718.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцаас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оээс 151.942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА