| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0013/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
өсвөр насны шүүгдэгч А.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ш. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Сд холбогдох эрүүгийн 1907004660177 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт А.С /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч А.С нь /16 настай/ Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 16-11 тоотод 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд Г.*******тай маргалдан улмаар хамар болон толгой хэсэг рүү нь гараараа цохиж биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн сарвуунд зулгаралт, тогойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч А.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10-р сарын 08-ны өдөр 18 цагийн орчим гэрээсээ гараад төв гудамжаар найз Улаакаагийн гэрлүү явж байх замд манай хороонд амьдардаг ******* намайг дуудахаар би ******* дээр очсон. Намайг яваад очиход пиво уухуу гэхээр нь тэгье гэж хэлээд 10 шарын тэнд байдаг Налайх Таван Эрдэнэ хүнсний дэлгүүрээс ******* нийслэл нэртэй 2,5 литрийн 4 пиво авсан. Тэгээд бид нар төмөр зам руу явсан. Тухайн газар хоёр пиво уусан. Буцаад хоёр пивоо аваад ******* ахын гэрлүү очсон. ******* ахын гэрт яваад шараа ах ганцаараа байсан. Тухайн авч очсон хоёр пивоо бид нар хувааж уусан. Тухайн пивийг би аягалаж өгч байсан. ******* утсаар яриад яваад байсан. Бас ******* ахтай ******* юм яриад хэсэг болсон. ******* намайг гараад ир гэхээр нь би гэрээс гарсан. ******* надад ахындаа байгаа гээд томроод байгаа юм уу гэхээр нь үгүй хэлсэн. Бид хоёр тэгээд буцаад орсон. Гэрт бид хоёр дахиж муудалцаад хоорондоо зодолдсон. ******* ах гэрт зодолдохгүй шүү гэхээр нь бид хоёр гэрээс нь гараад хашаанд зодолдсон. Би *******ыг цохиж унагаад нуруу хавьцаа санагдаж байна хэд хэд өшиглөсөн. ******* ах гэрээс гарч ирээд бид хоёрыг салгаад хоёр тийш болгосон. ******* хашаанаас гараад явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/
Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10-р сарын 08-ны өдөр би 22 цагийн үед налайх дүүргийн 2 дугаар Нарлагийн төв гудамжаар явж байх үедээ Гаваанаа буюу *******атай таарсан. *******а нийслэл нэртэй 2,5 литрийн 2 пиво барьчихсан явж байсан. ******* ахынд очие гэхээр нь бид хоёр ******* ахын гэрт очсон. Тухайн айлд яваад 5 ханатай гэр байсан. Гэртээ ******* буюу ******* ах унтаж байсан. Гэрэл байхгүй лаа асаасан. Гаваана пивоо задлаад аягалаад өгсөн. Гаваанаа энэ манайхыг гэж хэлэхээр нь би ойлгож байна гэхэд манай ахтай танилц гэж хэлэхээр нь би тэр ахтай гар барьж танилцсан. Гаваанаа утсаа өгч бай дуу тавъя гэхээр нь би дурамчхан өгмөөргүй санагдаад өгөхгүй хэсэг суусан. Гарнаас миний гар утсыг булааж авч үзчихээд миний гар утсыг *******а буцааж өгөөд орон дээр буцаад суусан. Надад *******а пиво аягалж өгөхөөр нь би авч аяганы тал хүртэл уугаад буцааж өгсөн. Юм яриад пивоо тойруулсан *******а манай ахын гэр шүү гэж хэд хэдэн удаа хэлсэн. Надаа 4 пиво аягалж өгсөн. Би тал хүртэл нь уугаад буцааж өгсөн. *******а орон дээр хоёр тийшээгээ найгаж сууж байгаад гэнэт миний хамарлуу гараараа цохисон. Би хойшоогоо газар унасан. Хамараа дараад чи яаж байгаа гэж орилсон чинь чамайг одоо ална гээд дээрээс гараараа толгой руу хоёроос гурван удаа цохисон. Би доошоо хараад хэвтэж байх үед ******* нь хүрч ирээд наад пизда чинь яагаад байгаа юм гээд нуруулуу өшиглөөд хатуу юмаар бөгс рүү цохисон. Уучлаарай миний буруу гэж хэлсэн. Тэр үед миний ухаан балартсан. буцаад сэргэхэд миний толгой руу үзүүртэй юмаар *******а цохиод байсан. Би утсаа аваад андаа туслаарай авраарай гэж хэлсэн. Чи хаана байгаа юм бэ гэх үед ******* нь хүрч ирээд одоо эндээс зайл амьд дээрээ гэж хэлсэн. Би газраас утас малгай хоёроо аваад гэрлүүгээ гүйсэн. Гудамжруугаа орж ирээд нэлээн тайвширсан гэртээ ороод ээжтэйгээ уулзаад эмнэлэг цагдаад хандаж үйчилгээ авсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг гэртээ байхад гаднаас Гаваана нэг найзтайгаа хамт 2 том савтай пиво барьчихсан орж ирсэн тэгээд бид гурав нэг савтай пивийг уусан. Тухайн үед би 1 аяга пиво уусан Гаваана найзтайгаа хамт үлдсэн пиво уусан, тэр хоёр аавын тухай дуу сонсоод хоорондоо маргалдсан Гаваана цуг дагуулж ирсэн найзыгаа цохиод өшиглөөд байхаар нь би гэрт битгий маргалдаад бай гэрээс гар гэсэн чинь тэр хоёр зуухан дээр хоёулаа унасан тэр хоёр гэрээс гарсан, би араас нь гутлаа өмсөөд гарахад Гаваана найзтайгаа маргалдаж байхаар нь тэр хоёрыг салгасан чинь лам гээд байсан залуу яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10-р сарын 08-ны өдөр 22 цаг 30 минутын үед гэртээ мөлхөж хүнд зодуулчихсан орж ирсэн. Яасан юм гэж асуухад хүнд зодуулчлаа гэхээр нь ямар хүнд зодуулсан юм гэж асуухад ухаан балартаад орж гараад хэнд зодуулснаа хэлээгүй. Би гэрээсээ гараад хашааны гадаа гарахад хүн байхгүй байхаар нь эргэж гэртээ ороод эмнэлэг дуудсан. Тэр үед миний хүүгийн толгой хагарчихсан нүд хөхөрөөд хавдчихсан байсан. Ахиж битгий зодооч гээд байсан. Нэлээн хямралд орчихсон орчиноо мэдрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр хуудас/
Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******ын биед учирсан тархи доргилт толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн аль нэг хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээх үүсэх боломжтой ба толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал нь толгойн дагз хэсэгт байсан тул толгойн дагз хэсэгт цохих, цохигдох дагз хэсгээр унах үед үүсэх боломжтой. Хамар ясны хугарал гэмтэл хамрын нурууны харалдаа мохоо зүйлийн цохих, цохигдох мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 80 дугаар хуудас/
Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: миний хүү налайх дүүргийн МСҮТ –д сурдаг . гэртээ дүүгээ хараад байдаг. Би хотод ажил хийдэг өглөө гараад орой ирдэг ажилтай. Гэр орондоо байж дүүгээ харж ар амьдралыг минь авч явдаг миний сайн хүү байгаа юм . тухайн өдрийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтаж амарсан. Өглөө 06 цагийн үеп цагдаа нар ирээд хүүг минь аваад явсан. Өөрөө надад ярихдаа өчигдөр миний гарыг хүүхэд үзүүртэй юмаар зүсчихсэн юм. Дайраад байхаар нь би цохиод авсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/572 дугаар:
“1. Г.*******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн сарвуунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Өсвөр насны Шүүгдэгч *******ын Нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл , яд шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа,Налайх дүүргийн МСҮТ-суралцдаг талаар сургалтын албаны менежерийн тодорхойлолт, иргэний мэдээллийн лавлагаа /хх- ийн 33-38 р тал/,
Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2020.01.13 ны өдрийн 06 тоот тодорхойлолт, хохирогч Г.*******ын шүүхэд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.С нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 16-11 тоотод Г.*******, Г.******* нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Г.*******тай сонсож буй дуунаас болж маргалдан улмаар түүний хамар болон толгой хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн сарвуунд зулгаралт, тогойн хуйханд зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Өсвөр насны шүүгдэгч А.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* намайг гараад ир гэхээр нь би гэрээс гарсан. ******* надад ахындаа байгаа гээд томроод байгаа юм уу гэхээр нь үгүй хэлсэн. Бид хоёр тэгээд буцаад орсон. Гэрт бид хоёр дахиж муудалцаад хоорондоо зодолдсон. ******* ах гэрт зодолдохгүй шүү гэхээр нь бид хоёр гэрээс нь гараад хашаанд зодолдсон. Би *******ыг цохиж унагаад нуруу хавьцаа санагдаж байна хэд хэд өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******а орон дээр хоёр тийшээгээ найгаж сууж байгаад гэнэт миний хамарлуу гараараа цохьсон. Би хойшоогоо газар унасан. Хамараа дараад чи яаж байгаа гэж орилсон чинь чамайг одоо ална гээд дээрээс гараараа толгой руу хоёроос гурван удаа цохьсон. Гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоорондоо маргалдсан Гаваана цуг дагуулж ирсэн найзыгаа цохиод өшиглөөд байхаар нь би гэрт битгий маргалдаад бай гэрээс гар гэсэн чинь тэр хоёр зуухан дээр хоёулаа унасан тэр хоёр гэрээс гарсан, би араас нь гутлаа өмсөөд гарахад Гаваана найзтайгаа маргалдаж байхаар нь тэр хоёрыг салгасан чинь лам гээд байссан залуу яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10-р сарын 08-ны өдөр 22 цаг 30 минутын үед гэртээ мөлхөж хүнд зодуулчихсан орж ирсэн. Яасан юм гэж асуухад хүнд зодуулчлаа гэхээр нь ямар хүнд зодуулсан юм гэж асуухад ухаан балартаад орж гараад хэнд зодуулснаа хэлээгүй. Тэр үед миний хүүгийн толгой хагарчихсан нүд хөхөрөөд хавдчихсан байсан. Ахиж битгий зодооч гээд байсан. Нэлээн хямралд орчихсон орчиноо мэдрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******ын биед учирсан тархи доргилт толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн аль нэг хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал нь толгойн дагз хэсэгт байсан тул толгойн дагз хэсэгт цохих, цохигдох дагз хэсгээр унах үед үүсэх боломжтой. Хамар ясны хугарал гэмтэл хамрын нурууны харалдаа мохоо зүйлийн цохих, цохигдох мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 08 шэ/572 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өсвөр насны шүүгдэгч А.Сд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заагдсан өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай нь холбоотой мэдээллийг хавтаст хэрэгт шалгасан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч ******* овогт А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч А.Сд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь өсвөр насны хүүхдийн цаашдын сурах хүмүүжих боломжыг эдлүүлэх байдлыг харгалзан 8.7 дугаар зүйлийн баримтлан ял шийтгэлийг оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, зан үйлийн сургалтанд хамрагдуулахаар дүгнэлтээ гаргажээ.
Шүүх талуудын дүгнэлтүүдийг хянан үзээд хэрэгт авагдсан хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг үнэлэн өсвөр насны шүүгдэгч А.Сд ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж , зохих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагч Ш. нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар хохирогч нь шүүхэд хүсэлт ирүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Алтанбаганын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.*******ыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Сд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД