Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулйин 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904001810118  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                             З.Г

 Улсын яллагч                                              Б.О

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Ц

 Шүүгдэгч                                                  Б.М нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, хоёр дүүгийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 1 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Б М /РД:/

      

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.М нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 20 тоот хашаанд хохирогч Ж.Э гээгдүүлсэн “Huawei Y5” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

             Мөн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд хохирогч Ө.Ц өмчлөлийн “Samsung A10” загварын гар утсыг “Би танай аавд блок цохиж өгч байгааа хөлсөөрөө тооцуулж таны утсыг авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч бусдад 369.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Мөн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 1 тоот хашаанд оршин суугч хохирогч Ц.Б байшингийн үүдний амбаарт нь тавьсан байсан Япон улсад үйлдвэрлэсэн “Макита” загварын модны уран хөрөө, гар хөрөө зэргийг, 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөн тус байшингаас хар өнгийн савхин хүрэм, 2.4 граммын монетон 1 хос ээмэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Rolex” нэртэй бугуйн цаг, Хятад улсад үйлдвэрлэсэн ногоон оосортой “Smael” нэртэй бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би Ц эгчийн аавд нь хашааны блок өрж өгсөн хөлсөндөө шингээж гар утсыг нь авсан. Тэр утсыг ломбарданд 300.000 төгрөгөөр тавьсан бөгөөд хохиролд нь хөргөгч өгсөн. Харин Ө хашаанд блок өрж байхдаа гар утас олоод тэрийгээ Б өгсөн. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Уг утасны дэлгэц хагарсан хохиролд 30 шуудай нүүрс өгсөн. Б эгч миний нагац эгч бөгөөд тэдний гэрт 2 удаагийн үйлдлээр орж хөрөө, цаг, архи, хувцас хунар авсан нь үнэн. Б эгчийг хохиролгүй болгосон. Дахин буруу зүйл хийхгүй, гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э мэдүүлсэн: “... 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ө хашаанд тэнд блок хийж байсан Б, М бид дөрөв амбаар өргөж зөөвөрлөсөн. Тэгээд өмднийхөө халаасанд гараа хийсэн чинь утас байхгүй болсон байсан. Буцаад амбаар байсан газар очиж үзэхэд утас байхгүй, Ө утсаар залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн. Тэгээд би Б, М хоёрт хандан “ахынхаа утсыг олсон бол гаргаад өгөөрэй” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Маргааш нь Өлзийбатын хашаанд очиж Б, М хоёроос “миний утсыг олбол буцаагаад өгөөрэй” гэхэд тэр хоёр “юу гэж авдаг юм бэ?” гэж байсан. Би “Huawei Y5” загварын гар утсаа 2019 оны 4 дүгээр сарын эхээр “Юнител”-ээс 399.000 төгрөгийн лизингээр худалдаж авсан. Гар утасны дэлгэцний хохирол болох 150.000 төгрөгийг М бүрэн төлсөн тул надад гомдол, саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24,80-82, 133 /

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Ц мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 1-2-ны үед манай охин Х худаг дээр тоглож байхдаа утсаа алга болгочихлоо гээд өвөөгийнхөө утсаар ярьсан. М, Б хоёр хамт яваад худаг дээр тоглож байсан Эрдэнэтуяа эгчийн зээ хүү Бабу олоод авчихсан байсныг тэр хоёр аваад гэрт ирсэн гэсэн. Тэгээд маргааш өдөр нь би аавынд очиход М миний утсыг бариад явж байхаар нь “утсаа авъя” гэж хэлтэл би танайд блок хийж байгаа цалингаа буухаар мөнгийг нь өгье гэсэн. Манай аав тэр хоёроор блок хийлгүүлж байсан. Би урьд нь Мөнхжаргалд авсан үнээрээ утсаа зарна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б мэдүүлсэн: “...Манай гэрээс 2019* оны 5 сараас хойш эд зүйл алга болоод байсан. 2019 оны 7 дугаар сард М алга болсон хувцас өмсчихсөн явж байсан. 2019 оны 7 сарын 16-нд автобусны буудал дээр зогсож байхад М төрсөн эгч нь “М гаргаж авлаа” гээд ногоон оосортай цаг надад авчирч өгсөн. М манайд цай унд ууж, түлээ нүүрс зөөж өгдөг байсан. Манайхаас цахилгаан хөрөө, цаг, архи виски, монетон ээмэг, хувцас хунар зэрэг эд зүйлсүүд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Мөрдөн байцаалтад гэрч Ё.Ө мэдүүлсэн: “...эхнэр Ц.Б, Б.М, Т.Б, Ж.Энхтүвшин нар хашааны зүүн урд буланд байдаг жижиг амбаарыг өргөөд байшингийн зүүн талд аваачиж тавьсан. Тэгээд удалгүй Ж.Э би утсаа хаячихсан байна гээд манай хашаанд хайгаад байсан. Тэгээд миний утсаар залгаж үзээд холбогдохгүй болохоор нь манай хашаанд блок хийж байсан Б.М, Т.Б хоёрт “ахынхаа утсыг олсон бол өгчихөөрэй” гээд манай хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 84/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Б мэдүүлсэн “Манай хүү надад хэлэхдээ Ц эгчид мөнгө төлөөд утсыг нь авч байгаа гэж хэлсэн. Мөн сүүлд нэг утас олоод Б өгсөн, тэр утас Энхтүвшин ахын утас байсан юм билээ, буцаагаад өгсөн гэж хэлсэн. Манай том эгч Б гэрээс эд зүйлс авсан талаар охин Х болон эгчээсээ сонссон” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Б мэдүүлсэн “Зээ охин Х худгаас ус аваад ирэхдээ гар утсаа хаячихлаа гэхээр нь би М, Б хоёрыг очоод үзээд ир гээд худаг руу явуулсан. Удалгүй тэр хоёр утсыг олчихлоо Эрка эгчийн ач хүү Бабу авсан байна гэсэн. М зээ охин Х утсыг нь өгсөн байснаа “Б эгчээ энэ утсыг би худалдаж авлаа” гэхээр нь эгч нь мэдэхгүй Ц эгчтэйгээ ярь” гэсэн. Тэгээд М зээ охины утсыг барьсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

Насанд хүрээгүй гэрч Т.Б мэдүүлсэн: “...найз Б.М 868915045736907, 868915047736905 гэсэн имэй кодтой “Huawei Y5” маркийн гар утсыг надад өгөхдөө би олсон юмаа гэж хэлээд өгөөд явсан. Би тухайн гар утсыг авсан үеэс хойш нэг удаа газарт унагаагаад дэлгэцийг хагалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 87/

Насанд хүрээгүй гэрч Ц.Х мэдүүлсэн: “...Тухайн үед гээгдүүлсэн “Самсунг-10” маркийн утас нь кодтой байсан. Б.М ах утасныхаа кодыг өгчих гэхээр нь би өөрөө утасны кодыг цаасан дээр бичиж өгсөн. Б.М ах миний хаясан утсыг олсон гэхээр нь “утсаа авъя” гэсэн чинь Б.М ах “ээж чинь утсыг чинь олсон бол аваарай” гэж хэлсэн гээд өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Макита модны цахилгаан уран хөрөө 200.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Кен” модны цахилгаан хөрөө 180.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар хөрөө 20.000 төгрөг, “Дархан нэхий” ХХК-ийн хар өнгийн савхин хүрэм 80.000 төгрөг, 2.4 грамм цагаан шигтгээтэй монетон ээмэг 168.000 төгрөг, “Puma” тамирын цамц 20.000 төгрөг, “Remy marmin xo” виски 20.000 төгрөг, “Danzka” архи 50.000 төгрөг, биеийн тамирын эмэгтэй өмд 20.000 төгрөг, бугуйн цаг 30.000 төгрөг, 50.000 төгрөг, нийт 858.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 15/

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Samsung А-10 гар утас 369.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 53/

“Сэлэнгэ эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Huawei Y5 гар утас 320.000 төгрөг, дэлгэц 15.000 төгрөг, зах зээлийн дундаж үнийг 320.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 99/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...СУ01240619 регистрийн дугаартай Б овгийн Б М...” гэжээ.  /хх-н 122/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэжээ. /хх-н 131/

Багануур дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор “Б.М Хужиртын 1 тоотод оршин суудаг талаарх тодорхойлолт /хх-н 121/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

  1. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

      Шүүгдэгч Б.М нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 20 тоот хашаанд Ж.Э гээгдүүлсэн “Huawei Y5” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Мөн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд хохирогч Ө.Ц өмчлөлийн “Samsung A10” загварын гар утсыг “Би танай аавд блок цохиж өгч байгааа хөлсөөрөө тооцуулж таны утсыг авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч бусдад 369.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Мөн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 1 тоот хашаанд оршин суух Ц.Б байшингийн үүдний амбаараас “Макита” загварын модны уран хөрөө, гар хөрөө зэргийг, 2019 оны 7 дугаар сарын 07-ноос өдрөөс 7 дугаар сарын 08-ны хооронд мөн тус байшингаас хар өнгийн савхин хүрэм, 2.4 граммын монетон 1 хос ээмэг, “Rolex” болон “Smael” нэртэй бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 858.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э “...Ө хашаанд Б, М нартай амбаар өргөөд зөөж байхдаа утсаа алга болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 24,80-82, 133 /, хохирогч Ө.Ц “М миний утсыг бариад явж байхаар “утсаа авъя” гэж хэлтэл “би танайд блок хийж байгаа цалингаа буухаар мөнгийг нь өгье” гээд миний утсыг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/, хохирогч Ц.Б “Манай гэрээс алга болсон хувцасыг М өмсөөд явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч Ё.Ө “...эхнэр Ц.Б, Б.М, Т.Б, Ж.Э нар амбаар өргөөд зөөж байхдаа Энхтүвшин утсаа алга болгоод хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-н 84/, гэрч Ц.Б “Манай хүү надад хэлэхдээ Ц эгчээс утас худалдаж авч байгаа мөн нэг утас олоод Болд-Эрдэнэд өгсөн гэж хэлсэн. Манай том эгч Б гэрээс эд зүйлс авсан талаар сүүлд сонссон” гэх мэдүүлэг /хх-н 45-46/, гэрч Ц.Б “М зээ охин Х утсыг нь өгсөн байснаа “Б эгчээ энэ утсыг би худалдаж авлаа” гээд авсан” гэх мэдүүлэг /хх-н 48-49/, насанд хүрээгүй гэрч Т.Б “...найз М гар утас олсон гээд “Huawei Y5” маркийн гар утас надад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 87/, насанд хүрээгүй гэрч Ц.Х “...Мөнхжаргал ах миний хаясан утсыг олоод “ээж чинь аваарай” гэж хэлсэн гээд надад өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/, эд хөрөнгийн үнэлгээ гаргасан “Сэлэнгэ Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн №388, №341, №438 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-н 15, 53, 99/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба Б.М завших үйлдлийн улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулйин 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Б.М нь хохирогч Ц “би танай аавынд блок өрж байгаа хөлсөө авахаараа мөнгийг нь өгье” гэж хэлээд урьдын танилын харилцаагаа ашиглаж хохирогчийн утсыг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Б.М дээрх үйлдлүүд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна.

Иймд Б.М үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан” мөн “залилах”, “хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулйин 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь Ж.Э “Huawei Y5” гар утсыг биет байдлаар буцаан өгч, улмаар уг гар утасны дэлгэцийн үнэ болох 150.000 төгрөгийг, мөн хохирогч Ө.Ц “Samsung A10” маркийн гар утасны үнэ болох 369.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Ж.Э “гар утасны дэлгэцийн хохирол болох 150.000 төгрөгийг бүрэн төлсөн тул гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-н 133/, хохирогч Ө.Ц “гар утасны төлбөр болох 369.000 төгрөгийг авсан тул гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-н 157/, хохирогч Ц.Б “алдагдсан эд зүйлсийг М нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгүүдээр /хх-н 27/ тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулйин 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “М нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 18 нас 2 сартай байсан бөгөөд үл хайхрагдсан хүүхэд юм. Энэ хүүхдийн цаашдын ирээдүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмаар түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргасан.

Шүүгдэгч Б.М хэрэг үйлдэх үедээ 18 нас 2 сартай,  шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 нас 9 сартай болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаанаас хуулбараар \хх-ийн 120 дэх тал\ тогтоогдож байна Б.М хэдийгээр насанд хүрсэн боловч насанд хүрээгүй Б үерхэж нөхөрлөдөг, бие бялдарын өсөлт хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдээс ялгарахгүй, ам бүл 6-лаа амьдардаг, өрхийн амжиргааны түвшингөөс доогуур орлоготой, багаасаа айл айлд очиж түлээ, нүүрс бэлтгэж өгөх, блокоор хашаа өрөх зэрэг ажил хийж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдал тогтоогдлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 217/А/ III тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдний насыг болон засч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх ёстой” гэсэн заалт, 1985 оны 11 сарын 29-ний Ерөнхий Ассамблейн 40/33 тоот тогтоолоор батлагдсан “Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдсон наад захын журам” ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Журамд тусгасан зарчмуудыг гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн залуу хүмүүст хэрэглэх талаар хүчин чармайлт гаргавал зохино” гэсэн заалт, МУ-ын Эрүүгийн хуулийн Өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх тухай бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт зэргийг үндэслэн залуу  хүмүүсд хамаарах Б.М ирээдүйн засрал хүмүүжил, сайн сайхан байдал, цаашид өөрийн зөв амьдарлын төлөө хичээл зүтгэл гаргахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байдал зэргийг үндэслэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Б М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нуууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн,
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий 8.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулйин 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Б овгийн Б М ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  5. Б.М хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.М авагдсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эх Ц.Б даалгасугай.  
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.М нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
  9. Б.М холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.Б