Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 1904002360136 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Г

 Улсын яллагч                                              Б.О

 Шүүгдэгч                                                  Б.Г нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай,  эрэгтэй, дээд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “Наран цахиур” ХХК-нд гэрээгээр ажилладаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны  04 тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2198 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын  24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.4 дэх хэсгүүдэд зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 255 цаг 30 минутын ялыг /31 хоног буюу 1 сар 1 хоног/ бүгдийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овгийн Б Г /РД:ФА95022617/

      

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Суварга” хотхоны гадна О.У “та хоёр намайг ашиглах гээд байна, одоо мөнгө гаргахгүй” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, улмаар  түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохьсоны улмаас О.У биеийн эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, духны өмнөд хэсэгт босоо чиглэлтэй 6х0.3 см, зүүн хацарт 5х0.3см улаан ягаан өнгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлсэн:”2019 оны 11 сарын 26-ны орой У, М бид нар архи ууцгаасан. У надад таксины мөнгө өгнө гэж байсан юм. Тэгээд бид гурав Мэргэжлийн хяналтын ойролцоо явж байхад У “та хоёр надаас мөнгө авч намайг ашиглах гээд байна” гэж хэлэхээр нь уур хүрээд 3-4 удаа алгадсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч О.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Г, М ах хоёрыг гэрт нь хүргэж өгөх гээд Мэргэжлийн хяналтын хэлтсийн урд явж байхдаа “та хоёр ингээд яваа” гэж хэлтэл Г ах “чи тэгвэл таксины мөнгө өгчих” гэхээр нь би “та хоёр намайг ашиглах гээд байна” гэхэд Гантулга ах миний нүүр хэсэгт цохиход би газар унаж Г ах гараараа миний нүүр болон толгой руу нилээн олон удаа цохьсон. Миний хамрын яс хугарч, цус хурсан, дух, зүүн хацар зулгарсан. Би 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Мөрдөн байцаалтад гэрч Б.М мэдүүлсэн: “...Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны урд явж байхад О.У согтуурхаад, бид хоёр луу “Та хоёр намайг ашиглах гээд байгаа юм уу, та хоёр зайл” гэж хэлэхээр нь Б.Г уурлаад нэг алгадаж, нүүр лүү нь хэд хэд хүчтэй шанаадахаар нь би салгасан. У хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Г мэдүүлсэн: “... Эрүүлжүүлэх байрнаас хүү О.У очиж авахад хамар нь хавдаж цус гарсан байдалтай байсан. Эмнэлэгт үзүүлэхэд “Хамрын таславч гэмтсэн, хамар зүүн тийш мурийсан, хянга яс цуурч хугарсан” гэж хэлсэн. Одоогоор эмчлүүлж чадаагүй байгаа болохоор баримт байхгүй, цаашид эмчилгээ хийлгэнэ” гэх мэдүүлэг /хх-н 19/

Мөрдөн байцаалтад гэрч М.Б мэдүүлсэн: “...О.У “Хоёр ахдаа ганц юм авч өгнө” гэж  гараад үүрээр орж ирсэн бөгөөд хальт сэрээд харахад У хамар шалбарсан байдалтай харагдсан. Өглөө харахад хамар, нүднийх нь доогуур хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 20/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/270 дугаартай дүгнэлтэд: “О.У биед хамар ясны шинэ хугарал, дух, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 23/,

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Б.Ц илтгэх хуудаст “Б.Г эрүүлжүүлэх байранд авчран драггер багажаар согтруулыг шалгахад 1.15% согтолттой, О.У нь 0.209% согтолттой байсан...” гэжээ. /хх-ийн 9/

Иргэний үнэмлэхний “ФА95022617 регистрийн дугаартай Б овгийн Б Г нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 4 тоотод оршин суудаг” гэсэн лавлагаа /хх-н 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан “2 удаа ял шийтгүүлж байсан” талаарх хуудас, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 44-54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 37-40/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

    Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

  1. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

      Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө  03 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Суварга” хотхоны гадна О.У “та хоёр намайг ашиглах гээд байна, одоо мөнгө гаргахгүй” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, улмаар  түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохьсоны улмаас О.У биед хамрын ясны хугарал, духны өмнөд хэсэгт босоо чиглэлтэй 6х0.3 см, зүүн хацарт 5х0.3 см улаан ягаан өнгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “миний уур хүрээд У 3-4 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч О.У “Г ах миний нүүр лүү  цохиход би газар унахад дахин гараараа миний нүүр болон толгой руу нилээн олон удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Б.М “Г уурлаад У алгадаж, нүүр лүү нь хэд, хэд хүчтэй шанаадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, гэрч Ц.Г “Эрүүлжүүлэх байрнаас хүү У очиж авахад хамар нь хавдаж цус гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, гэрч М.Б “шөнө сэрээд хальт харахад У хамар шалбарсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20/  хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №09шэ/270 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

     Хохирогч О.У, гэрч Ц.Г, М.Б, Б.М нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч О.У, гэрч Ц.Г, М.Б, Б.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Б.Г нь хохирогч О.У “таксины мөнгө өгсөнгүй” гэсэн асуудлаас болж таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүний биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж дүгнэлээ.

Иймд Б.Г үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон. Шүүгдэгч Б.Г хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

 Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч О.У бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба, хохирогчоос эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа талаар хохирогчийн мэдүүлэгт дурдсан байх боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч О.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

         II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгчээс маргаагүй болно. 

Б.Г “Наран цахиур ХХК-нд гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан,  хамгийн сүүлд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын  24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Б.Г гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу гэрээгээр ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б Г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Г мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г хохирогч О.У нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Б.Г холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.Б