Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

 

  2020         03          11                                      2020/ШЦТ/425      

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ж.А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У. овогт Ж.ы А.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01940 0354 хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэлзүйч мэргэжилтэй, хувиараа фитнесс төв ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У. овогт Ж.ы А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А. нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөөмий” караокед иргэн Б.Б.тэй маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Б.ий өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23:00 цагийн үед би ажлын газрын хамт олон болон гэр бүлийнхэнтэйгээ нийт 6-лаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Хөөмий” нэртэй караокед орсон юм. Бид нар тус караокед ойролцоогоор 4 цаг орчим ууж сууж байгаад гарахаар болоод түрүүлээд миний эхнэр болох Оюундарь, мөн ажлын газрын эмэгтэй Ариунзаяа, Номин нар гарсан. Тэгээд караокены өрөөнд би болон манай ажлын газрын Бямбасүрэн болон Цэрэнсодном бид 3 үлдсэн. Тэгтэл тус караокены үйлчлэгч орж ирээд тооцоогоо хийх хэрэгтэй гэхээр нь би картнаасаа 6000 төгрөг уншуулаад эхнэрийнхээ араас түрүүлээд гарсан юм. Тэгээд караокеноос гарч ирээд ойролцоох 13-ын автобусны буудлын ТҮЦ ороод тамхи аваад татаж байгаад миний найзууд ирэхгүй болохоор нь би Бямбасүрэн лүү залгаад “яагаад ирэхгүй удаад байгаа юм бэ?” гэж асуутал Бямбасүрэн надад хандан “би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад “Хөөмий” нэртэй караокед яваад очтол миний найз болох Бямбасүрэн болон Цэрэнсодном хоёр тус караокены үүдэнд зогсч байсан. Тэгээд тухайн үед намайг хоёр найз дээрээ ирэхэд Бямбасүрэн зодуулсан байдалтай нүүр нь хавдчихсан байсан. Бямбасүрэнгээс юу болсон талаар асуухад “би сая энэ караокены кассан дээр сууж байгаа 4 залууд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бямбасүрэн, Цэрэнсодном хоёрыг дагуулаад буцаад караокед ороод, кассан дээр очоод тэнд сууж байсан 4 залууд хандан “Та нар яагаад миний найзыг зодож байгаа юм бэ? Яасан тооцоон дээр асуудал гарсан юм уу?” гэж хэлтэл тэд нар надад хандан “тооцоон дээр ямар нэг асуудал гараагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Бямбасүрэнгээс “чамайг хэн зодсон юм бэ?” гэж асуухад Бямбасүрэн кассны ард зогсч байсан залууг заасан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод та нар тооцоогоо зүгээр хийсэн хүнийг яагаад зодож байгаа юм гэж хэлээд байж байтал тэр залуусын нэг нь шууд миний хойноос миний хоолойг боогоод газар чирсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гэтэл нэг нь бариад намайг хөдөлгөхгүй байсан. Тэгээд би тухайн үед ухаан алдах гээд байхаар нь миний хоолойг боож байсан залуугийн гарыг барьж байгаад биеэрээ бүтэн эргээд гарыг тавиултал нэг нь миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тухайн үед нүүр лүүгээ өшиглүүлээд миний ухаан балартаад, нэг мэдэхэд миний найз Цэрэнсодном намайг хажуунаас түшчихсэн, караокеноос гарч байсан. Тэгээд Цэрэнсодном бид хоёр караокеноос гарч ирээд би өөрийнхөө ээж рүү яриад зодуулчихлаа, цагдаа орох хэрэгтэй байна гэж хэлсэн. Би ээжийгээ хүлээгээд зогсч байтал 04:35 цагийн үед надтай маргалдсан 4 залуугийн 3 залуу нь караокегоо түгжээд гарч байсан. Тэгээд ээжийгээ ирэхээр шууд эмнэлэг яваад, өглөө ажил эхлэхэд цагдаад очиж хандахаар болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Гэрч Э.Мөнхбаярын өгсөн: “...Ж.А. хохирогч Б.Б. нар хоорондоо зууралдаад байсан бөгөөд Ж.А. Б.Б.ий хөлнөөс татаад Ө.Б., Жанчив нар газарт унасан байсан. ...Тэмүүлэн нь Б.ийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3626 тоот:

1. Б.Б.ий биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29/,

- Яллагдагч Ж.А.ын өгсөн: “Хохирогч Б.Б. гэх залуу манай байгууллагад орж ирээд агсам согтуу тавиад, хамт явсан хүн нь тооцоогоо хийгээгүйгээс болоод Тэмүүлэн нэгийг нь алгадсанаас болж өмөөрөөд орилоод байсан. Б.Б. гэх залуу нь текний араар тойрч, текний ард байсан Мөнхбаярын толгой руу цохисон. Би текний урд талд байсан бөгөөд Б.Б.д хандаж “манай ажлын байрнаас гар. Наад ажилтан зүгээр байлга” гэж хэлэхэд Б.Б. нь над руу дайраад байсан. Би тэр Б.Б.ийг дайраад ирэхээр нь нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн бөгөөд Б.Б. миний хөл рүү өшиглөхөөр нь хөлнөөс нь татаад газарт унагасан. Энэ үед Б.Б.ий ард Жанчив байсан бөгөөд Жанчив Б.Б.ийг дарж хэвтээд “боль” гэж байсан. Би ямар нэгэн байдлаар хохирогч Б.Б.ийг боосон зүйл байхгүй. Энэ үед гаднаас цагдаа нар орж ирээд Тэмүүлэн, Б.Б.тэй хамт явсан нэг хүний хамт аваад цагдаагийн хэсэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Ж.А. нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөөмий” караокед иргэн Б.Б.тэй маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч хохирогч Б.Б.ий мэдүүлэг, гэрч Э.Мөнхбаярын мэдүүлэг, Ж.А.ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3626 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.А.ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.А.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.Б. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.А.од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.А. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У. овогт Ж.ы А.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А.од таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогч Б.Б. нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

           5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.А. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хэрэгт авагдсан 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.А.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА