Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 01025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Булган аймаг, Булган сум, 5  дугаар баг хувийн 7 тоотод Боржигон овгийн Намсрайн Батзоригийн /РД:ГЭ87010510/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж Монгол даатгал ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 1022601/-д холбогдох,

Монгол даатгал ХХК-ийн захирлын 2015 оны 08  дугаар сарын 12-ны өдрийн 03/160 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгох, ажилласан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал, нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.12.01-ний өдөр Булган аймгийн Монгол даатгал ХХК-ийн салбарын захирлын тушаалаар салбарын нягтлан бодогчийн ажилд түр томилогдон ажиллаж байгаад 2015.04.01-ний өдрөөс салбарын нягтлан бодогчоор жинхлэн ажиллаж байсан билээ.

Төв компаниас ирсэн албан бичгийн дагуу 2015.08.04-ний өдрөөс 08 ний өдрийг хүртэл Дархан-Уул хотод программын тухай сургалтад томилолт өгөлгүй төвийн аймгууд хамрагдахаар болж сургалтад  суугаад 2015.08.10-ны өглөө ажилдаа  иртэл төв салбараас комисс ирсэн ажил хүлээн авч миний оронд  ажиллах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг намайг томилолтоор явсан хойгуур буюу 2015.08.05-ны  өдөр салбар дээр авсан байсан.

Төв компанийн гүйцэтгэх захирлын 2015.08.12-ны өдрийн 03/160 дугаар захирлын тушаал утга найруулга хууль зүйн хувьд  үндэслэлгүй шийдвэр байна. Учир нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэх  заалт  хэрэв уг заалтыг баримталж  ажил олгогчийн санаачилгагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 40.1.1, 40.1.2т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр  халах тохиолдол ажилтны төлөөлөгчид 45 хоногийг өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.2.21 дэх  заалт / энэ нь тодорхой зөвшөөрөлгүйгээр комьпютерийн  санамжид  буй тоо баримт болон  бусад өгөгдлийг устгасан бол/ гэсэн заалт байдаг байтал  ажлын байрны  нөхцөл шаардлагад тавигдах ур чадвар, туршлага, боловсролын үнэмлэж тэнцэхгүй болсон  гэсэн өөр утга оруулсан байна.

Хэрэв ажлын байрны нөхцөл шаардлагад тавих ур чадвар, туршлага, боловсролын үнэлэмж тэнцэхгүй болсон бол гэх заалтыг үндэслэх байсан бол яг ямар үндэслэл журмаар би уг ажлыг хийж гүйцэтгэхэд ур чадвар, туршлага  боловсролын үнэлэмж тэнцэхгүй гэж үзсэн үүнийг тогтоосон тогтоол баримт бий эсэх.Эсвэл  зөвшөөрөлгүйгээр комьпютерийн санамжид буй тоо баримт бусад өгөгдлийн утгасан гэж үзэж байгаа бол ямар мэдээллийг устгасан гэж байгаа нь  ажил хүлээн авсан комиссын гишүүн салбарын захирал хүртэл мэдэхгүй байгаа нь хачирхалтай Тус компанид хөдөлмөрийн хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа нь үүнээс илт харагдаж байна.

Надад  ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, энэ талаар танилцуулж байгаагүй байж гэнэт ажил  хүлээж авах комисс хүртэл ирсэн харамсаж байна.

Мөн албан хэрэг хөтлөлтийн үндсэн журмаар баримт бичигт эрх бүхий албантушаалыныг орлож, ыг гэсэн тийн ялгалын үг хэрэглэж гарын үсэг зурахгүй гэж байтал гүйцэтгэх захирал  гээд орлож гарын үсэг зурсан.

Иймд миний бие Монгол даатгал ХХК гүйцэтгэх захирлын 2015.08.12-ны өдрийн 13/160 дугаар захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх хугацааны цалин буюу 2015.08.10-ны өдрөөс хойш гаргуулж ажилд эгүүлэн тогтоож өгнөүү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: төв компанийн гүйцэтгэх захирлын 2015.08.12-ны өдрийн 03-160 дугаар захирлын тушаалаар  ажлаас чөлөөлсөн тул 2015.08 сард Дүүргийн Иргэний хэргийн 1 шүүхэд  нэхэмжлэл гаргасан.Хариуцагчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад Н.Батзоригийн Нийгмийн даатгалын дэвтэрт 2015.05 сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл огт бичилт хийгдээгүй байгааг судлан үзэж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд Монгол даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 12 ны өдрийн 03/160 дугаар захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх хугацааны цалинг буюу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цалинг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Намсрайн Батзоригийг Монгол даатгал ХХК-ийн Булган аймгийн салбарын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа  татгалзаж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,100,000 төгрөгийг хөлс гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэхэмжлэгч Н.Батзориг нь 2014 оны 12 дугаар сарын 01-ы өдөр Булган аймгийн “Монгол даатгал” ХХК-д Салбарын захирлын тушаалаар салбарын нягтлан бодогчоор түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчоор жинхлэн ажиллаж байсан байна. Гэтэл төв компаниас ирсэн албан бичгийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 04 -ний өдрөөс  2015 оны 08 дугаар сарын 08-ы өдөр хүртэл хугацаанд  Дархан –Уул аймагт программын сургалтад томилолт өгөөд тухайн сургалтад хамрагдаж байх хугацаанд 2015 оны 08 дугаар сарын 10-ны  өдөр ажилдаа ирэхэд төв салбараас комисс ирсэн миний ажлыг хүлээлцэн, орны хүнийг авчихсан байсан.

Хариуцагч хариу тайлбар гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 гэсэн заалтаар ажлаас халсан гэдэг боловч тушаал дээр ийм заалт байхгүй. 2006 оны Дээд шүүхийн тайлбар, 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим нэг зүйл заалтыг тайлбарласан тухай тайлбарт ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль тохирох заалтын аль нэгийг заавал баримтална гэсэн байдаг.

Нэхэмжлэгч энэ байгууллагад дахин ажиллахгүй гэж үзэж байгаа болохоор ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Монгол даатгал ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрөх боломжгүй байна. Н.Батзориг Хөдөлмөрийн тухай хууль болон, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, итгэл алдсан олон үйлдэл гаргасан. Үүнд:

1.    Удирдлагаас өгсөн  үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй;

2.    Бараа  материал олгохдоо шаардах хуудас маягт, зарлагын  баримт ашиглаагүй, анхан шатны баримт дутуу гүйлгээ хийсэн;

3.    Компанийн дотоод журмын дагуу даатгалын төлөөлөгчийн шимтгэлийг олгоогүй, хураамжийн орлогын гэрээтэй уялдуулаагүй шимтгэл тооцоогүй програмд оруулаагүй, НББ-д тусгаагагүй;

4.    Цалинг хугацаанаас өмнө бодож авдаг, утасны хөнгөлтийн зөрүүг сар  дамнуулан суутгадаг,замын хуудасны тооцоо хийгдээгүй, автомашины ашиглалтын  журам зөрчсөн;

5.    Хэрэглээний мэйл, програм дээр хангалттай ажилладаггүй;

6.    Ажлын байрны нөхцөл шаардлагад тавигдах ур чадвар туршлага боловсролын үнэлэмж тэнцэхгүй;

7.    Компанийн гэрээт баталгаа үнэт цаас дутааж үрэгдүүлсэн гэх мэт ноцтой зөрчил гаргасан нь  тогтоогдсон.

Санхүүгийн өдөр тутмын ажлын цаг тухай бүрт нь хийж чадахгүйн  улмаас Монгол даатгал ХХК-ийн 29 салбарын нягтлан бодогч нараас ганцаараа 2015 оны 5  дугаар сарын 22-24 ний  өдрүүд, 2015 оны 1,2,3 дугаар сарын гүйлгээг төв компани дээр  ирж  заавар зөвлөгөө  авч сургалт хийлгэсэн. Энэ алдаагаа  дахин  давтаж ажлаа  гүйцэтгээгүйн  улмаас 2015 оны 7 дугаар сарын 4-8 ны өдрүүдэд  2015 оны 4, 5, 6 дугаар сарын гүйлгээг дахин төв компани  дээр  ирж заавар  зөвлөгөө авч сургалт хийлгэсэн зэрэг сургалтад удаа дараа байнга хамрагдсан хэдий ч дээрх алдаануудыг давтсаар байгаа нь Н.Батзоригийн Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, итгэл  алдсан олон үйлдэл давтагдсан, ажлын байрны нөхцөл шаардлагад тавигдах ур чадвар, туршлага боловсролын үнэлэмж тэнцэхгүй болсон гэж үзэхэд хүргэсэн.

2015 оны 8 дугаар сарын 4-8 ны өдрүүдэд комисс томилон Дархан-уул аймагт Төвийн бүсийн аймгуудын салбарын 2015 оны санхүүгийн баримтыг тайлантай тулгалт, шалгалт, сургалт хийсэн.Уг шалгалтаар дээрх ноцтой зөрчлүүд дахин  давтагдаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан.

Гурав.Хариуцагчийн татгалзлын нотлох баримт

Н.Батзориг нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, итгэл алдсан олон үйлдэл гаргасан нь салбар хариуцсан хянагч ня-бо Ч.Батнарангийн 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Булган аймаг дахь салбар нягтлан бодогч Н.Батзоригийн ажлын гүйцэтгэл дүгнэлтээр тогтоогдсон.

Дээрх ноцтой зөрчил дахин давтагдаж байсан нь 2015 оны 8 дугаар сарын 4-8 ны өдрийн хооронд комисс томилон Дархан-уул аймагт төвийн бүсийн аймгийн салбаруудын 2015 оны санхүүгийн баримтыг тайлантай тулгалт, шалгалт, сургалт хийсэн илтгэх хуудсаар нотлогдсон.

Компанийн гэрээт баталгаа, үнэт цаас дутааж үрэгдүүлсэн нь Булган салбарын нягтлан бодогч Н.Мөнхцэцэг,салбарын  захирал Д.Алтанцэцэг нарын гаргасан Н.Батзоригийн үнэт цаасны зөрүү, тооцоогоор нотлогдсон.

Дөрөв. Татгалзлын хууль зүйн  үндэслэл

Н.Батзориг нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил, итгэл алдсан үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5 дах заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавр болгосон

Тав. Шүүхээс гаргуулах шийдвэрийн талаарх

Иймд нэхэмжлэгч Н.Батзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Батзориг нь “Монгол даатгал” ХХК-ийн Булган аймаг дах салбарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй. Мөн Компаний үнэт цаасыг үрэгдүүлэн, бэлэн мөнгө хувьдаа ашигласан нь  дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгон 40.1.5 дах заалтыг баримталж, мөн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.20 дах заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Компаний бэлэн мөнгө хувьдаа ашигласан нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн салбарын захирал, нягтлан бодогч болон Н.Батзоригт тавигдсан актаар эцэслэн тогтоогдсон байгаа. Мөн Н.Батзориг нь морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын мөнгөнөөс 200,000 төгрөгийн хүүхдийн бие өвдөөд авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд дээрх нөцөл шаардлагаас шалтгаалан Н.Батзоригийг ажлын байранд тэнцэхгүй болсон ба байгууллагын итгэлийн адлсан буруутай үйлдэл хийсэн гэж үзэн ажлаас халсан. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сонгон шалгаруулалт явагдаагүй. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Дархан-Уул аймагт төвийн бүсийн бүх салбарыг цуглуулан шалгалт, сургалт хийсэн. Энэ  шалгалтын үр дүнд ажлын гүйцэтгэл маш муу байсан учраас удирдлагаас Булган аймагт очиж тооцоо нийлэхийг үүрэг болгосоны үндсэн дээр  Булган аймагт очсон байдаг. Ингээд шалгалтын явцад удаа дараагийг зөрчил илэрсэн тул ажлаас халсан. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгаас шууд Булган аймаг руу явсан 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан байх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч нь “Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03/160 дугаар тушаалыг хүчингүй болгох,ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалинг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03/160 дугаар тушаалыг хүчингүй болгох, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх цалин хөлс 1,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Монгол даатгал ХХК  нь тус компанийн Булган аймаг дахь салбарт нягтлан бодогчоор Н.Батзориг нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй. Мөн Компанийн үнэт цаасыг үрэгдүүлэн, бэлэн мөнгө хувьдаа ашигласан нь  дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгон 40.1.5 дах заалтыг баримталж, мөн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.20 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.Нэхэмжлэгч Монгол даатгал ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн салбарын нягтлан бодогчоор томилогдож талууд хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж  байжээ. /хх-ийн 103-146 дугаар тал/

Ажил олгогчийн санаачилгаар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  3/160 тоот тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.2.21 дэх заалтуудын үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ./хх-ийн 102 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь  ажилтныг ажлаас чөлөөлөгдөх  болсон  үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

Монгол даатгал ХХК-ийн санаачилагаар Н.Батзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль тохирох хэсгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах байжээ.(хх-ийн 102 дугаар тал)

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  3/160 тоот тушаалыг ажилтанд гардуулж өгөөгүй байна./хх-ийн 31 дүгээр тал/

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсныг сургалт хяналт шалгалтаар тогтоосон гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Монгол даатгал ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  3/160 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.                                                     

2.Нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх цалин 1,100,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 Ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 2 сарын цалин хөлсний дунджаар тооцвол, (550,000+550,000=1,100,000):2=550,000/21,5=25,581 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж төгрөг байна. Үүнийг ажилтны ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл буюу ажлын 43 хоногт үржүүлж 25,581*43=1,099,983 төгрөг буюу нэхэмжлэгчид олгохоор тооцож гаргав.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Н.Батзоригийн №0748162 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.        Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д тус тус заасныг баримтлан Монгол даатгал ХХК-1,099,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овгийн Намсрайн Батзоригт /РД:ГЭ87010510/ олгосугай.

2.        Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Батзоригийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Монгол даатгал ХХК-д үүрэг болгосугай.

3.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн дурдаж хариуцагч Монгол даатгал ХХК-иас 30,950 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ