Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 809

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч:   “Б” ХХК,

Хариуцагч: Улатар хотын ерөнхий менежер, Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаалын “Б” ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийг “А” ХХК, М.Н******* нарт шилжүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/110 тоот тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрхи тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , өмгөөлөгч Т.М*******, хариуцагч Улатар хотын ерөнхий менежерийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , Э.У , хамтран хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , гуравдагч этгээд “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянгол дүүргийн Зүүн Ард Аюушийн ******* тоот хаягт “спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах” эрхтэй бүхий тусгай зөвшөөрөл /дугаар 03/0449/ эзэмшдэг.

Гэтэл 2014 оны 07 сарын 04-ний өдрийн Улатар хотын Ерөнхий менежерийн дугаар А/121 тоот тушаалаар манай компанийн тусгай зөвшөөрлийг “А” ХХК М.Н нарт шилжүүлсэн байна. Энэ тушаалын манай компанид холбогдох заалт нь Компанийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн “тусгай зөвшөөрөл шилжүүлэх”-тэй холбогдох заалтуудыг зөрчиж байна.

Учир нь манай компанийн төлөөлөх бүрэн эрхтэй “хувьцаа эзэмшигч”, “гүйцэтгэх захирал”-аас уг тусгай зөвшөөрлийг “А" ХХК иргэн М.Н******* нарт шилжүүлэх тухай албан шийдвэр, Компанийн тухай хуулийн дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээ хэлцлийг “А” ХХК- иргэн М.Н******* нартай байгуулаагүй.

Компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үед манай компанийг төлөөлөх бүрэн эрхтэй “хувьцаа эзэмшигч”-ээр иргэн Д.Э*******байсан бөгөөд ерөнхий захиралаар Д.Э*******, “гүйцэтгэх захирал”-н албан тушаалд Д.Х******* ажиллаж байсан. Улатар хотын ерөнхий менежер, Улатар хотын Захирагчийн алба, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс 2014 оны 07 сарын 04-ний өдрийн Улатар хотын Ерөнхий менежерийн дугаар А/121 тоот тушаал гарсан талаар албан ёсоор мэдэгдэл манай компанид хүргүүлээгүй.

Харин иргэн Б.М*******ын нэхэмжлэлтэй А.Г , Н.П нарын хариуцагчтай “худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох" тухай иргэний хэрэгт 2016 оны 12 сарын 19 өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Баянгол дүүрэг 23-р хороо Зүүн Ард Аюушийн 16-р гудамж 440 тоот хаягт байрлах маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг “бусдад эзэмшүүлэх, ашиглуулахгүй” байхыг даалгах шүүхийн шийдвэр баталгаажуулах арга хэмжээг хариуцагч нарт авсан.

Үүний дараа нэхэмжлэгч Б.М******* битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө 56 м.кв /Ү-/ хувийн сууцанд хариуцагч А.Г ын нөхөр М.Нын “А” ХХК найман нэрийн бараа, архи согтууруулах ундаа худалдаалах үйл ажиллагаа явуулж буй талаар 2017 оны 01 сарын 24-нд “Б” ХХК-ийн захирал Д.Х*******т мэдээлсэн.

2017 оны 01 сарын 24-нд олж мэдсэн даруйд захирал Д.Х******* Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Худалдаа үйлчилгээний хэлтэст очин тусгай зөвшөөрөл шилжүүлсэн талаар хувийн хэрэгтэй танилцах хүсэлтийг тавихад 2014 оны 07 сарын 04 өдрийн дугаар А/121 тоот Улатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар танай компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, манай байгууллага холбогдох журмын дагуу санал өгсөн, харин энэ тухай гомдолоо тушаал гаргасан Улатар хотын Ерөнхий Менежер, Улатар хотын Захирагчийн албанд гомдол гаргахыг зөвлөсөнөөр уг тушаал гарсаныг манай компани олж мэдсэн.

2017 оны 01 сарын 25-ны өдөр уг тушаалын үндэслэлийг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1 болон Захиргааны Ерөнхий хуульд заасан холбогдох журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэхээр Нийслэлийн Засаг Дарга, Улатар хотын Ерөнхий менежер нарт хандан гомдол гаргасан.

Дахин “А” ХХК иргэн М.Н******* нарт тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудлыг Баянгол дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс 2017 оны 3 сарын 12, 13-нд Д.Х******* тайлбар хүсэхэд хариу тайлбарыг Баянгол дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Г амаар тайлбарлахдаа тус тусгай зөвшөөрлийг олгоход ажлын байрны дүгнэлт гаргуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхийг А.М*******аас иргэн А.Г , Н.П нарт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн тул үл хөдлөхөө дагаад тусгай зөвшөөрөл шилжсэн, манай байгууллага хууль зөрчиж санал өгөөгүй гэж тайлбарласан.

Мөн Баянгол Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын 2017 оны 03 сарын 29-ийн 06/607 тоот албан бичгээр “А” ХХК нь Б ХХК-ийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 05 сарын 28-ны өдрийн 06/1313 дугаар албан бичгээр Улатар хотын Захирагчийн ажлын албанд хүсэлтийг хүргүүлж тусгай зөвшөөрлийн нэр шилжигдсэн болно. Танай 2 аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийн талаарх маргаан шүүхийн шатандаа явж байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл хүчингүй болгох хүсэлт шийдэгдэх болно.

Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ Улатар хотын Захирагчийн ажлын албаны 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 01/225 тоот албан бичгээр “Улатар хотын ерөнхий менежерийн тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлсэн захиргааны акт нь зохих хууль, журмыг зөрчөөгүй тул хууль хяналтын байгуулагад хандан шийдвэрлэх боломжтой” гэж мэдэгдсэн. Иймд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121 тоот Улатар хотын ерөнхий менежерийн тушаалын манай компанийн /дугаар 03/0449/ тусгай зөвшөөрлийг А  ХХК, М.Н******* нарт шилжүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “2014 оны 06 дугаар 04-ний өдрийн А/110 тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, харуицагч нарт дээрх тусгай зөвшөөрлийг Б ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улатр хотын ерөнхий менежер шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улатар хотын ерөнхий менежер нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг сум дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмын 2 дугаар хэсгийн 2.4 Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тухайн үйлчилгээний цэгт ажлын хэсэг ажиллаж, дүүргээс оролцсон ажилтан дүүргийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргад ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулж, дүүргийн саналыг албан бичгээр Захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст ирүүлнэ, 2.5 үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс нь Нийслэлийн цагдаа, татвар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тушаалын төсөл, холбогдох материалыг Улатар хотын Ерөнхий менежерт танилцаж шийдвэр гаргуулна гэж тус тус заасны дагуу  Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06/1313 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Улатар хотын Ерөнхий менежерийн тушаал гарсан байна. Улатар хотын Ерөнхий менежер нь дээрх хууль, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэр шилжүүлсэн тухайд: Нэхэмжлэлд Баянгол дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Г... тусгай зөвшөөрөл олгоход ажлын байрны дүгнэлт гарсан байсан, мөн тухайн ажлын байрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байсан...гэжээ. Үүнээс үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэхээр гаргасан саналын үндэслэлийг тайлбарлах зүйтэй” гэжээ.

Хамтран хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн засаг дарга олгохоор хуульчилсан. Баянгол дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг шинээр олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бусдад шилжүүлэх эрхгүй. Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 05 сарын 28-ны өдрийн 06/1313 дугаар албан бичгээр Согтууруулах ундаа худалдах, тусгай зөвшөөрлийн талаар саналыг хүргүүлсэн ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тушаалын төсөл, холбогдох материалыг Улатар хотын менежерт танилцуулж, шийдвэр гаргуулна” гэжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлийг эрх хэмжээний хүрээнд шалгаж, шийдвэр гаргах ба дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан хянаж байж эцэслэн шийдвэрлэнэ.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс тусгай зөвшөөрлийг шинээр олгох, хүчингүй болгуулах, бусдад нэр шилжүүлэх талаар санал болон шийдвэр гаргаагүй тул Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард Аюушийн ******* тоотод хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус компани нь өөрийн хүнсний дэлгүүрийг “А” ХХК-д түрээлүүлэхээр түрээсийн гэрээ хийсэн. Улмаар дээрх хүнсний дэлгүүрийн барилгыг иргэн А.Г ад худалдаж “Б” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг авч явсан учраас манай компани холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн компанийн нэр дээр тусгай зөвшөөрлийг гаргуулан авсан юм. Хожим Б.М*******ын нэхэмжлэлтэй, А.Г ад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 00859 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү шийдвэр хүчинтөгөлдөр болсон учраас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж” нь хүчингүй болсон. Ингэснээр тухайн үл хөдлөх хөрөнгийн маргаан дуусгавар болсон. Энэхүү тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу гаргуулан авсан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрлийг ерөнхий менежерийн тушаалаар манай компанид шилжүүлэн олгоогүй ба шинээр олгогдсон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч анх “Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаалын “Б” ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийг “А” ХХК, М.Н******* нарт шилжүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад “Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/110 тоот тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрхи тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах” гэж нэмэгдүүлсэн байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага дээр бид заавал бичгээр тайлбар өгөх шаардлагагүй, шүүх хуралдааны явцад хариу тайлбараа гаргах боломжтой гэж тайлбарласан тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 23 хороо, Зүүн ард Аюушийн ******* тоот хаягт байрлалтай хүнсний дэлгүүрт спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ 2 жилийн хугацаатайгаар авсан байна.

 Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/110 тоот тушаалаар “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн, зогссон үндэслэлээр хүчингүй болгож, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаалаар А  ХХК-д тусгай зөвшөөрөл олгожээ.

“Б” ХХК-ийн захирал Д.Г  нь тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрээ А.Г ад 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Уг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр магадлал, тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04533/ дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1521 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2016/01430 дугаар тогтоол болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно”, 16.2.5-д “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно”, нарийвчлан журамласан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 2.4 Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тухайн үйлчилгээний цэгт ажлын хэсэг ажиллаж, дүүргээс оролцсон ажилтан дүүргийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргад ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулж, дүүргийн саналыг албан бичгээр Захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст ирүүлнэ, 2.5 үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс нь Нийслэлийн цагдаа, татвар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тушаалын төсөл, холбогдох материалыг Улатар хотын Ерөнхий менежерт танилцуулж шийдвэр гаргуулна гэж тус тус заасан байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06/1313 тоот албан бичгээр “Б” ХХК-аас “А ” ХХК-д нэр шилжүүлэх тухай саналыг Улатар хотын ажлын албанд хүргүүлсэний дагуу  Улатар хотын ерөнхий менежер 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/110 дугаар тушаалаар “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаалаар “А” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна. Нэхэмжлэгчээс “...”Б” ХХК-аас тусгай зөвшөөрлийг “А ” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргаагүй, компанийн эрх шилжүүлэх гэрээ хэлцлийг хийгээгүй гэж, гуравдагч этгээд “...тусгай зөвшөөрлийг шинээр авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн” гэж маргадаг бөгөөд “А ” ХХК-аас бүрдүүлж өгсөн материалыг хариуцагч нар нотлох баримтаар гаргаж өгдөггүй, шүүхээс Баянгол дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Тамгын газрын архив, Улатар хотын захирагчийн ажлын албаны архивт тус тус бичиг баримтын үзлэг хийхэд тусгай зөвшөөрөл шинээр авсантай холбоотой материал олдоогүй, харин Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 06/1313 тоот албан бичиг хавсралтын хамт байсан болно.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно”, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 6.1. Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж зааснаас үзэхэд нэгэнт тусгай зөвшөөрөлд заасан хүнсний дэлгүүрийг Д.Г  нь А.Г ад худалдсан тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06/1313 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Улатар хотын ерөнхий менежер 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121,  2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/110 тоот тушаалыг гаргасаныг буруутгах үндэслэлгүй байна.    

Өөрөөр хэлбэл дээрх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас анх олгохдоо, мөн гуравдагч этгээд “А” ХХК-д олгохдоо ажлын байранд тулгуурлан олгосон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаалын Б ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийг А ХХК, М.Н******* нарт шилжүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улатар хотын ерөнхий менежерийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/110 тоот тушаалын “Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрхи тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ