Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0195

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн ХV-017767 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсугай” гэж шийдвэрлэсэн байдаг.

Манай компани нь Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумдын нутаг дахь “Магнай уул” нэртэй талбайд 6467,68 гектар ХV-017767 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсарган өгсөн.

Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль хамгаалах шинэчилсэн төлөвлөгөөг Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга Т.Д-аар 2020 онд шинэчлэн батлуулж гарган өгчээ” гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус дурдаад “Хуулийн дээрх агуулгаас үзэхэд сум дамнан байршиж буй тусгай зөвшөөрлийн хувьд байршиж буй сумын нутаг дэвсгэр тус бүрт хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг урьдчилан батлуулах нь тус төлөвлөгөөний байгаль орчноо хамгаалах үндсэн зорилго байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дээр дурдсанчлан манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нийт 6467,68 гектар талбай байгаагаас бид Завханмандал сумын нутагт хамаарах газар дээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эхний жилдээ мөн зөвхөн Завханмандал сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулж, Ургамал сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй болно.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ”, 9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна”, 9.7-д “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана ” гэж тус тус заасан.

Ийнхүү хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тухайн төслийг хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхөн сэргээх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болох магадлалтай сөрөг үр дагаврыг хянах илрүүлэх зорилгоор боловсруулагдахаар байх тул манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эхний жилдээ хайгуулын үйл ажиллагаа явуулах Завханмандал сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.6-д “Ашигт малтмал ашиглах, хайх, дэд бүтцийн барилга байгууламж барих зэрэг улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тэдгээрийн тухайн оны төлөвлөлттэй уялдуулан эхний улиралд багтаан хянаж, эцэслэн батална” гэж заасан бөгөөд уг зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төсөл хэрэгжүүлж буй газартаа хайгуулын үйл ажиллагаа явуулахтай холбоотой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил болгон батлуулахаар зохицуулжээ.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:”, 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;” гэж заасны дагуу жил бүр хайгуулын ажил явуулж буй газарт хамаарах байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланг гаргахаар хуульчилжээ.

Дээр дурдсанчлан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж, хэрэгжилтийг нь тайлагнаж байхаар зохицуулсан бөгөөд ийнхүү нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эхний жилдээ хайгуулын үйл ажиллагааг зөвхөн Завханмандал сумын нутаг дэвсгэрт явуулах боломжтой бөгөөд Ургамал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахгүй тул тус Ургамал сумын байгаль орчинд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй гэх бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн дээрх агуулгаас үзэхэд сум дамнан байршиж буй тусгай зөвшөөрлийн хувьд байршиж буй сумын нутаг дэвсгэрт тус бүр хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг урьдчилан батлуулах нь тус төлөвлөгөөний байгаль орчноо хамгаалах үндсэн зорилго байна” гэх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаагүй” гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...нэхэмжлэгч компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх ашиглахад тавигдах ерөнхий шаардлага, тусгай зөвшөөрлийн төлбөр болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах талаарх нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байхаас гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж хүсэлтдээ хавсаргасан тул тусгай зөвшөөрлийг хугацаа сунгахаас татгалзах үндэслэл бүрдээгүй...” гэж, хариуцагчаас “... “Г” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сум, дүүргийн Засаг даргаар батлуулсан баримтыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргаагүй байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгогдсон хайгуулын ХV-017767 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумдын нутаг дэвсгэр “Магнай уул” нэртэй газарт орших 6467.68 гектар талбайд ашигт малтмал хайх эрхийг эзэмшсэн, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайдаа ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч “Г” ХХК 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байх боловч уг хүсэлтдээ Завханмандал сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргаж, харин Ургамал сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хавсаргаагүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/3695 дугаар албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн өргөдлийн дотоод хяналтын хуудас, нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар гомдол, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04/21 дүгээр албан бичиг, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар гаргасан өргөдөл, Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/255 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий актаар дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн, анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Г” ХХК Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумдын “Магнай уул” нэртэй нутаг дэвсгэрт орших 6467.68 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын  XV-017767 дугаар бүхий нэг тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа энэ тохиолдолд хайгуулын талбайн зарим хэсэгт хамаарах Завханмандал сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, харин үйл ажиллагаа явуулахгүй үлдэх хэсэгт хамаарах Ургамал сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагагүй гэж дүгнэх хууль зүйн боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн “...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сум дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан дээрх хуулийн агуулгаас үзэхэд сум дамнан байршиж буй тусгай зөвшөөрлийн хувьд байршиж буй сумын нутаг дэвсгэр тус бүрт хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг урьдчилан батлуулах нь тус төлөвлөгөөний байгаль орчноо хамгаалах үндсэн зорилго байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй буюу маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг даган гарсан “Г” ХХК-ийн ХV-017767 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага мөн хангагдах учиргүй.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах;”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх”-ээр тус тус заасан байх бөгөөд нэгэнт нэхэмжлэгч “Г” ХХК-аас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ Ургамал сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Завхан  аймгийн хоёр сумдын газар нутагт дамнан олгогдсон XV-017767 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эхний жилдээ хайгуулын үйл ажиллагааг зөвхөн Завханмандал сумын нутаг дэвсгэрт явуулах боломжтой бөгөөд Ургамал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахгүй тул тус Ургамал сумын байгаль орчинд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй гэх бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хариуцагчийн дээрх шийдвэр Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ