Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1980

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Даваадолгорын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00799 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Даваадолгорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Даваадолгорын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Даваадолгор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхмэжлэгч Д.Даваадолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдож, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б/58 тоот тушаалаар ажлаас халсан. Ажлаас халах тухай мэдэгдээгүй. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил хүлээлцэх комисс ирж мэдсэн. Би Ц.Цэнгэл дарга, санхүү хэлтсийн дарга Гантулга нарын хамаатан садан нутаг усны хүмүүсээ ажилд оруулах үеийн золиос болсон. Миний халагдсан өөр нэг шалтаг бол өмч хөрөнгийн тооцоо тооллого хийгээгүй гэдэг асуудал байсан. Гэтэл би ажилд орсон цагаасаа хөрөнгийн асуудлыг ярьж хууль журмынх нь дагуу хийсэн. Тиймээс үндэслэлгүй халагдсанд гомдолтой байна. Би ажлаас халсан тушаалаа 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардаж аваад тэр өдрөө гомдол гаргасан. Сайд ажилд чинь эгүүлэн авна гэсэн болохоор нь хүлээж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан. Энэ хугацааг сэргээж, ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 123 734 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Даваадолгор нь Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Д.Даваадолгор нь яамны хөрөнгийн тооллогыг 2015 онд зохион байгуулж үр дүнг бүртгэл тайланд тусгах ажлыг хангалтгүй хэрэгжүүлсэн, удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, мэргэшил ур чадварын хувьд мэргэшээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу Д.Даваадолгор нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө шүүхэд хандах ёстой байсан бөгөөд тэрээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 123 734 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Д.Даваадолгорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д.Даваадолгор давж заалдах гомдолдоо: “...Би ажлаас халах тушаал авсан даруйдаа Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль зэрэг хууль тогтоомжид заагдсан бүрэн эрхийн хүрээнд Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад бичгээр гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг албан ёсоор бичгээр өгөөгүй, сайд болон төрийн нарийн бичгийн дарга нар чамайг буцааж ажилд авна, түр хүлээж бай гэж удаа дараа амаар хариу өгч байсан. Үүнийг би нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь миний Үндсэн хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилд минь буцаан тогтоолгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Даваадолгор нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн, тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7 123 734 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

 

            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 тоот тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 4.1.4, Яамны хөдөлмөрийн дотоод журмын 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүнийг яамны хөрөнгийн тооллогыг 2015 онд зохион байгуулж, үр дүнг бүртгэл тайлбанд тусгах ажлыг хангалтгүй хэрэгжүүлсэн, мэргэшил ур чадварын хувьд мэргэшээгүй гэж үзэж түүнийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 63, 64/

 

            Нэхэмжлэгч Д.Даваадолгор нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаалыг гардан авч, мөн өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдсан байх боловч тэрээр уг гомдлоо хариуцагчид хүлээлгэн өгсөн, ажил олгогч уг гомдлыг хэрхэн шийдзвэрлэсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна. /хх 23, 24/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт гомдол гаргаж хугацаа алдсан гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож, мэтгэлцсэн баримтгүй байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН