Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 04

 

Давах шатны шүүхийн магадлал
Ц.Үүрдмандахад холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Хэргийн индекс 132/2017/0002/Э


Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сувдаа
Ялтан Ц.Үүрдмандах
Ялтны өмгөөлөгч Г.Гочоо
Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Үүрдмандахад холбогдох 201606000255 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ц.Үүрдмандах, ялтны өмгөөлөгч Г.Гочоо нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Бор овогт Цэрэнпагмын Үүрдмандах, 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 79-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ТИ90012793 регистрийн дугаартай.
Ц.Үүрдмандах нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хар бухын гол гэх газарт Улаанбаатар хотын чиглэлд 38-75 БУЛ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.б, 9.2, 9.3 дахь заалтуудыг тус тус зөрчин тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс зогсоох арга хэмжээ авч чадалгүй замаас гарч онхолдож, хохирогч Г.Чимэдлхамын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор:
Бор овогт Цэрэнпагмын Үүрдмандахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ц.Үүрдмандахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Үүрдмандахад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Үүрдмандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38-75 БУЛ улсын дугаартай TOYOTA AIIion маркийн тээврийн хэргсэл битүүмжилсэн тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн монгол гэр битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч И.Оюун-Эрдэнэд буцаан олгох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Үүрдмандахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Үүрдмандахаас оршуулгатай холбогдон гарсан зардал 7.787.000 төгрөг, авто машины техникийн эвдрэл, хохирол 8.294.000 төгрөг, бүгд 16.081.500 төгрөгийг гаргуулж хохирогч И.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.918.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Үүрдмандахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.
Ялтан Ц.Үүрдмандах, түүний өмгөөлөгч Г.Гочоо нар давж заалдах гомдолдоо: “ ... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бусдын эзэмшлийн машиныг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож, хурд хэтрүүлэн машиныг онхолдуулан, иргэн Ч.Чимэдлхамын амь насыг ослын улмаас хохироосон хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Ц.Үүрдмандахад шүүхээс оногдуулсан ял шийтгэл хүнд биш гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэхдээ Ц.Үүрдмандах ар гэртээ эхнэр, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь саяхан төрсөн, ахуй амьдрал хүнд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг хойшлуулж, нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэлийг эдлүүлэх, … ар гэрт байгаа эхнэр, бага насны хүүхдүүдийн эрх ашиг, ахуй амьдралд ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч Ц.Үүрдмандах ял шийтгэлийг хойшлуулах хугацаанд хохирогч, түүний ар гэрийн хүмүүст учирсан хохирлыг ажил хөдөлмөр хийж учирсан төлбөрийг барагдуулахад боломж нөхцлийг олгох ач холбогдолтой. Энэ талаар дээд шатны шүүхээс анхаарч үзэхийг хүснэ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч Ц.Үүрдмандахаар хариуцуулж төлүүлэхэд хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбогдсон нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, хэт нэг талыг баримталсан, хохирол төлбөр учирсан гэх 7 сая гаруй төгрөгнөөс оршуулгын зардалд хэрэглэсэн гэх хүнсний их хэмжээний төлбөр болон ламын гар цайллаганд өгсөн олон сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, нөгөө талаар шүүх онхолдсон машины үнийг засварын үнээр хийсвэрлэн бодитой биш байдлаар 8.294.000 төгрөгийг тооцоолон шүүгдэгч Ц.Үүрдмандахаас гаргуулахаар шийдвэрлэсэн явдал хохирол
төлбөрийн бодит байдалд нийцээгүй, зөвхөн танил тал, өнгө үзэмжийн маягаар төлбөрийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хохирогчийн ар гэрээс машины үнийг зохих журмын дагуу албан ёсоор тогтоогоогүй, үүнд аваар осолд орсон машин хэний эзэмшлийн, хаанаас ямар үнээр, ямар баримтаар худалдаж авсныг тогтоолгож холбогдох баримтуудыг хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах шаардлагатай байсныг орхигдуулсан байхад шүүх энэ талаар авч үзэлгүй машины хохирол төлбөрийг машины засварын үнээр гаргуулахаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой. Машины үнийг анх худалдан авсан гэх шилжүүлгийн баримт, Машины тээврийн хэрэгсэл, Машиныг худалдан авсан гэрээ, Машины бүртгэл, Машины татвар төлсөн баримт гэх мэт түүнчлэн талийгаач тухайн үед машинаа дур мэдэн явуулын журмаар машинд сууж байсан иргэн Э.Мягмаржав, Ц.Үүрдмандахад тус тус шилжүүлэн өгч хориглосон авто ослын дүрэм, зааврын заалтуудыг зөрчиж аваар осол гаргах шалтгаан нөхцөл нь талийгаачийн буруу нөлөөлсөн байхад учирсан хохирлыг зөвхөн дан ганц шүүгдэгч Ц.Үүрдмандахаар хохирол төлбөрийг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Иймд … Ц.Үүрдмандахад оногдуулсан ял шийтгэлийг хойшлуулж … оршуулгын зардалд хэрэглэсэн гэх 7.787.000 төгрөгнөөс нотлогдсон хэмжээгээр буюу ламын гар цайллаганд өгсөн болон хүнсний зарим зүйлийн мөнгийг хасагдуулж, хохирогчийн буруутай байдлыг авч үзэж уг хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Үүрдмандахаар төлүүлж үнэн зөвийг тогтоох, машины эвдэрсэн засварын үнэ гэх 8.294.000 төгрөгийг иргэний журмаар шийдврлүүлэхийг тус тус санал болгож байна…” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна. Ц.Үүрдмандах нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг “Хар бухын гол” гэх газарт Г.Чимэдлхамын эзэмшлийн 38-75 БУЛ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг
жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.б, 9.2, 9.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс зогсоох арга хэмжээ авч чадалгүй онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашинд сууж явсан Г.Чимэдлхамын амь насыг хохироосон болох нь
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч И.Оюун-Эрдэнэ, гэрч Э.Мягмаржавын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1864 дугаар дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчдийн 54 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзвэл амь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл, түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлын талаарх баримтууд /хх 48, 50-53, 80-89, 114-116, 139-141/ байх ба анхан шатны шүүх оршуулгын зардал 7.787.000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан эвдрэл хохирлын үнэлгээгээр тооцож 8.294.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Үүрдмандахаас гаргуулж хохирогч И.Оюун-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх дээрх баримтуудыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нас барагчийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахдаа нотлох баримтгүй, шашны зан үйлтэй холбоотой нэхэмжилсэн хэмээн 1.918.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэдийгээр амь хохирогч Х.Чимэдлхам нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б-д заасан “…жолоодох эрхийн үнэмлэхгүй…хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байх боловч дээрх зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Ц.Үүрдмандахын гэм буруутай үйлдлээс болсон нь шинжээчийн дүгнэлт /хх 39/-ээр тогтоогджээ.
Ялтан Ц.Үүрдмандахыг гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан үндэслэлээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй юм.
Иймд ялтан Ц.Үүрдмандах, ялтны өмгөөлөгч Г.Гочоо нарын гаргасан “…хохирол төлбөртэй холбогдсон нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, хэт нэг талыг баримталж олон сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн … хохирогчийн буруутай байдлыг авч үзэж уг хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн төлүүлэх … машины эвдэрсэн засварын үнэ гэх 8.294.000 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлж өгнө үү … Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү …” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ялтан Ц.Үүрдмандах, ялтны өмгөөлөгч Г.Гочоо нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН