Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 796

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 

2/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг шүүх тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах”-ыг үүрэг болгох” чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, 

3/ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус ..” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч , хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , С.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Н.Энхмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар хэмээх хэм хэмжээний актын 3.9 дэх заалтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлэн ажиллахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасныг баримтлан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

2. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах гэсэн эрхийн дагуу манай үйлчлүүлэгч компанийн удирдлагууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын байгууллагад хүлээлгэн өгч баталгаажуулах үүргээ биелүүлэхийг “Б” ХХК-иас шаардаж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан манай компани хохирол төлөх нөхцөл байдалд орж, хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй бодит нөхцөл байдалд: 

1. Нийгмийн даатгалын тухай хуульд нийцүүлэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж буй захиргааны хэм хэмжээний акт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын үйлчлэлийг зогсоосон 1/1635 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар шийдвэр гарч, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. 

2. Манай үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт нийцүүлэн гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын хэлтсүүд хүлээн авч баталгаажуулахгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг чиглэл бодитоор дагаж мөрдөгдөж байгаа, дээрх тушаалд нийцүүлэн гаргасан тайланг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа байгууллагууд хүлээн авахгүй, чиглэл ирээгүй гэсэн. 

3. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна хэмээн заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь дээрх А/84 дүгээр тушаалыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэйг сануулж гаргасан хүсэлтийн хариуг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З******* 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1/681 тоот албан бичгээр ирүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хэрэгжүүлэхгүй болохоо мэдэгдсэн.

4. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад уг асуудлаар хандсан бөгөөд хариуг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3/815 тоот албан тоотоор хүлээн авсан. Агуулга нь “.... шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ын өдрийн 1076 дугаар захирамжид танай компанийн үйлчлүүлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах тухай захирамжлаагүй байна....” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хэрэгжүүлэлгүй орхигдуулж байгаа талаар гомдолдоо дурдсан ч хариу өгсөнгүй. Манай компани үйлчлүүлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хэм хэмжээний акт А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргаж харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүлээлгэн өгч, баталгаажуулах үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн энэхүү үүргээ биелүүлж, чадахгүй, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасны дагуу хохирол нөхөн төлөх үр дагаварт хүрч байна. Ийнхүү Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйтэй уялдан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул тус маргааныг хянан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу баталгаажих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Тус А/23 дугаар тушаалын дээрх А/84 дүгээр тушаалд холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл, журмыг хангахгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын энэхүү хууль бус захиргааны актын улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул тус маргааныг хянан, Захиргааны ерөнхий хуулийн дагуу баталгаажих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 албан тоотыг илт хууль бус болохыг тогтоосон. Шүүгчийн захирамжийг биелүүлж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны А/84 дүгээр тушаал болон 1/1635 тоот чиглэл хүргүүлэх албан тоотуудыг хүчингүй болгосон. Гэтэл тус байгууллага нь хүчингүй болгосон тушаал, зааврыг мөрдөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг чиглэл хүргүүлсэн 1/1635 дугаар албан тоотыг шүүгчийн захирамжаар бүхэлд нь хүчингүй болгосон байтал нэхэмжлэгч тал нь уг зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэн ажиллахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу уг чиглэл хүргүүлсэн 1/1635 дугаар албан тоот болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаал нь эрх зүйн үйлчлэлгүй. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаал хүчингүй болгох тухай тушаалын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тоот тушаалыг тус тус...” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнд дараах тайлбарыг гаргаж байна.

“Е*******” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Дээрх илт хууль бус үүрэг, чиглэлийн шууд үйлчлэлээс “Е*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, баталгаажуулах шийдвэр гаргахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах тухай нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаалаар хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1076 дугаар захирамжаар илт хууль бус болохыг тогтоосон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлээр тус газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлсэн байдаг тул захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэл болон А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл, журмыг хангахгүй байна гэж тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгч өмнө нь захиргааны хэргийн шүүхэд хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж шүүхэд хандан уг захиргааны актыг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулсан мөртлөө өмнөх нэхэмжлэлээ үгүйсгэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйл ажиллагааны улмаас аж ахуй нэгжид хохирол учирсан байх тул хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Б” ХХК  нь тус шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Үүнд:

 1/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 

2/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг шүүх тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах”-ыг үүрэг болгох” чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, 

3/ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус ..” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ. 

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролыг нөхөн төлүүлэхийг тухай хуулийн этгээдээс шаардах” гэж зааснаас үзвэл “Б” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргахад Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтад орсон өөрчлөлтийг хэрхэн ойлгож хэрэглэх, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тайланг ямар журмаар авах, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хэрхэн тооцох талаар ажил олгогч, тайлан гаргагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд зөрүүтэй ойлголт үүссэнээс үүдэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгч “Е*******” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврын ...3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож”, хэрэгжилтийг түдгэлзүүлсэн үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс хялбаршуулсан журмаар захирамж гарган шийдвэрлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасан байна.

Гэтэл хариуцагч шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч дээрх асуудлыг шийдвэрлүүлсэн хирнээ бодит байдал дээр биелүүлэхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд маргаантай хэвээр байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1477 дугаар захирамж гарч, мөн өдрийн 27 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхээс шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоон мэдэгдэл хүргүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/8378 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэж, түүний хариуд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий чиглэл хүргүүлсэн албан тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, уг тушаалыг хүчингүй болгосныг харьяа нэгжүүдэд мэдэгдсэн албан тоот...ыг хавсралтаар хүргүүлсэн” 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/896 тоот албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны даргад хүргүүлсэн байна.

Дээрх үйл баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг үндэслэсэн нь уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тус газрын 1/1635 тоот албан бичгийг зөвхөн илт хууль бус болохыг тогтоосноос бус дээрх заавар, түүнийг баталсан А/84 дүгээр тушаалыг илт хууль бус гэж тогтоогоогүй байна.

Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг буруугаар тайлбарлан 44 хоногийн дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг, уг тушаалаар батлагдсан зааврыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсон нь илт хууль бус болжээ.

Түүнчлэн А/23 дугаар тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримталсан нь мөн л үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаал болон уг тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар тодорхой этгээдэд чиглэн үүрэг хүлээлгэсэн,эрх ашиг сонирхлыг нь хязгаарласан, эрх зүйн байдлыг нь дордуулсан ямарваа сөрөг нөлөөлөл үүсгээгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох” гэсэн заалтыг баримталж, хэм хэмжээ тогтоосон актыг бүхэлд нь хүчингүйд тооцсон  нь үндэслэлгүй байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б******* гэрчээр мэдүүлэхдээ: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын санамж хэсэгт “ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээг зааврын төсөл дээр жишээ болгон 1.920.000 төгрөг, 2.000.000. төгрөгөөс тооцохоор хоёр өөр агуулга бүхий хоёр төсөл байсан. Заавар батлахдаа 2.000.000 төгрөгөөс тооцохоор батлагдаж байсан. Газар хэлтсүүд рүү албан бичгээр явуулахдаа 1.920.000 төгрөгөөс тооцох агуулга бүхий хувилбарыг явуулсан байна. Гэхдээ дотоод сүлжээгээр 2.000.000 төгрөгөөс тооцох агуулга бүхий зааврыг тараасан” гэх хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зааврын 3.9 дэх заалтын санамж хэсэгт “ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээг зааврын төсөл дээр жишээ болгон 1.920.000 төгрөгөөс тооцохоор алдаатай батлагдсан гэсэн үндэслэлээр уг зааврыг баталсан А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгосон” хэмээн тайлбарладаг.

Гэрч “...2 хувилбар төсөл байсан, “...2.000.000 төгрөгөөс тооцохоор” хувилбар батлагдсан” гэж мэдүүлдэг ч 3.9 дэх заалт, түүний санамж, жишээ нь “ажил олгогч, даатгуулагч адил 1.920.000 төгрөгөөс тооцохоор” заасан агуулгаар бичигдсэн заавар буюу хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн болон 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж А/23 дугаар тушаалд хавсарган шүүхэд ирүүлсэн, шүүхийн үзлэгээр хэрэгт хавсаргагдсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот албан бичгээр газар, хэлтсүүдэд хүргүүлсэн, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст дээрх 1/1315 тоот албан бичгээр хүргэгдэж тус хэлтсийн цахим санд байршсан зааварт “хувилбар 1” хэмээн тэмдэглэсэн байхад, нөгөө хувилбар гэх 3.9 дэх заалт, түүний санамж, жишээ нь “ажил олгогч цалин хөлснөөс буюу жишээлбэл 2.000.000 төгрөгөөс тооцохоор” агуулгатай заавар буюу хариуцагчаас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж тайлбартаа хавсарган шүүхэд ирүүлсэн, мөн шүүхийн үзлэгээр хэрэгт хавсаргагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын “газрын даргын тушаал”-ын эх хувь нэгжид хадгалагдаж буй зааварт “хувилбар 1” гэж мөн адил тэмдэглэсэн байгаагаас үзэхэд өөр хувилбар байсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл зааврын 3.9 дэх заалт “...ажил олгогч цалин орлогоос /жишээ: 2.000.000 төгрөгөөс/ тооцон шимтгэл төлөх” агуулгаар батлагдсан гэх баримт тогтоогдохгүй байна.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг батлахдаа 3.9 дэх заалт нь “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ....Санамж: Нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас тогтоох хүртэл хугацаанд ..Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан ажиллана. Жишээ: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч мөн адил 1.920.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө” хэмээн батлагдаж, тодруулбал 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газар шинэчлэн тогтоох хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс буюу 1.920.000 төгрөгөөс тооцохоор журамласан байна. 

Энэ заавраа тус газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот албан бичгээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтэст хүргүүлсэн болох нь уг албан бичигт “Хавсралт 12 хуудастай” А/84 дүгээр тушаал 1 хуудас, хавсралт заавар 11 хуудас/ гэсэн бичиглэл болон арын нүүрт “боловсруулсан, хянасан” тэмдэглэгээний доор “Хувь 32” /харьяа нэгжүүдийн тоо/ хэмээх бичиглэлээс тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1485 тоот албан бичгийг хүргүүлснээс бус А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт буюу хэм хэмжээ тогтоосон актад хуулиар тогтоосон журмын дагуу өөрчлөлт оруулаагүй ба зааврын 4 дүгээр хуудсанд 3.9 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай  хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар шинэчлэн тогтооно....Санамж:...Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл...Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан одоогийн зарчмаар ажиллана. Жишээ: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч 2.000.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө” хэмээн ажил олгогч цалин орлогоос тооцон шимтгэл төлөхөөр засвар оруулж, ийнхүү зассан хувийг архивын “газрын даргын тушаал”-ын эх хувь нэгжид сольж хавсарган, цахим сандаа байршуулсан байна. Үүнийг зааварт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүйн дээр зааврын 3.9 дэх заалт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар шинэчлэн тогтооно....Санамж:...Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл...Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан одоогийн зарчмаар ажиллана. Жишээ нь: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч 2.000.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж батлагдсан гэж мөн үзэх үндэслэл болохгүй.

Хэрвээ зааврыг алдаатай агуулгаар баталсан гэж үзэж хэм хэмжээ тогтоосон актад өөрчлөлт оруулахаар бол тусад нь шинэ акт гарган аль зүйл заалтад ямар өөрчлөлт оруулж буйг тодорхой тусгаж, энэ шийдвэрээ харьяа нэгжүүддээ хүргүүлэн цахим сандаа байршуулах учиртай.

Тэрчлэн Засгийн газар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоогоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийг болон уг хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлахаар батлагдсан зааврыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг Засгийн газраас шийдвэр гартал түдгэлзүүлсэн 1/1635 тоот үүрэг чиглэл хүргүүлсэн албан бичгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон, илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй юм.

Ийнхүү А/84 дүгээр тушаалаар “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газар шинэчлэн тогтоох хүртэл 1.920.000 төгрөгөөс тооцохоор” журмалж, энэ заавраа 1/1315 тоот албан бичгээр харьяа газар, хэлтсүүдэд хүргүүлсэн, зааврын дээрх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тухай чиглэл хүргүүлсэн 1/1635 тоотод Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны чиглэл хүргүүлсэн тоотыг хавсаргасан, А/84 дүгээр тушаалыг хамт хүчингүйд тооцсон” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл хугацаагаар тасалбар болгон хүлээн авч баталгаажуулах”-ыг Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, харин дээрх чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Учир нь төрийн захиргааны байгууллагын ажлыг шүүх тусгайлан онцлон зааж ажиллахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газраас “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох” тухай 251 дүгээр тогтоол гарч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр уг тогтоолд зааж өгсөн байна.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1. “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус ...”, 2. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл хүлээн авч баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл хүлээн авч баталгаажуулахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОЮУНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                                Ц.МӨНХЗУЛ

                      ШҮҮГЧ                                                Д.ЧАНЦАЛНЯМ