Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 723

 

   А.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                       прокурор Б.Чимгээ,

            хохирогч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

            шүүгдэгч А.Ө-ны өмгөөлөгч Л.Жавзмаа, Э.Эрдэнэчимэг,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 909 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.Ө-д холбогдох 201725010495 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн А-н Ө, 19... оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “О” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .... дүүргийн ....дугаар хороо, ............ дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

 

А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл “О” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, “О” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Ө-ны үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх тухай хүсэлт, гомдол гаргасныг хүлээн авч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Үүнд: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлох нь өмчийн эсрэг гэмт хэргийг зөв зүйлчлэхэд үндсэн нөлөө үзүүлэх учир заавал тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заажээ.

Мөрдөн байцаалтаар А.Ө-ныг “О” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллажээ.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 92 дугаартай дүгнэлтэд: Шүүгдэгч А.Ө-ыг бусдын эд хөрөнгийг завшиж, 328.804.786 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч 2014-2016 оны хооронд “О” ХХК-ийн нийт хэдэн ажилчдаас хэн, хэний цалин болон унааны мөнгөнөөс зөрүү гарсан нь тодорхойгүй. Энэ нь компанид учирсан хохирол уу, цалингаа дутуу авсан ажилчны хохирол уу гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй. Мөн компани нь бэлтгэн нийлүүлэгч Л.Дуламсүрэн, Ц.Бандицэрэн, П.Оюунчимэг, П.Төгсжаргал нарын төлбөрийн тооцоог гаргахдаа төлбөр төлсөн төлбөрийн тооцоог орлого, зарлагын падаанаар тулгаж гаргаагүй, тооцоо бодож өглөг, авлагаа тооцсон актгүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, касснаас бэлэн мөнгө гаргасан хүний гарын үсэггүй, эсвэл бэлтгэн нийлүүлэгч мөнгө хүлээн авахдаа гарын үсэггүй баримтаар авсан уу, шилжүүлж авсан хүн нь гарын үсэггүй баримтаар шилжүүлсэн мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй юм уу гэдгийг нягтлан шалгаж тодруулахгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол дүгнэлт гаргасан нь эргэлзээ бүхий байна.

Мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах ажиллагаа хийгдээгүй, эх баримтыг хавсаргаж ирүүлээгүй нь шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий үйл баримтууд болон нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсон гэж үзэхээр байна.

Хэргийн зүйлчлэлийн талаар ач холбогдол бүхий 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл буюу “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн субъект “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл 2009 онд “О” ХХК-нд шүүгдэгч А.Ө нь нягтлан бодогчоор ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө хэзээ ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай тушаал шийдвэр байхгүй, ажлын байрны тодорхойлолт хэрэгт хавсаргаагүй байна. Энэ нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтооход чухал ач холбогдолтой ба хэрэгт зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа юм.

Шүүгдэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Кристал таун” 804 дүгээр байрны 1509 тоот 111.75 мкв байрыг 200 сая төгрөгийн хохиролд тооцож авсан гэх орон сууцны үнэлгээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгүүлэх шаардлагатай бөгөөд үүнээс шалтгаалж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор шийдвэрлэхэд онгой нөлөө үзүүлэх юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байхад хэргийг шүүх рүү шилжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын гомдол гаргах эрхийг хязгаарлажээ.

Хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт яллах эсхүл, цагаатгах, хөнгөрүүлэх агуулгатай байж хэргийн аль нэг талд ашигтай байдгаас хөндлөнгийн байр суурь бүхий шүүх нотлох баримт цуглуулахад оролцох нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан дутуу хийсэн ажиллагааг нөхөн хийж гүйцэтгэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцээд прокурорт буцаах тухай 909 дугаартай захирамж гаргасныг эс зөвшөөрч доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. А.Ө-д холбогдох хэргийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн гэх боловч шүүгчийн захирамж, хуралдааны тэмдэглэл, хэлэлцсэн процесс зэргээс үзэхэд энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны шүүх хуралдаан болжээ гэж дүгнэхээр байна. Тодруулбал:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэсэн зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үндэслэл журмыг заахдаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хийхээр, 33.2 дугаар зүйлд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” шийдвэртээ энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгахаар заажээ.

Гэтэл А.Ө-д холбогдох хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр хурлыг нээсэн атлаа дундаас нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болгоод явчихсан нь 2 удаагийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг нээгээд ирцийн талаар санал асуухад шүүгдэгчийн өмгөөлөгч нэр бүхий 4 гэрчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан ба 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааныг нээхэд шүүгдэгчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийх, улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналууд гаргаснаар шүүх завсарлаж зөвлөлдөн, урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр болжээ.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 8 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно” гэх заалтуудыг зөрчин “О” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Сүрэнчимэг, санхүү маркетингийн албаны дарга Ж.Айбек нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд асуулт тавьж, хариулт авчээ.

- А.Ө-ны хэргийг шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн аваад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр анхны хурал зарлах хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацаа өнгөрсөн, ерөнхий шүүгчийн хугацаа сунгасан захирамж байхгүйгээс үзэхэд хугацааны хувьд ч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй байсан байна.

-  Шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд мөн "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан" гэж бичигдсэн зэргээс дүгнэхэд А.Ө-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шаардлагатай нотлох баримтуудыг мөрдөн байцаалтаар бүрэн цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэж байна. Тухайлбал:

-  Шинжээч С.Оргил, Д.Мөнхцэцэг, Ж.Бадамсүрэн нар нь "О" ХХК-ийн кассын болон санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан, мөнгөн хөрөнгийн болон бараа материалын журнал, өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, цалингийн болон бэлтгэн нийлүүлэгчдийн тооцоо, цалингийн карт зэрэг 26 хавтас баримтыг эх хувиар нь шинжлэн судлаад А.Ө нь 4 харилцагчид олгохоор касснаас нийт 650.167.210 төгрөг зарлагадсанаас 287.202.730 төгрөгийг олгоогүй, ажилчдын цалин болон унааны мөнгө олгох хүснэгтийн хөлийн дүнг 41.962.055 төгрөгөөр нэмэгдүүлж бичсэнээс 41.602.056 төгрөгийг авч, нийт 328.804.786 төгрөгийн хохирол компанид учруулсныг тогтоон, 12 хуудас бүхий хавсралтаар цалин, унааны мөнгө, харилцагч нартай холбоотой тооцоог нэг бүрчлэн хүснэгтээр гаргаж, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, харилцагчийн дансанд касснаас гарсан дүнгээр шилжээгүй, өглөг авлагын бүртгэлд авагдсан орлогын дүн нь харилцагчийн нийлүүлсэн буюу зарлагын падааны дүнтэй зөрсөн, тооцоо нийлсэн акттай гэх зэргээр гүйлгээ бүрт нь тайлбар хийсэн нотлох баримт хэрэгт авагдсан.

Мөн хохирогч Ж.Д, гэрч П.Төгсжаргал, Л.Дуламсүрэн, Ц.Бандицэрэн нарын мэдүүлгээр А.Ө нь мөнгө завшихдаа ажилчид болон харилцагч нарт өгвөл зохих мөнгийг дутуу өгч дундаас нь авах биш, харин компанийн удирдлагын хяналтгүй байдлыг ашиглан байгууллагын кассаас илүү мөнгө авч байсан нь тогтоогдсон байна. "О" ХХК-ийн санхүүгийн шалгалтын 2017 оны 2 дугаар сарын 13-ны 13/01 тоот акт, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А.Ө-ны компанидаа бичсэн тайлбар, оролцогч нарын шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримт зэрэг нь энэ байдлыг давхар нотолдог.

Гэтэл шүүх "гэмт хэргийн улмаас компани, ажилчин, харилцагч нарын хэнд хохирол учирсныг нарийвчлан шалгаагүй, дүгнэлт нь эргэлзээтэй, нотлох баримтын эх сурвалжийг магадлах ажиллагаа хийгдээгүй, эх баримтыг хавсаргаж ирүүлээгүй, нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсон" гэх зэргээр дүгнэжээ. Гэвч эдийн засгийн тусгай мэргэжил бүхий шинжээчдийн баг дүгнэлтээ гарган ирүүлсэн, нэмж болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэсгүй байна.

З. А.Ө нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу "итгэмжлэн хариуцсан этгээд" болох эсэхэд шүүх эргэлзэж, ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүй гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд "О" ХХК-ийн захирлын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А.Ө-г нягтлан бодогчоор ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг авч хэрэгт хавсаргасан ба ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийгээгүй, ажлын байрны тодорхойлолт огт байхгүй, компанийн захирал Т.Х-н төрөл садан гэдэг байдлаар санхүүгийн бүхий л үйл ажиллагааг бие даан тодорхой хяналтгүй явуулж байсан нь тогтоогдсон болно. Иймээс ч прокурор яллах дүгнэлтдээ "А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "О" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа" гэж тодорхойлсон ба тухайн төрлийн гэмт хэргийн субьект нь заавал аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч байхыг шаарддаггүй, өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүй нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон түүний гэм буруутай үйлдлийг өөр төрлийн зүйлээр зүйлчлэн шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

4. Баянзүрх дүүргийн …дугаар хороо, "…" хотхоны 804 дүгээр байрны 1509 тоот 111.75 м.кв орон сууцны үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор шийдвэрлэхэд онцгой нөлөө үзүүлнэ гэжээ. Гэвч үүнийг "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа" гэж үзэхгүй байна. Учир нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэхээс өмнө А.Ө нь тухайн орон сууцыг 200.000.000 төгрөгөөр үнэлэн компанид учруулсан өрөндөө суутгуулахаар бичгээр тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Т.Х-н өмчлөлд бүртгэгдсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Иймээс эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлтэй адилтган мөрдөн байцаалтын шатанд заавал үнэлүүлэх, сайн дураар хохирлоо төлж, гэм хороо арилгах явцад нь хүчээр нөлөөлөх боломжгүй ба хэрвээ хууртагдах, хүчинд автах зэргээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн гэж үзвэл хууль бус хэлцэлд тооцох, өмчлөх эрхийг сэргээх эрх нь зөвхөн шүүхэд байгаа болно.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорт гомдол гаргасан байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гэж шүүх үзжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн прокурорт гаргасан хүсэлтийг хяналтын прокурор, гомдлыг дээд шатны прокурор хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн тухай бүр хариу өгч байсан ба түүний Нийслэлийн прокурорын газарт гаргасан гэх гомдол байхгүй, харин Улсын Ерөнхий Прокурорын газарт гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлсэн байна. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцүүлэхээр прокурор хэргийг шүүхэд шилжүүлдэг, шүүх түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг, гэм буруугүй бол цагаатгадаг нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хууль ёсны ажиллагаа бөгөөд үүнийг оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэх нь үндэсгүй, харин ч эсрэгээрээ мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, шүүхээр гэм буруугаа хянан шийдвэрлүүлэхээс зайлсхийх, ял завших гэсэн шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн хүслийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 909 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ж.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Ө нь “О” ХХК-д учруулсан хохирлын хэмжээ 330.000.000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаарх хоёр ч удаагийн үйлдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар А.Ө-ны бүх үйлдэл тогтоогдсон байхад хэргийг буцааж, удаашруулж байгаад гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Ж.Д-н өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн. 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шүүх хуралдаан зарласан гэх боловч хохирогч болон түүний өмгөөлөгчид товыг мэдэгдээгүй. 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон бөгөөд шүүх хуралдаан эхлээд, урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан...” гэв.

Шүүгдэгч А.Ө-ны өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж болон шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан боловч хохирогчийн тал, прокурор ирээгүй үндэслэлээр хойшлогдсон. Ингээд 8 дугаар сарын 8-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Би хэргийг прокурорт хянагдаж байх үед буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын дэргэдэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст гомдол гаргасан. Энэ гомдлын хариуг аваагүй байтал буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүх “шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй. Ингээд хэрэг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд ирсэн. Би 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “урьдчилсан хэлэлцүүлэг хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Энэ саналыг хэлэлцэх шүүх хуралдаан 7 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан боловч оролцогчдын ирц бүрдээгүй учир 8 дугаар сарын 8-ны өдөр хийхээр болсон. Иймд хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Би 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын хууль цаазын зөвлөх Алтангэрэлд прокурор Б.Чимгээгийн шийдвэрийн талаар гомдол гаргасан. Уг гомдолд “Хэрэг байхгүй тул хэлэлцэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Улсын яллагч нотлох баримтууд хангалттай бүрдсэн гэж байна. Прокурор Б.Чимгээ ээлжийн амралттай байсан тул 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцоогүй, өөр прокурор томилолтоор оролцсон. Прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нар “шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналаар хэргийг буцаалаа” гэж ярьж байна. Би хэргийг буцаах үндэслэлийг хангалттай тайлбарласан тул шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. 26 хуудас санхүүгийн баримтыг бидэнд танилцуулаагүй, шүүхэд ч ирээгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв. 

       ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл “О” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, “О” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын хүрээнд мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.  

            Шүүгчийн захирамжид заасан “...хэнд хохирол учруулсныг тодруулах, нотлох баримтын эх сурвалжийг тогтоох, А.Ө-ыг ажилд томилсон тушаал болон ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар хавсаргах, орон сууцны үнэлгээ хийлгэх, оролцогч нарын гомдол гаргах эрхийг хязгаарласан...” зэрэг асуудлууд нь тухайн хэргийн хувьд ач холбогдолгүй, зайлшгүй тодруулах зүйл биш тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийн хэмжээний дотор хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой байна. 

Иймд прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Ө-нд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.