| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1233/Э |
| Дугаар | 422 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 422
2020 03 11 2020/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Х.Б., түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /ҮД:0356/, Г.Батцэцэг /ҮД:1664/,
шүүгдэгч Д.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Д.гийн Ө.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 10035 1423 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мацу мода” автоломбардны зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М. овогт Д.гийн Ө..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө. нь “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг өгнө...” гэж хуурч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Х.Б.гийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв орон сууцыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай барьцаалуулж, 25.000.000 төгрөгийг, мөн газраа шилжүүлж авсан ба дахин “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ гараагүй байна...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд өмнө барьцаалсан 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын /барьцаалагчийн/ нэр дээр шилжүүлж, 13.400.000 төгрөг нэмж аваад, нийт 38.400.000 төгрөгийг төлөлгүй, түүнд 49.265.537 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлт бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ө. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ барилгын ажлыг хийж байхдаа ийм асуудалд орсон тул хохирлыг төлнө гэсэн бодол байгаа. Би Х.Б.тай уулзаад хоёр машин шилжүүлж өгье гэж хэлсэн боловч нэг машиныг өгөх боломжгүй болсон. Учир нь би хүнтэй хамтарч машины ченж хийж байсан тул нөгөө хүн нэг машиныг өгөхгүй гэсэн. Тиймээс одоо надад байгаа нэг машиныг шилжүүлэхэд Х.Б.тай үнэ тохирохгүй байгаа. Би хохирлыг барагдуулах сэтгэл байгаа боловч цаг хугацааны хувьд жаахан асуудал гарч ирсэн. Миний Х.Б.д шилжүүлж өгөх машин өнөөдөр хотод орж ирнэ. Мөн аж ахуйн зориулалттай хоёр газрыг Х.Б.д өчигдөр үзүүлсэн боловч үнэлгээнд санал зөрсөн. Би ажил хийж яваад ийм асуудалд орсон тул өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Би өмнө нь нэг ч удаа ийм асуудалд орж байгаагүй” гэв.
Хохирогч Х.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би маш гомдолтой байна. 2016 оны 07 дугаар сард Д.Ө. над дээр ирээд “Багын найзынхаа барилгын ажлыг авчихаад мөнгө хүрэхгүй байна. Чи байраа барьцаанд тавиад өгөөч. Би чамд 36 айлын орон сууцнаас 2 өрөө байр аваад өгье. Би бас тэндээс байр авна” гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сард надтай орон сууц захиалан бариулах гэрээ хийгээд 2017 оны 01 дүгээр сард нотариатаар батлуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн боловч гэрээ хийсэнээс хойш Б.Баярхүү бас өөр хүнтэй орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн байсан. Би тухайн байранд амьдарч байснаас гадна гэрээ хийсэн байсан учир Д.Ө.д итгэж байсан. Би байрны гэрчилгээ гарсан эсэх талаар Н.Мөнхбаясгалан луу утсаар ярьж асуухад гараагүй байна гэдэг байсан боловч 2018 оны 04 дүгээр сард Ц.Алтанцэцэг гэх эмэгтэй над руу ярьж чиний авах ёстой байрыг Д.Ө. надад барьцаалаад мөнгөө өгөхгүй алга болсон гэж хэлсэн. Би Д.Ө.тай утсаар ярихад “би удахгүй аваад өгнө” гэж байсан. Би найздаа тус болъё гэж бодож байсан боловч эцэс сүүлдээ өөрөө хохирлоо. Д.Ө. 2016 оноос хойш хохирол барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд энэ байдлаас болж би өөрийн сэтгэл санаа болон хүүхдийнхээ эрүүл мэндээр их хохирсон. Миний амьдарч байсан байрыг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Би өвчтэй хүүхэдтэй орон гэргүй байгаа тул маш их гомдолтой байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2018 оноос хойш шалгагдаж эхэлсэн боловч шүүгдэгч өнөөдрийг хүртэл хохирогчийн хохирлыг барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Шүүгдэгчид хохирлыг барагдуулах хангалттай цаг хугацаа байсан. Энэ бүхнээс харахад Д.Ө. анхнаасаа залилан мэхэлж, хохирогч Х.Б.г орон гэргүй болгосон нь хавтаст хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаас харагдаж байна. Хохирогч өвчтэй хүүхэдтэй, хүнд байдалтай байна, хохирлыг барагдуулж өгөөч гэж гуйсан. Удаа дараа хэргийг прокурорт буцаасан. Шүүгдэгч удаа дараа хохирлыг төлнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл хохирол төлөөгүй. Д.Ө. нь Х.Б.гийн гэнэн итгэмтгий байдал, найз нөхдөө гэсэн сэтгэл, урьдны сайхан харилцаагаа ашиглаж, хууран мэхэлж, бодит байдлыг нуун дарагдуулж, Х.Б.г хохироосон. Шүүгдэгч би ажил хийж байгаад ийм байдалд хүрлээ гэж хэлж байгаа боловч өөрийн гэм бурууд гэмшсэн зүйл байхгүй, хохирол төлбөрөөс барагдуулах санаа бодол байхгүй байгаа нь харагдаж байна. Х.Б. шүүгдэгчийг найзаа гэж итгээд өөрийн байраа барьцаанд тавьж өгч ажлыг нь эхлүүлсэн. Дараа нь түүнийг өгнө гэсэн байрандаа оруулсан боловч түүний өгсөн байранд амьдарч байхад байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гарган авч, бусдад барьцаалсаныг Х.Б. дараа нь мэдсэн. Д.Ө.д Х.Б. итгэснээрээ өнөөдөр орон гэргүй, ажилгүй, өвчтэй хүүхдийнхээ эрүүл мэнд болон сэтгэл санаагаар маш их хохироод явж байна. Д.Ө. нь шүүхийн өмнө хохирол барагдуулна гэдэг боловч хохирогчид болохоор шүүхээр асуудлыг шийдвэрлүүлье гэж байсан. Ийм учраас хохирогчийн хохирлыг барагдуулж өгөөч. Энэ хүн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэлийг оногдуулж өгөөч гэсэн саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг бүх талаас нь хянаж шийдвэрлэх ёстой. Өнөөдөр шүүгдэгчээс “Н.Мөнхбаясгалан чиний энэ залилан мэхлэх гэмт хэрэгт хамжаад байгаа юм биш үү?” гэж асуухад “үгүй” гэж хариулж чадахгүй байна. Н.Мөнхбаясгалан энэ гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй гэж байгаа боловч энэ хэрэгт хамжигчаар оролцож байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар харагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл гарцаагүй байх ёстой гэдэг зарчмаараа Н.Мөнхбаясгалан хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр шүүх хуралдаанаас өмнө Д.Ө.аас хохирол төлбөр төлөх боломж байгаа бол шүүх хуралдаанд завсарлага авах боломж байдаг гэж тайлбарлахад хохирол төлөх ямар ч санаа зорилгогүй хэргийг шүүхээр шийдүүлнэ гэж байсан. Өнөөдөр Х.Б. Д.Ө.ы өмнө буруутай үйлдэл хийсэн мэт энэ хүнийг загнаад зогсч байна. Гэтэл шүүх хуралдаан дээр болохоор би ажил хийгээд хохирлыг барагдуулна гэж байна. Энэ хүн ямар ял авна гэж ийнхүү ярьж байгааг өмгөөлөгчийн зүгээс гайхаж байна. Хэрэгт цугларсан баримтаар Д.Ө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Ял шийтгэл гарцаагүй байх зарчмаараа энэ хэрэгт Н.Мөнхбаясгалан хамжигчаар оролцох ёстой гэж үзэж байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Х.Б.гийн өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний танил Д.Ө. над дээр ирээд “багын найзынхаа барилгын ажлыг авчихаад мөнгө төгрөг хүрэхгүй ажлыг нь алах гээд байна, чи байраа барьцаанд тавиад мөнгө гаргаад өгөөч, чамд энэ байрнаас чиний байр шиг м.кв-тай 2 өрөө байр аваад өгье, би өөрөө бас 56 м.кв байр авна” гэхээр нь би зөвшөөрөөд, тус болъё гээд байрныхаа гэрчилгээг аваад, Д.Ө.ыг дагаад Ц.Алтанцэцэг гэх эмэгтэйтэй “Хос гутал” худалдааны төвийн 4 давхарт уулзаад, миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай тавьсан. 25.000.000 төгрөгийг Д.Ө. дансаараа шилжүүлж авсан. Ингээд барилгын ажил дээр нэг материал авах хэрэг гараад, мөн зээлийн хүүг төлж чадахгүй байж байтал 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний эзэмшлийн байрыг Д.Ө. Ц.Алтанцэцэгт зарчих, чи энэ байрнаас авчих юм чинь санаа зоволтгүй гэхээр нь би байраа хүүг нь төлөөд 13.400.000 төгрөг авч зарахаар болсон. Энэ мөнгийг Д.Ө.ы “Хаан” банкны 5064237677 дансаар шилжүүлж авсан юм. Ингээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 36 айлын орон сууцны гадна фасад, дотор шал цутгалтын ажил, дээврийн ажлыг бүрэн хийж гүйцэтгээд Н.Мөнхбаясгалан надад тус 21 дүгээр байрны 36.68 м.кв 2 өрөө байрны түлхүүрийг өгсөн. Би байранд нүүж орсон. 2018 оны 04 дүгээр сард Ц.Алтанцэцэг гэх миний байрыг худалдаж авсан эмэгтэй над руу залгаад Д.Ө. чиний амьдарч байгаа байрны гэрчилгээг өөр дээрээ гаргаад, 25.000.000 төгрөгийн барьцаанд надад тавьсан байгаа, одоо энэ залуу хүүгээ өгөхгүй алга болсон, чи олж өг гэхээр нь би Н.Мөнхбаясгалантай уулзах гэтэл утсаа авахгүй алга болсон. Д.Ө.тай ярихад “тийм ээ, би танай байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулаад барьцаанд тавьсан, мөнгөний хэрэг гараад тавьчихлаа, уучлаарай, би мөнгө орж ирэхээр аваад өгье” гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ц.Алтанцэцэг өөрийн байрны гэрчилгээг барьцаалж, нийт 25.000.000 төгрөгийг Ц.Алтанцэцэг Д.Ө.ы “Хаан” банкны дансанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн хажууд байдаг нотариатчийн газарт гэрчилгээ барьцаалсан гэрээг батлуулж, мөнгийг мөн нотариатчийн газарт байхдаа шилжүүлсэн. Тэгээд Д.Ө. 2 сар гаруй хугацаанд Ц.Алтанцэцэгээс зээлсэн мөнгөний хүүг төлөхгүй болсон учраас Д.Ө. надаас байранд оруулж өгье, Ц.Алтанцэцэгт барьцаанд тавьсан байраа зараад зөрүү мөнгийг нь зээлчих гээд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн хажууд байдаг нотариатчийн газарт Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ц.Алтанцэцэгтэй батлуулж, зөрүү 13.400.000 төгрөгийг нэмж, Д.Ө.ы данс руу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл мөнгийг Ц.Алтанцэцэг Д.Ө.ы данс руу хийнэ гээд явсан” гэх мэдүүлэг /187, 189/,
- Гэрч Ц.Алтанцэцэгийн өгсөн: “Х.Б., Д.Ө. нар манай оффис дээр ирээд Х.Б.гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 32 м.кв орон сууцны барьцаанд тавиад зээл авмаар байна гэхээр нь барьцаа хөрөнгө байгаа учраас 25.000.000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн юм. Ингээд зээлсэн мөнгөний хугацаа дуусахад Х.Б., Д.Ө. нар ирж уулзаад байраа зарах гэж байгаа гээд намайг байр худалдаж авах гэхээр нь би Х.Б.тай ярилцаж, байран дээр чинь өр шир байгаа юу гээд лавлаж байгаад түүний байрыг 1 м.кв-ыг нь 1.100.000 төгрөгөөр бодоод 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Б.тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг 38.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өмнө зээлсэн мөнгө зэргийг бодоод Х.Б.д мөнгийг нь өгсөн юм. Ингээд Д.Ө. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр ирээд мөнгө зээлээч, би барилгын ажил хийж байсан орон сууцнаасаа байр авсан байгаа юм, хэдэн төгрөг зээлээч гэхээр нь би түүнтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулаад, тэгээд Д.Ө. үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад эх хувиар нь барьцаа болгож үлдээгээд надаас нийт 15.000.000 төгрөг “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан. Ингээд тэр зээлсэн мөнгөнийхөө эхний 3 сарын мөнгийг өгөөд түүнээс хойш өгөөгүй. Тэгээд би түүн рүү хүүгээ яасан бэ гэж асуухад “барилгын ажлын мөнгө орно, удахгүй” гэхээр нь... Д.Ө. мөнгөө өгөхгүй байхаар нь нийт 37.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаад, 2018 оны 05 дугаар сард албадан гүйцэтгэх захирамж гарч, одоо материал шийдвэр гүйцэтгэгч Энхсоёл гэдэг хүн дээр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Д.Ө. Х.Б.гийн хамт ирээд Х.Б.гийн нэр дээр 1 өрөө байрыг барьцаалж мөнгө зээлж байсан. Тухайн он, сар, өдрийг сайн санахгүй байна. Дараа нь тухайн байраа надад худалдах санал тавьсныг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг Натурын зам дагуу буюу Сансар худалдааны төвтэй байранд байдаг нотариатчаар батлуулж байсан ба мөнгийг нь уг газар байхдаа дансаар шилжүүлж байсан. Харин дараа нь Д.Ө.ы өөрийнх нь нэр дээрх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг барьцаалж, үндсэн зээл, хүү, алдангитай нийлээд 37.000.000 төгрөгийг өгөхөөр болсон юм. Уг байр барьцаалсан болон зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 107.5 ФМ-тэй байранд байдаг нотариатчаар батлуулж байсан ба мөнгөө энэ газраа дансаар шилжүүлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 237/,
- Гэрч Б.Баярхүүгийн өгсөн: “Барилгуудыг ашиглалтад орсны дараа байруудыг эзэмшигчид шилжүүлэх болсон чинь Н.Мөнхбаясгалан Д.Ө.д 2 байрыг нь гэрээнийх нь дагуу өгчихсөн. Д.Ө. цаашаа учраа олоод наад Х.Б. гэх хүндээ өгөг гэсний дагуу 2 байрыг Д.Ө.ы нэр дээр шилжүүлж өгөх гэрээ байгуулсан. Би ойлгохдоо Д.Ө.ыг Х.Б.д шилжүүлээд өгчих юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Тухайн гэрээ хийсэн өдөр Д.Ө. надтай ирж уулзаад би Х.Б.д 2 өрөө байрныхаа нэгийг нь өгөх гэж байгаа юм. Тийм болохоор Н.Мөнхбаясгалантай яриад тохиролцсон байгаа учраас Х.Б.тай орон сууц захиалан бариулах гэрээ хийгээд өгөөч гэхээр нь би өөрийн 88112611 дугаарын утаснаас Н.Мөнхбаясгалангийн 99110302 дугаар луу ярьж тодруулахад Өлзийтэй ярьсан хэлснээр нь гэрээг нь хийгээд өг гэхээр нь уг гэрээг хийж өгсөн. Гэрээнд гарын үсэг зурахад Д.Ө., Х.Б. бид 3 хамт байсан. Ингээд Н.Мөнхбаясгалан зөвшөөрсөн учраас итгэмжлэл хийхгүйгээр гэрээнд Н.Мөнхбаясгалангийн нэр дээр гарын үсэг зурсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 191/,
- Гэрч Н.Мөнхбаясгалангийн өгсөн: “Д.Ө. барилгын гадна фассадны ажил гүйцэтгэдэг бригадтай байгаа юм. Ингээд надтай уулзаад тухайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулаад гэрээний нөхцлөөр бартерт 2 өрөө бүхий 2 байр авахаар тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд гэрээний дагуу 2 ширхэг байрыг Д.Ө.д шилжүүлж өгсөн. Байр шилжүүлж өгсний дараа 2017 оны сүүлээр Д.Ө. над руу залгаад би чамаас авсан 2 байрныхаа нэгийг ажлынхаа нэг хүнд зарчихсан юм аа. Тэгээд тэр хүнд чи ажил гүйцэтгэл дуусаагүй, дээврийн ажил үлдсэн, ордерыг шилжүүлээгүй байгаа гээд хэлээд өгөөч гэж утсаар ярихаар нь ямар учиртай, юу болоод байгаа юм гэсэн чинь тэр хүнд өгөх байраа барьцаанд тавьчихсан юм аа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Энэ гэрээний талаар огт мэдэхгүй байна. Надад утсаар болон бусад байдлаар энэ гэрээний талаар огт хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 241/,
- Гэрч В.Батхүүгийн өгсөн: “...Н.Мөнхбаясгалангийн бариулж байгаа 36 айлын орон сууцны барилгатай холбоотой гэрээг урьдчилан хэвлэн бэлтгэж, 3 хувь үйлдэн ирүүлдэг байсан. Би тухайн үед Баярхүү Н.Мөнхбаясгаланг төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан байсан учраас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг гэрээг баталсан юм. Миний хувьд тухайн хүмүүс уг гэрээг хийхдээ ямар нөхцлөөр хийж, хэрхэн төлбөр тооцоогоо хийсэн, байранд орсон эсэх, төлбөр тооцоо төлж дууссан эсэхийг мэдэх боломжгүй учраас уг гэрээний байгуулсан он, сар, өдрийг чухал холбогдолтой биш гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 193/,
- Гэрч З.Өлзийгийн өгсөн: “Энэ гэрээний сар өдрийг санахгүй байна. Тухайн үед би хэвлэж гаргаж өгч байсан. Д.Ө. Н.Мөнхбаясгалантай утсаар холбогдоод гэрээ хийж болох эсэх талаар асууж байсан. Тэгээд гэрээ Х.Б., Н.Мөнхбаясгалан нарын нэрээр гарсан, гэрээн дээр нь хэн нь гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Энэ гэрээг хийхэд Д.Ө., Х.Б., Б.Баярхүү бид дөрөв байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 246/,
- Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 242/,
- Дансны хуулга /хх-ийн 89, 92/ болон бичгийн баримтууд /44-103/,
- 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 10/,
- 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 11-15/,
- Д.Ө.ы үл хөдлөх хөрөнгийн газарт бүрдүүлж өгсөн баримтууд /хх-ийн 48-51/,
- 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 52/,
- Н.Мөнхбаясгалангаас Б.Баярхүүд олгосон итгэмжлэл /хх-ийн 55/,
- 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-ийн 61/,
- Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 63/,
- Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 58/,
- 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээ /хх-ийн 62/,
- “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96/,
- В.Баярхүүгийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэрийн эгчийн нөхөр болох Н.Мөнхбаясгалан 2015 онд барилга барих санал тавиад үүний дагуу тухайн барилгын гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ингээд ажиллах явцад Н.Мөнхбаясгалан өөрийн найз гэх Д.Ө.тай гэрээ байгуулсан. Гэрээгээр гадна фасад, дээврийн ажил, хар шал зэрэг ажлыг гүйцэтгээд төлбөрт нь 2 байр авахаар болсон, миний санаж байгаагаар 160.000.000 төгрөг орчим болсон юм. Ажил явагдаж байхад Н.Мөнхбаясгалан над руу залгаад Д.Ө. надад нэг юм яриад байна, Өлзийгийн хэлснээр хийгээд өгчихөөрэй гэсэн. Тэгээд Д.Ө. Х.Б. гэх хүний хамт ирж уулзаад Д.Ө. Н.Мөнхбаясгалантай ярьсан байгаа, чи Х.Б.тай гэрээ хийгээд өгчих гэхээр нь би гэрээ байгуулах, гарын үсэг зурах эрх байхгүй гэсэн чинь би ярьчихсан байгаа, зураад өгчих гэсэн. Н.Мөнхбаясгалангаас гэрээний загвар над руу явуулаад гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайн үед надад итгэмжлэл ч байгаагүй учраас би гарын үсэг зурахгүй гэсэн. Тэгтэл Д.Ө. би хэлчихсэн байгаа гэсэн учраас Н.Мөнхбаясгалангийн зөвшөөрснөөр нэр дээр гарын үсгээ зурчихсан юм. Гэрээнд Б.Баярхүү гэсэн ямар нэгэн гарын үсэг зурах нэр байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.Мөнхбаясгалан надад итгэмжлэл хийж өгч, нотариатаар батлуулсан ба Н.Мөнхбаясгалан надад Д.Ө.ы бартерийн 2 байрыг өөрийнх нь нэр дээр гаргаж өгөөрэй гэж үүрэг өгсний дагуу уг 2 байрыг Д.Ө.ы нэр дээр гаргаж өгсөн юм. Энэ талаар би Х.Б.д хэлсэн. Учир нь бид хоёр тухайн барьсан орон сууцандаа хамт амьдарч байсан болохоор байрны гэрчилгээг Д.Өлзийгийн нэр дээр гаргаж өгсөн байгаа гэж Х.Б.д хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 206-208/,
- СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 215/,
- Гэрч С.Жаргалсайханы өгсөн: “Манай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Тарвалин” хотхоны 48В байрны 28 тоот 32 м.кв байранд нөхөр хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Нөхөр Х.Б. хэсэг хүмүүсийн хамт барилгын туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан ба Д.Ө.тай хамтарч, нэг барилга барих ажлыг хамт хийхээр болж тухайн барилгын ажлаа явуулахын тулд өөрийн байраа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж барилгад хөрөнгө оруулахаар Д.Ө.тай тохиролцсон. Тухайн үед Д.Ө. байраа барьцаанд тавиад уг барилга ашиглалтад орохоор одоо байгаа байрны м.кв-ийг өсгөж өгнө гэхээр нь бид зөвшөөрсөн юм. Тэгтэл удалгүй барилгад дахин мөнгө хэрэг болоод манай байрыг зарахаар болсон, бид ч үүнийг зөвшөөрсөн. Би Д.Ө. Х.Б. нарын хоорондын яриа тохиролцоог нарийн сайн мэдэхгүй байна, гэхдээ уг барилгаас 2 өрөө байрыг өгнө гэсний дагуу улсын комисс хүлээж аваад бид байрандаа орсны дараа гэрчилгээг гаргаж өгөөгүй, Д.Ө. өөрийнхөө нэр дээр гаргуулаад банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд тавиад уг байрыг алдчихсан байгаа. Одоогоор бид гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хамаатан садныхаа хүмүүсийн байшингийн буланд амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 239/,
- Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 242-246/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ө. нь “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг өгнө...” гэж хуурч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Х.Б.гийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв орон сууцыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай барьцаалуулж, 25.000.000 төгрөгийг, мөн газраа шилжүүлж авсан ба дахин “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ гараагүй байна...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд өмнө барьцаалсан 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын /барьцаалагчийн/ нэр дээр шилжүүлж, 13.400.000 төгрөг нэмж аваад, нийт 38.400.000 төгрөгийг төлөлгүй, түүнд 49.265.537 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Алтанцэцэг, Б.Баярхүү, Н.Мөнхбаясгалан, В.Батхүү, З.Өлзий, С.Жаргалсайхан нарын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Х.Б., Н.Мөнхбаясгалан нарын байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, Н.Мөнхбаясгаланг төлөөлж Б.Баярхүү, Д.Ө. нарын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 21-24 тоот орон сууцны эрхийн улсын бүртгэлийн 000540128 дугаарт бүтгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Ө., Ц.Алтанцэцэг нарын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээ, Д.Ө.ы “Хаан” банкны 5064237677 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8/197 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 963 дугаар гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Н.Мөнхбаясгалан нь уг хэрэгт хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн тул хэргийг энэ яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлах боловч прокуророос Д.Ө.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдсон гэж шүүх үзэв.
Хохирогчид 49.265.537 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гарган 25.000.000 төгрөгт дүйцүүлэн автомашин шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ө.аас үлдэх 24.265.537 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Б.д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ө.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. овогт Д.гийн Ө.ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө.д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө.д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууулагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ө.аас 24.265.537 төгрөгийг гаргуулан хохирогч Боржгон овогт Халтарын Б. /РД:АЙ78060711/-д олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт авагдсан 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ө.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА