| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/01123/И |
| Дугаар | 01092 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 01092
2016 оны 10 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2016/01092 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 12 тоот хаягт оршин суух Довжоо ориг овогт Батбаатарын Цолмон /рд: ШБ88021816/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, Худалдаа хөгжлийн банкны төв байрны 11, 12 давхарт байрлах Монгол Улсын Хөгжлийн банканд холбогдох
Цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 10,515,939 төгрөг, ахлах мэргэжилтэн болон мэргэжилтний цалингийн зөрүүд 3,245,224 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажлаас халах тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/87 тоот тушаалыг хүчингүй болгох, зээлийн газар, байгууллагын зээлийн хэлтэст ахлах мэргэжилтэн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, өмгөөллийн хөлсийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6260 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн. Шүүх хурал болсон өдрийн байдлаар буюу 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөр ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож 6,504,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан.
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б-71 тоот тушаалаар намайг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилж ажилгүй байсан хугацааны олговор 6,504,776 төгрөгийг олгохыг зөвшөөрсөн.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6260 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт ажлын 8 сар 19 хоногийн 10,515,939 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Мөн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6260 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахдаа мэргэжилтний цалингийн буюу 2,258,897 төгрөгөөр тооцож 6,504,776 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1593 дугаар шийдвэрийн дагуу намайг ажилд эгүүлэн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б-86 дугаар тушаалаар авсан. Шийдвэрээс тушаал гарах хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэрээр авсан. Иймд ахлах мэргэжилтэн болон мэргэжилтний цалингийн зөрүү 3,245,224 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6260 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,504,776 төгрөг болно” гэж хууль тогтоомжийн дагуу дундаж цалин хөлсийг тогтоож уг асуудлыг шийдвэрлэн хариуцагчийн гэм бурууг тогтоосон. Энэхүү шийдвэрийг хариуцагчийн зүгээс биелүүлж уг маргаан дуусгавар болсон. Түүнчлэн тухайн үед талууд дундаж цалин хөлсний хэмжээний хувьд маргаагүй. Гэтэл одоо жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхээс тогтоосон дундаж цалин хөлсний талаар маргаан үүсгэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай заасан байдаг. Иймд 3,245,224 төгрөг гаргуулах шаардлагыг гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6260 дугаар шийдвэрээр Б.Цолмонг ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Энэхүү шийдвэрээр Б.Цолмонгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 6,504,776 төгрөгөөр тогтоож маргааныг шийдвэрлэн хариуцагч бүрэн биелүүлсэн байтал одоо нэхэмжлэгч уг маргаантай асуудлаар дахин нэхэмжлэл гарган урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймээс мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар энэ асуудлыг шүүх дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
1.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... 1.Нэхэмжлэгч Б.Цолмонгийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байсан 8 сар 19 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт ажил олгогчоос 8,000,000 төгрөгийг Б.Цолмонд төлнө.
2. Ажил олгогч нь гэрээний 1 дүгээр зүйлд заасан төлбөрийг энэхүү гэрээг баталгаажуулах шүүгчийн захирамж гарсны дараа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт багтаан Төрийн банкан дахь Б.Цолмонгийн цалингийн 102100504498 тоот дансанд шилжүүлэх ба шилжүүлэхдээ 2016 оны 2, 3, 4, 5, 6 дугаар сард хуваан зохих нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийн хууль тогтоомжийн дагуу татварыг суутгана.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228,711 төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч байна.
4. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах асуудлаар цаашид шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахгүй болно.
5.Энэхүү гэрээний агуулга, нөхцөлийн талаар талууд маргахгүй болно.
6. Ахлах мэргэжилтэн болон мэргэжилтний цалингийн зөрүү 3,245,224 төгрөг шаардлага нь энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасан 8,000,000 төгрөгийн тохиролцоонд багтсан тул уг дүнг дахин нэхэмжлэхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч нь уг шаардлагуудын хүрээнд 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид, 2016 оны 2-6 дугаар сард хуваан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийн хууль тогтоомжийн дагуу татварыг суутгаж, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгчийн Төрийн банкан дахь 102100504498 дугаар дансанд шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахгүй гэж эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, түүнийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “нэхэмжлэгч Б.Цолмон цалингийн зөрүү 5,761,163 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хүртэл ажилгүй байсан 8 сар 19 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 8,000,000 төгрөгийг, 2016 оны 2-6 дугаар сард хуваан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, нөхөн бичилт хийх, шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгчийн Төрийн банкан дахь 102100504498 дугаар дансанд шилжүүлэхээр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахгүй” гэж зохигчид харилцан тохиролцон эвлэрэн хэлэлцсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114,355.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 114,355.5 төгрөгийг хариуцагч Монгол Улсын хөгжлийн банкнаас гаргуулж нэхэмжлэгч Б.Цолмонд олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ