| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0016/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
2020 02 06 2020/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч Г.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Геофизикч мэргэжилтэй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 12-20 насны 3 дүүгийн хамт, ******* дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Г.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 4 тоотод байрлах гэртээ Д.*******т “чи түрүү жил манай ******* ахтай муудалцсан гэсэн чи том юм аа” хэмээн хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж газарт унахад нуруу руу нь хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Д.*******т хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө гэртээ байж байхад ******* орж ирээд үүдэнд байсан сандлыг өшиглөсөн үйлдэл нь надад таалагдаагүй. Улмаар ******* ахын талаар ярьж байгаад гараараа *******ын шанаа руу нэг удаа цохьсон. Бид хоёр газраар нилээн өнхөрч ноцолдсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэртээ архи уусан байсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын мэдүүлсэн: “Би 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 22 дугаар байранд найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэсэн. Шөнө 00 цагийн үед Б.тай утсаар ярихад “44 дүгээр байрны 4 тоотод байна хүрээд ир” гэхээр нь очсон. *******ын гэрт ороод суухдаа санаандгүй сандлыг нь өшиглөсөн чинь ******* уурлаад байсан. Тэгээд юм яриад сууж байгаад ******* над руу “чи түрүү жил манай ******* ахтай муудалцсан гэсэн, чи их том юмаа” гээд намайг заамдаж аваад миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж алгадсан. Тэгэхэд миний хамраас цус гарсан, намайг газар уначихсан байхад нуруу руу өшиглөсөн. Улаанбаатар хот руу явж томографын зураг авахуулсан үнэ 130.000 төгрөгийг ******* төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын мэдүүлсэн: “...Д.******* Г.*******ыг эхлээд гараараа цохьсон. Тэгэхэд ******* *******тай зууралдаж газар унагаагаад дээр нь сууж гараараа алгадаад байсан, би очоод босгоод салгахад ******* *******ын нуруу хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдож байхдаа нэг нэгийгээ гараараа хамаагүй цохиод байсан. *******ын хамраас цус гарчихсан, нүүр хэсэг нь хэсэг газраа шалбарчихсан байсан. Харин Г.*******ын хувьд хамраас нь цус гарчихсан өөр гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №09шэ/030 дугаартай дүгнэлтэд: “Д.*******ын биед хамар ясны шинэ хугарал, зүүн талын жавьжны хэсэгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун талын далны хэсэгт цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна..” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 32/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...*******ын биед учирсан хамар ясны шинэ хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн талын жавьжны хэсэгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун талын далны хэсэгт цус хуралтуудтай гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх хамар ясны шинэ хугарал нь багажийн шинжилгээ болон нарийн мэргэжлийн онош үзлэг эмнэл зүйн шинжээр тогтоогдсон болно...” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,
Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Г.*******ыг драггер багажаар согтуурлыг шалгахад 0.070% согтолттой, Д.*******ыг драггер багажаар согтуурлыг шалгахад 0.091% согтолттой...” гэжээ. /хх-ийн 6-8/
Шүүгдэгч Г.*******, хохирогч Д.******* нарын нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ын *******”, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст ““...урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэжээ /хх-ийн 8, 52, 55/
Оршин суугаа газрын тодорхойлолтоор “Г.******* нь Улаанбаатар хотын ******* дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол 44 дүгээр байрны 4 тоотод оршин суудаг” талаарх тодорхойлолт /хх-н 56/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.*******ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 1 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ Д.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэнд гараараа цохих, нуруу руу нь хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчид хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 83/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 4 тоотод байрлах гэртээ Д.*******т “чи манай ахтай муудалцсан гэсэн, чи том юм аа” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “*******тай ******* ахын талаар ярьж байгаад муудалцаж, гараараа шанаа руу нь нэг удаа цохьсон. Бид хоёр газраар нилээн өнхөрч ноцолдсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын “******* намайг заамдаж аваад миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Намайг газар уначихсан байхад миний нуруу руу өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Г.ын “Г.******* Д.*******тай зууралдаад газар унагаагаад дээр нь сууж гараараа алгадаж, нуруу хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 25-26/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №09шэ/030 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, уг дүгнэлтээ тайлбарлсан шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...*******ын биед учирсан хамар ясны шинэ хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 40/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.*******, гэрч Г., шинжээч эмч Ө.Шаарийбуу нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл тус гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон үл ойлголцлын аль алинаас гарсан байна.
Шүүгдэгч Г.******* нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Г.*******ын хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Г.******* нь хохирогч Д.*******ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 22, 63 дугаар талд хохирогч Д.******* “томографын зураг авахуулсан 130.000 төгрөгийг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Г.******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Г.******* “ам бүл дөрвүүлээ, 3 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорын зардлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.*******ад мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.******* нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 130.000 төгрөг төлснийг дурдсугай.
6. Г.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.*******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА