Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 753

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Манай Ж ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 953 дугаар шийдвэрээр 3,566,149,600 төгрөгийн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч энэхүү татварын өр нь 2008 оны өр бөгөөд 3,528,970,100 төгрөгийн татварын өр нь Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар юм.

Дээрх татварыг төлбөл зохих хугацаанаас хойш даруй 9 жил гаруй хугацаа өнгөрсөн байх бөгөөд дийлэнх хэсэг нь 1992 оны Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарч байгаа юм.

Монгол Улсын Татварын ерөнхий хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус “тухайн төрлийн татвар хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох”-оор заасан байна.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар нь 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр бусад тооцогдсон. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох” гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг ойлгоно гэж заасан.

Иймд 1. Монгол Улсын татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

2. Тухайн хууль нь хүчингүй болсон зэрэг үндэслэл бүрэлдсэн байх тул манай Ж ХХК дээрх татварын өрийн 1992 оны хуулийн үйлчлэлд хамаарах хэсгийн төлөх үүрэг дуусгавар болсон.

Иймд хуульд зааснаар татвар төлөгчийн тодорхой үүрэг дуусгавар болсон болохыг шийдвэрлэж холбогдох шийдвэрийг гаргахыг хүсэж, холбогдох хүсэлтийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст явуулсан.

Гэвч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/2112 тоот албан бичгээр “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Холбогдох хууль тогтоомжоор татвар төлөгчийн үүрэг дуусгавар болсон болох нь илэрхий харагдаж байхад татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм. Энэхүү эс үйлдэхүйгээс болж манай компанид холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болохгүй, мөн тухайн татварын өртэй холбоотойгоор манай компанийн үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр зогсоосон тул компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 28.1.4-д “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх” эрх нь татварын албанд буюу харъяа дүүргийн татварын хэлтэст хамаарч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болгосон талаарх зохих шийдвэр гаргахаас татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд түүний улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул 1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Ж” ХХК-ийн тайлангийн 3,596,099.100 төгрөгийн өр төлбөр, нотариатын хөлс 50.500 төгрөг нийт 3,596,149.600 төгрөгийг шүүхэд нэхэмжилсэн ба шүүхийн явцад 30.0 сая төгрөгийг төлж барагдуулснаар үлдэгдэл 3,566,149.600 төгрөгийн өр төлбөрийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 953 дугаартай шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн ажиллагаа хийгдэж байгаа болно. 

Энэ хугацаанд дээрх өр төлбөрөөс тодорхой хэмээгээр төлсөн байдаг. Монгол Улсын татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх нэхэмжлэлийн хэсэгт: 

Нэхэмжлэгч 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Монгол Улсын татварын ерөнхий хуулийг барьж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, Иргэний хуулийн 3.4-д “Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй”, 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэс байхгүй байна. Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хуулиуд буцаан хэрэглэх заалт байхгүй тухайн маргаан өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор шийдвэрлэгдэхээр байна.

Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих. 10.1.1-д “тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон” гэж зааснаар татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсон гэсэн нэхэмжлэлийн хэсэгт:

“Ж” ХХК-д холбогдох хугацаандаа төлөөгүй алтны үнийн өсөлтийн тайлангийн өрийг төлүүлэх иргэний хэрэг нь 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа болно.

Алтны үнийн өсөлтийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад дээрх шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар эцэслэн шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана. 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З оос тус шүүхэд “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох” гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг ойлгоно гэж заасан. Иймд Татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, тухайн хууль нь хүчингүй болсон зэрэг үндэслэл бүрдсэн. “Ж” ХХК-д иргэний хэргийн шүүхээр ногдуулсан 3,566,149,600 төгрөгийн татварын өрнөөс 1992 оны үйлчлэлд хамаарах хэсгийг төлөх үүрэг дуусгавар болсон, холбогдох хууль тогтоомжоор татвар төлөгчийн үүрэг дуусгавар болсон нь илэрхий харагдаж байхад татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй байгаагаас болж манай компанид холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болохгүй, мөн тухай татварын өртэй холбоотой манай Компанийн үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр зогсоосон тул тус кампони үйл ажиллгаа явуулах боломжгүй болоод байна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс  “Ж” ХХК нь өнгөт төмөрлөгийн хүдэр олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд алт олборлож 2007-2008 онуудад алтны үнийн өсөлтийн албан татвар, цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайланг дүүргийн татварын хэлтэст гаргаж өгсөн эдгээр тайланг үндэслэн хуулийн хугацаанд нь төлөөгүй алтны өсөлтийн албан татварт 3.548.970.100 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 47.129.000 төгрөгийн татварыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн шүүхээс 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 8 дагаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК-аас 3.566.149.600 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгуулахаар шийдвэрлэснээс 296.252.500 төгрөгийг төлж барагдуулсан, одоо шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй болно.

Татварын байцаагчийн дээрх ногдуулсан төлбөр нь “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед тавигдсан төдийгүй 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс дээрх татварын өрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Өөрөөр хэлбэл “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон  нэхэмжлэгчийн иш татаж буй Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор” татвар төлөх үүрэг дуусгавар болох гэсэн ойлголтыг  2011 оны 01 сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийн дагуу татвар ногдуулахгүй гэж ойлгох бөгөөд хууль хүчин төгөлдөр байх хугацаанд тогтоосон татвар, төлбөр, хураамж зэрэгт хамаарахгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...” байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаас үзвэл  “Ж” ХХК-ийн татварын өр төлбөртэй холбоотой үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зэргээс үзэхэд “Ж” ХХК-ийн өр төлбөрийн асуудал нь 1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарч байгаа татвар төлөгчийн тодорхой үүрэг дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааг  тооцох талаар зааж өгсөн, үүнээс үзэхэд татварын хяналт шалгалт хийх хугацаа 5 жил байхаас бус нэгэнт тогтоогдсон өр төлбөрийг барагдуулахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахааргүй байхад нэхэмжлэгч манай компанийн өр нь 2007-2008 оны татварын өр бөгөөд татвар төлбөл зохих хугацаанаас хойш даруй 9 жилийн хугацаа өнгөрсөн тухайн төрлийн татвар хүчингүй болсоноор татвар төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлөхгүй байх хугацаанд  хууль хүчингүй болвол хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэсэн нэхэмжлэгчийн ойлголт үндсээрээ буруу байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд Үндэсний татварын албаны бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 28.1.4-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх” эрх нь татварын албанд буюу харъяа дүүргийн татварын хэлтэст хамаарч байгаа хэдий ч шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөрийг татвараас чөлөөлөхөөр төрийн захиргааны байгууллагад буюу татварын албанд үүрэг болгоогүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарч байгаа татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаас татгалзсан үйлдэл  нь хууль бус байна гэж үзэж буруутгах үндэслэлгүй  бөгөөд хариуцагч хуулийн дагуу нэхэмжлэгчийн гомдолд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 01/2112 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв. 

 

              Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОЮУНГЭРЭЛ