| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/07599/и |
| Дугаар | 101/ШШ2016/06002 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/06002
| 2016 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/06002 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23/3 дугаар байр, 8А тоотод оршин суух Б.П /ЧК/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ХААИС 1 дүгээр гудамж,0 тоотод оршин суух С.А -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч С.А, нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.П би С.Атай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулан 2.500.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.А нь зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож үндсэн зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүү, алданги 1.500.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг хариуцагч С.Агаас гаргуулан өгнө үү” гэв.
Хариуцагч С.А шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Сүрэнхорлоо овогт А ам бүл 5-лаа 2015.11 сар иргэн Б.П гэдэг хүнээс 2.500.000 төгрөг, 0.5% хүүтэй авсан. Үндсэн мөнгө болох 2.500.000 төлсөн боловч хүүгийн хүү 1.500.000 нэхэмжилсэн байна. А миний бие ар гэр авгай хүүхдээ ганцаараа авч явдаг, барилга дээр ажилладаг. Иймээс би 500.000 төгрөг төлөхийг хүсэж байна. Энэхүү байдлыг минь хүндэтгэн хүлээн авна уу” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.П нь хариуцагч С.Ад 2.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлжээ /хх-3/.
Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн зээл шилжүүлсэн талаар ямар нэгэн маргаангүй.
Харин хариуцагч зээлийн төлбөрт нийт 2.750.000 төгрөгийг төлсөн тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү, алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу хүү, алданги тооцож хариуцагчаас шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний дагуу хариуцагч нийт 3 сарын хүү 375.000 төгрөг /2.500.000*5%*3сар/ болон зээл 2.500.000 төгрөгийг гэрээний хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөх үүрэг хүлээжээ.
Хариуцагч С.А нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 125.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 2.750.000 төгрөг төлжээ /хх-14-18/.
Дээрх төлбөрийг тооцож үзэхэд зээлийн хүүнд 375.000 төгрөг, зээлд 2.375.000 төгрөг төлөгджээ. Хариуцагч зээлийг хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдож байх тул дор дурдсанаар алданги тооцох үндэслэлтэй.
2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 51 хоногийн хугацаанд 637.500 төгрөг /2.500.000*0.5%*51/, 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 26 хоногийн хугацаанд 211.250 төгрөг /зээлийн үлдэгдэл 1.625.000*0.5%*26/, 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 22 хоногийн хугацаанд 68.750 төгрөг /зээлийн үлдэгдэл 625.000*0.5%*22/, 06 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 08 дугаар сарын 10-ны өдрөөр тооцоход 65 хоногийн хугацаанд 40.625 төгрөг /125.000*0.5%*65/, нийт 958.125 төгрөг.
Иймд хариуцагч С.Агаас зээлийн үлдэгдэл 125.000 төгрөг, алданги 958.125 төгрөг, нийт 1.083.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Агаас 1.083.125 /нэг сая наян гурван мянга нэг зуун хорин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.916.875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Агаас 30.545 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА