| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/14 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/14
2020 02 06 2020/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч М.*******
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр М.*******, 2 хүүхдийн хамт, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 75 тоотод түр оршин суух, урьд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэрлэн зоргол овгийн *******гийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 75 тоот гэртээ эхнэр М.*******г бусадтай хардаж, худлаа хэллээ гэж уурлан улмаар түүний нүүр болон зүүн мөрөн тус газарт гараараа хэд хэд цохисны улмаас М.*******гийн биед баруун дээд, доод зовхинд 5х4 см шаргал өнгийн, зүүн дээд, доод зовхинд 5х5 см шаргал өнгийн, хамрын нуруу нэлэхүйдээ шаргал өнгийн, зүүн мөрөнд 4х3 см хөх өнгийн цус хуралтууд, духны хэсэг, баруун, зүүн хацар, хамрын нуруу хавдаж овойсон, тэмтэрхэд эмзэглэлтэй зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ы шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд эхнэр лүүгээ залгахад “*******” ресторанаас гарч байна гэж хэлчихээд удаад байсан. Тэгээд 1 цаг болж байхад эхнэр хоёр найзтайгаа орж ирэхээр нь худлаа ярьлаа гээд гараараа нүүр болон мөр лүү нь цохиж, гуя руу нь өвдөглөөд гараад явсан. Манай эхнэр согтуу орж ирсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...би мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүргийн нийтийн ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярт найз , нарын хамт орсон. ...Би баарнаас гараад салхинд цохиулаад согтсон. ...Би гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхад С.******* “та гурав худлаа хэллээ, цонхоор харж байхад цагаан өнгийн машинтай залуучуудтай хамт ирсэн биз дээ” гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохиод мөр, гуя руу гараараа цохиж өшиглөсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цагт найз *******, Шинэцэцэг нарын хамтаар ******* зоогийн газарт болсон шинэ жилийн арга хэмжээнд ороод 23 цагийн үед тарсан. Бид ******* зоогийн газраас гарч “” караокед орж 40 минут орчим дуулж байгаад 00 цагийн үед гарсан. Ингээд бид хоёр *******г гэрт нь оруулж өгөөд гэр лүүгээ харьсан. Өглөө 7 цагийн үед *******гийн охин утсаар залгаад “ээж таныг дуудаад байна” гэхээр нь яваад очиход *******гийн хоёр нүд нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн мэдүүлсэн: “Шинэ жилээ тарчихаад бид “” баарны караокед 1 цаг орчим үйлчлүүлчихээд 00 цаг өнгөрч байхад *******г гэрт нь хүргэж өгсөн. бид хоёр *******г гэрт нь оруулж өгөхөд нөхөр ******* нь эрүүл байсан. Би *******д “найз битгий хэрүүл маргаан хийгээрэй” гэж захиж, захиж явсан. Тэгтэл өнөөдөр өглөө надад *******г нөхөр нь зодоод нүүр амыг нь аймар болгосон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.гийн мэдүүлсэн: “Би аав *******, дүү Гарьд нарын хамтаар гэртээ унтаж байтал ээж шөнө архи уучихсан согтуу ирсэн. Ээжийг , эгч хоёр хүргэж өгөөд явсан. Ээж аав хоёр гал тогооны өрөөнд маргаж байсан бөгөөд аав ээжийн гар хөл толгой руу нь гараараа цохиж, өшиглөөд байсан. Ээжийн нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20/,
Мөрдөн байцаалтад гэрч З.ын мэдүүлсэн: “Би *******ыг 7 настайгаас нь мэднэ, хөдөө байхдаа танилцсан. 2011 онд билүү ******* гэдэг хүүхэнтэй суугаад 2 хүүхэдтэй болоод амьдарч байгаа. Манай найз ******* хүнд тусархуу, архи хэрэглээд байдаггүй, даруухан хүн байгаа юм. Найз нөхдийн хүрээнд нэр хүнд сайтай, муулаад байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ы мэдүүлсэн: “Би *******ыг 3 жилийн өмнөөс мэднэ. Хамт нэг засварын газар ажиллаж байсан. Ааш зангийн хувьд хамт ажиллахад түшигтэй, ажилд сайн, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, даруухан зөөлөн зантай хүн. Одоо “*******“ авто засварын газарт засварчнаар ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 24/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/11 дугаартай дүгнэлтэд: “М.*******гийн биед баруун зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн мөрөнд цус хуралт, нүүр, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдьсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нүүрний хэлбэр, гоо сайхныг алдагдуулахгүй бөгөөд энгийн явцаар эдгэрч арилна” шинжээч эмч С.Төгсбуян гэжээ. /хх-ийн 26/,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар “эрэгтэй ******* регистрийн дугаартай Монгол улсын иргэн 1990 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Хэрлэн зоргол овгийн *******гийн *******, эмэгтэй НП920510905 регистрийн дугаартай Монгол улсын иргэн 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Хамниган овгийн Мэргэний ******* нар 2009 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гэр бүл болсныг 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 9 дугаарт бүртгэв...” гэжээ. /хх-ийн 47/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай Хэрлэн зоргол овгийн *******гийн *******...” гэжээ. /хх-н 44/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэжээ, шийтгэх тогтоолын хуулбар. /хх-н 40, 48-52/
Оршин суугаа газрын тодорхойлолтоор “С.*******ыг ******* дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 1 тоотод оршин суудаг талаарх тодорхойлолт /хх-н 45/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 75 тоот гэртээ эхнэр М.*******г бусадтай хардаж “худлаа хэллээ” гэж уурлан улмаар түүний нүүр болон зүүн мөрөн тус газарт гараараа хэд хэд цохисны улмаас М.*******гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 70/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 75 тоот гэртээ эхнэр М.*******г гаднаас согтуу орж ирэхэд нь бусадтай хардаж, “худлаа хэллээ” гэж уурлан улмаар түүний нүүр болон зүүн мөрөн тус газарт гараараа хэд хэд цохисны улмаас М.*******гийн баруун зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн мөрөнд цус хуралт, нүүр, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “эхнэрийгээ худлаа ярьлаа гэж уурлаад гараараа нүүр болон мөр лүү нь цохиж, гуя руу нь өвдөглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн “Би гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхад С.******* “та гурав худлаа хэллээ, цонхоор харж байхад цагаан өнгийн машинтай залуучуудтай хамт ирсэн биз дээ” гэж хэлээд миний нүүр, мөр, гуя руу гараараа цохиж өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.ийн “Өглөө 7 цагийн үед *******гийн охин утсаар залгаад “ээж таныг дуудаад байна” гэхээр яваад очиход *******гийн хоёр нүд нь хөхрөөд хавдчихсан байсан” /хх-н 16/, гэрч Ц.ийн “...Тэгтэл өнөөдөр өглөө надад *******г нөхөр нь зодоод нүүр амыг нь аймар болгосон талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, насанд хүрээгүй гэрч Б.гийн “...Ээж аав хоёр гал тогооны өрөөнд маргаж байсан бөгөөд аав ээжийн гар хөл толгой руу нь гараараа цохиж, өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/11 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.*******, гэрч Б., Ц., насанд хүрээгүй гэрч Б. нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл тус гэмт хэрэг нь хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хардалт болон үл ойлголцлын аль алинаас гарсан байна.
Шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч С.*******ы хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч М.******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-н 9-10/
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч С.******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
С.*******д “ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч С.*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, С.*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу авто засварын ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хэрлэн зоргол овгийн *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэрлэн зоргол овгийн *******гийн *******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******д мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хохирогч М.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын зардал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7.С.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА