Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1981

 

 

 

 

 

 

 

 

 

“Мэнд Үрж Манд” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05351 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мэнд Үрж Манд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 416 892 760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Содхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэнд Үрж Манд” ХХК нь “Монроуд” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр битум нийлүүлэх №БГ-02/2015 тоот гэрээ байгуулан ОХУ-ын ГОСТ-22245-90 шаардлага хангасан авто замд хэрэглэхээр хүлээн зөвшөөрөгдсөн, чанар, норм, стандартыг хангасан авто замын битумыг /замын хар тос/ нийт 187 741 тонн, 1 тонныг нь гэрээнд заасны дагуу 625 ам долларын үнэтэйгээр нийлүүлэн 117 338.13 ам доллар буюу 228 849 248 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги болох 58 669.06 ам доллар буюу 114 424 624 төгрөг, хуулийн зөвлөгөө, өмгөөлөгчийн хөлс, төлбөрөө төлөхийг шаардаж орон нутгаас ирж, очсон зардал 20 000 000 төгрөг нийт 363 273 872 төгрөгний хохирол учирсан. Мөн валютын ханшны өөрчлөлтөөс болж бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж валютын ханшны зөрүү 53 618 888 төгрөг нэмж нэхэмжилсэн. Хариуцагч тал тайлбартаа төлбөр тооцоо нийлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, эсвэл алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Алийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Алдангийн талаар гэрээнд тодорхой заасан. Гэрээний үүргийг биелүүлээгүй бол 0.3 хувийн алданги тооцно гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа заасан. Бид бүтээгдэхүүнээ нийлүүлээд 30 хоногийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 31, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл илгээсэн. Үүнээс хойш бүтэн нэг жил төлбөрөө төлөхийг шаардсан. Битумыг “Монроуд” ХХК-ийн менежер н.Долгор хүлээн авч зарлагын баримтад гарын үсэг зурсан талаараа шүүхэд мэдүүлсэн. Хариуцагч компанийн захирал Г.Тэнгис нэхэмжлэгчид явуулсан албан бичигтээ санхүүжилт орж ирээгүй тул 187.7 тонн битумын үнэ 114 848 ам долларыг хугацаандаа төлөх боломжгүй талаар албан бичгийг ирүүлсэн. Дараа нь бетумын үнийг 2016 оны 03 дугаар сард багтаан график гарган бүрэн төлж барагдуулах тухай албан бичиг ирүүлсэн мөртлөө хүлээж аваагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардаж орон нутгаас ирсэн болон өмгөөлөгчийн зардал нийт 20 000 000 төгрөгийг хохирол гэж нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Монроуд” ХХК-иас битумын үнэ 228 849 248 төгрөг, алданги 114 424 624 төгрөг, хохирол 20 000 000 төгрөг, долларын зөрүү 53 618 888 төгрөг нийт 416 892 760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Мэнд Үрж манд” ХХК, “Монроуд” ХХК нарын хооронд битум нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэдэгт маргахгүй, зөвшөөрч байна. Харин бид талуудын хооронд байгуулагдсан битум нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт “талууд тооцоо нийлсэн төлбөрийг тогтсон хугацаанд үл маргах журмаар төлнө” гэж зааснаар тооцоо нийлээгүй тул хичнээн хэмжээний битум нийлүүлсэн гэх хэмжээнд маргаж байгаа. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Гэрээнд зааснаар тооцоо нийлсэн төлбөрийг үл маргах журмаар төлөх үүргийг хүлээсэн хэдий ч хичнээн хэмжээний битум нийлүүлсэн талаар тооцоо нийлсэн баримтгүй. Гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй тул алдангийг төлөхгүй. Талууд бүтээгдэхүүн нийлүүлэгдсэний дараа төлбөр тооцоогоо нийлээд, тооцоо нийлсэн баримтаар хариуцагч гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Хуулийн зөвлөгөө авсан хөлс, орон нутгаас ирж, очсон зардалд 20 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь нэхэмжлэгч компанийн өөрсдийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай нь холбогдож үүссэн зардал тул өөрсдөө гаргасан үйлчилгээний зардлаа хариуцна. Энэ шаардлагыг нотолсон баримтгүй байна. Иргэний хуулийн 217, 218 дугаар зүйлд мөнгөн тэмдэгтийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд үүрэг үүссэн үе бөгөөд тухайн үед нэг ам долларын ханш 1 950.34 төгрөгтэй тэнцэж байсан. Тиймээс үүрэг үүссэн үеийн ханшаар тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монроуд” ХХК-иас 343 273 872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мэнд Үрж Манд” ХХК-д олгож, үлдэх 73 618 888 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 402 919 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас 1 874 319 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мэнд үрж манд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо: “...Шүүх дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног дутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байдаг. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Битум нийлүүлэх гэрээ”-нд алдангийн талаар талууд дараах байдлаар тохиролцсон байдаг. Үүнд: Гэрээний 4.2-т “Хоёр тал гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд буруутай тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлөх ба төлбөрийн алданги, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлж барагдуулна” гэж заасан. Алдангийн талаар Иргэний хуулийн болон талуудын хооронд байгуулагдсан “Битум нийлүүлэх гэрээ”-ний зохицуулалтаас харахад гэрээ байгуулсан талууд өөрсдөө үүрэг гүйцэтгэх хугацааг тохирсон байх ёстой бөгөөд тус хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол тохиролцсон хугацаанаас эхлэн алданги тооцох хууль зүйн зохицуулалт байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан “Битум нийлүүлэх гэрээ”-нд үүрэг гүйцэтгэх хугацаа буюу хариуцагч “Монроуд” ХХК-ийн төлбөр төлөх хугацааг гэрээний 3.10-т “Тооцоо нийлсэн төлбөрийг тохиролцсон хугацаанд үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд тусгай төлбөрийн нөхцөл, хугацааг заасан заалт байхгүй байх ба талууд бүтээгдэхүүн нийлүүлэгдсэний дараа тооцоо нийлж, тооцоо нийлсэн төлбөрийг хариуцагч “Монроуд” ХХК төлөх үүргийг хүлээсэн байна. “Битум” нийлүүлэх гэрээ”-ний дагуу талууд тооцоо нийлсний дараа төлбөр төлөх хугацааг тохирч хариуцагч “Монроуд” ХХК нь төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон байна. Гэрээний хугацаа, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь харилцан адилгүй үр дагавар үүсгэдэг тусдаа асуудал гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Мэнд Үрж Манд” ХХК нь хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 117 338,13 ам.доллар буюу 228 849 248 төгрөг, алдангид 58 669,06 ам.доллар буюу 114 424 624 төгрөг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 73 618 888 төгрөг, нийт 416 892 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй тул алданги, хохирлыг төлөхгүй” гэж маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БГ-02/2015 дугаартай “Битум нийлүүлэх гэрээ”-г байгуулж, худалдагч нь ОХУ-д үйлдвэрлэсэн БНД 90/130 маркийн авто замын битум /500 тонн/-ыг нийлүүлэх, худалдан авагч нь битумын үнийг 1 тонныг нь 625 ам.доллараар /Монголбанкны ханшаар/ төгрөгөөр тооцон, тооцоо нийлсэн төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээсэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 124, 504 тн, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 63, 237 тн, нийт 187, 741 тн авто замын битумыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь үнийг төлөөгүй зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, зарлагын падаан, нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, хариуцагч “Монроуд” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/254, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/24 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх 6-16, 69-71/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэн, хариуцагчаас нэхэмжлэгчийн нийлүүлсэн битумын үнэ 117 338,13 ам.доллар буюу 228 849 248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

            Талууд дээрх гэрээндээ худалдан авагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр зааж тодорхойлоогүй байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох боломжийн дагуу гэрээний 3.10-т “Тооцоо нийлсэн төлбөрийг тохиролцсон хугацаанд үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж тусгасан нь үүргийн гүйцэтгэлийг шат дараалалтай биелүүлж, тооцох нөхцлөөр тохиролцсон гэж үзнэ.

 

            Хариуцагч нь гэрээний дээрх заалтыг үндэслэн тайлбар гаргаж байгаа нь гэрээний үүргийг биелүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйн зэрэгцээ нэхэмжлэгчид хүргүүлсэн дээрх албан бичгүүдээр “...2015 оны 5-6 дугаар сард 187,741 тн 90/130 маркийн авто замын битумыг хүлээн авсан, үнийг 2016 оны 03 дугаар сард бүрэн төлж барагдуулна” гэсэн баримтуудыг нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч компанид илгээж байсан албан бичгүүд дэх төлбөрийн хугацааны талаарх агуулгатай харьцуулан үзэхэд хариуцагч “Монроуд” ХХК-ийн төлбөр төлөх хугацааг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр харилцан тохиролцсон гэж дүгнэх боломжтой байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг төлөх хариуцагчийн үүргийн талаар өөр хугацаа тогтоосон талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гарган нотолж, мэтгэлцээгүй болно.

 

            Нэхэмжлэгч нь ам.долларын ханш өссөн тул ханшийн зөрүү 53 618 888 төрөгийг хохирол гэж шаардаж байгаа боловч талуудын хооронд гэрээний үнийг ам.доллараар тохиролцсон байгаа нөхцөлд нэхэмжлэл гаргаснаас хойш ам.долларын ханш өссөнийг хохиролд тооцон шаардах эрхийн үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн хуулийн зөвлөгөө, өмгөөлөгчийн хөлс, төлбөр төлөхийг шаардаж орон нутгаас ирж, буцсан зардалд 20 000 000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шууд гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

            Иймд хариуцагчийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 82 хоногийн хугацаагаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, гэрээний 4.2-т “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцох”-оор заасны дагуу /117 338,13 ам.доллар х 0.3% = 352 ам.доллар х 82 хоног/ 28 864 ам.доллар буюу 56 294 361 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

                                                 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05351 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...343 273 872 төгрөг...” гэснийг “...285 143 609 төгрөг...” гэж, “...73 618 888 төгрөг...” гэснийг “...131 749 151 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1 874 319 төгрөг...” гэснийг “...1 583 668 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 730 080 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН