| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/07835/и |
| Дугаар | 101/ШШ2016/06086 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2016/06086
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2016/06086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 30 байр 0 тоотод оршин суух Г.Т /РД:0/-ийн хүсэлттэй,
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Т, гуравдагч этгээд Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... миний бие Г.Т нь 2013 оны 7 сард төрсөн эцэг болох Ө.О-н дүү болох Ө.Оч-д үрчлүүлсэн билээ. Оч эгчийнх 2 охинтой ба охид нь надад дургүй намайг дандаа шоолдог. Өнгөрсөн 3 жилд айлд байх надад маш хэцүү өрөөнөөсөө ч гардаггүй байсан. Хэн ч намайг тоодоггүй болохоор би маш их ганцаарддаг. Би өөрийнхөө төрсөн аав, ээжтэйгээ л амьдрахыг хүсч байна. Би одоо төрсөн ээж, аавтайгаа амьдарч байгаа. Г-д дахиж очмооргүй байна. иймд миний хүсэлтийг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Би ээжээсээ өөр хүнтэй байж чадагүйгээ ойлгосон” гэв.
Гуравдагч этгээд Ө.Оч шүүхэд гаргасан тайлбартаа: “... С.Г бидЛондон хотод удаан хугацаагаар оршин сууж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй. Иймд бидний хүүхэд болох Ганхуягийн Тгийн овгийг солиулахад татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэхийн ялдамд уг асуудлыг хүүхдийн маань хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүү Г.Тгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Т нь үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргажээ.
Г.Т нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суудаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт гаргагчаас тус шүүхэд хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй /хх-4/.
Мөн Г.Т нь 2000 оны 06 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, 16 настай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй /хх-5/.
Хүсэлтэд хавсаргасан үрчлэлтийн гэрчилгээгээр Г.Т нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Г, Ө.О нарт үрчлэгдсэн болох нотлогдож байна /хх-6/.
Хүсэлт гаргагч Г.Т нь үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлтээ шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа үрчилж авсан Оч эгчийн охид надад дургүй, намайг дандаа шоолдог, өнгөрсөн 3 жилд айлд байх надад маш хэцүү өрөөнөөсөө ч гардаггүй байсан, хэн ч намайг тоодоггүй болохоор би маш их ганцаарддаг, өөрийнхөө төрсөн аав, ээжтэйгээ л амьдрахыг хүсч байна гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ гэж заасан байх ба Г.Тгийн тайлбараас үзэхэд үрчлэлт түүний ашиг сонирхолд бүрэн нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасныг баримтлан Г.Тгийн үрчлэлтийг шүүх хүчингүйд тооцох үндэстэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д шүүх үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эхэд шилжүүлэхээр заасан тул хүсэлт гаргагч Г.Тг төрүүлсэн эцэг Ө.О, эх Б.С нарын асрамжид шилжүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2000 оны 06 дугаар сарын 00-ний өдөр төрсөн Г.Т /РД:/-г 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Г, Ө.Оч нар үрчилснийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан Г.Тг төрсөн эцэг Ө.О, Б.С нарын асрамжид шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, зааснаар хүсэлт гаргагч Г.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА