Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1997

 

МАГАДЛАЛ

2016.12.07                                                               № 1997

 

 

 

 

 

 

 

Д.Уянгын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05371 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Уянгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дайчин мугсу” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 14 262 240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулгын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Билэгсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Гантулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд “Хурд групп” ХХК-ийн барилга дээр туслан гүйцэтгэгч “Дайчин мугсу” ХХК-д дадлага хийхээр тохиролцоод 3 дахь өдрөө ажиллаж байхдаа лифтний хажуугийн арматур зангидах ажил гүйцэтгэж байх үед шалан дээр бэхлэсэн панер цөмөрч хоёр давхраас унасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасаг тус хэргийг 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шалгаад “Дайчин мугсу” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Д.Батсуурьт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар үйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 21127810 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэг бүртгэлтийн явцад уг эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд надад учирсан гэмтэл нь бие махбодь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтлээр тогтоогдсон бөгөөд мөн хариуцагч компанийг ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг мөн лифтний хонгилыг дохио санамж, анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаж хаагаагүй нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм заалтыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байна гэсэн байдаг.

Энэ бэртлээсээ болоод дунд чөмөгний яс хугарч, мэс засал хийлгэсэн. Намайг эмчлэгч эмч нь чи залуу хүн учраас хурдан эдгэрнэ, цаашдаа дахин нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн учир хариуцагч компаниас гэмтлээс үүдэлтэй баруун дунд чөмөгний хугарлын мэс заслын болон эмчилгээний төлбөрт нийт 3 028 000 төгрөг тооцон авч, эвлэрээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл 2013 оноос хугарал дахин өвдөж эхэлсэн учир эмнэлэгт үзүүлэхэд дунд чөмөгний үхжил явагдаж байна гэсэн учир рашаан сувилалд явж эмчилгээ хийлгэсэн. Мөн түнхний үе солиулах хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай болсон.

Өмнө нь хариуцагч компаниас авсан мөнгийг хагалгааны төлбөр, эм тариа болон сургууль руугаа явах унааны зардалд зориулсан. Би хагалгааны дараа 10 сар гаруй таягтай явдаг байсан учраас автобусанд суух ямар ч боломжгүй байсан.

Мөн мэс заслын дараа би 2 сар гэртээ хэвтрийн дэглэмд байсан бөгөөд гэмтлийг дотроос нь эмчлэхээр эм бэлдмэл авч, эмчилгээний зориулалттай рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн ба хууль эрх зүйн мэдлэг тааруугаас зарим баримт материалыг гээгдүүлсэн учир нотлох баримтгүй болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хагалгааны төлбөрийг зах зээлийн ханшнаас өндөр байна гэж байна.

Яагаад ийм өндөр төлбөртэй байгаа вэ гэхээр уг хагалгааг хиймэл протез ашиглаж хийх юм. Хиймэл протезийнх нь чанар, хүний биед хэр хугацаанд байх зэргээс шалтгаалан төлбөрийн зөрүүтэй байдаг. Улсын эмнэлэг нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр хагалгааг хийх боломжтой гэж байгаа ч сайн чанарын протез ашиглан хийнэ гэдэгт итгэл төрөхгүй байгаа. Миний сонгосон газар бол Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос эмнэлэг юм. Хагалгааг Солонгос эмч нар хийнэ. Хагалгааг маш сайн чанарын протез ашиглан хийнэ гэсэн учраас уг эмнэлгийг сонгосон. Би гадагшаа явж хагалгаа хийлгэж болох байсан. Хэрэв гадаадад хийлгэвэл хагалгааны төлбөр миний нэхэмжилж байгаа төлбөрөөс 3 дахин их өртөгтэй болно. Иймд “Дайчин мугсу” ХХК-иас эм тарианы зардал 84 240 төгрөг, рашаан сувиллын зардал 1 034 000 төгрөг, баруун түнхний үе солиулах хагалгааны төлбөр 12 490 000 төгрөг, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарласан зардал 18 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 14 262 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дайчин мугсу” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Уянга нь 2011 оны 08 дугаар сард манай компанид арматурын туслан гүйцэтгэгч бригадын ахлагчтай дадлага хийхээр тохиролцон тухайн бригадын ажлыг гүйцэтгэж байгаад 3 дахь хоног дээрээ осолд өртсөн. Бидний зүгээс Д.Уянгатай хөдөлмөрийн болон гэрээний харилцаа үүсээгүй. Д.Уянгад тухайн өдөр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн байдаг. Уг осол гарсны дараа цагдаагийн байгууллагаас манай компанийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Д.Батсууриас хохиролд 3 028 000 төгрөг авч, гомдол саналгүй гэж тохиролцсоноор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг осолд нэхэмжлэгчийн гэм буруу бас байгаа гэж үздэг. Арматурын ажлыг гадна талаас нь хийх ёстой талаар аюулгүй үйлдэл, хайхрамжгүй зангаасаа болж, лифтний хонгилд орсны улмаас панер цөмөрч осол гарсан байдаг. Мөн өөрийн буруутай үйлдлээс болсон гэдгийг эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байна.

Бид эм тариа болон рашаан сувиллын зардлын хувьд маргаагүй. Манай компани Д.Уянгад Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 3 028 000 төгрөгийг өгсөн. Уг мөнгөнөөс түнхний яс хадуулах хагалгааны зардалд 450 000 төгрөгийг зарцуулсан ба нэхэмжлэгч үлдсэн 2 578 000 төгрөгийг ямар зүйлд зарцуулсан нь тодорхой бус байна. Иймд урд төлсөн 2 578 000 төгрөгөөс нэхэмжлэлд дурдсан Хужирт рашаан сувиллын зардал 1 340 000 төгрөг, эм авсан 84 240 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг түнхний бүтэн үе солиулах мэс заслын төлбөрт тооцуулан хасуулах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөг бүхий төлбөртэй эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг олгодог байхаар хууль журмаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй хагалгааны төлбөр нь зах зээлийн ижил төрлийн эмнэлгийн үйлчилгээ хийдэг ханшнаас хэт өндөр байна. Дээрх хагалгааг Монгол улсын хэмжээнд чанартай хийдэг болсон. Бид улсын 2 эмнэлгээс авсан хагалгааны үнэ тарифийн жагсаалтыг хэрэгт өгсөн байгаа. Тэр жагсаалтаас харахад Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1 344 884 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1 782 152 төгрөгийн ханштай байх тул үүнийг харгалзан хагалгааны төлбөрийг өмнөх төлсөн төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1 000 000 төгрөг болон баримт бүрдүүлэхээр архиваас хуулбарласан 18 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч “Дайчин мугсу” ХХК-иас 13 526 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уянгад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 018 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Дайчин мугсу” ХХК-иас 225 580 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга давж заалдах гомдолдоо: “…Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр хариуцагч компани нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгүй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28.1.8, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөнөөр осол гарсан болохыг тогтоосон байдаг төдийгүй хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь уг улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байна. ...2011 оны хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь “Дайчин магсу” ХХК-д хамааралгүй бөгөөд “Хурд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Булган гэмпил” ХХК-д хамааруулж гаргасан улсын байцаагчийн дүгнэлт бөгөөд үйлдвэрлэлийн ослын торгуулийг “Булган гэмпил” ХХК төлсөн.

            Улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр “Булган гэмпил” ХХК нь “Дайчин Мугсу” ХХК-иар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээгүйгээр ажиллуулж байсан нь Барилгын тухай хуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн, мөн “Булган гэмпил” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй компаниар барилга угсралтын ажил гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 14.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж хөдөлмөрийн хяналтын байцаагч дүгнэсэн бөгөөд мөн хуулийн 16.1.5-д заасны дагуу “Булган гэмпил” ХХК нь барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах ...үүргийг хүлээсэн байтал дээрх баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            ...Д.Уянгаас “Дайчин мугсу” ХХК-д ажиллаж байсан уу? дадлага хийж байсан уу? гэсэн асуултад дадлага хийж байсан гэж хариулсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

            Мөн хэрэгт авагдсан баримтад Д.Уянга нь өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж осолд орсноо хүлээн зөвшөөрсөөр байтал нотлох баримтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3, 514 дүгээр зүйлд зааснаар харгалзан үзээгүй шийдвэрлэсэн.

            Д.Уянгыг осолд орсны дараа манай компаниас эмчилгээний төлбөрт 450 000 төгрөг, цаашид гарч болох зардалд 2 578 000 төгрөгийг өгвөл гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсний дагуу нийт 3 028 000 төгрөгийг төлсөн. Шүүх хариуцагч талын татгалзлаа нотолсон нэхэмжлэгчийн шаардаж буй хагалгааны төлбөр нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн байгууллагуудын ханшнаас хэт өндөр байгааг нотолсон нотлох баримт хэрэгт авагдсаар байтал нотлох баримтаар үнэлэлгүй, “хагалгааны төлбөрт 12 300 000 төгрөг, үзлэг 190 000 төгрөг, нийт 12 490 000 төгрөгийн зайлшгүй зардал шаардлагатай болсон нь нийцэж байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

            Иймд хариуцагчийн урьд төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагад тооцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм хорыг арилгах үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Уянга нь хариуцагч “Дайчин мугсу” ХХК-д холбогдуулан гэм хорын  хохиролд эм тарианы зардал 84 240 төгрөг, рашаан сувилалын зардал 1 034 000 төгрөг, баруун түнхний үе солиулах хагалгааны төлбөр 12 490 000 төгрөг, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарласан зардал 18 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг нийт 14 262 240 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өмнө нь төлсөн 2 578 000 төгрөгийг гэм хорын төлбөрөөс хасч тооцуулна, түүнчлэн хагалгааны төлбөр хэт өндөр гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Уянга нь 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Дайчин мугсу” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй барилга дээр арматур зангидах ажил гүйцэтгэж байхдаа лифтний хонгил руу унаж, баруун дунд чөмөгний хүзүү хэсэг нь хугарч, бие махбодийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримтууд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, сэжигтэн, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогджээ.  /хх 6-19/

 

Хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, мөн лифтний хонгилыг дохио санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаж хаагаагүй буюу Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөнөөс осол гарсан, улмаар уг осол нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн нэгийн 1.5.1-д заасан үйлдвэрлэлийн осол мөн болох нь Эрүүгийн 21127810 тоот хэрэгт гаргасан 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь нэхэмжлэгч Д.Уянгын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эм авсаны зардал 84 240 төгрөг, рашаан сувилалын зардал 1 034 000 төгрөг, хагалгааны төлбөр 12 490 000 төгрөг нийт 13 526 000 төгрөгийг зайлшгүй зардалд тооцож хариуцагч “Дайчин мугсу” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, архиваас баримт хуулбарласан зардал 18 000 төгрөг, нийт 1 018 000 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй юм.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Д.Уянга нь өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байхаас гадна эрүүл мэндээ нөхөн сэргээлгэх эмнэлэг, сувиллаа өөрөө сонгох эрхтэй тул хариуцагч “Дайчин мугсу” ХХК-ийн гаргасан “Монгол хьюндай” эмнэлэгт мэс засал хийлгэсний төлбөрт 12 490 000 төгрөг нэхэмжилсэн нь ижил төрлийн эмнэлгийн ханшаас хэт өндөр” гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд “гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн тул хариуцах гэм хорын хэмжээг багасгаж өгнө үү” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дайчин мугсу” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                  Д.ЦОГТСАЙХАН