Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 01092

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг,  3 дугаар хороо, Шаравын гудамж 43а байрны 805 тоотод оршин суух Боржигон овгийн Батчулууны Булганхангай  /РД:КЕ87101901/нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Нарны зам Жигүүр гранд В корпус 7давхарт байрлах Баяр-Өргөө Констракшн ХХК-д холбогдох

            Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 5,447,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарзаяа,  өмгөөлөгч Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Булганхангай миний  бие 2014.01.29-ний өдөр Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3 дугаар хороо С.Шаравын гудамжинд байрлах Саруул –Өргөө  байрлах барилгаас 8 давхарт 805 тоот 42м2  байрыг  нэг м2 –ийн үнийг 2,200,000 төгрөгт тооцож 92,400,000 төгрөгөөр худалдан авахаар Баяр-Өргөө Констракшн ХХК-ийн захирал Д.Баярсайхантай гэрээ хийж улмаар гэрээний дагуу 30% болох 27,720,000 төгрөгийг бэлнээр, 70% болох 64,680,000 төгрөгийг Голомт банкны орон сууцны зээлээр төлбөрийг бүрэн төлж гэрээнд заасан үүргийн дагуу үүргээ бүрэн биелүүлсэн болно.

Гэтэл  тус худалдан авсан  байрны нийт талбай хэмжээ гэрээнд зааснаас 2,44 м2 –аар дутуу байсныг Монгол улсад мөрдөгдөж байгаа МNC6058:2009 орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын дагуу Барилгын зураг төслийн “Тоонто гранд’ ХХК-иар 2014.09.13-ны өдөр хэмжилт  хийлгэхэд мэдсэнээр Баяр Өргөө Констаркшн ХХК-ийн захирал Д.Баярсайхантай 2014 оны 10 дугаар сард уулзаж гэрээнд заасан хэмжээнээс 2,44м2 –аар илүү төлбөр төлсөн болохыг мэдэгдсэн бөгөөд 2015.06.12-ны өдөр зөрүү төлбөрийг буцаан төлөхийг хүссэн өргөдөл зэргийг  хүлээлгэн өгөхөд захирал Д.Баярсайхан нь  Баяр –Өргөө  Констракшт ХХК-ийн барилгын инженер дахин хэмжилт хийнэ гэсэн боловч тухайн хугацаанаас хойш ямар ч хариу болон хэмжилт хийсэн  зүйл өнөөг  хүртэл байхгүй байна.

Миний байр 2014 онд ашиглалтад орсон энэ хугацаа Монгол улсад стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009.12.24-ний өдрийн 52 дугаар тогтоол батлагдан МNC6058:2009 орон сууцны барилгын доторх сууцны талбайн тооцох аргачлал мөрдөгдөж байсан бөгөөд энэ стандартыг  2010.02.01- өдрөөс эхлэн хүчинтэй болохыг зааж өгсөн байна. Мөн тус стандартын 7.2–т орон сууцны  өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуудаас авна гэж зааж өгсөн байхад Баяр-Өргөө Констракшн ХХК-ийн захирал Д.Баярсайхан гэрээнд зааснаас 2,44 м2 аар илүү төлбөр авсан байгаа тул  Монгол улсад  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын  дагуу надаас илүү авсан 2,44м2-ийн мөнгө болох 5,368,000 төгрөг “Тоонто гранд” ХХК-д төлсөн төлбөр болох 79,000 төгрөг нийт 5,447,000 төгрөгийг Баяр-Өргөө Конштаркшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манайх энэ байрыг анх баригдаж байхад анх ирчхээд хараад явсан. Дараа нь 2014 оны 01 сард худалдаж аваад нүүж орсон. 2014 оны 6 дугаар сард 6 давхрын айлаас талбайн эхмжилт дутуу байсан шүүхээр зөрүү мөнгөө авсан гэдгийг мэдсэн.Тэгээд 9 сардаа хэмжилт хийлгэсэн нь 2,44 м2 дутуу гэж  гарсан.Иймд 2,44м2-ийн мөнгө болох 5,368,000 төгрөг ”Тоонто гранд” ХХК-д төлсөн төлбөр болох 79,000 төгрөг нийт 5,447,000 төгрөгийг Баяр-Өргөө Конштаркшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баяр Өргөө Констранкшин ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Булганхангшай иргэний нэхэмжлэлтэй Хан-уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, 43 а  байр 805 тоотод 42м2 2 өрөө байр нь 2.44 м2  дутуу гэх шүүхэд хүргүүлсэн дүгнэлтийг Баяр-Өргөө Констракшн ХХК нь тус барилгын экспертизээр батлагдсан барилгын ажлын зураг төслийг үндэслэн татгалзсан хариуг доорх тайлбараар хүргүүлж байна.

Тайлбар: Энэхүү ажлын зурагт  тагтны хэмжээг тооцоолоогүй гаргасан Уг тагт  нь барилгын ажлын зураг дээр 1,500*3,00 гэсэн  хэмжилттэй байгааг Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2009.12.24-ний өдрийн 52 дугаар  тогтоолоор батлагдсан БНбД-ийн 3.4 т заасан тагт, террасын талбайг 033 гэсэн итгэлцүүрээр бууруулан тооцох тооцооллоор бодож оруулсан болно. Уг барилгын үндсэн талбай нь 40.54 тагтны  талбай дээрх аргачлалаар тооцоход 1.48 м2 байна.Иймд м.кв-н зөрүү гарахгүй болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зохигчдын хооронд хэдийгээр захиалгаар орон сууц бариулах гэрээ хийгдсэн боловч гэрээний агуулгаар нь худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч дээрх орон сууцыг худалдан авч байх үедээ  хэмжилт хийлгэж болох байсан.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заанаар “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол” нэхэмжлэгч тал орон сууцыг анх авахдаа талбайн хэмжилт хийлгэх боломжтой байсан боловч энэ шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Булганхангай хариуцагч Баяр-Өргөө Констракшн ХХК-иас   орон сууцны талбайн үнийн зөрүү 5,368,000 төгрөг Тоонто гранд ХХК-д төлсөн төлбөр 79,000 төгрөг нийт 5,447,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч хэмжил зүйн үндэсний зөвлөлийн  2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан БНбД-н 3.4-т тагт, террасын талбайг 0,33 гэсэн итгэлцүүрээр бууруулан тооцох тооцооллоор бодож оруулсан Уг барилгын үндсэн талбай нь 40.54 м2 тагтны талбай дээрх аргачлалаар тооцоход 1.48 м2 байна Иймд м.кв зөрүү гарахгүй болно гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

        Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 102 тоот “Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж 43А байрны 805 тоот 42 м2, 2 өрөө орон сууцыг худалдаж авсан  болох нь  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна./хх-ийн 73-78 дугаар тал/

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ’ гэж  зааснаар хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч үнийн дүн болох 30% болох 27,720,000 төгрөг, үлдэгдэл 70% болох 64,880,000 төгрөгийг 8% зээл авч хариуцагч Баяр-Өргөө Констракшны дансанд шилжүүлжээ. /хх-ийн 84-85 дугаар талууд/

Хариуцагч баригдсан орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн  зэргээс дүгнэхэд  талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад  хүлээн авсан бол” шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

Өөрөөр хэлбэл гэрээнд заасан талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар тухайн  орон сууцны  талбайн  хэмжээг, хүлээж авах үедээ мэдэх боломжтой байсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б.Булганхангай нэхэмжлэлтэй, хариуцагч Баяр-Өргөө Констаракшн ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд  5,447,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ