| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0111/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/22 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
2020 02 21 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Д.*******
Шинжээч эмч Ө.Шаарийбуу
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*******” хоршоонд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 41 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь 2019 оны 11 дүгээр 29-ний орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны ард Д.*******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, түүний нүүр, гуян тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь хамрын яс болон баруун нүдний ухархай ясны хугарал, тархины доргилт, баруун болон зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, дээд болон доод уруулын дотор салст язарсан шарх, зүүн талын гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******н шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөр 4.450.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнөх шүүх хурлаас хойш Улсын 1 дүгээр эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баруун нүдэнд имплант суулгах хагалгаанд орсон. Тэгээд 7 хоногийн зайтай үзүүлсэн бөгөөд 6 сарын дараа дахин ирж үзүүлээрэй гэсэн. Одоогоор нүдэнд өөрчлөлтгүй, ямар нэг зовиур байхгүй. Эмчилгээ болон хагалгааны зардал гэж *******гаас 4 сая төгрөг дансаар авсан. Энэ мөнгийг эмчилгээндээ зарцуулаад таарсан. Хэрэг гарсны маргааш хот руу явж томографын зураг авахуулсны төлбөр болох 450.000 төгрөгийг ******* төлсөн. Надад гомдол санал байхгүй. Удахгүй хамар ясны хагалгаанд орно. Тухайн үед гарсан зардлыг төлнө гэж ******* бид хоёр ярьж тохирсон. ******* эхлээд зүүн гараараа нүүр лүү цохьсон, өвдөглөөд сууж байхад 1 удаа өшиглөсөн, дараа нь цээжин дээр дэвссэн...” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Нүдний ухархай, хамрын ясны хугарал гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна. Хагалгаанд орсноос хойш нүдэнд ямар нэг зовиур байхгүй тул эдгэрнэ. Хараа бууралт нь төрөлхийн, гэмтлийн, олдмол гэж байдаг бөгөөд гэмтлийн шалтгаантай бол нүдний хараа түргэн хугацаанд буурна. Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй бол цаашид нүдний хараанд нөлөөлөхгүй, өөрчлөлт гарахгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд *******гийн 5 дугаар байранд гэрт нь очиж 3-4 шил архи уусан. Би гал тогооны өрөөнд байж байхад ******* нөгөө хоёртой юм шивнэж яриад байсан бөгөөд “би энийг гөвчихье л дөө та хоёрыг яах ч үгүй” гээд нөгөө хоёр нь “яах гээд байгаа юм, боль” гэж байсан. Тэгэхээр нь би “за юм болж магадгүй” гэж бодоод гадуур хувцасаа өмсөөд “би харьлаа” гээд гарах гэтэл ******* “такси дуудчихсан” гэж хэлсэн. Би гараад орцных нь үүдэнд зогсоод 5-10 минут болсон байх гадаа гэгээ тасраад харанхуй болж байсан. Тэгэхэд араас нь ******* гарч ирээд над руу дайрч эхэлсэн. Намайг хоёулаа үзэх үү, 4 дүгээр байрны ард гарчихъя гэхээр нь би “чамтай зодолдохгүй” гэхэд намайг заамдаж аваад чирээд 4-5 дугаар байрны дундуур гараад 4 дүгээр байрны ард ирээд намайг “чи муу яагаад байгаа юм, чи намайг цохь” гээд эхэлсэн. Тэгэхэд нь би “зодолдохгүй” гэхэд ******* шууд миний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон. Тэгэхэд би манараад доошоо суухад нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд нь би хойшоо саваад унасан чинь миний гуя руу 2 удаа өшиглөхөд миний хөл бадайраад би босож чадахгүй болсон. Тэгж байхад *******, хоёр ирээд ******* дахиад миний цээжин дээр нэг удаа дэвссэн. Тэгж байгаад намайг өргөөд машинд суулгаад гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Мөрдөн байцаалтад гэрч Р.*******ын мэдүүлсэн: “...19 цагийн үед байх гарч ирээд бид хоёр такси аваад ирье гээд явсан. Таксигаа аваад ирсэн чинь *******, ******* 2 орцны үүдэнд байгаагүй. Тэр хавиар хайтал 4 дүгээр байрны ард *******, ******* хоёр байж байсан. Тэгээд очиход ******* зодуулчихсан байсан. бид хоёр *******ийг өргөөд машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. *******ийн нүүр ам нь цустай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,
Мөрдөн байцаалтад гэрч А.гийн мэдүүлсэн: “...19-20 цагийн үед байх *******гийн гэрээс гарсан. Тэгээд ******* бид хоёр такси аваад ирье гээд явахад *******, ******* хоёр орцны үүдэнд үлдсэн. Таксигаа аваад ирсэн чинь *******, ******* хоёр орцны үүдэнд байгаагүй. 4 дүгээр байрны ард *******, ******* хоёр байсан. Тэгээд яасан талаар асуухад ******* “энэ харин дургүй хүргээд нэг цохьсон чинь уначихсан” гэж байсан. Тэгэхээр нь ******* бид хоёр *******ийг аваад таксинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Дөрөвдүгээр байрны ард очиход ******* газар байсан ******* хажууд нь зогсож байсан. *******ийн хамраас цус гарсан байсан. *******д ил харагдах гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
Мөрдөн байцаалтад гэрч М.ын мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед манай байрны орцонд их чимээ гараад байсан. Тэгэхээр нь гэрийн хаалгаа онгойлгоод хартал манай нөхрийг босохгүй байхаар нь чирч байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь би чирэгдэж байгаа хүнийг нь нөхөр маань байна гэж таниад гэртээ оруулсан. Гэртээ оруулах үед нөхөр маань босохгүй, дуу чимээ гаргахгүй байхаар нь айгаад хамт оруулж ирсэн хүмүүсээс нь асуухад “бид нар хамт архи ууж маргалдаад хоорондоо зодолдсон юм тэгээд ийм болчихлоо” гэж байсан. Биеийг нь харахад нүүр амнаас нь цус гарчихсан, нүд нь хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №09шэ/277 дугаартай дүгнэлтэд: “Д.*******ийн биед хамрын яс болон баруун нүдний ухархай ясны хугарал, тархины доргилт, баруун болон зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, дээд болон доод уруулын дотор салст язарсан шарх, зүүн талын гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 24/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №120 дугаартай дүгнэлтэд: “Д.*******ийн биед баруун ухархайн дунд болон дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун ухархайн дунд болон дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээчийн 2019.12.12-ны өдөр гаргасан 09шэ/277 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” шинжээч эмч Ж.Ганцэнгэл, М.Золжаргал, Т.Номинцэцэг гэжээ. /хх-ийн 115/,
Хохирогч Д.*******ийн нүүр хэсгийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 4/
Хохирогч Д.*******, шүүгдэгч С.******* нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Д.*******ийн согтуурлын зэрэг 1.01 хувьтай, С.*******н согтуурлын зэрэг 0.95 хувьтай” гэжээ. /хх-н 6, 9/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******...” гэжээ. /хх-н 47/,
Шүүгдэгч С.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 48/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.******* нь согтуугаар хохирогч Д.*******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 71/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2019 оны 11 дүгээр 29-ний орой 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны ард хохирогч Д.*******т хандан “чи намайг цохьчих, хоёулаа зодолдъё” гэж хэлээд түүний нүүрэн тус газар гараараа 3 удаа цохьсон, улмаар Д.*******ийг доошоо тонгойгоод сууж байх үед нь дахин түүний нүүр болон гуя руу өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь хамрын яс болон баруун нүдний ухархай ясны хугарал, тархины доргилт, баруун болон зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, дээд болон доод уруулын дотор салст язарсан шарх, зүүн талын гуяны гадна хэсэгт цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ийн “******* шууд миний нүүр лүү 3 удаа гараараа цохьсон. Би манараад доошоо суухад нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд нь би хойшоо саваад унасан чинь гуя руу 2 удаа өшиглөж, цээжин дээр нэг удаа дэвссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
-гэрч Р.*******ын “Орцны үүдэнд *******, ******* 2 байхгүй, 4 дүгээр байрны ард байсан. Тэгээд очиход ******* зодуулчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,
-гэрч А.гийн “4 дүгээр байрны ард *******, ******* хоёр байсан. Тэгээд яасан талаар асуухад ******* “энэ харин дургүй хүргээд нэг цохьсон чинь уначихсан” гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,
-гэрч М.ын “манай нөхрийг гэрт нь чирч оруулж ирсэн. Гэрт оруулж ирсэн хүмүүсээс асуухад “бид нар хамт архи ууж маргалдаад хоорондоо зодолдсон” гэж байсан. Нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,
-шинжээч эмч Ө.Шаарийбуугийн“...гэмтлийн шалтгаантай нүдний хараа бууралт нь түргэн хугацаанд явагддаг. Хагалгаанд орсноос хойш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа бол цаашид нүдний хараанд нөлөөлж өөрчлөлт гарахгүй...” гэх мэдүүлэг,
-хохирогчийн биед хөнгөн хохирлууд учирсан болохыг тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №09шэ/277 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/,
-дээрх дүгнэлтийг үндэслэлтэй болохыг тогтоосон, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 115/,
-хохирогч Д.*******ийн нүүр хэсэгт учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4/,
-гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-6, 8-9/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.*******, гэрч Р.*******, М., А. нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай, зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдоогүй ба шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******гийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч С.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******ийн бие махбодид хамрын яс болон баруун нүдний ухархай ясны хугарал, тархины доргилт, баруун болон зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, дээд болон доод уруулын дотор салст язарсан шарх бүхий тус тусдаа хөнгөн хохирлуудыг учруулсан байх ба хохирогчийг томографын зураг авахуулсны төлбөр 450.000 төгрөг болон нүдний хагалгааны зардалд 4.000.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогч Д.*******ийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин хохирогч нь хамар ясны хугарал бүхий гэмтлээ эмчлүүлэхэд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч С.******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
С.******* нь “ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорын зардлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, С.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу хот хооронд такси үйлчилгээнд явдаг ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******гаас гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардалд 4.450.000 төгрөгийг хохирогч Д.*******т төлснийг, хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. С.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА