Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1982

 

 

 

 

 

 

 

 

 

“Итгэл бизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Итгэл бизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 840 801 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Алюшка, Л.Ундармаа

Хариуцагч: Ц.Наранбат, Л.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Итгэл бизнес ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Наранбат, Л.Нэргүй нар нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгө барьцаалан 8 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан юм. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг дахин 2017 оны 06 дугаар сарын 18 хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж, зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн үлдэгдэл төлбөр 5 762 986 төгрөг, 2016 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 6 840 801 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тус байгууллагаас 8 000 000 төгрөг авсан нь үнэн боловч зээлийн төлбөрт 7 000 000 гаруй төлбөр төлсөн гэж үзэж байгаа. Зөвхөн  зээлийн хүү, алданги л хассан байна. Бид зээлээ төлж байсан баримтаа огт хадгалдаггүй байсан. Бидний тооцоогоор зээлийн үндсэн төлбөрөөс доод тал нь 50 хувь хасагдсан байх ёстой. Банк бус санхүүгийн байгууллагатай харилцан тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааг нь сунгасан. Энэ хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлаж байгаа нь үндэслэлгүй. Бид тохиролцсон хугацаагаараа зээлийг төлнө. Мөн зээлийн хэмжээнээс хамаарч хүү, алдангийн төлбөр бас буурсан байх ёстой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранбат, Л.Нэргүй нараас 6 840 801 төгрөгийг гаргуулан “Итгэл бизнес ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 4 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлах 67 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 500 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нараас 124 403 төгрөгийг гаргуулан “Итгэл бизнес ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нар давж заалдах гомдолдоо: “...Бид “Итгэлт бизнес ББСБ”-аас 8 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч зээлийн төлбөрт 7 000 000 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс суутгагдаагүй байна. Мөн зээлийн төлөлтийн тооцоог тулгаж үзэх гэхээр гаргаж өгөхгүй сүүлд нь ийм үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Бид зээлийн төлөлтөө дансаар болон бэлнээр төлдөг байсан. Иймд зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, төлөөгүй гэдгийг тогтоох боломжгүй эргэлзээтэй байдаг. Бидний тооцоогоор зээлийн үндсэн төлбөрөөс доод тал нь 50 хувь суутгагдсан байх ёстой. Үндсэн зээлийн хэмжээнээс хамаарч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ багасах ёстой юм. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг тал бүрээс бүрэн дүүрэн хангалттай нотлох баримтанд тулгуурлан шийдвэрлээгүй, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэхгүй байна. Зээлийн хүү болоод нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоолж үзээгүй мөн бидний зээл төлсөн баримтанд тулгуурлаж шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтанд тулгуурлан, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэгэнт талууд зээлийн гэрээ байгуулсан зээл авсан эсэхдээ маргаангүй боловч зээлийн эргэн төлөлт хийсэн байдалд харилцан адилгүй үндэслэл гаргаж, зөрүүтэй маргаантай байгаа учир дээрх зээлийн төлөлтийн графикт дурдсан мөнгийг төлөөгүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Итгэлт бизнес ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 840 801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “гэрээг сунгасан тул төлбөрийг сүүлийн гэрээний дагуу төлнө” гэж маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 4 дүгээр гудамж, 26 тоотод байрлалтай 67 м.кв талбай бүхий өмчлөлийн сууц, мөн хаягт байрлалтай 500 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг тус тус барьцаалан 8 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, мөн зохигчид 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх зээлийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зээлийн үлдэгдэл төлбөр 5 762 986 төгрөгийг төлөх хуваарийг баталсан, зээлдэгч нар нь төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж ирсэн үйл баримт нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалт, зээлдэгч нарт зээл олгосон болон зээлийн төлбөр төлсөн “Итгэл бизнес ББСБ” ХХК-ийн кассын зарлагын мэдүүлгүүд, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ. /хх 4-8, 10-14, 32-49/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т нэмэгдүүлсэн хүүг сарын 20 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчиж тогтоосон буюу хуульд нийцээгүй байх тул гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд уг заалтад үндэслэн хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

            Мөн хариуцагч нар нь зээлийн төлбөрөөс 5 762 986 төгрөгийг төлөөгүй байсан, уг үлдэгдэл мөнгөний дүнгээр зээлийн гэрээг сунгасан талаар зохигчид маргаагүй байхад эхний гэрээг үндэслэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 6 840 801 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч нь сунгасан гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зээлийн төлбөр, зээлийн хүүг шаардах эрхтэй тул хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нар нь эхний гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр 5 762 986 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 1 855 683 төгрөг, бүгд 7 618 669 төгрөг төлөх үүрэг үүсчээ. Уг үүргээс зээлийн гэрээг сунгасан дээрх хэлцлээс хойш төлөгдсөн 2 626 821 төгрөгийг хасч, үлдэх 4 991 821 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...6 840 801 төгрөг...” гэснийг “...4 991 821 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...124 403 төгрөг...” гэснийг “...94 819 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Нэргүйгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 410 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН